| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03215/И |
| Дугаар | 307/ШШ2026/00166 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 307/ШШ2026/00166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Б******* овогт О*******ийн Х******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Б******* овогт У*******ийн А******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, таван ханатай монгол гэрээ өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.Х*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.О*******,
Хариуцагч: У.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Х******* нь хариуцагч У.А*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, таван ханатай монгол гэрээ хүүхдүүд болон өөрийн өмчлөлд авах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
О.Х******* би У.А*******тай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хамт амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаандаа бид хоёр хүүхэд төрүүлсэн. Хүү А.Х 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, хүү А.Х 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэндэлсэн. У.А******* анх 2018 оны 12 дугаар сард архи ууж ирээд агсам согтуу тавьж байсан. Түүнээс хойш бид хоёр ярилцаж ойлголцоод гайгүй сайхан амьдарч байсан. Гэтэл 2020 он гарснаас хойш архи уух нь ихсэж, уусан үедээ байнга агсам тавьж, үг хэлээр доромжилж, өмнөх амьдралын талаар сөхөж ярьж доромжилж, хаа хамаагүй хүнтэй хардаж, надад гар хүрч, зодож, үг хэлээр доромжилдог байсан. Үр хүүхдүүдийнхээ дэргэд намайг зодож, агсам тавьж, үг хэлээр доромжилдог. Манай аав, ээжийг хүртэл үг хэлээр доромжилж, гар хүрдэг болсон.
Би түүнийг агсам согтуу тавьж, надад гар хүрч зодох бүрт нь Цагдаагийн газарт дуудлага өгдөг байсан. Тэгээд уучлалт гуйгаад дахиад тэгэхгүй гэхээр нь үр хүүхдүүдээ бодоод уучилдаг байсан.
У.А******* нь хүүхдүүдийг ялгаж харьцах хандлагатай байдаг. Архи уусан үедээ хоёр охиныг шоглож, уурыг нь хүргээд хүүхдийн зан аашийг эвлэж, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байна.
Би 2025 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө гэрийнхээ арын тоглоомын талбай дээр найзтайгаа уулзаад юм яриад сууж байхад ирээд намайг авч явах замдаа намайг үг хэлээр доромжилж, зодсон. Би бэр эгчийгээ дуудаад, эгч цагдаа дуудаад У.А*******ыг цагдаа авч явсан. Энэ явдлаас болж би энэ хүнээс салахаар шийдсэн. Хүүхдүүд маань ч бас ааваасаа айдаг. Би бас айдас түгшүүртэй байдаг болсон.
Иймд бидний дундаас төрсөн насанд хүрээгүй хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нэхэмжлэл гаргаж байна.
Мөн таван ханатай монгол гэрээ хүүхдүүд болон өөрийн өмчлөлд авч үлдэх хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч У.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би О.Х*******тай 2018 оны 10 дугаар сараас эхлэн 7 жилийн хугацаанд хамт амьдарсан. Энэ хугацаанд бид хоёрын дундаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүү А.Х, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү А.Х нар төрсөн. Бид 2 бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлд 2025 онд намар О.Х******* төрсөн өдөр тэмдэглэнэ гэж гарч яваад хүн рүү зургаа явуулж мөнгө авсан. Үүнээс болж маргаан үүссэн. Намайг ажил дээр байхад маань хүнээр зодуулсан. Би тэр хүнийг танихгүй. Гэтэл сүүлд манай таван ханатай гэрийг буулгаж, 3 залуу нүүлгэж байсан. Нэг залуу нь Ок нэртэй бааранд ажилладаг. Хүмүүс О.Х*******г орой хүүхдүүдээ унтуулчихаад Ок нэртэй бааранд ордог гэж ярьсан. Би хүүхдүүддээ 1,000,000 гаруй төгрөгийн үнэтэй зурагт, угаалгын машин зэргийг лизингээр авч өгсөн. Би ажлаасаа гарч, бага цалинтай ажилд орсон тул О.Х*******г Миний хайр лизингийн төлөлтөө хийгээрэй. гэж хэлэхэд төлнө гэж хэлсэн боловч төлөхгүй байгаа. О.Х******* миний ажил дээр ирж хэрүүл хийж ажлаас гаргасан. Одоо би Дархан Номин-д ажилд орсон. Хийснээрээ цалинждаг учраас 1,000,000 төгрөг хүрэхгүй цалинтай. Өмнөх өрөө төлж чадахгүй байгаа. Би хүүхдүүддээ боломжоороо тусалж, дэмжээд явах саналтай байна. Би 6,000,000-7,000,000 сая төгрөгийн өрөө төлж чадахгүй байна. Би таван ханатай монгол гэрээ О.Х*******д өгнө гэж хэлсэн боловч намайг шүүхэд өгсөн байна. Би таван ханатай монгол гэрээ өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 816, 817 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Х.Халиунаа, А.Хулан, А.Х, А.Х нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/523 дугаартай шийтгэх тогтоол, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч О.Х******* нь хариуцагч У.А*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, таван ханатай монгол гэрээ өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч шүүх хуралдаанд насанд хүрээгүй хүүхдүүдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч болон хүүхдүүдийн өмчлөлд таван ханатай монгол гэрээ үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байгаа талаар тайлбар гаргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч О.Х*******, хариуцагч У.А******* нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдрах хугацаандаа 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүү А.Х, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү А.Х нарыг төрүүлсэн болох нь тогтоогдож байна.
4.2. Мөн зохигчид хамтын амьдралаа эхлүүлэх үед нэхэмжлэгч О.Х******* жирэмсэн байсан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Хг хариуцагч У.А*******аар овоглосон болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж, 21 дүгээр зүйлийн 21.5.-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан.
Хариуцагч У.А******* нь насанд хүрээгүй хүү А.Х, А.Х нарыг нэхэмжлэгч О.Х*******гийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул зохигчдыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хариуцагчийн зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Х, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Х нарыг нэхэмжлэгч О.Х*******гийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэх нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ гэж дүгнэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж заасан.
Хүүхдийн тэтгэлгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар ногдуулж байгаа үүрэг юм.
Шүүх, насанд хүрээгүй хүү А.Х, А.Х нарыг нэхэмжлэгч О.Х*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-т заасныг баримтлан 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Х, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг У.А*******аас нь сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
7. Таван ханатай монгол гэрээ өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.
Хариуцагч У.А******* нь нэхэмжлэгч О.Х*******гийн гаргасан таван ханатай монгол гэрээ өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн А.Х, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн А.Х нарыг нэхэмжлэгч О.Х*******гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн А.Х, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн А.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг У.А*******аас нь сар бүр тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Х*******гийн гаргасан таван ханатай монгол гэрээ өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.А******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ