Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Иргэний нэхэмжлэгч “Энержи ресурс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхбаяр,

Иргэний хариуцагч “Монпорд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хатанбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шайлынхан овгийн Намжилмаагийн Мад холбогдох 1829001410099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хатуу хучилттай замын 213 дахь км-т 49-48 УНО улсын дугаартай Нордбенц маркийн авто машин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Хово маркийн 17-60 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарган иргэн Г.Цэрэнбямбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10-р хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 11-р хуудас/,

Зам тээврийн ослын акт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогч Г.Цэрэнбямбын /РД:АА71022651/: ”...Би тухайн үед дөнгөж гарч явсан учир 20-30 км цагийн хурдтай явсан байх .Харин үзэгдэх орчин хэвийн байсан.Тухайн үед шороогоор шуурч байсан ч үзэгдэх орчин хэвийн байсан.Тухайн үед ертөнцийн зүгээр зүүн гар талд хуй босохоор нь машины тормос нэг гишгээд, хоёр гишгээд зогссон.Том авто машин нь өөрөө 2-3 тормос гишгэж байж тормосоо барьдаг.Тэгтэл юу юугүй тас няс хийгээд л явчихсан.Тэгсэн нэг машин миний урдуур орж ирээд зогссон. Би тухайн үед тэр машиныг орж ирж байгааг хараагүй. ...тухайн үед миний баруун хөл машины жолооны хүрд суудал хоёрын завсар хавчигдаж зөөлөн эдийн гэмтэл няцралт, урагдалттай, шөрмөс сунасан гэж байсан. Харин зүүн хөлийн шагай хэсгээр хавдаж хөхөрсөн. Баруун гар руу шил үсэрч зүсэгдсэн байсан. ...3,000,000 төгрөгийг нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41,120-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч П.Мөнхбаярын: “...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гашуун сухайт чиглэлийн авто замын 213 км-т “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшлийн 17-60 ӨМҮ улсын дугаартай машин “Монпорд” ХХК-ийн 48-49 УНО улсын дугаартай машинтай мөргөлдөж осол гарсны улмаас манай компанийн машинд эвдрэл гарч 33,114,973 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас /,

Иргэний хариуцагч Э.Хатанбаатарын: “...“...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гашуун сухайт чиглэлийн авто замын 213 км-т “Монпорд” ХХК-ийн 48-49 УНО улсын дугаартай машин “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшлийн 17-60 ӨМҮ улсын дугаартай машинтай мөргөлдөж осол гаргасан байсан. “Монпорд” ХХК нь намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хэрэгт томилсон. Манай компанид хохирол учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас\,

Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/,

”Хөрөнгө Эстимэт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 4698 дугаартай авто машин техникийн үнэлгээний “... “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшлийн 17-60 ӨМҮ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 33,114,973 төгрөг байна” гэх тайлан /хх-ийн 69-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6527 дугаартай шинжээчийн “...Г.Цэрэнбямбын биед зүүн өвдөгний тойгны дотор холбоосны урагдал, зүүн өвдөгний үений урд болон арын чагтан холбоосны суналт, зүүн шаантны өмнөд булчингийн дээд хэсгийн урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 72-р хуудас/,

Н.Мын яллагдагчаар өгсөн:  “...би уулзвараар орохдоо эргэн тойрныг ажиглаж байгаад зам руу орсон. Тэр үед маш их шороо шуурч байсан. Тэгтэл миний машины толгой зам дээр бүтэн гарч байх үед урдаасаа хойшоо чиглэлийн замаар Хово маркийн машин гэнэт гарч ирээд миний жолоодож байсан машины чирэгч толгой хэсгийн араар чиргүүлийн урд хаалганы хэсэг рүү мөргөж зам тээврийн осол болсон. Тэгээд би сандраад нөгөө машины хаалгыг нээгээд харахад жолооч нь машиныхаа урд хэсэг болон суудлын завсраар хавчуулагдсан байдалтай байсан. Тэр үед тал талаас жолооч нар хүрч ирээд бүгдээрээ нийлж байгаад жолоочийг гаргаж авсан.” гэх мэдүүлэг /хх-н 90-91-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /хх-н 98-р хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 102-103-р хуудас/,

Хохирогч Г.Цэрэнбямбын хүсэлт хохирлын баримтууд /хх-н 120-126-р хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Н.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/,

Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 107-р хуудас/,

Шүүгдэгч Н.Мын арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-н 109-116-р хуудас/,

Шүүгдэгч Н.Маас хохирогч Г.Цэрэнбямбын Хаан банкны данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт /хх-н 132-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хатуу хучилттай замын 213 дахь км-т 49-48 УНО улсын дугаартай Нордбенц маркийн авто машин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Хово маркийн 17-60 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарган иргэн Г.Цэрэнбямбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-10-р хуудас/, зам тээврийн ослын акт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч Г.Цэрэнбямбын мэдүүлэг /хх-ийн 40-41,120-р хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,  иргэний хариуцагч Э.Хатанбаатарын мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/, ”Хөрөнгө Эстимэт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 4698 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 69-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6527 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-р хуудас/,

Н.Мын яллагдагчаар өгсөн:  “...би уулзвараар орохдоо эргэн тойрныг ажиглаж байгаад зам руу орсон. Тэр үед маш их шороо шуурч байсан. Тэгтэл миний машины толгой зам дээр бүтэн гарч байх үед урдаасаа хойшоо чиглэлийн замаар Хово маркийн машин гэнэт гарч ирээд миний жолоодож байсан машины чирэгч толгой хэсгийн араар чиргүүлийн урд хаалганы хэсэг рүү мөргөж зам тээврийн осол болсон. Тэгээд би сандраад нөгөө машины хаалгыг нээгээд харахад жолооч нь машиныхаа урд хэсэг болон суудлын завсраар хавчуулагдсан байдалтай байсан. Тэр үед тал талаас жолооч нар хүрч ирээд бүгдээрээ нийлж байгаад жолоочийг гаргаж авсан.” гэх мэдүүлэг /хх-н 90-91-р хуудас/ зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Мыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Н.Мад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч Г.Цэрэнбямбад 700,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ. Харин хэргийн хохирогч С Г.Цэрэнбямба нь эмчилгээний болон бусад зардалд нийт 3,000,000 төгрөг нэхэмжилсэн талаар мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн 2,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэв.

Хохирогч Г.Цэрэнбямба нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч “Энержи ресурс” ХХК-нд 33,114,973 төгрөгийн хохирол учирсан. Шүүхийн хэлэлцүүлгийн үед иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхбаяр, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хатанбаатар нар харилцан тохиролцож эвлэрснийг дурдвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, 49-48 УНО улсын дугаартай Нордбенц маркийн тээврийн хэрэгслийг “Монпорд” ХХК-нд буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Шайлынхан овгийн Намжилмаагийн Мыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Мыг 500 /таван зуу/-н нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас 700,00 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, 2,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Г.Цэрэнбямба нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Иргэний нэхэмжлэгч “Энержи ресурс” ХХК, иргэний хариуцагч “Монпорд” ХХК-иуд  нь харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай. 

 

7. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Н.Мын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, 49-48 УНО улсын дугаартай Нордбенц маркийн тээврийн хэрэгслийг “Монпорд” ХХК-нд буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА