Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/1012

 

2025          08              27                                                                            2025/ДШМ/1012

 

 

Ц.Э-, Д.Б-, Д.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Д.Б-, Ц.Э- нарын өмгөөлөгч Б.Энхбат, 

шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч А.Анар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1613 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анар, шүүгдэгч Д.Б-, Ц.Э- нарын өмгөөлөгч Б.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Э-, Д.Б-, Д.М- нарт холбогдох 2011 01313 1470 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Х- овгийн Ц-ийн Э-, ........, /РД:........../,

2. Б- овгийн Д-гийн М-, ..........., /РД:........../,

3. Э- овгийн Д-ын Б-, ............., /РД:............/,

Шүүгдэгч Ц.Э- нь үргэлжилсэн үйлдлээр “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 0 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС /ая ти эйч би ти си/ буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 371 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, ******* тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “*******” ХХК-д 51.488.521,53 буюу их хэмжээний хохирол учруулсан ...” гэмт хэргийг,

шүүгдэгч Д.М- нь үргэлжилсэн үйлдлээр “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС /ая ти эйч би ти си/ буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 342 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Голомт банкны ******* тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “*******” ХХК-д 39.301.641,13 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан ...”

шүүгдэгч Д.Б- нь үргэлжилсэн үйлдлээр “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС /ая ти эйч би ти си/ буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 336 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, ******* тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “*******” ХХК-д 31.128.603,38 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

 Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Ц-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Д-гийн М-, Э- овогт Д-ын Б- нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Б-г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- нь энэ хэрэгт 34 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, Д.Б- нарыг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч Д.М-, Д.Б- нар нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, шүүгдэгч Д.М-ыг “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр”-ээс, шүүгдэгч Д.Б-г “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр”-ээс тус тус гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, Д.Б- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулж шийдвэрлэжээ.    

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа учраас хэргийг бүхэлд хянаж өгч шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Шүүхийн зүгээс "хулгайлах гэмт хэргийг цахим арилжааны сайтад бий болсон алдааг ашиглан биелэгдэх ёсгүй захиалгыг олон тоогоор илгээж улмаар криптовалютыг өөртөө олж авч худалдан борлуулж ашиг олж байгаа нь өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр буюу нууцаар, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж буюу хууль бусаар, бусдад хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч байгаа үйлдлийн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх үндэслэл болно” гэж дүгнэжээ.

Гэтэл Д.М- нь систем алдаатай байсан гэдгийг мэдсэн гэх, өөрийн үйлдлийг “*********" ХХК-д мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар хийсэн гэх, хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр авсан гэх нөхцөл байдлууд нотлох баримтаар нотлогдоогүй байна. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдлээр, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлэн авах зорилготой гэж үзэж байна. Мөн гэм буруутай этгээд нь өөрийн үйлдлийг ухамсарлаж, мэдэж хүсэж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг билээ.

Гэтэл Д.М- нь өөрийн эзэмшилд авсан криптовалютыг 0 төгрөгөөр авах боломжгүй гэдгийг тухайн үед мэдээгүй, бусдад хохирол, хор, уршиг учруулж байгаагаа мэдээгүй, түүнийг хүсэж үйлдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог буюу санаатай үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй.

Гэтэл шүүхийн зүгээс Д.М-ын үйлдлийг санаатай гэж үзсэн атал тухайн нөхцөл байдал нь нотлох баримтаар нотлогдоогүй байна.

“...Нэгдүгээр хавтаст хэргийн 137-р хуудас хохирогч Г.Х- “Манай байгууллагад бүртгүүлж данс нээхийн тулд 4 төрлийн баталгаажуулалтыг хийдэг. Нэгдүгээрт нь манай www.trade.mn сайтын бүртгүүлэх хэсэгт өөрийн цахим шууданг бүртгүүлнэ үүний дагуу манай системээс баталгаажуулах холбоос явуулдаг.

Хоёрдугаарт тухайн хэрэглэгч нь гар утасны дугаараа бүртгүүлэх ба үүний дараа системээс 6 оронтой тоо нууц үг ирнэ үүнийг бүртгүүлж баталгаажуулна.

Гуравдугаарт иргэний үнэмлэхийн нүүр болон арын зургийг файл хэлбэрээр мөн тухайн хэрэглэгч өөрийгөө иргэний үнэмлэх, гарын үсэг, он сар, трэйд.мн гэсэн зураглалтай зургаа дарж илгээнэ.

Дөрөвдүгээрт тухайн хүн өөрийн нэр дээр бүртгэлтэй банкны дансаа илгээх ба системээс тухайн данс руу 1 төгрөгийн гүйлгээ хийх ба утга дээр нь 6 оронтой тоог явуулдаг. Тус кодоо бүртгүүлж баталгаажуулдаг. ...’’ гэх мэдүүлэг авагджээ.

Дээрхээс дүгнэвэл “*********" ХХК нь хэрэглэгчийн мэдээллийг бүрэн баталгаажуулан авч улмаар зуучлалын иргэний эрх зүйн гэрээний харилцаанд ордог байна. Шүүх хуралдааны явцад хохирогчийн төлөөлөгчөөс Д.М- нь өөрийн мэдээллийг хуурамчаар оруулсан эсэх, байгууллагад өгсөн мэдээллээр холбогдоход хүндрэлтэй нөхцөл байдал гарсан эсэхийг тодруулахад үгүй гэх хариуг өгсөн байдаг. Д.М- “*********” ХХК-д өөрийн мэдээллийг үнэн зөв гаргаж өгсөн талаар маргаангүй байдаг ба энэ нь түүнд өөрийн үйлдлээ нуух аливаа сэдэл зорилго байгаагүй болох нь харагдаж байна.

Тодруулбал, өөрийгөө болон үйлдлээ “*********” ХХК-аас нуух зорилгоор ямар ч үйлдэл хийгээгүй байдаг. Иймд Д.М- нь нууц далд аргаар “*********" ХХК-д мэдэгдэхгүйгээр аливаа эд хөрөнгийг нууцаар авах сэдэл зорилгогүй байсан болох нь харагдаж байна. Д.М- нь өөрийн үйлдлийг нуух сэдэл зорилгогүй байсан нөхцөл байдлын тухайд 1-р хавтаст хэргийн 138-р хуудас Д.М-ын гэрчээр өгсөн “...Тэгээд хамгийн дээр байсан “үнэ” гэсэн хэсэг дээр дартал "нийт үнэ” хэсэг дээр “000” байсан тэгээд би “авах” хэсэг дээр нь дарсан ингээд “захиалга амжилттай биелэгдлээ” гэсэн цонх гарч ирсэн...” гэх мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 160-р хуудас Б.М-ийн гэрчээр өгсөн “...Тодруулбал, хэрэглэгчээс суутгах дүнг нэгжийн үнийг үржих нь тоо, хэмжээ тэнцүү суутгах дүн гэсэн дүрмийн дагуу ажилладаг. Энэ дүрмийг сервер дээрээс хэрэглэгчийн гар утас руу илгээдэг ийм үндсэн зарчмаар ажилладаг.” “...Сервер өөрөө компьютерын программын аргаар хянадаг” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтас хэргийн 165 талд авагдсан “компанийн арилжааны системд хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт”-д “...гар утасны аппликэйшны захиалга өгөх дэд модульд ямар нэг алдаа байгааг тогтоолоо. Уг алдааг кодын болон үйлдлийн түвшинд олон янзаар шалгаж үзэхэд нарийвчлан тогтоогдоогүй боловч дараах алдаа байж болзошгүй гэж үзлээ” гэх дүгнэлт, баримтуудаас дүгнэвэл “*********” ХХК-ийн системийн алдаатай байснаас шалтгаалан криптовалютын үнэ “000” дүнгээр гарч ирсэн болох нь нотлогддог.

Мөн системийн алдааг нарийн тогтоогоогүй, тогтоох боломжгүй болох нь нотлогддог. 1-р хавтаст хэргийн 160-161-р хуудсанд тусгагдсан гэрч Б.М-ийн мэдүүлэгт  “...харилцагч нараас гар утасны программаар дамжуулан нөхцөл шалгах үйл явцыг  зориудаар зогсоож хэрэглэгчээс суутгах дүнг 0-р илгээж...” гэж тусгасан байдаг.

Улмаар шүүх хуралдааны явцад “*********” ХХК-ийн төлөөлөгчөөс 1-р хавтаст хэргийн 165-р хуудсанд тусгагдсан дүгнэлт холбогдох мэдүүлэг зөрүүтэй байгаа тул шүүгдэгч нар аливаа хэлбэрээр системд нөлөөлсөн эсэхийг тодруулахад “үгүй, манай ажилтан өөрийнхөө ажлыг хамгаалсан байх” гэх агуулга бүхий хариуг өгсөн.

Эдгээрээс үзвэл Д.М-ын зүгээс системийн алдаа гарахад нөлөөлөөгүй, 000 дүнгээр криптовалютыг авах нөхцөл байдлыг өөрөө бий болгоогүй болох нь нотлогддог. Мөн “*********” ХХК-ийн сервер гүйлгээ бүрийг хянадаг болох нь нотлогдоно. Хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийн шунахайн сэдэлтэйгээр буюу аливаа эд хөрөнгийн хариуд үүрэг хүлээх сэдэл, зорилгогүй юм. Энэхүү сэдэл нь тухайн холбогдох эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авахаас өмнө үүссэн байх шаардлагатай билээ.

Гэтэл Д.М- криптовалютыг 000 дүнгээр системд аливаа хэлбэрээр нөлөөлөөгүй бөгөөд холбогдох дүнг түүний биржийн данснаас сервер татах зэрэгт аливаа саад учруулаагүй.

Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл анхнаасаа аливаа үүрэг хүлээхгүй байх, зохих төлбөрийг өгөхгүй байх сэдэл зорилгыг агуулаагүй болох нь харагддаг. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс илэрхийлсэн боловч эдгээр нөхцөл байдлуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй тул дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Э-ы хэлсэн тайлбартай санал нэг байна. ...Trade.мn-ээс намайг дуудсан учраас очиж уулзсан. Гэтэл “чамайг цагдаад өгнө, шоронд хийнэ, хохирол төлбөр барагдуулах уу, тээврийн хэрэгсэл байгаа юу гэсэн, би 100.000 төгрөгтэй холбоотой мэдүүлэг өгөөгүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э-, Д.Б- нарын өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Тгadе.мн” сайтад шүүгдэгч нар нь бүртгүүлэн профайл үүсгэж улмаар арилжаанд оролцож мөнгө татах үйл явцыг Тгadе.мн сайтаас хянаж үзсэний үндсэн дээр 4 орон бүхий зөвшөөрлийн кодыг гар утсанд илгээснээр татсан мөнгөн хөрөнгө нь дансанд шилждэг. Шүүгдэгч нар нь яг л энэ жишгээр сайтаас мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн татсан бөгөөд тухай бүрд нь зөвшөөрлийн кодыг илгээж байсан нь шүүгдэгч нарын хийсэн арилжааг сайтаас хянаж үзээд ямар нэгэн асуудалгүй гэж үзсэний үндсэн дээрээс зөвшөөрлийн кодыг шилжүүлсэн.

Энэ нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар авснаар илэрдэг хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй гэдэгт анхан шатны шүүх огтоос эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн, "*******" ХХК-ийн Тгadе.мн сайтад техник, технологи талаасаа алдаа гарсан эсэх, гарсан бол ямар алдаа гарсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хөндлөнгийн байгууллагаас гаргасан албан ёсны дүгнэлт байхгүй.

Иймд программын алдаа гарсан гэдэг агуулгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай" хуулийг баталсан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтаар "Виртуал хөрөнгө"-ийг анх удаа эдийн бус эд хөрөнгө гэж үзэхээр хуульчилсан.

Харин үүнээс өмнө "Виртуал хөрөнгө"-ийг эд хөрөнгө болон төлбөрийн хэрэгсэл гэж үзэх эрх зүйн орчин Монгол улсад байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах" гэмт хэргийн объектив шинжид бусдын эд хөрөнгө буюу эд юмсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах ойлголт хамаарахыг дээр тайлбарласан.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгө гэсэн хоёр ойлголтыг хуульчилсан байгаагаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмс буюу эд хөрөнгө байхаас харин эдийн бус хөрөнгө нь хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл болохгүй буюу объектив шинжид хамаарахааргүй болох нь өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд нотлогдоно.

Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн хүрээнд буюу эрүүгийн хуулиар хамгаалагдсан хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь эд хөрөнгө байхаар зохицуулсан бөгөөд эдийн бус эд хөрөнгө болон криптовалют нь дээрх гэмт хэргийн халдлагын зүйлд хамаарахгүй болох нь харагдаж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх байдлыг "...криптовалют түүний цахим гүйлгээтэй холбоотой асуудал нь манай улсын хууль тогтоомжоор зохицуулагдаж цахим орчинд хүний өмчлөх эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болно..." гэж үзсэнээс харвал хууль эрх зүйн хүрээнд зохицуулалтгүй боловч хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн нь ойлгомжгүйн дээр хууль тогтоох эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хуулийн хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэх нь зүйд нийцэх учиртай.

Үргэлжлүүлэн анхан шатны шүүхээс крипто валют нь цахим арилжааны биржээр дамжуулан худалдан борлуулагдаж үнэлгээ ханшийг нь гадаад болон дотоод валютын нэгжээр тодорхойлж өмчлөгч эзэмшигчдээ эдийн ашигтай байдал бий болгох төлбөр тооцооны хэрэгсэл болгох ашиг олох зэрэг боломжийг бий болгож байгаа тул криптовалютыг өмчлөлийн эд зүйл гэж үзэх бүрэн үндэслэлтэй гээд өмчлөгч эзэмшигч нь Иргэний хуульд заасан шаардах эрхийг хууль бус эзэмшигчийн эсрэг хэрэгжүүлэх боломжоор бүрдэнэ гэжээ.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд зааснаар Монгол банкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг төлбөрийн хэрэгсэлд ойлгохоор хуульчилсан. Өнөөдрийн болон тухайн үеийн байдлаар криптовалютыг төлбөрийн хэрэгсэлд тооцсон хууль, зөвшөөрөл албан ёсоор гараагүй байхад анхан шатны шүүхээс крипто валютыг төлбөр тооцооны хэрэгсэл гэж үзээд Иргэний эрх зүйн буюу ерөнхий харьяаллын шүүхэд хэрэгжүүлэх шаардах эрхийг Эрүүгийн эрх зүйн халдлагын зүйлтэй хольж тайлбарласан нь үндэслэлгүй.

Хохирогчийн тухайд анхан шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/2641 дугаар захирамжаар эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Энэхүү ажиллагааны дагуу шүүгдэгч нартай арилжаа хийсэн гэх нийт 54 хүний хохирлыг "*******" ХХК нь төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргаж байсан тул тэдгээр хүмүүсийн хохирлыг төлж барагдуулсан талаар дансны хуулга мөн тэдгээрээс тайлбар мэдүүлэг авахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн боловч зөвхөн нэг хүнээс мэдүүлэг авсан, түүнчлэн тэдгээр нэр бүхий 54 хүний хохирлыг барагдуулсан талаар дансны хуулгыг гаргаж аваагүй, бусад 53 иргэнээс мэдүүлэг тайлбар авах ажиллагааг огт хийгээгүй байхад "*******" ХХК-ийг хохирогчоор үргэлжлүүлэн шүүхийн хэлэлцүүлэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр "Авера Аудит" ХХК-ны дүгнэлт гарсан. Тухайн шинжээчийн дүгнэлт нь хохирогч байгууллагын данснаас гарсан зарлага, шүүгдэгч нарын дансанд орсон орлогын харьцаанаас гаргасан дүнг нэгтгэх замаар гаргажээ. Криптовалют нь тогтсон ямар нэгэн үнэ гэж байдаггүй бөгөөд минут секундээр үнэ нь өөрчлөгдөж байдаг зүйл бөгөөд тухайн үед "********" ХХК нь биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй хуулийн этгээд байсан.

Мөн шүүгдэгч нартай 0 төгрөгөөр арилжаа хийсэн гэх 54 иргэний хохирлыг "********" ХХК нь хэзээ хэрхэн барагдуулсан болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч нотолж чадаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн 54 иргэний хохирлыг криптогоор нь төлж барагдуулсан гэх тайлбарыг л хийсээр ирснийг шүүх мөн анхаарч үзээгүй.

Мөн шинжээчийн дүгнэлт дээр дурдагдсан шүүгдэгч нарын крипто хаяг гэх линк нь яг тухайн хүний хаяг мөн эсэх нь мөн л эргэлзээтэй. Эцэст нь дүгнэхэд шүүгдэгч нар нь хийсэн арилжаанаас бий болсон мөнгөн хөрөнгийг татан авах ажиллагааг программ хянаад 4 орон бүхий зөвшөөрлийн код өгч байгааг нууц далд аргаар үйлдэгдсэн гэж үзэх үү?, Trade.мн платформд программын алдаа гарсан болохыг хөндлөнгийн байгууллагын хууль ёсны дүгнэлтээр хөтөлбөргүй тогтоосон эсэх?, Крипто валют нь эрх зүйн хүрээнд эд хөрөнгө мөн эсэх? хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл болж чадах эсэх, эцэст нь крипто валютыг Монгол банкнаас албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн хөтөлбөргүй тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасантай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Э-, Д.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн үйлдлийг нуун дарагдуулах сэдэл байхгүй. Тухайн компанийн шаардсан шаардлага, хяналт шалгалт, зөвшөөрлийн үндсэнд гүйлгээг хийж байсан. Хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б-гээс: Ц.Э-ы хэлсэн тайлбартай санал нэг байна гэв.

Шүүгдэгч Ц.Э-ы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдлуудтай холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгтэй танилцахад улсын яллагчийн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийн ижил болон төсөөтэй шинжүүдийг хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх алдаатай дүгнэсэн. Алдаатай гүйлгээ төлбөр тооцоотой асуудлуудыг хулгайлах гэмт хэрэг болон өмчлөх эрхийн эсрэг хэргүүдээс ялган зүйлчлэхтэй холбоотой нийтлэг алдаа гарсан. Төлбөр тооцоо, цахим хэрэгсэл, валютын гүйлгээ, арилжаа зэргээс үүссэн эд хөрөнгө завших үйлдлийг Эрүүгийн хуулиар хамгаалах хэрэгцээ шаардлага бий болсон. Энэ талаар 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө алдуул мал завших гэх гэмт хэрэгт үндсэн шинж болгож, алдаатай гүйлгээ, андуурагдсан эд хөрөнгө гэх үндсэн шинжийг нэмж тусгасан. Гэтэл алдаатай гүйлгээ гэх үндсэн шинж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд байна уу, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байна уу, гэдгийг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн. 54 хохирогчоос 1 хүнийг гэрчээр татаж мэдүүлэг авсан. Эрүүгийн хуульд заасан нотолбол зохих байдлыг бодитойгоор тогтоосон зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэж заасныг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоож, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж мэтгэлцсэн. Энэ асуудлыг нэг талд гаргаж зөвтгөх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг нотолсон болон үгүйсгэсэн нотлох баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоолд заах ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлтэд криптовалютын төлбөр тооцоотой холбоотой асуудлын өмчлөх эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага зайлшгүй шаардлагатай байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэх үндэслэл арилжааны гүйлгээтэй холбоотой алдааг ашиглан хийх ёсгүй. Шүүгдэгчид захиалгыг олон тоогоор илгээсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэхэд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтууд нэг халдлагын зүйлтэй болгож шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...”, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана...”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцох”-оор заасан байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, Ц.Э- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 5133 удаагийн арилжаа хийж, 63 удаагийн зарлагын гүйлгээгээр 51.063.978 төгрөгийг өөрийн эзэмшдэг ХААН банкны *******, Төрийн банкны ******** дугаарын дансаар шилжүүлж авч, Д.М- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 4335 удаагийн арилжаа хийж, 77 удаагийн зарлагын гүйлгээгээр 39.928.140 төгрөгийг өөрийн эзэмшдэг ХААН банкны ******, Голомт банкны ******* дугаарын дансаар шилжүүлж авч, Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2253 удаагийн арилжаа хийж, 94 удаагийн зарлагын гүйлгээгээр 31.128.603 төгрөгийг өөрийн эзэмшдэг ХААН банкны ******* дугаарын дансаар тус тус шилжүүлж авч, “*******” ХХК-д нийт 121.818.187 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, Л.У-, Б.Х-, гэрч Б.М-, Б.Б- нарын мэдүүлэг, “Авера Аудит” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, шинжээч У.Б- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Ц.Э-, Д.М-, Д.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзвэл тэдний хувьд “*******” ХХК-ийн эрхлэн явуулдаг криптовалютын арилжаа явуулах Trade.мн биржид бүртгүүлж арилжаанд оролцох явцдаа системд үүссэн алдааг ашиглаж 0 төгрөгөөр арилжаанд оролцсон, системийн алдааг олж мэдсэний дараа 2253-5133 удаагийн давтамжтайгаар арилжаа хийж, 63-94 удаагийн зарлагын гүйлгээг хийж арилжааны банканд эзэмшдэг өөрсдийн харилцах данс руу шилжүүлж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үргэлжлүүлсэн, мөн өөрсдийн хууль бус үйлдлээс татгалзаагүй, тэдний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хулгайлах гэмт хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрд оногдуулсан ял нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байгаа тул шүүгдэгч Ц.Э-, Д.Б- нарын өмгөөлөгч Б.Энхбат, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анар нараас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*******” ХХК-ийн системийг Монгол инженер хийсэн. Сайн, муу тал байгаа, муу тал нь системд алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 8 жилийн хугацаанд харилцагчдыг хохироосон зүйл байхгүй, 54 харилцагчдыг хохироохгүйн тулд бүх эрсдэлийг хүлээж компанийн зүгээс хохирол төлбөрийг барагдуулсан. Биржид үйлчилгээ авахын тулд холбогдох бичиг баримтыг шалгаж мэдээллийг авдаг. Уг хувийн мэдээллийг өгөөгүй нөхцөлд үйлчилгээ авах боломжгүй. Шүүгдэгчдийн тухайд дансандаа 00 үлэгдэлтэй байсан. Арилжаа хийж байгаа хэмжээ нь 001 гэх хэмжээнээс бага дүнгээр захиалга оруулж ирсэн. 001 гэх дүнгээс илүү оруулсан нөхцөлд “уучлаарай таны үлдэгдэл хүрэхгүй байна” гэх алдаа зааж байсан. 3.000.000 төгрөгөөс доош дүнтэй зарлагаар шүүгдэгчид таталт хийсэн байдаг. Криптовалют биржийн систем уламжлалт зах зээлээс шал ондоо байдаг. 7 хоногийн 24 цагт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг. Хэрэглэгч хэзээ ч хамаагүй үйлчилгээ авдаг учраас зарлага баталгаажуулдаг 6 оронтой код илгээдэг учраас харилцагчдыг зөвшөөрсөн гэж үздэг. 54 хүний 5 хүнтэй нийт арилжааны 7 хувийг хийсэн байдаг. Хамгийн өндөр дүнтэй арилжаа хийсэн хүнээс мэдүүлэг авсан. Хохирол төлбөргүй гэдгээ мэдэгдсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын тухайд анхан шатны шүүх хуралдаанд ярьсан зүйлийг анхан шатны шүүх анхаарч үзэхгүйгээр шийтгэх тогтоол гаргасан талаар тайлбар хийж байна. Дээрх асуудлыг ярьж байгаа нь биржийн системийг ойлгохгүй байгаатай шууд холбоотой. Trade.мн биржийн тухайд 2017 оны 10 дугаар сараас үйл ажиллагаа явуулсан, хууль эрх зүйн зохицуулалтгүй байхад гэрээний эрх зүйн харилцаагаар үйл ажиллагааг явуулж байсан. Хууль хүчин төгөлдөр болсноос хойш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус байгууллага системд өөрчлөлт хийсэн. Виртуал хөрөнгийг нэг бол төгрөгөөр худалдаж авч болно эсхүл виртуал хөрөнгийг виртуал хөрөнгөөр худалдаж авах гэх ойлголт /өөр хооронд нь арилжина гэсэн үг/ байдаг. Виртуал койн суурьтай арилжааны хөгжүүлэлтийг хийсэн байдаг. Виртуал хөрөнгийг мөнгөөр худалдаж авах асуудал яригдахгүй. Банкны дансны хуулгатай адил үйл баримт байхгүй гэдгийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. Виртуал хөрөнгийг мөнгөөр худалдаж, хадгалуулж болно. *******” ХХК-д алдаа гарсныг шүүгдэгч нар зориудаар ашигласантай холбоотой өнөөдрийн асуудал яригдаж байна. Виртуал хөрөнгөд мөнгө суурьтай төлбөр тооцоотой холбоотой зүйл яригдахгүй. Олон улс болон Монгол улсад виртуал хөрөнгийн үйлчилгээний тухай хууль батлагдсан. Анх бүртгүүлэхэд танин баталгаажуулах ажиллагаа хуульд заасан шаардлагын дагуу банк бус санхүүгийн байгууллага болон виртуал хөрөнгийн биржийн ажиллагаа хийгддэг. Анх бүртгүүлэхэд дээрх ажиллагаа хийгддэг процесс юм, арилжаа хийх бүртээ иргэний үнэмлэхээ оруулдаг гэх ойлголт байхгүй. Виртуал хөрөнгийг худалдаж авах гэдэг нь тусдаа ажиллагаа, худалдаж авсан виртуал хөрөнгөө зарж мөнгөө татаж авах үйл ажиллагаа явагддаг. Дээрх хоёр процессыг мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчид хольж яриад байна. Прокурор, шүүхээс виртуал хөрөнгийн үйл ажиллагааг ойлгож мэдсэний үр дүнд бодитой хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэж заасны дагуу зүйлчлэх талаар гомдолдоо дурдаж байна. Хулгайлах гэмт хэргийн шинжийг яагаад хангаж байна гэдэгт биржийн системтэй холбоотой тайлбар хэлье. Арилжаа хийдэг хүмүүс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 1 ширхэг койн 3850 төгрөгөөс 4000 долларын үнэтэй байсан. Системд 00 гэж хийсэн нөхцөлд ажиллахгүй, 001 гэж хийсэн нөхцөлд арилжаа хийгдсэнд тооцогддог гэдгийг шүүгдэгч нар ойлгож байсан. 1 койнтой нөхцөлд 46 койн худалдаж авах учиртай тодорхой хэмжээнд арилжаа хийж байсан хүмүүс үнэгүй арилжаа байхгүй гэдгийг мэдэж байсан. Өмгөөлөгч нар анхан шатны шүүхэд системд 00 гэж харуулсан учраас арилжаа хийсэн гэх агуулгаар мэтгэлцэж оролцсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд 00 төгрөгийн үнэлгээтэй, систем алдаатай гэдгийг шүүгдэгч нар мэдээгүй гэх агуулгаар тайлбарлаж байна. Шүүгдэгчдийн хэтэвчний үлдэгдэл 00 буюу өөрийнх нь эзэмшилд ямар нэгэн койн байхгүй байсныг мэдэж байсан хэдий ч 001 гэж бичиж системийн алдаа логикийг ойлгож олон удаагийн захиалга өгч үйлдлийг хийсэн. Энэ нь гэмт хэргийг санаатай үйлдэх сэдлийг нотолж байна. Хэргийн үйл баримтаас үзвэл, Ц.Э- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 5133 удаагийн арилжаа хийж, 63 удаагийн зарлагын гүйлгээгээр 51.063.978 төгрөгийг өөрийн эзэмшдэг дансаар шилжүүлж авч, Д.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 4335 удаагийн арилжаа хийж, 77 удаагийн зарлагын гүйлгээгээр 39.928.140 төгрөгийг өөрийн эзэмшдэг дансаар шилжүүлж авч, Д.Б- нь 2253 удаагийн арилжаа хийж, 94 удаагийн зарлагын гүйлгээгээр 31.128.603 төгрөгийг өөрийн дансаар тус тус шилжүүлж авч, “*******” ХХК-д нийт 121.818.187 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, Л.У-, Б.Х-, гэрч Б.М-э, Б.Б- нарын мэдүүлгээр тогтоогддог. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны А285 дугаар тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Уг тушаалаар бага дүнтэй гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 3.000.000 төгрөгөөр тогтоосон байдаг. 3.000.000 төгрөгөөс дээш дүнгээр гүйлгээ хийсэн нөхцөлд бирж Мөнгө угаах хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс заавал хяналт хийгдсэний үндсэнд мөнгө татаж авдаг. 3.000.000 төгрөгөөс доош нөхцөлд биржийн хяналт хийх хууль зүйн зохицуулалт байхгүй, энэ талаар шүүгдэгчид мэдэж байсан. Криптовалют эд хөрөнгө биш гэж маргаж байна. Иргэний хуулийн 83 дугаар зүйл заалтыг буруу ойлгож тайлбарлаж байгаатай холбоотой тайлбар хийх илүүц байх, Монгол улсад эдийн бус хөрөнгө гэдэг нь эзэмшигч этгээдэд захиран зарцуулах эрх олгосон нөхцөлд эдийн бус хөрөнгө гэж үздэг. Өөрийнхөө эзэмшилд байгаа хэтэвчид криптовалют байгаа нөхцөлд түүнийгээ зарах, арилжих эсэх нь шүүгдэгчдийн хийх ёстой зүйл юм. Биржид гарсан алдаа шүүгдэгчид хамааралгүй талаар гомдолдоо дурддаг, хэрвээ биржийн системд ямар нэгэн техникийн үйлдлээр бий болгосон нөхцөлд кибер гэмт хэргийн асуудал болно. Бид хулгайлах гэмт хэргийн асуудлыг ярьж байна. Биржийн системд алдаа гарсныг ашиглаж хийсэн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэдгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хангалтай дүгнэлт хийсэн. Хохирол төлбөр барагдуулах зайлшгүй шаардлагатай, хохирогчийн зүгээс шүүгдэгчдийн ялтай холбоотой тодорхой санал хэлээгүй, гэмт хэргийн зүйлчлэлийг зөв хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хэтэвчиндээ 00 төгрөгтэй байсныг мэдсээр байж арилжаанд оролцон олон удаагийн давтамжтайгаар хэргийг үйлдсэнийг тогтоосон. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, аудитын дүгнэлт зэргээр гэмт хэрэг үйлдгэснийг тогтоосон. Прокурорын зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс ялгаатай талыг тайлбарлая, нэр бүхий 3 шүүгдэгчид хэтэвчиндээ 00 төгрөгтэй гэдгээ мэдсээр байж өөрөөсөө зарлага гаргахгүйгээр криптовалютын захиалга өгсөн үйлдэл нь нууц далд аргаар үйлдэгдсэн. Тухайн компанийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анар, шүүгдэгч Д.Б-, Ц.Э- нарын өмгөөлөгч Б.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Ц.Э- нь үргэлжилсэн үйлдлээр “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 0 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС /ая ти эйч би ти си/ буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 371 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, ******* тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “*******” ХХК-д 51.488.521,53 буюу их хэмжээний хохирол учруулсан ...”,

шүүгдэгч Д.М- нь үргэлжилсэн үйлдлээр “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС /ая ти эйч би ти си/ буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 342 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Голомт банкны ******* тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “*******” ХХК-д 39.301.641.13 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан ...”

шүүгдэгч Д.Б- нь үргэлжилсэн үйлдлээр “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС /ая ти эйч би ти си/ буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 336 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, ******* тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “*******” ХХК-д 31.128.603,38 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан...” болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ын “...Ц.Э- нь нийт 1.213.000 төгрөгтэй тэнцэх орлого, Д.М- нь 1.619 төгрөгтэй тэнцэх орлого, Д.Б- нь 35.122 төгрөгтэй тэнцэх орлого тус тус хийсэн. Ингэхдээ ETH/Этериумийг биткойноор авах хослолын арилжааг өдөр бүр тогтмол хийсэн. Тухайн хүмүүс нь биткойн байхгүй байж ETH/Этериумийг худалдаж авсан. Энэ үйлдлийг хийхдээ гар утасны аппликейшн ашиглаж арилжааны цонх уншиж байх хугацаанд зориудаар олон удаа товшиж өөрөөсөө хасагдах дүнг 0 болгосон. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь мөнгөнөөс хасагдахгүй мөртлөө ETH/Этериум криптовальюттай болсон. Үүнийгээ манай ETH/Этериум төгрөгөөр зарах хослол дээр зарж, олсон мөнгөө өөрийн банкны данс руу төгрөг болгон шилжүүлж байсан. Энэ үедээ манай байгууллагын хяналтын системд мэдэгдэхгүйн тулд автомат зарлагын дээд хэмжээнээс бага дүнгээр удаа дараа оруулан зарлагын гүйлгээ хийж байсан. Ингэснээр тухайн гурван хүмүүс нийтдээ 121.818.187 төгрөгийг 237 удаагийн зарлагын гүйлгээгээр өөрийн дансандаа авсан. Манай байгууллагад бүртгүүлж данс нээхийн тулд 4 төрлийн баталгаажуулалтыг хийж дууссаны дараа хэрэглэгч болдог. Нэгдүгээрт нь манай сайтын бүртгүүлэх хэсэгт өөрийн цахим шууданг бүртгүүлнэ, үүний дагуу манай системээс баталгаажуулах холбоос явуулдаг. Ингээд хэрэглэгч тухайн холбоос дээр дарснаар цахим шуудан баталгаажна. Хоёрдугаарт тухайн хэрэглэгч нь гар утасны дугаараа бүртгүүлэх ба үүний дараа системээс 6 оронтой нууц үг ирнэ, үүнийг бүртгүүлж баталгаажуулна. Гуравдугаарт иргэний үнэмлэхийн нүүр болон арын зургийг файл хэлбэрээр мөн тухайн хэрэглэгч өөрийгөө иргэний үнэмлэх, гарын үсэг, он, сар, трэйд.мн гэсэн бичиглэлтэй зургаа дарж илгээнэ, Дөрөвдүгээрт тухайн хүн өөрийн нэр дээр бүртгэлтэй банкны дансаа илгээх ба системээс тухайн данс руу 1 төгрөгийн гүйлгээ хийх ба утга дээр нь 6 оронтой код явуулдаг. ...” /1хх133-137/,

гэрч Б.М-ийн “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Трэйд.мн арилжааны системд хяналт шалгалт хийсэн. Тухайн хяналтаар банк, веб сайт системүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд харин арилжааны системийн гар утасны аппликейшинд захиалга өгөх хэсэгт “хэрэглэгчээс суутгах дүнг "0"- р илгээх алдаа байсныг олж илрүүлсэн. Тодруулбал хэрэглэгчээс суутгах дүнг нэгжийн үнийг үржих нь тоо, хэмжээ тэнцүү суутгах дүн гэсэн дүрмийн дагуу ажилладаг. Энэ дүрмийг төв сервер дээрээс хэрэглэгчийн гар утас руу илгээдэг ийм үндсэн зарчмаар ажилладаг. Гэтэл Трэйд.мн арилжааны системийн харилцагч нараас гар утасны программаар дамжуулан нөхцөл шалгах үйл явцыг зориудаар зогсоож хэрэглэгчээс суутгах дүнг “0”-р илгээж, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 5133 удаагийн үйлдлээр манай системээс их хэмжээний мөнгөн хохирол учруулсан байсныг олж тогтоож цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулахаар хандсан. ...” /1хх160-161/,

гэрч Б.Б-ын “...”*********” ХХК-нд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл системийн аюулгүй байдлын инженерээр ажиллаж байсан. Системийн аюулгүй байдлын инженер нь гаднаас ирүүлж байгаа халдлагыг зогсоох урьдчилан сэргийлэх үүрэгтэй, үүнээс гадна системийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй ажилладаг. “*********” ХХК 2017 онд үүсгэн байгуулагдсан. Криптовалютын арилжааны системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Криптовалютын манай “*********” ХХК-ны веб хуудас болон мобиал аппликейшн ашиглаж арилжаагаа хийдэг. Тухайн арилжааны шимтгэлээс манай компани нь ашиг олдог. ...Манай компанийн программын алдааг ашиглаад хэсэг хүмүүс нь манай компаниас их хэмжээний мөнгө авсан. ...” /1хх158/

“Авера аудит” ХХК-ний шинжээч У.Б-ийн “...Энэ хүмүүсийн үйлдэл нь эхлээд өөр төрлийн криптовалют худалдаж аваад трейд.мн-ны данс руу татаж оруулахад тухайн үедээ татаж криптовалют өөр төрлийн криптовалют болохдоо трейд.мн апп-ын ямар нэгэн алдаанаас болж зохих хэмжээний өөр төрлийн криптовалют данс руу нь орохоор түүнийгээ тухайн үеийн ханшаар нь төгрөг болгож аваад байсан гэсэн үг юм. Эдгээр хүмүүс нь хэдэн төгрөгийн ямар төрлийн криптовалютыг орлогоор трейд.мн хүү орлогоор авсан байгаа. Д.М- нь одоогоор авсан криптовалют буюу биткойныг 1 удаагийн гүйлгээгээр 0,00001135 хэмжээтэйг, лайткойныг 8-н удаагийн гүйлгээгээр 0,008872 хэмжээтэйг өөрийн трейд.мн-ны бүртгэл дээрээ татаж авсан байдаг. “investing.com” сайтаас тухайн үеийн гүйлгээний ханшийг харахад 220,57 төгрөг, лайткойн нь 1278,31 төгрөг болж байсан. Оруулж ирсэн 2 төрлийн криптовалютаа ETH/Этериум болгох үед нь бутархай ETH/Этериум орж ирэх байтал бүхлээрээ орж ирээд түүнийгээ төгрөг болгохоор одоо учруулаад байгаа хохирлын хэмжээний төгрөг болно. Ийм байдлаар М- 39.303.140 төгрөгийн криптовалютыг трейд.мн-ээс 5057 удаагийн давтамжаар авсан байна. Ц.Э- нь 5-н удаагийн гүйлгээгээр 0,0116 хэмжээтэй биткойныг, 3-н удаагийн гүйлгээгээр 0,3170 хэмжээтэй лайткойныг, 1 удаагийн гүйлгээгээр 0,9970 хэмжээтэй ETH/Этериум, мөн Төрийн банкнаас 191,900 төгрөгийг трэйд.мн данс руу оруулж ирээд түүгээрээ ETH/Этериум болгохдоо 59 бүхэл болгож алдаагаар авсан байдаг. Ийм байдлаар 5539 удаагийн давтамжаар 51.488.521,53 төгрөгийн хохирол учруулсан. Д.Б- нь АРД койныг 2.200 хэмжээтэй, биткойн 0,001 хэмжээтэйг оруулж ирээд 30,92 ETH/Этериумийг 2253 удаагийн давтамжаар, 66,56 хэмжээтэй лайткойн болгож авахдаа 1379 удаагийн давтамжаар арилжаа хийж авсан. Ийнхүү трейд.мн 31.092.874 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр байдлыг дүгнэлт дээр дэлгэрэнгүй тусгасан. 

Эдгээр криптовалютын тухайн үеийн ханшийг “investing.com” вэбсайтаас хайж олоод тэр өдрийн долларын ханшийг мөн Монгол банкны вебсайтаас хайлт хийж тэр өдрөөр нь үржүүлэн хохирлын хэмжээг төгрөгөөр тогтоосон байгаа. Ханшийн өсөлтөөр ашиг олсон зүйл байхгүй. Өөрт байгаагаас хамаагүй их хэмжээний криптовалютыг өөр төрлийн криптовалютаар арилжихад арилжиж байгаа криптовалютын хэмжээнээс нь хамаагүй их хэмжээний арилжсан криптовалют орж ирсэн байдаг бөгөөд нэг дунджаар 5000 удаагийн давтамжаар нэг удаагийн гүйлгээ хооронд 10-20 минутын давтамжтайгаар 6 орчим сарын хугацаанд дээрх хохирлыг учруулсан харагдаж байгаа. Мөн ...Д.М-ын трейд.мн-ын дансанд бит койн 0,00001135 хэмжээтэй, лайткойныг 8-н удаагийн гүйлгээгээр 0,008872 хэмжээтэй байсан. Гэтэл энэ хүн криптовалютаар олон удаагийн давтамжтай арилжаа хийгээд системийн алдаа ашиглан 39.303.140 төгрөг өөрийн данс руу авсан харагдаж байгаа юм. ...” /5хх170-172/  гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх12/, /, “*********” ХХК-ийн гомдол /1хх19-22/, Трэйд.мн гэсэн сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /3хх16-18/, “Авера Аудит” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт /4хх214-248/, “*********” ХХК-ний орлого, зарлага хийхэд баримтлах бодлого, түүний хавсралтаар гаргасан мөнгөн гүйлгээний баримт /3хх54-64/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Д.М-, Д.Б- нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

Хохирогч “*******”-д шүүгдэгч Д.М-ын 342 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 39,301,641 төгрөгийн хохирол, шүүгдэгч Д.Б-н 336 удаагийн үйлдлээр 31,128,603 төгрөгийн хохирол тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон 1 жил зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан бол дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор заасан бөгөөд тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ нь эрүүгийн хуульд заасан их хэмжээ гэсэн хууль зүйн ойлголтод хамаарах тул шүүгдэгч Ц.Э- нь 371 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч “*******”-д 51.488.521 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дугаар заалтад зааснаар гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэсэн нь зөв болно.

3. Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анараас: “...Д.М- нь тухайн үед криптовалютыг системийн алдаанаас болж 0 төгрөгөөр авч болох талаар мэдээгүй, энэхүү гэмт хэргийг хүсэж үйлдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...системийн алдааг тогтоогоогүй, тогтоох боломжгүй гэж гэрч нар мэдүүлдэг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Д.М- нь тухайн системийн алдааг 0 төгрөг болоход нөлөөлөөгүй бөгөөд энэхүү шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Д.Б-, Ц.Э- нарын өмгөөлөгч Б.Энхбатаас: “...Шүүгдэгч нарын үйлдлийг сайтаас зөвшөөрсний үндсэн дээр тухайн гүйлгээг хийсэн. Энэхүү гүйлгээ хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шүүгдэгч нарт холбогдох хэргийн шинжид тохирохгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө Монгол Улсын хэмжээнд виртуал хөрөнгийг эд хөрөнгө мөн эсэх, төлбөрийн хэрэгсэл мөн эсэх талаарх эрх зүйн орчин үүсээгүй байсан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд эдийн болон эдийн бус хөрөнгийн ойлголтыг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид хулгайд алдсан эд хөрөнгө гэдэгт аливаа этгээдийн өмчлөлд байгаа эд юмсыг заасан бөгөөд эдийн бус хөрөнгө нь тухайн гэмт хэргийн объектив шинжид хамаарахгүй юм. Хохирогч болсон 54-н этгээдүүдийн хохирлыг барагдуулах ажиллагаа хийсэн гэсний дагуу тухайн хүмүүсийн дансны хуулга, мөн гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг прокурорт даалгасан боловч энэ талаар бүрэн ажиллагаа хийгээгүй зөвхөн 1 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. “*********” ХХК нь тухайн үед үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Э-, Д.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нар нь “*******” ХХК-д нийт 121.818.187 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ын “...Тухайн хүмүүс нь биткойн байхгүй байж ETH/Этериумийг худалдаж авсан. Энэ үйлдлийг хийхдээ гар утасны аппликейшн ашиглаж арилжааны цонх уншиж байх хугацаанд зориудаар олон удаа товшиж өөрөөсөө хасагдах дүнг 0 болгосон. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь мөнгөнөөс хасагдахгүй мөртлөө эйтирум криптовалюттай болсон. Үүнийгээ манай ETH/Этериум төгрөгөөр зарах хослол дээр зарж, олсон мөнгөө өөрийн банкны данс руу төгрөг болгон шилжүүлж байсан. Энэ үедээ манай байгууллагын хяналтын системд мэдэгдэхгүйн тулд автомат зарлагын дээд хэмжээнээс бага дүнгээр удаа дараа оруулан зарлагын гүйлгээ хийж байсан. ...Манай байгууллагад бүртгүүлж данс нээхийн тулд 4 төрлийн баталгаажуулалтыг хийж дууссаны дараа хэрэглэгч болдог. Нэгдүгээрт нь манай сайтын бүртгүүлэх хэсэгт өөрийн цахим шууданг бүртгүүлнэ, үүний дагуу манай системээс баталгаажуулах холбоос явуулдаг. Ингээд хэрэглэгч тухайн холбоос дээр дарснаар цахим шуудан баталгаажна. Хоёрдугаарт тухайн хэрэглэгч нь гар утасны дугаараа бүртгүүлэх ба үүний дараа системээс 6 оронтой нууц үг ирнэ, үүнийг бүртгүүлж баталгаажуулна. Гуравдугаарт иргэний үнэмлэхийн нүүр болон арын зургийг файл хэлбэрээр мөн тухайн хэрэглэгч өөрийгөө иргэний үнэмлэх, гарын үсэг, он, сар, трэйд.мн гэсэн бичиглэлтэй зургаа дарж илгээнэ. Дөрөвдүгээрт тухайн хүн өөрийн нэр дээр бүртгэлтэй банкны дансаа илгээх ба системээс тухайн данс руу 1 төгрөгийн гүйлгээ хийх ба утга дээр нь 6 оронтой код явуулдаг. ...” /1хх133-137/,

гэрч Б.М-ийн “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Трэйд.мн арилжааны системд хяналт шалгалт хийсэн. ...арилжааны системийн гар утасны аппликейшнд захиалга өгөх хэсэгт хэрэглэгчээс суутгах дүнг "0"- р илгээх алдаа байсныг олж илрүүлсэн. ...Трэйд.мн арилжааны системийн харилцагч нараас гар утасны программаар дамжуулан нөхцөл шалгах үйл явцыг зориудаар зогсоож хэрэглэгчээс суутгах дүнг “0”-р илгээж, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 5133 удаагийн үйлдлээр манай системээс их хэмжээний мөнгөн хохирол учруулсан байсныг олж тогтоосон. ...” /1хх160-161/,

гэрч Б.Б-ын “...Системийн аюулгүй байдлын инженер нь гаднаас ирүүлж байгаа халдлагыг зогсоох урьдчилан сэргийлэх үүрэгтэй, үүнээс гадна системийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй ажилладаг. Криптовалютын манай “*********” ХХК-ны веб хуудас болон мобайл аппликейшн ашиглаж арилжаагаа хийдэг. Тухайн арилжааны шимтгэлээс манай компани нь ашиг олдог. ...Манай компанийн программын алдааг ашиглаад хэсэг хүмүүс нь манай компаниас их хэмжээний мөнгө авсан. ...” /1хх158/,

“Авера аудит” ХХК-ний шинжээч У.Б-ийн “...Энэ хүмүүсийн үйлдэл нь эхлээд өөр төрлийн криптовалют худалдаж аваад трейд.мн-ны данс руу татаж оруулахад тухайн үедээ татаж криптовалют өөр төрлийн криптовалют болохдоо трейд.мн апп-ын ямар нэгэн алдаанаас болж зохих хэмжээний өөр төрлийн криптовалют данс руу нь орохоор түүнийгээ тухайн үеийн ханшаар нь төгрөг болгож аваад байсан гэсэн үг юм. ...Д.М- нь одоогоор авсан криптовалют буюу биткойныг 1 удаагийн гүйлгээгээр 0,00001135 хэмжээтэйг, лайткойныг 8-н удаагийн гүйлгээгээр 0,008872 хэмжээтэйг өөрийн трейд.мн-ны бүртгэл дээрээ татаж авсан байдаг. “investing.com” сайтаас тухайн үеийн гүйлгээний ханшийг харахад 220,57 төгрөг, лайткойн нь 1278,31 төгрөг болж байсан. Оруулж ирсэн 2 төрлийн криптовалютаа ETH/Этериум болгох үед нь бутархай ETH/Этериум орж ирэх байтал бүхлээрээ орж ирээд түүнийгээ төгрөг болгохоор одоо учруулаад байгаа хохирлын хэмжээний төгрөг болно. Ийм байдлаар М- 39.303.140 төгрөгийн криптовалютыг трейд.мн-ээс 5057 удаагийн давтамжаар авсан байна. Ц.Э- нь 5-н удаагийн гүйлгээгээр 0,0116 хэмжээтэй биткойныг, 3-н удаагийн гүйлгээгээр 0,3170 хэмжээтэй лайткойныг, 1 удаагийн гүйлгээгээр 0,9970 хэмжээтэй ETH/Этериум, мөн Төрийн банкнаас 191,900 төгрөгийг трэйд.мн данс руу оруулж ирээд түүгээрээ ETH/Этериум болгохдоо 59 бүхэл болгож алдаагаар авсан байдаг. Ийм байдлаар 5539 удаагийн давтамжаар 51.488.521,53 төгрөгийн хохирол учруулсан. Д.Б- нь Ард койныг 2.200 хэмжээтэй, биткойн 0,001 хэмжээтэйг оруулж ирээд 30,92 ETH/Этериумийг 2253 удаагийн давтамжаар, 66,56 хэмжээтэй лайткойн болгож авахдаа 1379 удаагийн давтамжаар арилжаа хийж авсан. Ийнхүү трейд.мн 31.092.874 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр байдлыг дүгнэлт дээр дэлгэрэнгүй тусгасан. ...” /5хх170-172/ нарын мэдүүлгүүд болон “Авера Аудит” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Тодруулбал, тухайн цахим арилжаанд “0” төгрөгөөр авах боломжгүй арилжааг “0001” төгрөгөөр худалдан авалт хийх боломжтой талаар шүүгдэгч нар олж мэдсэн төдийгүй тухайн системийн алдаатай нөхцөл байдлыг ашиглаж, тодорхой цаг хугацаанд тогтмол гүйлгээ хийсэн бөгөөд тухайн гүйлгээнүүдийг шүүгдэгч тус бүр 3.000.000 төгрөгөөс доош үнийн дүнгээр хийжээ.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны А285 дугаар тушаалаар бага дүнтэй гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 3.000.000 төгрөгөөр тогтоосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “3.000.000 төгрөгөөс дээш дүнгээр гүйлгээ хийсэн нөхцөлд бирж “Мөнгө угаах” хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хяналт тавьдаг” гэсэн нь үндэслэлтэй байхаас гадна Ц.Э-ы 371 удаагийн, Д.М-ын 342 удаагийн, Д.Б-н 336 удаагийн үйлдлээр системд бий болсон алдааг зориуд ашиглаж, бирж хянах, мэдэх боломжгүй аргаар буюу 3.000.000 төгрөгөөс доош үнийн дүнгээр гүйлгээг тогтмол хийснээс үзэхэд тэдгээр нь хохирогчийн хяналтад өртөхгүй байх зорилготойгоор өөрсдийн хууль бус үйлдлээ мэдэж, ухамсарлаж үйлдсэн гэж дүгнэнэ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын субьектив хүсэл зориг нь бусдын эд хөрөнгийн эзэмшигч өмчлөгчид огт мэдэгдэхгүйгээр авсан шинжийг агуулсан байх төдийгүй хохирогч нь сайн дурын үндсэн дээр эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн, системийн алдааг мэдэж байсан буюу шүүгдэгч нарын үйлдлийг мэдэж зөвшөөрсөн гэж дүгнэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд “Трэйд.мн цахим арилжааны сайтад бий болсон алдааг ашиглан биелэгдэх ёсгүй захиалгыг олон тоогоор илгээж, улмаар криптовалютыг өөртөө олж авч, худалдан борлуулж, өөрсдийн арилжааны банкуудаар дамжуулан мөнгөн хэлбэрт шилжүүлэн авч, хохирогч “*******” ХХК-д нийт 121.818.187 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарыг ямар арга хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн болохыг тодорхой тогтоож, Ц.Э-ыг 5539 удаагийн давтамжаар 51.488.521,53 төгрөг, Д.Б-г 2253 удаагийн давтамжаар 31.092.874 төгрөг,  Д.М-ыг 5057 удаагийн давтамжаар 39.303.140 төгрөг тус тус Трейд.мн цахим биржээр дамжуулан авсныг нотолсон байх тул криптовалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгөн хэлбэрт шилжүүлэн авсан гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан эд хөрөнгөд хамаарна.

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль батлагдан гарахаас өмнө энэ талаар хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан, төрийн байгууллагын зүгээс үйл ажиллагаа явуулах ямар нэг зөвшөөрөл өгдөггүй, дурын иргэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байсан байх бөгөөд “*******” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “мэдээлэл технологийн үйл ажиллагаа” /1хх249/ эрхлэх үндсэн чиглэлээр 000147809 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, цахим биржийн платформын статустай криптовалютын арилжааны үйл ажиллагаа эрхэлж байсан байсан болох нь санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн мэргэжилтний гэрчээр өгсөн мэдүүлгүүд, тус хорооны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 9/1288 дугаар албан тоот зэргээр тогтоогдож байх тул хохирогч, хуулийн этгээдийг дээрх үйл ажиллагаа эрхлэн явуулах эрхгүй гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Мөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар этгээдийг хохирогчоор тогтоож оролцуулах, хохирогч гэж хэнийг ойлгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд тодорхой заасан бөгөөд тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгч нарын үйлдлийн улмаас цахим биржийн зуулчлалын арилжаа явуулдаг “*******” ХХК-д эд хөрөнгийн хохирол учирсан байгаа тул тус компанийг хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн шүүгдэгч Ц.Э-, Д.М-, Ц.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анар болон шүүгдэгч Ц.Э-, Д.Б- нарын өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлуудыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1613 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Э- 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1613 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анар, шүүгдэгч Д.Б-, Ц.Э- нарын өмгөөлөгч Б.Энхбат гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ы 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.       

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА

 

                                        ШҮҮГЧ                                 Д.МӨНХӨӨ

 

                                        ШҮҮГЧ                                 С.Б-ТУЯА