Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 336

 

                                                               Г.Б, Ж.У нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Э.Түмэнбаяр, Ж.Жавзандулам, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр магадлалтай Г.Б, Ж.У нарт холбогдох эрүүгийн 1925004860406 дугаартай хэргийг шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч М.Ганзориг, Э.Түмэнбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. Монгол улсын иргэн, 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй Э овогт Г-ын Б нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези зураг зүйн мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 05 дугаар сард эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өндөр сум хариуцсан газрын даамал Ж.У түүний гарын үсэгтэй газар эзэмшүүлэх 4 ширхэг гэрээг хоосноор авч дээрх гэрээн дээр иргэн М.Б, Э.Э, Б.А, М.Э нарын нэрийг бичиж газар эзэмшүүлэх гэрээг хийж бусдад давуу байдал бий болгосон,

2. Монгол улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй Б овогт Ж-ны У нь Орхон аймгийн Баян-Өндөр сум хариуцсан газрын даамлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 05 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар эзэмшүүлэх гэрээний маягтад гарын үсэг, тамга, тэмдэг дарж Г.Б-д өгч, иргэн М.Б, Э.Э, Б.А, М.Э нарт давуу байдал бий болгож газар эзэмшүүлсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б, Ж.У нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял, Ж.У-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь зааснаар Ж.У-д оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 3 сарын хугацаанд сар бүр 360,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч М.Ганзориг, Э.Түмэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг  Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж 09 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Г.Б-ийн ...1 жилийн хугацаагаар хорих ялаар гэснийг, ... 5400 нэгжээр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар ...,”  гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсон 62 хоногийг буюу цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 930,000 төгрөгийг хасаж, үлдэх торгох ялыг 4,470,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 1 жил 3 сарын хугацаанд сар бүр 298,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Г.Б-д анхааруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, М.Ганзориг, Э.Түмэнбаяр нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч М.Ганзориг, Э.Түмэнбаяр нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Түмэнбаяр хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн бодит байдал болон хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Ж.У-ын үйлдлийг “2018 оны 05 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар эзэмшүүлэх гэрээний маягтад гарын үсэг, тамга тэмдэг дарж Г.Б-д өгч П.Э, М.Б, Э.Э, Б.А, М.Э нарт давуу байдал бий болгож газар эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Гэтэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан ба хуулийн дээрх заалтуудын дагуу иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар газар эзэмшүүлэх захирамжийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга гаргаж улмаар сумын газрын даамал иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр иргэнд газар эзэмших эрх үүсдэг байна.

Хэрэгт авагдсан баримтаас дээрх нэр бүхий иргэнд Ж.У-ын өгсөн гэх баримт бичгээр газар эзэмшээгүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг /хх-224/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичиг /хх-219/ зэрэг баримтаар хангалттай тогтоогдож байхад хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэмт хэргийн шинжгүй, бусдад болон өөртөө давуу байдал олгоогүй гэх үндэслэлд дүгнэлт хийхдээ “шүүгдэгч нар нь бүлэглэн Монгол улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин төрийн, нийтийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хуульд заасан эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад газар эзэмшүүлэх эрх олгосон, дээрх эрхийг үндэслэн газрыг хууль бусаар зарж борлуулах боломж олгосон гэм буруутай үйлдэл, хор уршиг тогтоогдож байна” гэжээ. Уг дүгнэлт нь Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуульд заасан холбогдох заалтуудтай нийцэхгүй байна. П.Э гэж иргэн эзэмших эрх аваагүй газрыг хууль бусаар бусдад зарсан гэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл хийсэнд Ж.У ямар ч буруугүй. Нэгэнт эзэмших эрх хэн нэгэн этгээдэд үүсээгүй тул уг эрхийг болон газрыг худалдан борлуулах боломж байхгүй.

 Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д нийтийн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглохоор заасан. Дээрх хориглосон үйлдлийг хийсэн бол тус хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал буруулах, хэрэв албан тушаалыг нь буруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар буруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох”-оор заажээ.

Харин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэж заасан бөгөөд тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Мөн зүйлийн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй талаар 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан.

Ж.У-ын үйлдлийн улмаас хэн нэгэн этгээдэд газар эзэмших эрх олгогдоогүй давуу байдал бий болоогүй тул түүний үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулаагүй.

Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуулийн үзэл баримтлал болон холбогдох зохицуулалтуудыг дүгнэвэл албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх үйлдлийг тухайн үйлдлийн үр дагавраас нь хамаарч ямар төрлийн хууль зүйн хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг хууль тогтоогч зааглан хуульчилсан байна. Тодруулбал нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага тооцох, харин өөртөө  болон бусдад давуу байдал бий болгоогүй бол Авлигын эсрэг хуульд заасны дагуу сахилгын хариуцлага тооцохоор байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ж.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Ж.Жавзандулам хэлсэн саналдаа: Хоёр өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр нэмж хэлэхэд давуу байдал бий болгосон гэдэг дээр ямар ч хор уршиг учраагүй тэр газар нь хэвээрээ хэн ч эзэмшээгүй үр дагавар үүсээгүй юм. Ж.У-ын хувьд сумаас хот руу шилжиж ирээд 2 сар гаруйн хугацаанд ажиллаж байхад нь хамт ажилладаг хүн нь гуйхаар нь өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ж.У-ыг бүлэглэсэн гэж байгаа ийм санаа зорилго агуулгын хувьд бол ийм зүйл болно гэдгийг өөрөө ч сайн мэдээгүй. Иймд Авлигын хуульд заасны дагуу сахилгын хариуцлага тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Өөрөөр хэлбэл өрх толгойлсон нялх хүүхэдтэй, гурван хөгшнийг тэжээдэг хүн байгаа юм. Ажлын туршлагагүйгээсээ болж өөрийгөө ийм байдалд оруулснаа хүлээн зөвшөөрдөг гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Д.Энхбаяр хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхээр ороод Г.Б хорих ял авсан. Давж заалдах шатны шүүх түүний гэм бурууг нотлогдсон гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд магадлалыг хүлээн зөвшөөрч байгаа.  Өмгөөлөгч миний хувьд Г.Б-ийн үйлдлийг анхнаасаа гэмт хэрэг биш Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан үйлдэл холбогдол Г.Б-ийн хувьд байхгүй гэсэн саналаа дэмжиж орж байна. Г.Б-ийг гол буруутгаж байгаа нотлох баримт бол 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ байдаг. Энэ гэрээ нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт ямар эрх зүйн үр дагавар үүсгэдэг эрх зүйн баримт бичиг юм бэ гэхээр цагаан хуудас нь зөвхөн газар эзэмшүүлэх эрх авахад бүрдүүлдэг нэг материал болдог болохоос биш энэ гэрээг үндэслээд Засаг дарга газар эзэмшүүлдэг баримт бичиг биш гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоосон байдаг. Газрыг ямар тохиолдолд эзэмшүүлдэг вэ гэхээр Түмэнбаяр өмгөөлөгч ярьсан Газрын тухай хуульд зааснаар Засаг даргын захирамж гарсны дараагаар Улсын бүртгэл хүлээж авдаг ийм процесстой байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд газар эзэмшүүлсэн байна гэдэг нь учир дутагдалтай байна гэж үзсэн байдаг. Энэ гэрээгээр газар эзэмшүүлсэн асуудал огт байхгүй энэ талаар тогтоосон баримт хэрэгт байдаггүй юм. Тийм учраас Түмэнбаяр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б-ийн идэвхтэй үйлдэлд  Ж.У дэмжлэг үзүүлж нэр бүхий 4 хүнд давуу байдал бий болгосон байдаг. Энэ нь ямар үр дагавартай вэ гэхээр иргэдийн хувьд төрийн үйлчилгээ тэгш авах зарчим алдагдсан байгаа, өөрөөр хэлбэл хийх ёсгүй үйлдлийг хийснээрээ энэ гэмт хэргийн үйлдсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт сумын газрын даамлын албаны эрх хэмжээг нэрлэн заасан байх бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын газрын даамлаар ажиллаж байсан Ж.У нь энэхүү хуулиар тодорхойлсон хязгаар дотор л үйл ажиллагаагаа гүйцэтгэх эрх, үүрэгтэй болно.

Гэтэл тэрээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасан сумын газрын даамал нь “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” албаны бүрэн эрхээ урвуулж, өөрийн гарын үсгийг зурсан, байгууллагын тэмдэг дарагдсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний дөрвөн ширхэг бичилт хийгээгүй маягтыг (нэг гэрээний хуулбар нь хэргийн 1 дэх хавтас, 124 дэх талд авагдсан) бусдын хүсэлтээр шилжүүлэн өгсөн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж хоёр шатны шүүх дүгнэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд нэр дурдагдсан дөрвөн хүн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргаагүй, энэ зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар бүртгэлд ороогүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга тэр хүмүүст газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байхад Ж.У нь хуульд заасан журмыг зөрчиж газар эзэмших гэрээ байгуулах боломжийг бусдад олгож буйн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ санаатайгаар харш ашигласан явдал бөгөөд уг үйлдлийг гэмт хэрэгт тооцон, түүнийг үүнд гэм буруутай гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг билээ.

Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн, хэсэгчилсэн гэсэн төрөлд хуваадаг болно.

Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэсэгчилсэн бүрэлдэхүүний тухайд гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд /бэлтгэх, завдах/ төгс үйлдсэнд тооцогддог онцлогтой.

Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй билээ.

Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томъёолохдоо хор уршгийг хуульчилдаггүй ажээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнтэй “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан тул Ж.У-ын үйлдэл, гэм буруугийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Орхон аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Б нь албаны нэр хүнд, нөлөөгөө ашиглан Газрын тухай хуульд тодорхойлон заасан үндэслэл журмаас гадуур буюу газар эзэмших хүсэлт гаргаагүй, нэгдсэн бүртгэлд ороогүй, газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гаргаагүй дөрвөн хүнд Ж.У-аас гуйж авсан “Газар эзэмших гэрээ”-ний маягтанд тухайлсан газрыг (Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргайт баг, Их залуу толгод) эзэмшүүлэх бичилт хийж өгсөн нь “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжтэй тохирч буй талаар хоёр шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хяналтын шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, Г.Б, Ж.У нар нь гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэм буруу, ялын талаар анхан ба давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Ж.У нь “бусдад давуу байдал бий болгоогүй, түүний үйлдэл нь сахилгын зөрчлийн шинжтэй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан өмгөөлөгчдийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, Э.Түмэнбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН