Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 238

 

“ПЧДТ” ХХК-ийн гомдолтой,

ДА-ийн МХГ-т холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

            Даргалагч, шүүгч:         Г.Банзрагч,

            Шүүгчид:                       М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: ДА-ийн МХГ-ын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, мөн өдрийн 76 дугаар албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах,

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 297 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ, хариуцагч С.Отгонболд нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан, гомдол гаргагч “ПЧДТ” ХХК-ийн ДА-ийн МХГ-т холбогдуулан гаргасан, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, 76 тоот “Албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 297 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “ПЧДТ” ХХК-ийн ДА-ийн МХГ-т холбогдуулан гаргасан, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, 76 тоот “Албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй тухайд, шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал юм. Анхан шатны шүүх нь маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй 7, 11 дугаартай худгуудад үзлэг хийсэн болно. Үзлэгээр 7, 11 дүгээр худаг тус бүрд 2 хоолой байрлуулсан. 1 дүгээр хоолой нь ус шахах, 2 дугаар хоолой нь хий гадагшлуулах зориулалттай болох нь тогтоогдсон. Мөн “ПЧДТ” ХХК-ийн 19 дүгээр талбайн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн дэд менежер Н.Банзрагчаас гэрчийн мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт “7, 11 дүгээр худагт гэмтлээс урьдчилан сэргийлэх хий гаргах хоолой гаргасан байсан. Уг 2 худгийн системд холбогдсон шугам хоолойд баталгаажуулсан тоолуурыг Матад сумын байгаль Орчны улсын байцаагчийг байцуулан тоолуураа суурилуулан лацдаж, акт үйлдэн ашигладаг. Хий авах хоолойноос ус авч ашигладаггүй. Тухайн худгууд 24 цагийн турш 8 сар буюу 260 хоног тасралтгүйгээр ус авахад 187,200 м3 усыг авч ашигласан байна гэж мэргэжлийн хяналтын байцаагч акт тавьсан. Гэтэл манай компани 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд 88,690 м3 усыг тоолуурын заалтын дагуу усны төлбөрийг Дорнод аймгийн Татварын хэлтэст төлсөн. Ус олборлохын тулд системд холбож ашигладаг, хэзээ ч ус авдаг, хий гаргадаг цоргоос ус авч ашиглах хэрэгцээ байхгүй. Анх тоолуур тавьж, акт үйлдэж байх үед улсын байцаагч уг асуудлыг зөрчил гэж үзэхээр байсан бол хий авах цоргын байрлалыг солих, нэмэх талаар зөвлөгөө өгч, засаж сайжруулан акт үйлдэж ашиглалтад оруулах боломж байсан гэж үзэж байна” гэж тусгасан байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхэд авагдсан эдгээр нотлох баримтыг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг хөндлөнгийн сууриас судалж, үнэлэх, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж үнэлэх үүргээ биелүүлээгүй юм.

4. Давж заалдах гомдолд дурдагдсан хүсэлт болох “Хариуцагч давж заалдах гомдолдоо “ПЧДТ” ХХК-ийн зүгээс тайлбарлахдаа хий авдаг хоолой гэж тайлбарлаад байгаа хоолой нь хий авах зориулалтын хоолой мөн эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна” гэж тусгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхээр 7, 11 дугаартай худгуудын нэмэлт хоолойг хий авах зориулалттай эсэхийг тогтоолгох хүсэлтэй байсан гэдэг нь маргаан бүхий захиргааны актыг үйлдэхдээ захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэдгийг харуулж байна.

5. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг нөхөн төлбөрийг хэрхэн тооцсон болохоо холбогдох мэргэжилтэн удирдлагуудад нь танилцуулсан гэж үзсэн. Гэвч холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд энэ талаар дурдаагүй байгаагаас харвал нөхөн төлбөр хэрхэн тооцсон болохоо танилцуулаагүй гэдэг нь нотлогдож байна.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Монгол ус” ТӨААТҮГ-аас “ПЧДТ” ХХК-д хүргүүлсэн ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн зөрчлийн улмаас учирсан нөхөн төлбөр, хохирлыг тооцсоныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Ус ашиглуулах дүгнэлт гэдэг бол ус ашиглах төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө зэргийг үндэслэн тухайн онд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь хэдий хэмжээний ус ашиглах боломжтой гэдгийг харуулдаг баримт болохоос учирсан хохирол, нөхөн төлбөрийг бодож, тогтоодог захиргааны хэм хэмжээний акт биш юм.

7. Мөн давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Монгол ус” ТӨААТҮГ-аас “ПЧДТ” ХХК-д хүргүүлсэн ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн зөрчлийн улмаас учирсан нөхөн төлбөр, хохирлыг тооцсоны хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасныг дагуу энэ журмыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар Улсын Ерөнхий прокурор баталсан болно. Уг журмын 3 дугаар зүйл 3.2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм, хэмжээний актыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцно” гэж, мөн энэ зүйлийн 3.3 дугаар хэсэгт “Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийг тооцно” гэж тус тус заасан нийцэхгүй байна. Гомдол гаргагч нь гомдлын шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий захиргаан акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж тус тус заасан зарчмуудыг зөрчсөн гэдгийг удаа дараа дурдсан болно.

8. Мөн Усны тухай хуулийн 10 дугаар зүйл Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд буюу 10.1.6 дахь хэсэгт “усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж захиргааны хэм хэмжээний акт нь 2010 оны 05 сарын 27-ний өдөр Байгаль орчин аялал жуучлалын сайдын баталсан А-156 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал” юм. Хохирол, нөхөн төлбөр тооцох аргачлал байсаар атал давж заалдах шатны шүүх ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн хохирол, нөхөн төлбөр тооцсоныг үндэслэлтэй гэж үзсэн нь захиргааны акттай холбоотой эдгээр хуулийн заалтуудыг мөн холбогдох захиргааны хэм хэмжээний актыг хэрэглээгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Гомдол гаргагч “ПЧДТ” ХХК-иас ДА-ийн МХГ-ын, улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, мөн өдрийн 76 дугаар албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан, уг шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдийг “ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй, худгийн хоолой тус бүрд тоолуур суурилуулаагүй” гэх үндэслэлээр 224,202,240 төгрөгийн нөхөн төлбөр, 1,500,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

11. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-т “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “ус ашиглагч нь ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэсэн маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хуульд нийцжээ.

12. Гомдол гаргагчаас зөрчлөө хүлээн зөвшөөрч, “тоолуурыг буруу газар тавьсан байна, бид шинэ тоолуур суурьлуулна, эсвэл эхний шугам дээр тоолуураа байрлуулж, зөрчлөө бүрэн арилгана” гэж тайлбарлснаас үзвэл хоолой тус бүрийг тоолууржуулах үүрэгтэй гэдэгтэй маргаагүй, харин “нөхөн төлбөрийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар маргаж байна.

13. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж, 4.3 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан, энэ тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь илэрхий тодорхой тул түүнээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах зарчимтай.

14. “Монгол ус” ТӨҮГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаар ус ашиглуулах дүгнэлтээр “ПЧДТ” ХХК-ийн ашиглаж байгаа худаг тус бүрийн ундарга, хоногт хэрэглэх усны тооцоог гаргасан байна. Хариуцагчаас энэ дүгнэлтийг үндэслэн “1м3 усыг 1184 төгрөгөөр тооцож, 11 дүгээр худаг хоногт 240 м3, 7 дугаар худаг хоногт 480 м3 гэж, хугацааг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 261 хоног гэж тооцож, 720*263*1184=224,000,000 төгрөгөөр нөхөн төлбөр тооцсон” байна.

15. Гомдол гаргагч нь Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т “ус ашиглагч нь ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах” үүргээ биелүүлээгүй тул дээрх дүгнэлтийг үндэслэж, хоногт гарах усны хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцсныг буруутгах үндэслэлгүй.

16. Иймээс гомдол гаргагчийн “2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/156 дугаар тушаалаар баталсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал байсаар байхад хэрэглэлгүй, ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн хохирол тооцсон нь буруу” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

17. “Нөхөн төлбөр хэрхэн тооцсон болохоо хяналт шалгалтын явцад танилцуулаагүй” гэх гомдлын тухайд: зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэх ажиллагаанд гомдол гаргагч хуулийн этгээдийн ерөнхийлөгч Жиан Хунфү, орчуулагч хэлмэрчийн хамт оролцож, “нөхөн төлбөрийн мөнгийг сайн дураар төлөхөд бэлэн” гэж тайлбарлаж байсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5-т “холбогдогч нь зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.8-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

18. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 297 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.БАНЗРАГЧ

         ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ