Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 000244

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Ч.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чт холбогдох эрүүгийн 1825003580258 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Онцгой байдлын газарт гал сөнөөгч ажилтай, ам бүл-5, аав, ээж, эгч дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг баг, Зээлийн  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овгийн Ч-ын Ч

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 05 сарын 17-ны шөнө 03 цагийн орчим Г.Э-ыг такси үйлчилгээнд явж байхад нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт хүргүүлэхээр яваад зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ч.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид хохирол 2.000.000 төгрөг төлсөн гэв.

 

-Хохирогч Г.Э-ын ...2018 оны 05 сарын 17-ны өдөр шөнийн 03 цагийн үед би өөрийн эзэмшлийн 9432 ОРХ улсын дугаартай прусс 20 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Баян худалдааны төвийн хажуу талаас хүн авах гээд зогсож байтал үл таних 20 гаруй насны 3 залуу гар өргөхөөр нь би зогсоод хаана хүрэх вэ? гэхэд нэг залуу нь Баянбулаг багийн эцэс орно та 2000 төгрөгөөр хүргээд өгөөч гэхээр нь би 2000 төгрөгөөр зээлийн эцэс орохгүй гэхэд нөгөө хоёр залуу нь бид 3 хамт суугаад эхлээд найзыгаа зээлийн эцэс дээр буулгаад бид хоёр цаашаа яваад Их залуу багийн самбар дээр буучихъя гээд 6000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэр 3 залуу хамт явахаар болоод 2 залуу нь хойно суугаад нэг цагаан цамцтай залууг суулгах гэхэд би тэгж монжуулахгүй 6000 төгрөгөөр явна гэж юу байдаг юм гэхэд нөгөө 2 залуу нь энэ эгч харин гайгүй хямдхан явж байна шүү дээ гээд бид 2 чамайг хүргэж өгчихөөд цаашаа хүргүүлнэ гэхэд нэг залуу нь машинд суухгүй болохоор нь Их залуу явна гэсэн 2 залуу өөр машинд суугаад явсан. Үлдсэн согтуу залуу нь та намайг хүргээд өгчих гээд гуйгаад байхаар нь би чамайг авч явахгүй гээд тэндээс хөдлөөд Төгөлийн ар талын такси зогсдог зогсоол дээр зогсож байтал нөгөө согтуу над дээр хүрч ирээд та намайг хүргээд өгөөч гэхээр нь би явахгүй чи намайг л ээрээд байх юм цаана чинь зөндөө эрэгтэй жолооч нар байна наад машиндаа суугаад яв би чамтай явахгүй гэхэд намайг хоргоогоод та намайг хүргээд өг гэхээр нь би Зээлийн эцэс орохгүй шүү 16 дугаар сургуулийн ар талын зам дээр хүргээд өгье гэхэд тэр согтуу залуу миний машины ар талын суудал дээр суугаад Зээл рүү өгсөж яваад 16 дугаар сургуулийн ард ирээд эргэх гэтэл тэр залуу эгчээ энэ шороон зам руу эргээд орчих эхний гудамжинд бууя гэхээр нь би замаас салж шороон зам руу ороод за энд буучих гэхэд эгчээ дээшээ явчих гэхээр нь чи энд бууна гэсэн биз дээ одоо буу би явахгүй гэхэд тэр залуу миний  хойноос хоолой боож тавихгүй болохоор нь би аргаа бараад баруун гарын шуун дээрээс нь нэг удаа хазаж гарыг нь тавиулаад биеэрээ эргэж хараад 2 гарынх нь шуун дээрээс хоёр гараараа барьж аваад чи чинь яаж байна ээж шигээ хүнийг ингэж байдаг би чамайг хүргэж өгөх гээд явж байна ш дээ гэхэд миний мөнгийг өг гээд шууд миний хамар руу духаараа мөргөхөд миний хамраас цус гарсан. Би гартай нь зууралдаж байхад тэр залуу ноцолдож байгаад арын суудлаас урагшаа давж орж ирээд миний үснээс зулгааж толгой гараараа нилээн олон удаа цохисон. Би айгаад уйлаад чи ээж шигээ хүнийг яаж байна гэхэд дуугай хөдлөөд яв тав тоолоход хөдөлж яв гээд тав тоолж дуусаад намайг машинаа хөдөлгөж явахгүй байсан чинь дахиад миний толгой руу цохиод байхаар нь машинаа унтраагаад тэр залуугийн өмсөж явсан цагаан цамцны захаар нь хоолойг нь бооход цамцны зах нь урагдсан. Би аргаа бараад машинаа хаяад явъя гэж бодоод машины хаалга онгойлгоод буугаад зугтаах гэтэл дахиад миний үснээс зулгаагаад явуулахгүй байсан. Хажуугаар машины гэрэл асаад машин ирж яваа харагдахаар нь амь авраарай гэж орилоход жижиг хөх машин зөрөөд явчихаад удалгүй буцаж ирээд өндөр нам 2 залуу бууж ирээд хүн орилох шиг болсон яасан юм бэ? гэхээр нь үнэн учраа хэлэхэд машин барьж явсан намхан залуу цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд тэр согтууг аваад явсан. Миний толгой өвдөж байна, хамар улайж хавдсан байсан. Одоо хавдар нь буусан. 2 бугуй хөхөрсөн хамрын таславч дотогшоо хонхойж баруун гарын булчин дээр хөхөрсөн, хүзүү улайж хумсны тав үүссэн. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй. Тэр залуутай ноцолдож байхад зүүж явсан монетон цагирган ээмэгний өрөөсөн нь алга болсон. Согтуу залуу надаас дээрэмдэж авсан эд зүйлс байхгүй  гэсэн мэдүүлэг /хх 22-25 ху/,

 

-Гэрч М.Т-ын: Ч-ын Ч гэж хүнийг танина. Ч миний найз байгаа юм. Тэр үед Ч бид 2 соёлын ордонд урлагын үзлэг давтаж байгаад орой 22 цагийн үед тараад хамт гадуур явж байгаад гудамжинд 2.5 литрийн савтай пиво хувааж уучихаад шөнийн 00 цагийн үед Тайгер бааранд ороод хоёр шил пиво 0.5 литрийн Соёрхол архи, пиво уучихаад баарнаас 3 цагийн үед гарч гэр рүүгээ явахаар болж Төгөл худалдааны төвийн урдаас салаад би гэр рүүгээ алхаад явсан. Ч Төгөл худалдааны төвийн гадаа үлдсэн. Би Чийг таксинд суулгаж өгөөгүй байхаа нилээн согтсон болохоор зарим асуудлыг сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 39 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 403 дугаартай шинжээчийн...Г.Э-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хүзүүнд шалбархай, баруун зүүн бугуй, баруун мөрөнд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт хамрын таславчийн мурийлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна  гэсэн дүгнэлт /хх-ийн 27 ху/,

 

-Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 06 сарын 16-ны өдрийн 17/144 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн монетон ээмэг 199.500 төгрөг гэх дүгнэлт /хх 32 ху/

 

-Ч.Чийг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 74-76 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Ч.Чийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 05 сарын 17-ны шөнө 03 цагийн орчим Г.Э-ыг такс үйлчилгээнд явж байхад нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт хүргүүлэхээр яваад зодож тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хүзүүнд шалбархай, баруун зүүн бугуй, баруун мөрөнд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Э-ын  мэдүүлэг,  хохирогчийн биед хөнгөн хохирол үүссэнийг тогтоосон 403 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ч.Чийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Г.Энхжаргал нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 24-25 ху/

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 4 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 112.500 төгрөг  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ