| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0105/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2018-08-31 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Н.Нарантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алагдай,
Орчуулагч Ц.Нэрзул,
Шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Л.Л, Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жао овогт Лийдаагийн Л, Уран бичээч овогт Доржпаламын А нарт холбогдох 1828000010094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/
БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Тавантолгой” ХК-тай байгуулсан НГ/2016/107 дугаартай “Нүүрс экспортын гэрээ”-гээр 15.000 тонн нүүрс худалдан авахаар харилцан тохиролцож, үүнээс 10.000 тн нүүрсний төлбөрийг урьдчилан төлсний дараа уг нүүрсний зарим хэсэг болох 8315 тонн нүүрсийг татан авсан,
Яллагдагч Д.А нь “Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-д буцаан олгохоор шилжүүлсэн үлдэгдэл 1685 тонн нүүрсний үнэ болох 199.604.465 төгрөгөөс Л.Лтай бүлэглэн, 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан, 99.604.465 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн Л.Лтай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20.000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу 108.804.465 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Л.Л нь “Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-д буцаан олгохоор шилжүүлсэн үлдэгдэл 1685 тонн нүүрсний үнэ болох 199.604.465 төгрөгөөс Д.Атай бүлэглэн, 2017 оны 06 дугаар сарын 28, 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан, 99.604.465 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн Д.Атай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20.000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3.200.000 төгрөг нийт 9.200.000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу 108.804.465 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ: “...2017 оны 04 сарын эхэн үед “Тавантолгой” ХК-аас 15.000 тонн нүүрс 4 дүгээр амны нүүрсийг хийсэн байсан. Тэр үед би орчуулагч хийдэг байсан. Тэгээд ам руу оруулж нүүрсийг нь ачуулан гарч ирдэг. Ажиллаж байх явцад Эрхээ гэдэг хүн ирээд надтай уулзаад бид нар гэрээ хийх гээд хийж чадахгүй байна. Гэрээ хийх боломж байна уу, нүүрс авах гэсэн юм. Тэгэхэд нь би хүнээс асууя сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд энэхүү гэрээг А ахтай хийгээд 15000 тонн нүүрсний гэрээ хийгдэхээр болоод дундын мөнгийг Эрхээтэй тухайн үед яриад 6 доллароор тохирсон. Тэгээд Эрхээгээс би ямар ажил хийх юм бэ гэхэд тэр бол хамаагүй чи 1 доллар авч байна гэж хэлж байсан. Тэгээд явц дунд ачилт эхлээд байж байхад Бату гэдэг хүн ирсэн. Ачилт хийгээд байж байх хугацаанд 5 сарын сүүл үеэр Бату надад хэлсэн. Нүүрсний үнэ нэмэгдээд урд Хятад улсад үнэ нь доошоо унаад ямар ч ашиггүй болоод байна нүүрс тээвэрлэлтээ зогсооё гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа дахин асуухад манайх одоо зөөж чадахгүй нүүрс авахаа больё гэж өөрөө хэлсэн. Тухайн үед гэрээний хугацаа дууссан. Чадахгүй гэдгээ хэлсэн. Энэ хугацаанд А гэх хүнд 30-аад сая төгрөг өгөх ёстой байсан. Эхний ээлжинд нөгөө мөнгөө авч өгнө гэж ярьсан. Тэгээд өөрөө 8 дугаар амны гэрээ хийх хэрэгтэй байна, хэдэн тонныг хийх юм бэ гэж асуусан. Тэгээд 20 тонн нүүрсний гэрээ хийгдсэн. Хийгдээд явж байх үед Бату гэнэт алга болсон. А зөрүү мөнгөө авчмаар байна. Гэрээ аваад гэнэт алга болчих юм гээд ярьдаг байсан. Утас руу нь залгахаар ерөөсөө авахгүй байна. Ви чатаар асуухаар ерөөсөө хариу байхгүй. Хүнээс сурагийг нь гаргая гэхээр Цогтцэций суманд тасарч унаад утсаа алга болгочихсон гэж байна гэж нэг хүн хэлж байсан. Арай үгүй байлгүйдээ гээд дахиад нэг хүнээс асуусан чинь тэр хүн Даваа чамайг асуугаад байна. Бату хаана байгаа юм бэ? гэхэд Улаанбаатар хотод байгаа гэсэн тэгээд залгахад миний утсыг авсан. Тэгээд би утсаа алга болгочихсон. Би дахиад өөр дугаартай болж байгаа шүү. Хэрэг болвол энэ дугаар луу залгаж байгаарай гээд 88хх1012-той дугаар руу залгахаар утсаа авахгүй огт холбоо барихгүй байсан. Тэгээд алхаж явахад нэг тамга олсон. Тэр тамгыг олсоны дараа явц дундаа энэ хүмүүс алга болчихвол яанаа гэж бодсон. Хүний мөнгийн алга болгоод өрөнд орчих байх гэж бодсон. Хүний амьдрал шийдэх юм. Хуурамчаар үйлдсэн бичиг баримт маань болж бүтнэ гэж бодож байгаагүй. Тэгээд би хуурамч баримт үйлдээд өгөхөд 05 дугаар сарын 07-ны үед миний дансанд мөнгө орж ирсэн. Тэгээд би А ах руугаа залгаад мөнгө нь ороод ирлээ та авах ёстой мөнгөө авчих гээд 30,000,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш Батутай холбогдохгүй маш их удсан. Үлдэгдэл 100,000,000 төгрөгийг нь бид Атай дундын дансанд хийсэн байсан. Тухайн үед А ах энэ мөнгийг үрээчихнэ гээд мөн дээр нь уулзаж учраа ярилцаад ойлгуулая гэж бодсон. Тухайн үед би Улаанбаатар хотод 69,000,000 төгрөгтэй байсан. Тэгээд Улаанбаатар хотод байхдаа нэг Хятад хүнтэй танилцсан. Намайг хаана ажилладаг юм бэ гэхэд нь би “Тавантолгой” ХК-д ажилладаг гэж хэлсэн. Тэгэхэд тэр хятад хүн Ковш экска оруулж ирэх саналыг гаргасан. Багахан хугацааны дараа ковш экска оруулж ирье гэхээр нь хүний мөнгийг алдчихаад байж байснаас бас түрээсийн мөнгө аваад мөнгийг нь бэлэн байлгаж байх юм болов уу гэж бодож тэр хүнд итгээд мөнгөө өгсөн. Түүнээс хойш олдохоо байсан гэв.” гэв.
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “...“Хан шин” ХХК-ийн 15000 тонн нүүрсний гэрээг Эрхээ, Л.Л нартай хамгийн анх хийж байсан. Эрхээ гэдэг хүн 1 тонн тутмаас 6 доллар аваарай. Монгол талынхаа хүмүүсийг хариуцаад ажиллаад өгөөч. Хятад талаас Л.Лг үлдээлээ. Би Улаанбаатар хот явлаа гэсэн. Би 7-8 хүн хариуцан ажиллуулж байсан. 8315 тонн нүүрсийг ачсан. Батутай ярилцаад хоёуулаа тооцоогоо нийлүүлье гэсэн чинь 32,000,000 төгрөг өгөх дутуу байсан. Тэгээд манай компани цаашид ажиллаж чадахгүй юм байна. Тавантолгой уурхайгаас мөнгө нь ороод ирэхээр мөнгийг нь өгнө, гомдолгүй болгоно гэсэн. Дараа нь цагдаагийн байгууллагад Л хуурамч бичиг баримт үйлдсэн гээд дуудахаар нь очсон чинь Бату очсон байсан. Тэгсэн би 5 доллар гээд хэлчихсэн гэсэн. Чи яагаад анхнаасаа гэрээгээ 6 доллар гэж ярьчхаад одоо ингэж байгаа юм бэ гэсэн чинь би зөндөө их мөнгө үрээсэн. Улаанбаатар хотод өрөнд орсон. Тэгээд аргагүй эрхэнд ийм зүйл ярьсан гэж хэлсэн. Түүнээс хойш 8 дугаар амны гэрэээд 6,000,000 төгрөг, 3,200,000 төгрөг авсан гэж байна. Би үүнийг аваагүй. Л.Лгаас мөнгө авсан. Гэхдээ 8 дугаар амны гэрээ хийгдсэн гэрээ дараа нь Алагдайгийн эгчтэй очиж уулзахад 8 дугаар амны гэрээ бол хийгдсэн гэж байсан.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 -р хуудас/
Хохирогч Алагдайгийн: “...Манай компани нь 2017 оны 01 дүгээр сард “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авах гэрээг Бату гэх хүнээр дамжуулан 10.000 тн нүүрсний гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусахад үлдэгдэл нүүрс болох 1600 тн нүүрсийг экспортолж чадаагүй үлдсэн. Тэгээд манай компани нь үлдэгдэл нүүрсний мөнгө болох 119.604.465 төгрөгийг “Тавантолгой” ХК-иас гаргуулан авахаар хүсэлт өгтөл манай дээрх мөнгийг манай компанид хамааралгүй хүн болох Л.Л гэх хүн хуурамч баримт бүрдүүлэн манай компанийн мөнгийг авсан байсан. Тэгээд манай компани нь хамтран ажиллаж байсан Батугаас асуутал Л.Л надад хэлэхдээ “Тавантолгой” ХК нь эхний ээлжинд 100.000.000 төгрөгийг өгсөн, үлдсэн мөнгийг дараа өгнө гэж хэлж өгсөн талаар Бату хэлсэн. Одоо манай компани буруутай этгээдээс 1600 тн нүүрсний мөнгө болох 199.604.465 төгрөгийг гаргуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-р хуудас/
Гэрч Батугийн: “Манайх “Тавантолгой “ХК-иас 1,685 тн нүүрс авах үлдэгдэлтэй байсан. Гэтэл 8 дугаар сард манайд жуулчилж гэрээ байгуулж өгсөн Аадай, Даваа гэдэг хүмүүстэй уулзаад дахин ачилт хийх талаар ярихад танайх ачихгүй байсаар байгаад гэрээ чинь цуцлагдсан одоо мөнгөө авахаа бод, танайх ачихгүй байсаар байгаад нүүрс авах боломжгүй болсон гэсэн. Тэгээд би “нэгэнт нүүрс авах боломжгүй болсон бол мөнгийг авч өгнө үү” гэж Даваа гэдэг хүнээс гуйсан чинь Даваа “би хөөцөлдөөд өгье” гэж зөвшөөрсөн. Тэгээд яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр байх миний Монгол улсын Хаан банк дахь 5598159858 дугаартай данс руу 100.000.000 төгрөг орсон. Би “Тавантолгой” ХК-ийн нүүрсний мөнгө орж ирсэн гэж бодож байгаа. Даваа надруу утастаад “уурхайгаас мөнгө орсон” гэж хэлсэн. Үлдэгдэл мөнгө хэзээ орохыг мэдэхгүй уурхай мөнгөгүй байгаа юм байна гэсэн. Манай компани Ат өгөх ёстой мөнгөнөөс10.040.800 төгрөг, сүүлд 8 дугаар амнаас 20.000 тн нүүрсний гэрээ байгуулж өгнө гэж Л.Лгаар дамжуулан 10 дугаар сарын 13-ны өдөр 3.200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн 6.000.000 төгрөг мөн Лгийн “Тавантолгой” ХК-н уурхайгаас авсан 99.604.465 төгрөгийг авмаар байна. Энэ мөнгө бүгд нийлээд 118.845.800 төгрөг болж байгаа. Энэ бүх мөнгө компанийн мөнгө учир би буцааж өгөх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р, 85-р хуудас/
Гэрч Зуо Жин Биаогийн: “Нүүрс ачилт болон тээвэрлэлтийн зардалыг Бату хариуцаж ажиллаж байсан би тухайн үед тооцоог дор бүр нь Батуд өгч байсан. Би А гэдэг хүнийг танихгүй, манайх ямар нэгэн өр авлага байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-р хуудас/
Гэрч Д.Тэмүүжингийн: “...Би 2017 оны 05 дугаа сарын дунд үед Цогтцэций сумын Уурхайчин зочид буудалд байрлаж байхад Л 88341111 дугаарын утсаар миний 807581511 дугаарын утасруу залгаж “Тавантолгойн уурхайн тосгон орчоод ирье, машинаа асаагаад ир” гэсэн. Тэгээд би Лг Цогтцэций сумын Барилгын материалын зах дотор байрладаг байрнаас нь очиж аваад “Тавантолгой” ХК-ийн оффис дээр очсон. Бид хоёр “Тавантолгой” ХК-ийн оффис дээр очоод хамт орсон. Л санхүүгийн Мөнхнасан гэдэг хүнтэй өрөөнд нь орж уулзсан. Би үүдэнд нь хүлээж байсан. Л гарч ирээд нэхэмжлэхийн бланк гаргаж ирээд намайг бичээд өгөөч гэж гуйхаар нь би бичиж өгч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/
Гэрч Г.Шүрэнхишигийн: “Нүүрсний үлдэгдэл мөнгө буцааж олгосон гүйлгээ 2017 оны 07 дугаа сарын 06-ны өдөр гүйлгээ хийж 119.604.465 төгрөгийг Л.Л гэдэг хүний дансруу шилжүүлсэн, ачилтын мөнгө нь 11.353.12 ам доллар, гаалийн хураамж нь 12.472.575 төгрөг 11 дүгээр сарын 07-ны өдөр Бату гэдэг хүний дансруу шилжүүлсэн.”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн нүүрсний мөнгө буцаан авах хүсэлт 3 удаа манайд ирсэн. Эхнийх хүсэлт нь 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэх над дээр ирсэн байсан, сүүлд нь 06 дугаар сарын 30-нд, 07 дугаар сарын 07-нд мөнгө буцаан авах хүсэлт борлуулалтын нягтлан бодогч Мөнхнасангаар дамжиж надад ирсэн байсан. Тэгээд 07 дугаар сарын 05-ны өдөр захирал Р.Сэддорж намайг дуудаад БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн нэхэмжлэх баримт хаана байна аваад ир” гэж хэлэхэд аваад очсон чинь захирал уг баримтыг үзээд нэхэмжлэх дээр нь “санхүүд 199.604.465 төгрөгийг шилжүүл” гэсэн цохолт хийсний дагуу би гүйлгээг хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/
Гэрч Э.Мөнхдолгионы: ...“Манай ажил дээр олон хүн орж гарч байдаг, хэзээ юу шивүүлж хэвлүүлж байсныг санахгүй байна. 2017 оны 06 дугаар сарын дунд үед өр авлага авах талаар нэг тоот бичүүлэх гэж орж ирж байсан санагдаж байна. Би бичиг өгөхгүй гээд байхад гуйгаад байраар нь бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/,
Гэрч Сайванын /Эрхээ/: “...би гэрээ байгуулахад зуучлаагүй. 2017 оны 03 дугаар сарын эхээр Бату “Ханшин” ХХК-ийн захирал Жу Жин Биаог “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авах гэрээ байгуулахаар ирэхдээ надтай танилцуулсан. Тэгээд тэд нарт Монгол Улсын иргэн Л, А нар зуучилж БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд нүүрс худалдан авах гэрээг байгуулж өгөхөөр тохирсон байсан. Гэтэл гэрээ хэзээ байгуулагдах нь тодорхой биш байсан болохоор Жу Жин Биао, Бату нар ажил гарсан гээд БНХАУ руу явах болоод гэрээ батлагдах бол компанийн өмнөөс тамга дарж гарын үсэг зураарай гээд надад БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн тамгыг орхиод явсан. Тэгээд гэрээ байгуулагдахгүй нэлээд удсан. Сар гаран хугацаа болсон байх би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Нэг өдөр намайг Цогтцэций сум дээр байхад А, Л нар хамт ирээд гэрээ бэлэн боллоо гэж хэлээд бид нар “Тавантолгой” ХК дээр очоод 15.000 тонн нүүрсний гэрээ байгуулж байна гэж надад хэлээд би гэрээн дээр гарын үсэг зурж БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн тамга дарсан. ...Л, А нарт нэг тонн тутамд 5 доллар өгнө гэж тохирсон нь үнэн. Энэ яриа анх гэрээ байгуулах яриа хийж байхад Бату, Жу Жин Биао нар хамт байж байгаад тохирсон. Би өөрөө шийдсэн асуудал биш. Яг энэ тохироог хийхэд А байгаагүй Л байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 123-125-р хуудас/,
Гэрч Р.Сэддоржийн: “...“Тавантолгой” ХК нь 2017 онд нүүрс хадгалах гэрээг 100 орчим компанитай байгуулсан. Түүний нэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК юм. Д.А нь энэ компанитай ямар холбоо хамааралтай болохыг би мэдэхгүй манай “Тавантолгой” ХК-ийн хувьд Д.Атай байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй. Манай компанитай гэрээ байгуулахад жуулчилдаг албан тушаалтан, хувь хүн, компани гэж байдаггүй, БНХАУ-ын компаниуд нүүрс худалдан авах хүсэлтээ манайд холбогдох бичиг баримтын хамт ирүүлдэг, тэр журмаар энэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК нь хүсэлтээ манайд ирүүлсэн байх гэж бодож байна. Тэрнээс А гэдэг хувь хүний гаргасан хүсэлтээр нүүрс хадгалах, худалдан авах гэрээ байгуулдаг зүйл байхгүй юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 28, 2018 оны 06 дугаар сарын 30, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Тавантолгой” ХК-нд гаргасан гэх албан тоотууд, мөнгөний нэхэмжлэх зэрэг дээр дарагдсан тэмдэгний дардаснууд нь харьцуулах загварт ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн гэх тэмдэгтэй ерөнхий болох хувийн онцлог шинж тэмдгээрээ харилцан тохирохгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-н 145-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд, харьцуулах загварт ирүүлсэн тэмдэгний дардас /1-р хх-н 146-151-р хуудас/,
“Тавантолгой” ХК-иас Л.Лд 199,604,465 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-н 34-р хуудас/,
БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК, “Тавантолгой” ХК-иас мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэх болон албан хүсэлтүүд /1-р хх-н 37-42-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-н 58-р хуудас/,
“Тавантолгой” ХК-иас ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд холбогдох баримтууд /1-р хх-н 87-106-р хуудас/,
Л.Лгийн яллагдагчаар өгсөн: “...”Тавантолгой” ХК-иас асуухад БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн 199,600,000 төгрөгийн үлдэгдэл байна гэж нягтлан бодогч эгч надад хэлсэн. ....би Улаанбаатар хотод очоод Барилгачдын талбайн хажуугийн орчуулгын товчоонд очоод БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн өмнөөс “Тавантолгой” ХК-нд хандсан бичгийг хятад, монголоор хоёр хувь бичүүлж аваад тэр бичгүүдийг хятад монгол хэл дээр орчуулуулсан байдлаар хийлгэж аваад Цогтцэций суманд буцаж ирээд хүн гуйгаад компютерээр “Тавантолгой” ХК-иас үлдэгдэл мөнгийг авах хүсэлтийг өөрийнхөө нэрээр бичиж дээрх баримтууд дээр Цогтцэций сумын төвийн гудамжнаас олсон хятад үсэгтэй тамгыг дараад “Тавантолгой” ХК-нд өгсөн. ...тэгээд 2017 оны 07 дугаар сарын 04 билүү 05-ны өдөр албан бичиг дээр бичигдсэн 5077197773 дугаарын данс руу 199,604,465 төгрөг шилжиж орж ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-н 156-159-р хуудас/,
Д.Аийн яллагдагчаар өгсөн: “...би 2017 онд “Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрсний аман дээр хувиараа хятадуудад зуучлагчийн ажлыг хийж байсан. ...хятадууд нүүр авах талаар ямар нэг мэдлэггүй учраас би тэдэнд нүүрсний гэрээ олж өгөх, техник хэрэгсэл, ажиллах хүч олох зэрэг Монгол талын ажлуудыг би хариуцдаг байсан. ...би хятадын БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн монгол талыг хариуцан ажиллаж байсан. Тэр компанитай аман хэлцэл хийгээд ажлаа эхлүүлсэн. Бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. ...гэрээ байгуулсны зуучлалын хөлсөнд нэг тонн тутамд 6 долларыг авахаар тохиролцсон. ...2017 оны 05 дугаар сард Батутай тооцоо нийлэхэд тэрээр надад 32,000,000 төгрөгийг өгөхөөр тооцоо гарсан. Тэгэхэд бидний хажууд Энхбаяр, Л нар байсан. Би 8 дугаар амны 20.000 тонн нүүрсний гэрээг нь хөөцөлдөөд олж өгсөн. ...2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад Л утсаар яриад “манай компанийн мөнгө орж ирсэн, таны 30,000,000 төгрөгийг өгье” гэж хэлсэн. Тэгээд би Лтай уулзаад 30,000,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-165-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Л.Лгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гурван талаас дарсан зураг, гарын хуруунуудын дардас, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хх-ийн 166-171-р, 173-р хуудас/,
Шүүгдэгч Л.Лгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172-р хуудас/,
Шүүгдэгч Д.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, А.Аянгын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 174-178-р хуудас/,
Шүүгдэгч Д.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179-р хуудас/,
Шүүгдэгч Л.Л, Д.А нарын арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /1-р хх-н 187-249-р хуудас, 2-р хх-н 1-47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд Залилах гэмт хэргийн шинжийг Хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг энэ гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Улсын яллагч шүүгдэгч Д.Аийг “Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд буцаан олгохоор шилжүүлсэн үлдэгдэл 1685 тн нүүрсний үнэ болох 199.604.465 төгрөгөөс Л.Лтай бүлэглэн, 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан, 99.604.465 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн Л.Лтай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20.000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу 108.804.465 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт Д.А нь Л.Лтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй нотлогдохгүй байна гэж үзэв.
Иймд Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Аийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Л нь “Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд буцаан олгохоор шилжүүлсэн үлдэгдэл 1685 тн нүүрсний үнэ болох 199.604.465 төгрөгөөс , 2017 оны 06 дугаар сарын 28, 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан, 99.604.465 төгрөгийг залилан мэхэлж авсан Хохирогч Алагдайгийн мэдүүлэг /1-р хх-ийн 20-р хуудас/, гэрч Батугийн мэдүүлэг /1-р хх-ийн 81-р, 85-р хуудас/, гэрч Зуо Жин Биаогийн мэдүүлэг /1-р хх-ийн 96-р хуудас/, гэрч Д.Тэмүүжингийн мэдүүлэг /1-р хх-ийн 111-р хуудас/, гэрч Г.Шүрэнхишигийн мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/, гэрч Э.Мөнхдолгионы мэдүүлэг /1-р хх-ийн 118-р хуудас/, гэрч Сайванын /Эрхээ/ мэдүүлэг /1-р хх-н 123-125-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 145-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, харьцуулах загварт ирүүлсэн тэмдэгний дардас /1-р хх-н 146-151-р хуудас/, “Тавантолгой” ХК-иас Л.Лд 199,604,465 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-н 34-р хуудас/, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК “Тавантолгой” ХК-иас мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэх болон албан хүсэлтүүд /1-р хх-н 37-42-р хуудас/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1-р хх-н 58-р хуудас/, “Тавантолгой” ХК-иас ирүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд холбогдох баримтууд /1-р хх-н 87- 106-р хуудас/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Лг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Л нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алагдайтай хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцохоор завсарлага авсаныг дурдах зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Л.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15,000 /арван таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Л нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алагдайд 5,000,000 төгрөгийг төлсөн ба түүнээс 94,604,465 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд олгох, БНХАУ-ын иргэн Батугийн Хаан банкны 5598159858 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай прокурорын зөвшөөрлийг цуцалж, БНХАУ-ын иргэн Жу Жин Биао /ZHUO JIN BIAO/-гийн Монгол Улсын Төрийн банкны 211600031212 дахь дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлэх нь зүйтэй.
2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоолыг хүчингүй болгож эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн 1508240003559 дугаартай нэг ширхэг тамгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд буцаан олговол зохино.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч болон цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсгүүдэд зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уран бичээч овогт Доржпаламын Ат холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч Жао овогт Лийдаагийн Лг бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж,зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар шүүгдэгч Л.Лг 15,000 /арван таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд оногдуулсан 15,000 /арван таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/-н төгрөгөөр торгох ялыг 36 /гучин зургаа/-н сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Лгаас 94,604,465 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд олгох, шүүгдэгч хохиролд 5,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоолыг хүчингүй болгож эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн 1508240003559 дугаартай нэг ширхэг тамгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд буцаан олгож,
БНХАУ-ын иргэн Бату /Паспорт:G483776172/-гийн Монгол Улсын Хаан банкны 5598159858 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай прокурорын зөвшөөрлийг цуцалж, тухайн данснаас 100,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Жу Жин Биао /ZHUO JIN BIAO/-гийн Монгол Улсын Төрийн банкны 211600031212 дахь дансанд шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч Л.Л, цагаатгагдсан этгээд Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА