Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00520

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00520

 

 

 

С.С- ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа , Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/03277 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Солонгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.Б -д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон орон сууцыг буцаан гаргуулж, хохирол, торгууьд 2 610 150 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн, мөн гэрээнээс татгалзсантай холбогдон шилжүүлсэн 21 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.С-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчС.Я

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч С.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Б -тай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 26 дугаар байр, 21 тоотод байрлах 47.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хувь лизингээр худалдахаар тохирч гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөр аваагүй бөгөөд сар бүрийн 20-ны өдөр 1 200 000 төгрөгийг төлж байхаар, мөн жил бүрийн 4 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцон гэрээ байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээг байгуулахад ямар нэгэн хүү тооцоогүй, төлбөрөө цаг хугацаандаа төлж чадаагүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувь алданги авах, мөн төлбөрөө төлөхгүй гурван сар болсон тохиолдолд гэрээг дангаар цуцалж орон сууцны нийт үнийн дүнгээс 10 хувийн торгууль тооцно гэж тохирч харилцан гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хавсралтад төлбөр төлөх хугацаа болон тухайн сар бүр төлөх хэмжээг харилцан тохиролцож тусгасан.

Миний нөхөр Б.Эрдэнэпүрэв нь уг орон сууцыг захиалгаар бариулж улсын комисст хүлээлгэж өгсөн. Ашиглалтанд орсоны дараа уг орон сууцыг Б.Оргил, Г.Чулуунцэцэг нарт худалдан тэдний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гаргуулсан боловч манай орон сууцны барилгаас 3 өрөө рүү шилжин орох хүсэлт гаргаж зөрүү мөнгийг төлж нүүсэн. Ингээд 21 тоот орон сууцыг захиран зарцуулах, бусдад бэлэглэх, нэр шилжүүлэх, гэрээ хэлцэл байгуулах төлбөр тооцоо гүйцэтгэх гэх зэрэг эрхийг итгэмжлэлээр надад олгосон. Өмчлөх эрхийг шилжүүлж авах гэсэн боловч Б.Оргил, Г.Чулуунцэцэг нараас итгэмжлэл хийж өгвөл орон сууцыг зарж болно гэсний дагуу итгэмжлэл авсан.

Х.Б - нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээний хавсралтад заасан ёсоор 10 0000 000 төгрөг төлөх болох үед хүүхэд өвчтэй төлж чадахгүй байна гэж хэлээд 2018 оны 10 дугаар сар хүртэл хойшлуулахыг хүссэн боловч төлбөрөө мөн л төлөөгүй. Үүнээс хойш хэд хэдэн удаа уулзаж төлбөр төлөхийг сануулсан мөн л янз бүрийн шалтаг хэлсээр байсан. 2019 оны 01 дүгээр сард манай нөхөр Б.Эрдэнэпүрэв очиж уулзаад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөх ёстой 10 000 000 төгрөгийг мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээгээч гэж хэлсэн.

2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээ цуцлах талаар мэдэгдэж уг мэдэгдлийг хүлээн авсан талаараа гарын үсэг зурахыг шаардахад гарын үсэг зураагүй бөгөөд мэдэгдлийг өөрийн биеэр хүлээн авсан. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр УБЦТС ТӨХК-д хүсэлт гаргаж сүүлийн цахилгааны ашиглалтын зардал болох 38 500 төгрөгийг төлж цахилгааны хязгаарлалт хийлгэсэн.

Иймд хариуагч Х.Б -гаас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээнд заасны дагуу алданги 17 922 250 төгрөг, торгууль 6 358 500 төгрөг, цахилгааны төлбөрт 38 500 төгрөг, нийт 24 319 150 төгрөгийн төлбөрөөс хариуцагчийн төлсөн 21 200 000 төгрөг, алдангидаа тооцож төлсөн 509 000 төгрөг, нийт 21 709 000 төгрөгийг хасаж 2 610 150 төгрөгийг гаргуулж, орон сууцыг чөлөөлж өгөхийг Х.Б -д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Б - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс маргааны зүйл болсон 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Оргил, Х.Чулуунцэцэг нар болох нь харагдаж байна. С.С- нь энэ эрхийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр Х.Б - надтай орон сууц худалдах-худалдан авах хувь лизингийн гэрээг байгуулсан боловч эрх зүйн үр дагавар нь гагцхүү төлөөлүүлж байгаа талд үүсэх учиртай. Нэхэмжлэгчид орон сууцны өмчлөгч нарыг төлөөлөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэл муутай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн.

С.С- нэхэмжлэлдээ 6 358 500 төгрөгийн торгууль 24 005 250 төгрөгийн алданги надаас тооцон авах эрхтэй талаар тусгасан. Гэрээ цуцалж байгаа нөхцөлд гэрээний үүргийн эрх зүйн харилцаа дуусч өгсөн авсан зүйлээ буцаах харилцаа болж хувирдаг. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцаа дууссан учир ямар ч төрлийн анзыг гаргуулах эрхгүй тул эдгээр алданги, торгууль гэх төлбөрүүдийг миний зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлдээ өнөөдрийг хүртэл орон сууцны түрээс тооцсон бол 8 400 000 төгрөгтэй болох байсан гээд үүнийгээ надаас тооцон авах эрхтэй талаар бичсэн. Энэ нь зайлшгүй олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй бөгөөд миний зүгээс төлсөн 21 200 000 төгрөгийг өөртөө авч ашиглан үр шимийг хүртсэн.

Нэхэмжлэгч 21 200 000 төгрөгийн төлөлтийг буцаан өгсөн нөхцөлд нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болон орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой. Бидний төлбөрийг буцаан өгсөн бол нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрч болно гэв.

 

Хариуцагч Х.Б - шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Оргил, Г.Чулуунцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С- той байгуулсан гэрээний дагуу орон сууцны үнийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хувааж төлөхөөр тохирсон. Энэ хугацаанд гэрээний төлбөрт нийт 21 200 000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч огт маргадаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу талууд өгсөн авсан зүйлээ биет байдлаар буцаан өгөх үүргийг хүлээхээр байна.

Иймд гэрээний төлбөрт төлсөн 21 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.С- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талууд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны төлөлтөө хийгээгүй үед байраа суллаж, гэрээний дагуу алданги, торгууль төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлбөр төлөхийг хүлээгээч гэж хэлсэн. Удаа дараа хугацаа олгоод байхад үүргээ биелүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсанд тооцдог. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно гэж заасан байдаг. Гэрээгээ цуцлах талаар удаа дараа хэлсэн боловч хариуцагч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Гэрээнээс татгалзсан зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 26-р байрны 6 давхарт, 21 тоот, 47.1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг хариуцагч Х.Б -гаас гаргуулан нэхэмжлэгч С.С- д олгож, нэхэмжлэгч С.С- ос 15 312 100 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Б -д олгож, нэхэмжлэгч С.Солонгын 2 610 150 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 887 900 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 912 төгрөг, хариуцагч Х.Б -гийн 263 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С- ос 234 510 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Б -д, хариуцагч Х.Б -гаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С- д тус тус олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.С- давж заалдах гомдолдоо: Хариуцагч Х.Б - нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэрээний нөхцөл, хавсралт зэрэгт төлбөр төлөх нөхцөл, төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги төлөх нөхцөлийг тусгаж талууд хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч Х.Б - гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир нэмэлт хугацаа тогтоон, гэрээ цуцлуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан болохыг хүлээн зөвшөөрч байхад надаас 15 312 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 225.7 дахь хэсэгт заасны дагуу гаргасан байхад нөгөө тал гэрээнээс татгалзсан, манай талыг гэрээний үүргийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь буруу. Мөн хариуцагч тухайн орон сууцанд амьдрах хугацаандаа орон сууцны ашиглалтын зардлыг төлөхөөр гэрээнд гарын үсгээ зурсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Б -гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчС.Я давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан харилцаа явагдсан байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн анз буюу торгуулийн асуудлыг шийдвэрлэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 887 900 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болсныг шүүх зөв тайлбарлаж, хууль хэрэглээг алдангын хувьд зөв хэрэглэсэн хэдий ч торгуулийн хувьд мөн адил хэрэглэгдэх ёстойг анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Х.Б -д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон орон сууцыг буцаан гаргуулж, хохирол, торгуульд 2 610 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, мөн гэрээнээс татгалзсантай холбогдон орон сууцны үнэд шилжүүлсэн 21 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэн, маргажээ.

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууцны худалдах-худалдан авах хувь лизингийн гэрээ байгуулж, худалдагч С.С- нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 26 байр, 21 тоотод байрлах 47.1 м.кв талбай бүхий орон сууцыг Х.Б -гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагчийн хувьд орон сууцны үнэ 63 585 000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-9,10/ Гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчийн эзэмшилд орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтыг үндэслэн зөв тогтоожээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болон гэрээнээс татгалзсан учир анз төлөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хэргийн 9-10,26,94-95 дугаар талд авагдсан маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч Б.Оргил, Г.Чулуунцэцэг нараас С.С- д олгосон итгэмжлэл, зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, тэдгээрийн тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.С- , хариуцагч Х.Б - нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

Зохигчид орон сууцны үнэ 63 585 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр тодорхой дүнгээр төлөхөөр харилцан тохиролцож, хуваарийг гэрээний хавсралтаар баталсан байна. /хх-10/ Уг хуваарийн дагуу төлөх орон сууцны үнээс хариуцагч Х.Б - 21 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх үүргээ гүйцэд биелүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримтыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүйгээс нөгөө тал гэрээнээс татгалзсан тохиолдолд тэдгээрт гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах үүрэг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үүсдэг учир нэхэмжлэгч, хариуцагч нар бие биенээсээ гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө харилцан буцаан шилжүүлэхээр шаардаж буй нь хуулийн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх зохигчдын гэрээнээс татгалзсантай холбогдох үр дагаврыг шийдвэрлэхдээ хариуцагч Х.Б -гийн эзэмшлээс худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч С.С- ос орон сууцны үнэд төлсөн төлбөрийг гаргуулахдаа хариуцагчийн орон сууцыг эзэмшиж байхдаа ашигласан цахилгааны зардал, мөн гэрээний 5.1-д заасныг үндэслэн орон сууцны нийт үнийн 10 хувиар торгууль тооцон суутгаж, үлдэх 15 312 000 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Учир нь гэрээний 3.5-д худалдан авагч нь тухайн байранд амьдран сууж байх үедээ цахилгааны зардлаа хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч С.С- хариуцагчийн эзэмшиж байсан хугацааны цахилгааны төлбөр 38 500 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 23 дахь талд авагдсан төлбөрийн нэхэмжлэлээр нотлогдсон бөгөөд хариуцагч маргаагүй. Мөн гэрээний 5.1 дахь заалтаар ... гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдан авагч талаас худалдагч талд төлөхөөр тохиролцжээ. Уг торгуулийн заалт нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээнээс татгалзсан тохиолдолд буруутай талд хариуцлага ногдуулсан заалт байна. Хариуцагчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, улмаар гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь гэрээний уг заалтын дагуу торгууль тооцон түүнээс шаардах эрхтэй.

Харин зохигчид гэрээнээс татгалзсан учир тогтоосон хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн сар бүрийн үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх алданги тооцон шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/03277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 712 төгрөг, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109 157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД  Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД