Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00521

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00521

 

 

 

Ф.И -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03655 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ф.И -ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Э.В -ХХК-ийн холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 106 959 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М -,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Володя

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ф.И -ХХК-ийн төлөөлөгч М.Өлзий-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь хариуцагчтай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр №Г-19/09 дугаартай захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулан гэрээний дагуу м250 марктай бетон зуурмагыг 1 м.куб-ыг 156 000 төгрөгөөр тооцож нийт 1229 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, 1 м.куб-ийг 7500 төгрөгөөр ажлын хөлстэй, 44м, 55м сумны урттай бетон зуурмаг шахагч авто помпоор үйлчилсэн.

Дээрхи гэрээний 3.3 дах хэсэгт заасны дагуу төлбөрийг цаг тухай бүрт нь удаа дараа төлөхгүй, нийлүүлсэн м.куб зөрүүтэй гэх үндэслэлээр төлбөрийг бүхэлд нь төлөхгүй гэсэн тайлбарыг гаргасан тул манай зүгээс гэрээг дангаар цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 106 959 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 1229 м.куб биш 1181 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн. Тус бетон зуурмагын зөрүү нь 51 м.куб бөгөөд 1 метр кубын үнэ нь 156 000 төгрөгөөр бодоход нийт 7 488 000 төгрөг болж байна. Мөн ажлын хөлс 7 500 төгрөгөөр 51 м.куб-ыг тооцоолоход 360 000 төгрөг болж байна. Тиймээс 7 848 000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Ф.И -ХХК болон М.Э.В -ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 3.5 зүйл, гэрээний 3.1.1-д заасан нийт төлбөрийн үлдэгдэл 50 хувийг худалдан авагч тал нь гэрээний 3.6-д заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх замаар төлж барагдуулна гэсэн байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 97 529 000 төгрөгт 1 м.кв гэрээгээр тохиролцсоноор 1 350 000 төгрөгт тооцоход 72 м.кв-ийн хэмжээтэй байр өгөх боломжтой байна.

Иймд нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, үлдсэн хэсгийг нь хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Э.В -ХХК-иас 106 959 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф.И -ХХК-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 692 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Э.В -ХХК-иас 692 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф.И -ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М - давж заалдах гомдолдоо: Манай компанийн тооцоогоор 99 111 500 төгрөгийн үнэ бүхий 1181 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн нь тогтоогдсон тул Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ"-ний 3.5, 3.6-д заасны дагуу 73.4 м.кв орон сууцыг /1м2-1 350 000 төгрөг/ өмчлөх эрхийн хамт шилжүүлэх замаар төлж барагдуулах боломжтой гэдгээ илэрхийлж, харин илүү нэхэмжилсэн 7 848 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан. Маргаж буй асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Уг маргаан нь тусгай мэдлэг шаардсан, мэргэшсэн хүний тусламжтайгаар тогтоох боломжтой байтал шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шинжээч томилуулах тухай хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмагын м.куб-ын зөрүүтэй асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Барилгын хөгжлийн төвд хандсан боловч эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн дүгнэлт гаргах боломжтой гэж 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/2009 дугаартай албан бичгээр дүгнэлт гаргахаас татгалзсан хариу өгсөн бөгөөд энэ нь хэрэгт хавсаргагдсан болно.

Шүүх хүсэлтийг хүлээж аваагүй, төрийн байгууллага, эрх бүхий этгээд биш хэмээн дүгнэлт гаргахаас татгалзсан учир энэ чиглэлээр тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий Монгол Улсын зөвлөх инженер Б.Эрдэнэболдод хандсаны дагуу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр "Хавтан сууринд орох бетон зуурмагийн хэмжээг тооцох тухай дүгнэлтээр "...МW2016/06/01 тоот шифр бүхий ажлын зургийн дагуу 1180.53 м.куб бүхий В25 маркийн бетон орно" хэмээн дүгнэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт гэж үзэхгүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу уг баримтыг шүүх үнэлэхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Б.Эрдэнэболдын гаргасан тооцоо нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул гэрчийн мэдүүлэг гэж үзэх бус шинжээчийн дүгнэлт гэж үзэж нотлох баримтаар тооцох ёстой. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт"-ыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 1.16 дэх хэсэгт Гэрчилж тодорхойлсон бичмэл баримтыг тодорхойлсон. Уг зөвлөмжөөс үзэхэд Монгол Улсын зөвлөх инженер Б.Эрдэнэболдын гаргасан дээрх дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжтой байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй.

Анхан шатны шүүхиийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч М.Э.В -ХХК нь нэхэмжлэгч Ф.И -ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 106 959 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 97 529 000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 9 430 500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр Ф.И -ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх, М.Э.В -ХХК хүлээн авсан бүтээгдэхүүний үнэ, насост машинаар үйлчилгээ үзүүлсний хөлсийг төлөхөөр үүргийг тус тус хүлээж, мөн нийлүүлэх бетон зуурмагийн маркийг М250, 1 м.кубыг 156 000 төгрөгөөр, насост машинаар ажил үйлчилгээнй үзүүлэх хөлсийг 1 м.куб нь 7 600 төгрөгөөр тооцохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдгээрийн тайлбар зэргээр нотлогдсон байна. /хх6-11/ Уг гэрээний дагуу нийлүүлэгч тал нь хүлээн авагчид бетон зуурмаг нийлүүлж байсан үйл баримтад талууд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв тодорхойлжээ. Зохигчид худалдан авсан бүтээгдэхүүний доголдол буюу хэмжээний талаар маргаж байна.

Нэхэмжлэгч Ф.И -ХХК нь хариуцагч М.Э.В -ХХК-д 1229 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, уг бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр гаргуулна гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд, тооцоо нийлсэн акт зэргийг шүүхэд гарган өгчээ. Уг бичгийн нотлох баримтуудаас үзвэл Ф.И -ХХК-аас нийлүүлсэн бетон зуурмагийг М.Э.В -ХХК-д хүлээн авч, баримтад гарын үсэг зурсан байна. /1хх-25-46, 137, 143-203 /

Мөн хэргийн 25 дахь талд авагдсан Бетон, помпны тооцоо нийлсэн акт гэх бичгийн баримтаас үзвэл нэхэмжлэгч компаниас нийт нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээг 1229 м.куб, үнэ 191 724 000 төгрөг, үүнээс бетон зуурмаг, тээврийн хөлсөнд нийт 84 764 500 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрт 106 959 500 төгрөг гэж тэмдэглэн, гэрээний талууд гарын үсэг зурж, хоёр компанийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ. Эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч компани 1178 м.куб бетон зуурмаг хүлээж авсан, илүү нэхэмжилсэн 51 м.куб зуурмагийн үнийг төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ нотлохоор Монгол Улсын зөвлөх инженер Б.Эрдэнэболдын гаргасан Хавтан сууринд орох бетон зуурмагийн хэмжээг тооцох тухай тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгчээ. /хх-204/

Шүүх уг бичгийн нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Учир нь дээрх тодорхойлолтод тухайн барилгын бүтээцийн зургийг үндэслэн техникийн үзүүлэлтийн хувьд баригдаж буй барилгад ажлын зургийн дагуу ямар хэмжээтэй бетон зуурмаг орох боломжтой вэ гэдгийг тооцсон байх ба энэ нь зохигчдын худалдсан, худалдан авсан бетон зуурмагийн хэмжээг тогтооход хамааралтай, ач холбогдолтой баримт гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл нь тоо хэмжээний хувьд дутуу байвал худалдан авагч тал ямар эрх эдлэх талаар зохицуулж өгсөн бөгөөд энэ нь худалдагч тал барааг илгээх тухайн цаг хугацаатай холбоотой ойлголт юм. Худалдан авагч нь хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар хүлээн авч байгаа бараа нь тоо хэмжээнээсээ дутуу, баримтад заагдсанаас дутуу байгаа тохиолдолд хүлээн авахаас татгалзах эрхтэй. Хэрвээ хүлээн авахаас татгалзаагүй бол дутуу үнийг буцаан төлөх эрхийг мөн зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан байгаа боловч хариуцагч нь хүлээж авсан бетон зуурмаг нь дутуу хэмжээтэй байсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн тухай үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх талуудын бетон зуурмаг хүлээн авсан баталгаажуулсан баримт, тооцоо нийлсэн акт зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч М.Э.В -ХХК-ийг нэхэмжлэгч Ф.И -ХХК-аас худалдан авсан бетон зуурмагийн үнэд 106 959 500 төгрөг төлөх үүргээ зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх шинжээч томилуулах хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж тайлбарлажээ.

Хэрэгт хариуцагчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 20277 дугаартай захирамж авагдсан байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр гэрээний талуудын нийлүүлсэн, хүлээн авсан бетон зуурмаг барилгад ашиглагдсан учир тухайн цаг хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээг шинжээч тогтоож, дүгнэлт гаргах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бус тул зохигчдын маргаж буй бетон зуурмагийн бодит хэмжээг тогтооход тусгай мэдлэгийн хүрээнд хийгдэх ажиллагаанд хамаарахгүй гэх агуулга бүхий шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэргийг бүхэлд нь хянахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж гэсэн бланк дээр шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ЕШ2019/03610 дугаартай захирамжаар Ф.И -ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Э.В -ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Э.Энэбишийг томилсон шийдвэрийг шүүгч Д.Золзаяа албажуулсан байх ба энэ нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 692 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД