Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 307/ШШ2026/00415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00570/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Ж******* овгийн Б******* М******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байранд байрлах ******* (РД: *******, утас: *******)-д холбогдох,

*******-ийн гүйцэтгэх захирлын 2024.12.24-ны өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.М*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, Б.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ийн гүйцэтгэх захирлын 2024.12.24-ны өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие Ж******* овогт Б******* М******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс *******-ийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. 2023 оны 10 дугаар сард бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс нь Санхүү, эдийн засгийн хэлтэс болж өөрчлөлт орсон болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. *******-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/1386 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Тус тушаалын үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, Компанийн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.3.1.9 дэх хэсэг, Гүйцэтгэх захирлын “Нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршил шинэчлэн батлах тухай” 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/377 тушаалыг тус тус үндэслэжээ. Тус тушаалын тушаах хэсэгт “Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан тул 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөр тасалбар болгон Б******* М******* (5375)-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын байр хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан байдаг. *******-ийн бүтцээс миний эрхэлж байсан ажлын байр бодитоор байхгүй болсон буюу *******-д уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Санхүү, эдийн засгийн хэлтсийн чиг үүрэг нь нэршил өөрчлөгдсөн, ажлын байр хасагдсан нь бодитой бус үндэслэлгүй болно. ******* зүгээс Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хугацаа, үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй болно. ******* нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисстой байх тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасны дагуу *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тэмдэглэлтэй танилцсан болно. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргаж, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэлийг гардаж авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд *******-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М******* дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд:

“...*******-ийн 2024 оны жилийн эцсийн үр дүнгийн нэмэгдэл цалин хөлсийг 2025 оны эхний улиралд олгосон байна. Ингэхдээ ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг олгосон байна. Миний хувьд 5,961,000 төгрөгийн үндсэн цалингаар цалинждаг тул *******-иас 5,961,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно” гэж заасны дагуу ажиллаж байсан бол дээрх жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг авах байсан тул 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Б.М*******ын *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Б.М*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Б.М*******т өөр ажлын байранд шилжин ажиллах санал тавьсан боловч нэхэмжлэгч нь татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... ******* зүгээс Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хугацаа, үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй болно ...” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.М*******т мэдэгдэл гардуулсан. Нэхэмжлэгч нь тус өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдлийн хариуг бичгээр гаргасан бөгөөд тус мэдэгдлийн хариуд “Сайн байна уу! Би *******-д Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд 1 жил 9 сар ажиллаж байгаа бөгөөд таны гаргасан мэдэгдлийг хүлээн авлаа ...” гэж дурдсан. Мөн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой *******-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1387 дугаартай “Б.М*******т тэтгэмж олгох тухай” тушаал гарсан. Б.М******* нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******-ийн Гүйцэтгэх захиралд хандаж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1387 дугаартай тушаалаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээнд 1 сараас дээш хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан. Иймд надад олгох тэтгэмжийг 2-1 сараар нэмэгдүүлж шийдвэрлэж өгнө үү? гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гүйцэтгэх захирлын Б/22 дугаартай тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал гарч 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.М******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгах тухай мэдэгдлийг хүлээн авсан. Мөн тэтгэмж нэмж гаргуулах тухай хүсэлт гаргасан нь хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Б.М******* нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “ ... *******-ийн 2024 оны жилийн эцсийн үр дүнгийн нэмэгдэл цалин хөлсийг 2025 оны эхний улиралд олгосон байна. Ингэхдээ ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг олгосон байна. ...ажиллаж байсан бол дээрх 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг авах байсан тул нэхэмжилж байна” гэж дурдаад 5,961,000 төгрөгийн 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах шаардлага гаргасныг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь *******-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаар тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар батлагдсан “Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох журам”-ын 4 дэх хэсэг “Жилийн ажлын үр дүнгийн нэмэгдэл цалин олгогдохгүй нөхцөл”-ийн 4.1-т “Тухайн хугацаанд өөрийн хүсэлтээр болон сахилгын зөрчил гаргаж, ажлын байр хасагдсан, орон тоо цуцлагдсан ажилтанд үр дүнгийн нэмэгдэл цалинг олгохгүй” гэж журамласан. Мөн нэхэмжлэгч Б.М******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “Ажиллаж байсан бол дээрх 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг авах байсан” гэж дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчид 2024 оны жилийн үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаартай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-2023-208 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолт, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-22 хуудас)

4.Хариуцагчаас *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/170 дугаартай Б.М*******ыг ажилд түр томилох тухай тушаал, *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудас, мөн өдрийн ажлын байр санал болгох хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б.М*******ын гаргасан мэдэгдлийн хариу, мөн өдрийн Б.М*******ын гаргасан ажлын байрны тухай мэдэгдэл, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1387 дугаартай Б.М*******т тэтгэмж олгох тухай тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б.М*******ын гаргасан гар өргөдөл, *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал, *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаартай *******-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/03 дугаартай компанийн зохион байгуулалтын бүтэц батлах тухай тогтоол, хавсралт, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/377 дугаартай компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршил шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтууд, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаартай дотоод хяналтын журам батлах тухай тушаал, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/02 дугаартай компанийн дүрэм шинэчлэн батлах тухай тогтоол, *******-ийн дүрэм, *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/82 дугаартай жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох журам батлах тухай тушаал, жилийн ажлын үр дүнгийн нэмэгдэл цалин олгох журам, *******-ийн санхүүгийн удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (1хх 28,29, 43-66, 69-73, 79,80,138-143 хуудас)

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр *******-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр, эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, санхүү, эдийн засгийн хэлтсийн эдийн засагч албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дугаартай цалин нэмэгдүүлэх тухай тушаал, хавсралт, *******-ийн төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаартай *******-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралтууд, *******-ийн 2025 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, *******-ийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/2475 дугаартай компанийн 2025 оны төлөвлөгөө батлуулах тухай албан бичиг, *******-ийн 2025 оны бизнес төлөвлөгөөний төсөл, *******-ийн ТУЗ-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 дугаартай *******-ийн 2025 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоол, *******-ийн 2025 оны бизнес төлөвлөгөө зэргийг, хариуцагчийн хүсэлтээр гэрч М.О мэдүүлэгч авч, нотлох баримтуудыг бүрдүүлсэн. (1хх 100-107,111-120, 127,128,162-250, 2хх 1-30,35-99 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.М*******ын хариуцагч *******-д холбогдуулан гаргасан *******-ийн гүйцэтгэх захирлын 2024.12.24-ны өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, үр дүнгийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.М******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...Би 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс *******-д эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сард компанийн бүтцэд өөрчлөлт орж эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс нь санхүү эдийн засгийн хэлтэс болж өөрчлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б/1386 дугаар тушаал гаргаж, бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр хасагдсан гэх бодит бус үндэслэлээр намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ажиллаж байсан ажлын байр бодитой хасагдаагүй тул *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаартай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож,  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн ажиллаж байсан бол авах ёстой байсан 2024 оны жилийн эцсийн үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2024 оны 10 сараас компанийн гүйцэтгэх удирдлага солигдсоноор намайг ажлаас гаргах шахалт дарамт эхэлсэн. Гүйцэтгэх захирал өөрийн багаараа ажиллана, надтай баг болж ажиллаж чадахгүй гэсэн. Ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр зөвхөн би ажлаас чөлөөлөгдсөн. Иймд гомдолтой байна” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...“Компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлд нийцсэн, тушаал хууль ёсны дагуу гарсан. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд тэрээр өөр ажлын байранд шилжин ажиллах саналаас татгалзсан. Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ажил олгогчоос олгосон 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ нэмэгдүүлж, 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлт гаргаж, түүнийг нь олгож шийдвэрлэсэн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Компанийн дотоод журмын дагуу ажлын байр хасагдсан ажилтанд үр дүнгийн нэмэгдэл цалин олгодоггүй тул нэхэмжилсэн 5,961,000 төгрөгийг олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү” гэж тайлбарлаж, зохигчид маргадаг.

Үйл баримтын тухайд:

4.Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч *******-д 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд түр томилогдож, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тухайн албан тушаалдаа жинхлэгдэн, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар буюу ажлын байр хасагдсан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/170 дугаартай Б.М*******ыг ажилд түр томилох тухай тушаал, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаартай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-2023-208 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4.1.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.М*******ын ажиллаж байсан албан тушаалын нэршлийг *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/170 дугаартай Б.М*******ыг ажилд түр томилох тухай тушаалд эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар түр томилсугай гэж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-2023-208 дугаартай нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны нэрийг эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс-дарга гэж, мөн нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны нэрийг эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга гэж бичигдсэн байх боловч *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаартай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан тул гэж тусгагджээ. (1хх 43,53х)

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/03 дугаартай компанийн зохион байгуулалтын бүтэц батлах тухай тогтоолд нэхэмжлэгчийн ажиллаж байсан эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийг санхүү, эдийн засгийн хэлтэс гэж өөрчилж баталсан байх тул нэхэмжлэгч нь *******-нд санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан гэж үзэх нь зүйтэй байна. (1хх 43,53х)

Хэдийгээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн нэршил нь санхүү, эдийн засгийн хэлтэс гэж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон ч нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг нь өөрчлөгдөөгүй, энэ талаар зохигчид маргаангүй байна.

4.2.Нэхэмжлэгч Б.М******* нь *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаартай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг эс зөвшөөрч, *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тус тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийлгүүлэх тухай гомдол гаргасан, талууд харилцан тохиролцоогүй тул уг арга хэмжээ дуусгавар болсон болох нь  2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь дээрх хөдөлмөрийн маргааны талаар Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрээр хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ. (1хх 13,16х)

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д “...Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хуулийн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.3.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.М*******т хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос 30 хоногийн өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсныг мэдэгдэж, түүнд төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн эдийн засагчийн сул ажлын байранд ажиллах саналыг бичгээр хүргүүлсэн байна. (1хх 44,45х)

Харин нэхэмжлэгч Б.М******* нь дээрх мэдэгдэл, саналыг аваад “...одоогийн албан тушаалын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй зөвхөн нэр өөрчилсөн төдийгөөр цомхотгол хийх үндэслэлгүй, санал болгож буй ажлын байр нь одоогийн албан тушаалтай харьцуулахад хэт дордуулсан нөхцөлтэй тул хүлээн зөвшөөрөхгүй. Дотоод хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хамтын ажиллагааны албанд албаны даргын албан тушаалд шилжиж ажиллах боломжтой” гэж ажил олгогчид хариу бичгээр мэдэгдэж байжээ. (1хх 46,47х)

Ингээд хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дараа нь нэхэмжлэгч Б.М*******т 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 5,941,000 төгрөгийг олгосон боловч нэхэмжлэгч нь хамтын гэрээний дагуу тухайн тэтгэмжийг 2-1 сараар нэмэгдүүлэн олгохоор хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч, 5,961,000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор өөрчилж шийдвэрлэж, тэтгэмжийг олгосон байна. (1хх 48-50х)

Маргааны зүйлийн талаар:

5.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд “....ажлын байр бодитой хасагдаагүй, ажлын байрны чиг үүргийн 80 хувь нь санхүү удирдлагын газрын даргын гүйцэтгэх чиг үүрэгт нэгтгэгдэж, орон тоо цөөрсөн байхад тухайн орон тоон дээр үнэлгээ хийж, сонгон шалгаруулалт явуулаагүй, нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөх үед ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй байсан. Геологи, уул уурхайн, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрт ажилтнуудыг бөөнөөр халах болон шилжүүлэх тохиолдолд аж ахуй нэгж байгууллага нь 45 хоногийн өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ гэж заасан, энэ нь ажлын байр хасагдсан тохиолдолд адил хамаарах байхад үйлдвэрчний эвлэлийн байгууллагад мэдэгдээгүй, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ажилтан 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Компанийн дүрэмд зааснаар бүтцийн нэгжийн удирдлагыг толгой компанитай зөвшилцөж түүний саналаар томилох, чөлөөлөх ёстой байсан боловч зөвшилцөөгүй, өөр ажлын байр санал болгосон боловч өмнөх ажлын байрнаас дордсон нөхцөлтэй байсан, *******-ийн зохион байгуулалтын бүтцийг *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал шинэчлэн батлах эрхтэй. Гэтэл компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолыг *******-ийн төлөөлөн удирдах зөвлөл гаргасан, төлөөлөн удирдах зөвлөлд ийм эрх олгогдоогүй” гэсэн үндэслэл дурдаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардсан.

5.1.Харин хариуцагч талаас шүүх хуралдаанд “...*******-ийн хувьцаа эзэмшигч нь ******* бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр компанийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан, санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын орон тоо хасагдсан болох нь холбогдох тушаал, баримтуудаар тогтоогдоно. Ажлын байрнуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тооны хэмнэлт гаргаж, оновчтой хөдөлмөрийн зохион байгуулалт хийхээр компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Толгой компанийн өгсөн тус үүргийн дагуу ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгаж санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын орон тоо хасагдсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр одоо огт байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй. Компанийн дүрэмд зааснаар бүтцийн нэгжийн удирдлагыг толгой компанитай зөвшилцөж түүний саналаар томилохоор л заасан бөгөөд үүнд хэлтсийн дарга хамаарахгүй, толгой компанитай зөвхөн газрын даргыг томилохдоо зөвшилцдөг. Хуулийн үүрэггүй ч гэсэн нэхэмжлэгчид боломжтой ажлын байрыг санал болгосон ч татгалзсан. Геологи, уул уурхайн, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрт ажилтнуудыг бөөнөөр халах болон шилжүүлэх тохиолдолд аж ахуй нэгж байгууллага нь 45 хоногийн өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ гэж заасан бөгөөд энэ нь ажлаас бөөнөөр халсан бол гэсэн заалт байгаа, бөөнөөр халаагүй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад мэдэгдсэн. Мөн нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгсөн” гэж няцаадаг.

5.2.Талуудын маргааны зүйл нь компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлах эрхтэй этгээдийн тушаал шийдвэр гарсан эсэх, ажлын байр бодитой хасагдсан эсэх, эсхүл орон тоо цөөрсөн эсэх, ажлаас чөлөөлсөн үйл явц хуулийн дагуу явагдсан эсэх, мөн дагасан шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, үр дүнгийн цалин хөлсийг олгох эсэх зэрэг асуудал байна.

6.Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байдаг.

6.1.Хэрэгт нотлох баримтаар авагдсан *******-ийн дүрмийн 2.1.3-т компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигч нь ******* байна, 3.2.1-т компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 3.2.5.15-д компанийн зохион байгуулалтын бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох чиг үүргийг хувьцаа эзэмшигч хэрэгжүүлнэ” гэжээ. (1хх 61х)

6.2.Харин эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршиж буй *******-ийн дүрмийн 3.2.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна, 3.2.7.4-т нэгдлийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ” гэжээ.

6.3.Өөрөөр хэлбэл, ******* нь Компанийн тухай хуулийн 6.3-т зааснаар *******-ийн охин компани байх бөгөөд *******-ийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал ба төлөөлөн удирдах зөвлөлтэй, төлөөлөн удирдах зөвлөлд компанийн нэгдлийн буюу охин компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлах эрх дүрмээр олгогдсон, *******-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэх эрхтэй эрх бүхий этгээдээс холбогдох шийдвэрийг гаргасан байна.

6.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “ ...80.1.1...-д заасан үндэслэлээр ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ” гэж заасан ба энэ хуулийн зохицуулалт нь ажилтан өөрийгөө ажлаас чөлөөлөгдөх болж буйг урьдчилан мэдэж, дараагийн ажил олох боломж нөхцөлийг олгох зорилготой бөгөөд ажил олгогч нь хуулийн хугацааны дотор ажилтанд мэдэгдэл өгч, дээрх эрхийг нь хангажээ.

Мөн “Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр”-ийн 2.1-т ажилтнуудыг бөөнөөр халах болон шилжүүлэх тохиолдолд аж ахуйн нэгж байгууллага нь 45 хоногийн өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ гэсэн нь ажилтнуудыг бөөнөөр халах болон шилжүүлэх тохиолдлыг хамруулсан, талууд бөөнөөр халах үйл явц болоогүй гэдэг тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

6.5.*******-ийн дүрмийн 3.1.4-т “компани нь зохион байгуулалтын бүтцэд нэгдсэн стратеги төлөвлөлт, санхүүгийн нэгдсэн удирдлага, үйлдвэрлэл технологийн асуудал хариуцсан нэгжтэй байх ба нэгжийн удирдлагыг толгой компанитай зөвшилцөж түүний саналаар томилно” гэж заажээ. Энэ нь нэгжийн удирдлагыг ажилд томилох асуудлыг зохицуулсан заалт байх бөгөөд ажлаас чөлөөлөх тохиолдолд хамааралгүй байх тул үүгээр болон дээр дурдсанчлан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин,

7.*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаартай *******-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор хариуцагч компанийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсан, үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэснээр 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А/377 дугаартай гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээс компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын нэршил шинэчлэн батлах тухай тушаал гарч, санхүү, эдийн засгийн хэлтсийг төлөвлөлт эдийн засгийн шинжилгээний хэлтэс гэж өөрчлөн зохион байгуулсан, өөрчлөгдсөн төлөвлөлт эдийн засгийн шинжилгээний хэлтэс нь ахлах эдийн засагч, эдийн засагч, туслах тооцоочин гэсэн 4 орон тоотой байхаар батлагджээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга гэх албан тушаал уг гүйцэтгэх захирлын тушаалаар нэршил нь өөрчлөгджээ.

7.1.*******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1386 дугаартай Б.М*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, Компанийн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.3.1.9, гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/377 дугаар тушаалыг  тус тус үндэслэж, санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан тул Б.М*******ын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай гэжээ.

7.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

7.3.Гэвч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт болон бүтэц өөрчлөгдсөнөөр батлагдсан санхүү, удирдлагын газрын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын үндсэн чиг үүрэг, ажлын байрны зорилго нь санхүү удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байна.

7.4.Өөрөөр хэлбэл, Тухайн ажлын байрны үндсэн зорилго, чиг үүрэг байгууллагад шаардлагагүй, хэрэгцээгүй болох, байгууллага бүтцээ шинэчлэн зохион байгуулж, тодорхой нэгж эсвэл албан тушаалыг бүтэцдээ огт үлдээхгүй байх гэх мэт тохиолдлыг ажлын байр хасагдсан гэх үндэслэлд хамааруулж ойлгодог.

7.5.Гэтэл хариуцагч компанийн шинэ бүтцээр санхүү эдийн засгийн хэлтэс гэж байхгүй болж, оронд нь төлөвлөлт эдийн засгийн хэлтэс гэж өөрчлөгдөн байгуулагдсан ч хуучин бүтцэд байсан "хэлтсийн дарга" гэх удирдах албан тушаалын ажлын байрны гүйцэтгэх үндсэн чиг үүрэг шинэ бүтцэд огт байхгүй болоогүй, чиг үүрэг нь өөр ажлын байрны чиг үүрэгт нэгтгэгдэж хадгалагдсан хэвээр байна. Тодруулбал: компанийн эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлөвийг тодорхойлж, түүнд тохирох оновчтой шийдвэр гаргах, байгууллагын соёл, бүтээмж чанарыг хэрэгжүүлэх, цалингийн сүлжээ, зэрэг дэв тодорхойлох, бизнес төлөвлөлтийг хэрэгжүүлэх гэх мэтчилэн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажил, ажлын байрны гол үндсэн чиг үүргүүдийг шинээр батлагдсан санхүү удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод илүү нарийвчлан дэлгэрүүлж тусгасан гэж үзэхээр байна.

7.6.Нөгөө талаар, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхдөө хэлтсийн нэршлийг л өөрчилсөн, хариуцагч талаас тайлбарласанчлан өмнө нь орон тооны дээд хязгаар 1550 байсан бөгөөд шинэ бүтцээр орон тооны дээд хязгаарыг мөн л 1550 гэж тогтоосон, бүх хэлтэст хэлтсийн даргын орон тоо байхад зөвхөн төлөвлөлт эдийн засгийн шинжилгээний хэлтэст даргын орон тоог хассан, тухайн ажлын байрыг зайлшгүй хасах болсон тодорхой бодит, нөхцөл, шалтгаан тогтоогдоогүй. Хариуцагч талаас чиг үүргийн давхардлыг арилгаж, оновчтой зохион байгуулалтыг хийсэн гэх боловч ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгаж, бусад ажлын байрны чиг үүрэгт нэгтгэж байгаа нь ажлын байр хасагдсан гэх үндэслэлд хамаарахгүй, харин орон тоо цөөрсөн, тухайн орон тоон дээр үнэлгээ хийгээгүй гэх нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар үндэслэл бүхий байна.

Хариуцагч *******-иас нэхэмжлэгч Б.М*******ыг ажлаас чөлөөлөхдөө санал болгосон эдийн засгийн шинжилгээний хэлтсийн эдийн засагч гэх ажлын байр нь түүний өмнө ажиллаж байсан санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажлын байрны нөхцөлөөс статусын хувьд буурсан, өмнө нь авч байсан үндсэн цалин буурсан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, холбогдох тушаалаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтныг өөр ажилд шилжүүлэх эсвэл өөр ажлын байр санал болгохдоо адил чанарын ажлын байраар хангах зарчимд нийцээгүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй.

7.7.Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр бодитоор хасагдаагүй гэж шүүх дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд буюу санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч талаас маргаж байгаа ажилтан ажлаас чөлөөлөхөд олгох тэтгэмжийг нэмүүлж авсан нь шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлах, ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

7.8.Хариуцагч нь ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон гэх боловч зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх зорилгын хүрээнд ажиллаж байсан өмнөх албан тушаалд буцаан тогтоосон, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх арга хэрэгслийн тусламжтайгаар тэгш байдал, шударга ёсны зарчмын дагуу ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалтай аль болох дүйцэх байдлаар ажилтны эрхийг сэргээж шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтойг тайлбарлах нь зүйтэй байна.

Цалин хөлс, олговрын тухайд:

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Иймээс шүүх нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж, ажилд нь эгүүлэн тогтоож байх тул ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох журмын дагуу тооцон олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй.

9.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ын 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж, мөн журмын 2.1.1, 2.1.2-т “ нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг тооцно” гэж заасан.

9.1.Б.М*******ын ажлаас чөлөөлөхөөс өмнөх сүүлийн 3 сарын цалин хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх цахим тодорхойлолтоос харахад 2024 оны 10 сард 7,626,503 төгрөг, 2024 оны 11 сард 7,659,885 төгрөг, 2024 оны 12 сард 5,935,598 төгрөгийн цалин олгогдсон байна.

Сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийг тухайн сарын тоонд хуваахад нэг сарын дундаж цалин 7,073,995 төгрөг, цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хуваахад нэг өдрийн дундаж цалин 326,492 төгрөг байна.

         2024.10         2024.11          2024.12      ажилласан сар           

(7,626,503+7,659,885+5,935,598): 3 сар= нэг сарын дундаж цалин 7,073,995 төгрөг.

          2024.10           2024.11         2024.12           ажилласан өдөр           

(7,626,503+7,659,885+5,935,598): 65 ажлын өдөр= нэг өдрийн дундаж цалин 326,492 төгрөг.

Ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 13 сар 4 хоног, нийт ажилгүй байсан хугацааны олговор 93,267,903 төгрөг болж байна.

9.2.Зохигчид нэхэмжлэгчийг ажлаас халагдахад 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон гэж тайлбарладаг ба энэхүү тэтгэмжийг дээрх ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо харилцан тооцох боломжтойг дурдах нь зүйтэй.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно” гэж заажээ.

11.Ажил олгогчоос 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/82 дугаар тушаалаар баталсан “Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох” журмын 3.1-т компанийн төлөвлөгөөт цэвэр ашгийн зорилт биелсэн нөхцөлд жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгоно гэж, 3.3-т нэмэгдэл цалингийн олгох хувь хэмжээг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулна гэж, 4.1-д тухайн хугацаанд ажлын байр хасагдсан шалтгаанаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан ажилтанд үр дүнгийн нэмэгдэл цалинг олгохгүй гэж тус тус заасан байна.

Дээрх журамд зааснаар хариуцагч нь 2024 оны жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг 2025 онд олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь компанийн төлөвлөгөөт цэвэр ашгийн зорилтыг биелүүлэх хугацаанд буюу 2024 онд санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар бүтэн ажилласан, улмаар түүний ажлын байр хасагдаагүй гэж ажилд нь эгүүлэн тогтоосон тул 2024 оны үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан *******-ийн гүйцэтгэх захирлын 2024.12.24-ны өдрийн Б/1386 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М*******ыг *******-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 93,267,903 төгрөгийг, 2024 оны үр дүнгийн нэмэгдэл цалин 5,961,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.М*******т олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгасугай

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, мөн 624,289 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН