| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0219/э |
| Дугаар | 000228 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 000228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Ц.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Хт холбогдох эрүүгийн 1825003370247 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум 3 дугаар баг Цагаан-Овоо ферм гудамж оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ц-ийн Х
Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 6-9 тоотод оршин суух Л.Ч-ийн хашаанаас төвд банхар нохой хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо надад ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа, нохойг нь Л.Ч-д буцааж өгсөн гэв.
-Хохирогч Л.Ч-ийн: Би Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын тоот хашаанд ганц биеэр амьдардаг юм. Хашаагаа харуулах гэж 2017 онд төвд банхар үүлдрийн 1 настай нохойг авч тэжээсэн. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа яваад удаагүй 10 цаг өнгөрч байхад ирэхэд хашаанд гинжлээд уячихсан байсан нохой маань алдагдсан байсан. Би 2017 онд 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Намайг цагдаад өргөдөл өгөөд удаагүй байхад Х миний нохойг хөтөлж ирээд өгсөн. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /20-23 ху/,
- Гэрч З.Б-ийн: 2018 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр намайг модны зах дээр зогсож байхад Х шар халтар нохой барьчихсан хөлсөө гоожуулсан явж байсан. Надад энэ нохойг танай хашаанд уячих уу гэхээр нь тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд нохойгоо аваад явсан байсан, ямар учиртай нохой болохыг мэдээгүй. Нохойгоо одоогоос 4-5 хоногийн өмнө ирж авсан. Манай хашаанд 20 гаруй хоносон гэсэн мэдүүлэг /хх 26-28 ху/,
-Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 18/111 дугаартай төвд банхар 500.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /хх 19-20 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/
-Ц.Хыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 01, 02-04 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүгдэгч Ц.Хын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Л.Ч-ийн хашаанаас төвд банхар нохой хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Ч-ийн мэдүүлэг, гэрч З.Б-ийн мэдүүлэг, төвд банхар 500.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Хын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Х нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөргүй, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Л.Чулуунцэцэг нь нохойгоо хүлээн авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 51 ху/
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.