| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2402007540466 |
| Дугаар | 2025/ДШМ/757 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/757
2025 06 18 2025/ДШМ/757
Б.Д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ариунтөр,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.Бямбасүрэн, Б.Буянхишиг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1027 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Д холбогдох 2402007540466 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Д,
- Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн;
Б.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт өөрийн биедээ гялгар уутанд хийсэн нийт 4.0072 грамм “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-н агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Б.Дийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Д нь урьд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 02 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 02 жил хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 4.0072 грамм цэвэр жинтэй бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч А.Бямбасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг. Мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Дийн хувьд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолоор 02 жилийн хугацаатайгаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх, тэнссэн шийдвэр гарахаас өмнө 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт өөрийн биедээ гялгар уутанд хийсэн нийт 4,0072 грамм өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэргийг үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс энэ үйлдэлд дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд миний үйлчлүүлэгч Б.Дийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
2. Шүүгдэгч Б.Д нь ам бүл 5, өндөр настай эцэг эх, 5 настай хүү, 16 настай охины хамт амьдардаг. Эцэг болох Ж.Б нь нуруу нь хугарсан байдалтай байнгын асаргаа сувилгаатай байдаг. Харин түүний ээж Ж.А нь 2017 онд хөхний хорт хавдар тусч химийн эмчилгээ хийлгэж өдийг хүрсэн бөгөөд одоо хавдар нь бүх биеэр нь тархсан, элгээ 30 хувиар тайруулсан байдалтай мөн л байнгын асаргаа сувилгаатай байхаас гадна эмнэлэгт хэвтүүлэх, химийн эмчилгээ хийлгэх гээд түүнд Б.Дээс өөр туслах хүн байдаггүй. Б.Д нь өдөр тутамдаа өндөр настай ээж, аавыгаа асарч, эмнэлэгт хэвтүүлэх эмчилгээ хийлгүүлэхээс гадна, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөдөг байсан. Одоо эдгээр хүмүүс асарч сувилуулах хүн байхгүй ар гэр нь маш хүнд нөхцөл байдалтай байгааг шүүхээс харгалзаж, шийдвэрлэж өгнө үү.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь шийдвэрлэж болно гэсний дагуу миний үйлчлүүлэгч Б.Д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1027 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 3 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Б гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч гомдол мэдээллийн шат, мөрдөн байцаалтын шат, анхан шатны шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцож байсан. Гэм буруу дээр огт маргаж байгаагүй. Б.Дийн 2024 оны 09 дүгээр сарын үйлдэлд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2 жилийн хугацаагаар ял тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийтгэх тогтоол гарахаас өмнө одоо шийдвэрлэгдэж байгаа гэмт хэргийг үйлдсэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ял тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан. Ял тэнсэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэг тул ял тэнссэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, энэ гэмт хэрэгт 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруутай гэдгээ ойлгож, ухамсарлаж байгаа. Өөрийн ухаангүй, гэнэн зангаасаа болж алдаа гаргасандаа харамсаж байна. Өндөр настай аав, ээж маань хүнд өвчтэй. Ээж маань хавдрын 3 дугаар зэрэгтэй, хавдар биеэр нь тархсан. Насанд хүрээгүй 2 хүүхэд маань түрээсийн байранд амьдардаг. Эдгээр байдлуудыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй боловч өөрийн үйлдсэн гэмт хэргээ нэгтгэж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломж шүүгдэгчид олгогдсон байдаг. Шүүгч “яагаад хэргээ нэгтгэж шалгуулаагүй вэ” гэж асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүгдэгч “Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргасан. Гэхдээ миний хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлж, хэргийг шийдвэрлэсэн” гэж тайлбарласан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруудаа хандаж буй хандлага, өөрийн нөхрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих 414 дүгээр ангид ял эдэлж байхад дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг хүргэж өгсөн, гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин өөрийн биедээ өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг хадгалж байгаа нь өөрийн үйлдэлдээ гэмшиж, ухаарч байгаа болох нь тогтоогдохгүй байгаа учраас хорих ял оногдуулах үндэслэлтэй талаар шийтгэх тогтоолд дүгнэж бичсэн. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын хэмжээний дотор буюу 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Прокуророос шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт өөрийн биедээ гялгар уутанд хийсэн нийт 4.0072 грамм “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-н агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/,
хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, /хх 10-12/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугар сарын 04-ний өдрийн 6407 дугаартай дүгнэлт /хх 29-31/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6406 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Б.Д УХ89061966 2024.11.06” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” /хх 20-22/ гэх дүгнэлт,
яллагдагчаар Б.Дийн “....” /хх 54-55/ гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Дийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бямбасүрэн “...Б.Дийн хувьд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор гарахаас өмнө “2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ... нийт 4,0072 грамм өвс гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх гэмт хэргийг үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс энэ үйлдэлд дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь шийдвэрлэж болно гэсний дагуу миний үйлчлүүлэгч Б.Д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/1027 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 3 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д энэ тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор “хорих ял оногдуулахгүй”-гээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, 02 жил хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 03 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг хангахгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь:
Шүүгдэгч Б.Д нь Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, түүнчлэн хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл, үйл баримтгүй байхад анхан шатны шүүхээс хийсвэр таамаглалаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Тодруулбал, Б.Дийн дээрх үйлдсэн гэх хэрэг нь өмнөх шүүхийн шийтгэх тогтоол гарч, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гарсаны дараа илэрсэн байх нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг заасан үндэслэл, журмыг хэрэглэх үндэслэл болохгүй буюу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялгүй, түүнчлэн 7.1 дүгээр зүйлд тусгайлан заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Харин шүүгдэгч Б.Дийн үйлдсэн нэг төрлийн хэд хэдэн хэргийг бүхэлд нь нэг мөр мөрдөн шалгаж, хяналт тавьж улмаар эцэслэн шүүхээр шийдвэрлүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл, журам зөрчигдсөн гэж үзэхүйц нөхцөл байдал илэрснийг анхааруулан тэмдэглэж байна.
Иймд шүүгдэгч Б.Дийн Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан ялыг тусад нь эдлүүлэх үндэслэлтэй болно.
Үүнтэй холбоотойгоор Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн бол дээрх тэнсэж, хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний хугацааг нарийвчлан тоолж тогтоох, улмаар зогсоох болон сэргээн тусад нь эдлүүлэх хугацааг тоолох зэрэг үндэслэл, журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорт даалгаж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.” гэж, мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжпах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжпах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дийн 2008 онд төрсөн охин Д.Нандин-Эрдэнэ, 2020 онд төрсөн хүү А.Эрдэм гэх 2 бага насны хүүхдийн асрамжийн талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс хорих ял шийтгэгдсэн Б.Дийн асрамжид байгаа насанд хүрээгүй дээрх Д.Нандин-Эрдэнэ, А.Эрдэм нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын “...ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 65 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1027 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож,
- 5 дахь заалтын “...3 жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...1 жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлсүгэй. ” гэсэн,
- Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн асрамжид байгаа 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Дийн Н, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Э нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын “...ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхээс Б.Д тусад нь эдлүүлэхээр тогтоосон албадлагын арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу биелүүлэх, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ