| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03542/И |
| Дугаар | 307/ШШ2026/00253 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 307/ШШ2026/00253
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** оршин байрлах М ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* оршин суух, Б******* овогт Б*******ын М******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,149,130.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Б*******ын М*******тай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 6000490607 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 7,130,130.14 төгрөг, нотариатын төлбөрт 19,000 төгрөг, нийт 7,149,130.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.М******* нь М ******* ХК-ийн гаргасан 7,149,130.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 13 сарын хугацаанд, сар бүрийн 04-ний өдөр 500,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үлдэх 649,130.14 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ******* ХК нь хариуцагч Б.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,149,130.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч Б.М******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.М******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,149,130.14 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 13 сарын хугацаанд, сар бүрийн 04-ний өдөр 500,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үлдэх 649,130.14 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М*******өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,149,130.14 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч Б.М******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.М******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,149,130.14 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 13 сарын хугацаанд, сар бүрийн 04-ний өдөр 500,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үлдэх 649,130.14 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,336 төгрөгөөс 64,668 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 64,668 төгрөг, хариуцагч Б.М*******гаас 64,668 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ