| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0108/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр
Шүүгдэгч: Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.ТөгсБс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан морьт Цэенпэлийн Бд холбогдох 1829000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Их-Усын 3-9 тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, хамтран амьдрагч Д.Баярмааг байнга дарамталж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 07 сарын 28-ны өдөр “Энержи ресурс” ХХК-ийн наадам болоод би архи уусан байсан. Би соёолон үзчихээд уурхай руу явна гэсэн байсан. Тэгсэн одоо явмаар байна гэсэн. Одоо уурхай дээр ямар ч хүн байхгүй, чи яв би наадам үзнэ гээд 2 найзтайгаа хамт архи уугаад гэртээ ирж агсам тавьсан.” гэв.
Хохирогч Д.Баярмаагийн өгсөн “....Манай нөхөр Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой архи ууж ирээд надад догшин авирлаж намайг заналхийлсэн учир би цагдаад дуудлага өгсөн. ...2013 оноос Цэрэндолгор гэдэг хүүхэнтэй хоорондын харьцаатай болохоор намайг үл тоож надад ямар ч сэтгэл гаргадаггүй, энэ хүүхэнтэй уулзаад ирэхдээ согтуу ирж уураа гаргаж дарамталдаг. ...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан боловч Б нь засрахгүй догшин авирлаж намайг байнга дарамталж найз нөхөдтэй уулзахыг хязгаарлаж, сэтгэл санааны байнга дарамтад байлгаж, намайг хэл амаар доромжилдог...” /хх-ийн 10-11-р хуудас/
Гэрч М.Цоомоогийн өгсөн: “...Б нь манай охинтой ханилаад 10 гаран жил болж байна. Энэ хоёр манай хашаанд цуг байдаг болохоор Б байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэн охиныг минь үргэлж хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамтад байлгадаг. Өндөр настай надад Бгийн ингэж согтуу ирж агсам тавьдаг нь их хэцүү байдаг. Б өнгөрсөн 6 дугаар сард шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Ял шийтгүүлсний дараа байнга архи ууж ирээд агсам тавьдаг. Өндөр настай хүний хувьд байнга согтуу ирж охин бид хоёрыг дарамталдаг хэцүү байна. Би Бд гомдолтой байна.” гэх мэдүүлэг... /хх-ийн 12-р хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 33-40-р / хуудас
Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: ”...Би 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Энержи ресурс” ХХК-ийн наадам болж байсан. Тэгээд эхнэр Баярмаатай морь үзэх гээд морь барианы газар очоод байж байтал Баярмаа руу нэг хятад утасдаад авсан нүүрстэй газраа үзээд эргээд хариу хэл гэсэн. Тэрнээс болоод бид хоёр муудалцаад би бөх үзлээ гээд явсан. Тэгээд явж байтал манай 2 найз таараад бид машинд нь 0.5 литрийн архи авч ууж дуусгаад би согтсон байсан учир бөх үзээгүй гэр руугээ явсан. Гэртээ ирээд Баярмаатай яах гэж хүнээс мөнгө зээлсэн юм, ажилгүй байж яаж төлөх гээд байгаа юм гээд бас маргалдахад Баярмаа цагдаа дуудна гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд аваад явна гэхээр нь дагаад явсан. ...согтуудаа хэл амаар доромжилдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
Шүүгдэгч Ц.Бгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 25-26-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Бгийн арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 28-31-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ц.Б нь нь хамтран амьдрагч Д.Баярмааг байнга дарамталж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Д.Баярмаагийн өгсөн “....Манай нөхөр Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой архи ууж ирээд надад догшин авирлаж намайг заналхийлсэн учир би цагдаад дуудлага өгсөн. ...2013 оноос Цэрэндолгор гэдэг хүүхэнтэй хоорондын харьцаатай болохоор намайг үл тоож надад ямар ч сэтгэл гаргадаггүй, энэ хүүхэнтэй уулзаад ирэхдээ согтуу ирж уураа гаргаж дарамталдаг. ...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан боловч Б нь засрахгүй догшин авирлаж намайг байнга дарамталж найз нөхөдтэй уулзахыг хязгаарлаж, сэтгэл санааны байнга дарамтад байлгаж, намайг хэл амаар доромжилдог...” /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч М.Цоомоогийн өгсөн: “...Б нь манай охинтой ханилаад 10 гаран жил болж байна. Энэ хоёр манай хашаанд цуг байдаг болохоор Б байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэн охиныг минь үргэлж хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамтад байлгадаг. Өндөр настай надад Бгийн ингэж согтуу ирж агсам тавьдаг нь их хэцүү байдаг. Б өнгөрсөн 6 дугаар сард шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Ял шийтгүүлсний дараа байнга архи ууж ирээд агсам тавьдаг. Өндөр настай хүний хувьд байнга согтуу ирж охин бид хоёрыг дарамталдаг хэцүү байна. Би Бд гомдолтой байна.” гэх мэдүүлэг... /хх-ийн 12-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 33-40-р хуудас/, Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: ”... согтуудаа хэл амаар доромжилдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ зэргээр нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3 дахь хэсгүүдэд зааснааар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгасан боловч тэрээр тэнсэнтэй байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэн тул 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзан морьт овогт Цэенпэлийн Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ц.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА