Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 987

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т******* нарыг оролцуулан “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдад холбогдох “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 5-д заасан “Ж*******” ХХК-д холбогдох, мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасан “Ү*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй боглуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК /РД:*******/

Хаяг: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, ******* тоот.  

Хариуцагч: Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж, Засгийн газрын 2 байр.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын хавсралтын 5-д заасан “Ж*******” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах.

 Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын  сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/328 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Энэ газартаа мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, БОНХАЖЯ-ны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулсан.

2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2011/135 дугаартай газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, компанийн хооронд байгуулж,Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталсан.

2013 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 4 хорооны Иргэдийн нийтийн хуралд энэхүү газарт хэрэгжүүлэх Монгол таун хаус” төслөө танилцуулж хуралд оролцогчдын 62.5 хувийн дэмжлэг авснаар хурлын шийдвэр төслийг дэмжиж гарсан.

Манай компани 2011/135 тоот гэрээний дагуу жил бүр 13.860.000 төгрөгийг газрын төлбөрт төлж, гэрээний үүргээ биелүүлж ирсэн.

Гэтэл Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг “үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалсныг 2016 оны 02 дугаар сарын дундуур хөндлөнгийн хүнээс олж мэдээд яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт очиж мэргэжилтэнтэй уулзахад танай газрын координат өөрчлөгдсөн гэсэн хариу өгсөн боловч өөрчилсөн шийдвэрийг манай талд өдийг хүртэл албан ёсоор өгөөгүй, мэдэгдээгүй байгаа болно.

Бидний эзэмшиж байсан 3.5 га газрыг “Ү*******” ХХК-д шилжүүлэн олгосон байж болзошгүй байна.

Ингээд бид уг тушаалын хавсралтын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар Ерөнхий сайдад 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан боловч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг гомдлыг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/589 тоот албан бичгээр салбарын сайдад шилжүүлэн шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна.

Салбарын сайд уг гомдлын хариуг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/2637 тоот албан бичгээр ирүүлсэн.

Бидний зөрчигдсөн эрхийг гүйцэтгэх засаглалын тэргүүн, салбарын сайд нь шийдвэрлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэлийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Бид шүүхэд хандаж “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 5-д заасан “Ж*******” ХХК-д холбогдох заалт нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм. Шүүхэд захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянаж байх явцад бидний өмнө нь эзэмшиж байсан газрыг хууль зөрчиж хурааж аваад улмаар уг газрыг дахин хуваарилж “Ү*******” ХХК-д олгосон болох нь тодорхой боллоо.

Тус компанид уг газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасны дагуу газар ашиглах эрхийг олгожээ. Бидний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ болон холбогдох хуулиудыг огт зөрчөөгүй атал газар ашиглах эрхийг хууль бусаар цуцлаад, уг газрыг бусдад дахин ашиглуулахаар хуваарилж байгаа нь холбогдох хуулиудыг зөрчөөд зогсохгүй бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Бидэнд газар ашиглах эрхийг маань цуцалсан болох, цуцлах санал оруулж байгаа талаар огт мэдэгдээгүй бөгөөд уг газрыг дахин хуваарилж, гуравдагч этгээдэд олгосон болохыг хавтаст хэрэгт хариуцагчаас ирүүлсэн нотлох баримттай танилцах үедээ олж мэдлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасан “Ү*******” ХХК-д холбогдох заалт нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компани Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 3.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2011/135 дугаартай газар ашиглах гэрээг Хан-уул дүүргийн Засаг дарга, дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргаа, компанийн хооронд байгуулж Байгаль орчин,  ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталсан.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Д.О 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А-236 дугаар тушаал гаргаж бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгож, газар ашиглах гэрээг цуцалж шийдвэрлэсэн байна.

 

“Ж*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; мөн хуулийн 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг мөн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд хууль зүйн үндэслэлтэй тул “Ж*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 “Ж*******” ХХК-ийн захирал П.Б Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 5-д заасан “Ж*******” ХХК-д холбогдох, мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасан “Ү*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр манай компанийн газар ашиглах эрхийг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалсан нь хууль бус гэж маргажээ.

 “Ж*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-238 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, улмаар 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2011/135 дугаартай газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна.

Нэхэмжлэгч  “Ж*******” ХХК 2010 оны 04 дүгээр сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын цогцолбор төв байгуулахаар хүсэлт гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ ерөнхий шинжээчийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 6/1310 дугаар албан бичгээр “...тусгай хамгаалалттай газар Арцатын аманд аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийв. Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзлээ.” гэж дэмжсэн хариу хүргүүлжээ.

Ийнхүү Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээчийн дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх чиглэл, хуваарийг тогтоож ажилласан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн хүсэлт гаргасан талбайд аялал жуулчлалын төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх, менежментийн төлөвлөгөө боловсруулах зэргээг газар ашиглахад шаардлагатай баримт цуглуулах ажиллагааг хийлгэх явцад газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж*******” ХХК-д холбогдох хэсэг хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ж*******” ХХК-ийн төлөөлөл оролцож аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2011/135 дугаартай гэрээг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл байгуулжээ.

Үүнээс үзэхэд “Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрх 2010 оны 04 дүгээр сард үүссэн хэдий ч “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 27, 29 дүгээр зүйлд зааснаар “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” эрх бүхий субъектүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-уул дүүргийн засаг дарга нар 2013 оны байдлаар нэхэмжлэгч компани “Газрын тухай” болон “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн холбогдох зохицуулалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж дээрх гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Нөгөө талаар хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 636 дугаар албан  бичгээр /хх-225/ нотлогдсон байна.

Энэ нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль....энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэснээр нөхөн зохицуулах боломжтой бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална;”, 4.1.3 “газар...ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах;”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол....эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэнэ.” гэсэнтэй нийцээгүй байна гэж дүгнэв.

Түүнчлэн хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгч компани газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалсан хэдий ч газар ашиглах гэрээг дүгнэсэн эсэх, газар ашиглах гэрээний болзол, нөхцөлийг “Ж*******” ХХК хэрхэн зөрчсөн, зөрчлийг шалган тогтоосон зэргээ баримтаар нотлоогүй болно.  

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана; энэ хэсгийн 2-т “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;” гэж зааснаас үзэхэд  Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах газрын төлбөртэй холбоотой харилцаа хуулийн энэ зүйл хэсэгт зааснаар тодорхойлогдохоор байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ж*******” ХХК 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 2.4-ийн “б”, “в”-д зааснаар 1 жилд 13.860.000 төгрөг(Арван гурван сая найман зуун жаран мянган төгрөг)-ийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн газрын албанд төлж байх үүрэгтэй боловч нэхэмжлэгч 2013 онд 13.680.000 төгрөг, 2014 онд 6.930.000 төгрөг, 2015 онд 13.680.000 төгрөг бүгд 34.650.000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 3-ийн 8-д “Газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх” гэж заасны дагуу 2013, 2014, 2015 онуудад газар ашиглагч газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэх тооцоог нийлж, акт үйлдээгүй, гэрээг дүгнээгүй атлаа тухайн онуудад нэхэмжлэгч газрын төлбөр төлсөн эсэхийг үл харгалзан маргаан бүхий 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар маргаан бүхий газарт “Ү” ХХК-д 3.5 га газрыг 5 жилийн хугацаагаар олгосон хэсэг хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ хэргийн гуравдагч этгээд “Ү” ХХК 2015 оны 05 дугаар сард Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандаж Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах хүсэлт гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1/8341 дүгээр “Нотлох баримт авах тухай” албан бичгийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 10/289 дүгээр албан бичгээр /хх-91/ нотлох баримтаар ирүүлсэн “Ү” ХХК-ийн хувийн хэрэгт “..Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төсөл хэрэгжүүлэх Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас,/1 дүгээр хавтас хх-148, 2 дугаар хавтас хх-10/ мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх аялал,жуулчлал, төслийн баримт бичигт ...ерөнхий үнэлгээ хийж дүгнэлт хүргүүлсэн Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны ерөнхий шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05/4009 дугаар албан бичиг /1 дүгээр хавтас хх-153, 2 дугаар хавтас хх-9/ зэргийг ирүүлсэн нь “Ү” ХХК маргаан бүхий талбайд газар ашиглах хүсэлт гаргахдаа холбогдох хууль, журмын дагуу материал бүрдүүлсэн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн “Ү” ХХК байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 2015 оны 06 дугаар сард хийлгэж, мөн оны 08 дугаар сард “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулсан хэдий ч газар ашиглах гэрээний салшгүй хэсэг болсон Байгаль орчинд нөлөөлөх байдлын  нарийвчилсан үнэлгээг хэзээ хийлгэсэн, дүүргийн Засаг даргаас санал авсан эсэх нь тодорхойгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг Налайх дүүрэгт төсөл хэрэгжүүлэхээр хийлгэсэн зэргээр газар ашиглах зөвшөөрөл хүссэн материал зөрүүтэй, төсөл хаана хэрэгжих нь тодорхойгүй, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл хууль, журамд зааснаар бүрдээгүй  байхад  зөвшөөрөл олгосон маргаан бүхий 277 тушаалын  “Ү” ХХК-д холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 5-д заасан “Ж*******” ХХК-д холбогдох, мөн оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасан “Ү*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР