| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0064/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Зад холбогдох 1829000550027 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.З нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын 25 дахь км-т 69-38 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн М.Лхамсүрэнгийн амь насыг хохироож, 23-76 ӨМҮ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж бусдад 2,600,800 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 11-ний үед нүүрсээ ачуулаад Гашуунсухайт чиглэлийн замд 25 дугаар км-ийн орчимд уруудаж явахад миний жолоодож явсан машины тоормоз ажиллахгүй, хийгүй болчихсон. Тэгээд хийгүй болсон болохоор сигналь байхгүй, пост руу ойртоод ирэхэд зогсоох ямар ч арга байхгүй байсан болохоор би цонхоороо гараа гаргаад далласан. Тэгээд л Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч Бурмаатай холбоо барих гээд утсаар ярихаар “чи яах гэж ярьж байгаа юм бэ” гээд загнаад байсан. Тэгээд дараа нь хамаатных нь 2 залуу ирж намайг зодсон. Би уулзахаас айгаад очиж чадахгүй байсан. Би данс руу нь мөнгө хийе гэсэн чинь өөрөө ярихгүй эгчдээ утсаа өгөөд ямар нүүрээрээ ярьж байгаа юм бэ гээд загнаад байсан. Тэгээд данс руу нь мөнгө хийсэн. Түүнээс хойш би айгаад ярьж чадаагүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 4-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-18-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 21-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бурмаа /РД:ИЦ80090969/-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 25-29-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Баярцэнгэлийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ууганболдын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 33-35-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 40-42-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бямба-Очирын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Наранбаатарын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бат-Очирын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч О.Батбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 60-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №7 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 62-63-р хуудас/,
Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 64-72-р хуудас/,
Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №6 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 84-р хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №01/01 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 92-93-р хуудас/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №01/25 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 106-р хуудас/,
Шүүгдэгч М.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 118-р хуудас/,
Шүүгдэгч М.Зын жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /1-р хх-ийн 119-123-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 125-р хуудас/,
Шүүгдэгч М.Зын гурван талаас дарсан зураг, гарын хурууны дардас /1-р хх-ийн 127-128-р хуудас/,
Шүүгдэгч М.Зын арилжааны банкуудад харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /1-р хх-ийн 130-134-р хуудас/,
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №Б/241, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/257 дугаартай тушаалын хуулбарууд /1-р хх-ийн 147-р, 150-р хуудас/,
Хохирогч М.Лхамсүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 160-177-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Баярцэнгэлийн хохирлын баримтууд /1-р хх-ийн 180-182-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын 25 км-т Шалган нэвтрүүлэх байрны хяналтын камерт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 187-198-р хуудас/,
Хохирогч Ц.Бурмаагийн хүсэлт, түүнээс гаргасан хохирлын баримтууд /1-р хх-ийн 225-250-р, 2-р хх-н 1-51, 146-150-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч М.З нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын 25 дахь км-т 69-38 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн М.Лхамсүрэнгийн амь насыг хохироож, 23-76 ӨМҮ улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж бусдад 2,600,800 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:
Хохирогч Ц.Бурмаагийн: ”...Манай нөхөр “Гашуун сухайт автозам” ХХК-нд хөдөлгөөн зохицуулагчаар ажиллаж байсан. 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед ажилдаа явсан. Тухайн үед нөхөр маань шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэг дээр ажиллаж байсан. Ажилдаа явсаны дараа нэг удаа утсаар ярихад “ажил дээрээ ажлаа хийгээд байж байна” гэж ярьж байсан. Түүнээс хойш яриагүй өдөр 13 цагийн үед нөхрийн дүүд талийгаачийн ажлын газраас нөхрийг маань осолд ороод нас барсан талаар хэлсэн. Яг юу болсон талаар нарийн мэдэхгүй байна. Ажлын газрын хүмүүсийн ярьснаар зам дээр машинаас хураамж аваад зогсож байтал шаланз машин мөргөчихсөн гэсэн. Тэр өдрийн маргааш талийгаачийн шарилыг авч төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хүргэж хөдөөлүүлээд ирсэн. ...би зүгээр ажлаа хийгээд амьдралаа залгуулж байсан ханиа алдсандаа маш их гомдолтой байна. Одоо гурван хүүхэдтэйгээ үлдэж байна. Миний нөхөр эрүүл, саруул ажлаа хийж яваад бусдын буруутай үйлдлээс болж нас барсанд маш их гомдолтой байна. Буруутай хүн, хуулийн этгээдээс оршуулгын зардал 13,366,191 төгрөг, 0-14 насны гурван хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид 191,400,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг нийт 206,266,191 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-29-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Баярцэнгэлийн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Цогтцэций сумаас Ханбогд сум руу буцаж явсан. Тухайн өдөр би өөрийн Ланд круйзер-80 маркийн 23-76 ӨМҮ улсын дугаартай автомашинаа жолоодоод засмал замаар явсаар Шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэг дээр ирсэн замын ачаатай талаар зорчих хэсгийн хаалтыг буулгасан байсан би хаалтаас нэлээд зайтай шалганы мөнгө, хураамж авдаг цонхны харалдаа зогссон байрнаас ажлын гэрэл ойлгогчтой хувцас өмссөн залуу гарч ирээд над руу ирсэн. Би машиныхаа жолоочийн талын хаалгыг онгойлгоод замын хураамж өгөхөөр цүнхээ уудлаад цаашаа тонгойж байтал “түс тас” гээд л их чимээ гараад машиныг араас ямар нэг зүйл мөргөчих шиг болсон. Машин ч урагшаа түрэгдээд нэлээд явсан. Би хэсэг шоконд орж байгаад машинаасаа буугаад иртэл машин ар талаасаа мөргүүлээд дотогшоо цөмөрч, чихэгдсэн арын шил салаад байхгүй болчихсон байсан ба миний машины ард талд 69-38 УНР гэсэн дугаартай дугаар нь салаад газар уначихсан Норд бенз маркийн машин чиргүүлтэй зогсож байсан. Би юу болсон талаар асуухад нөгөө хураамж авах гэж байсан залуу миний машиныг мөргөсөн Норд бенз маркийн машинд мөргүүлээд нас барсан гэж хэлсэн. Тэгээд би машиндаа цагдаа ирэхийг хүлээсэн. Уг ослын улмаас би машиныхаа арын дээр, доод талын хоёр хаалгыг тус бүр 480,000 төгрөгөөр авсан ба эхний удаа арын доод талын нэг хаалгыг 350,000 төгрөгөөр авсан боловч таараагүй буцаагаад авсан хүндээ өгөх гэтэл аваагүй одоо надад байж байгаа. Мөн арын зүүн, баруун хоёр хаалгыг сольсон нэг бүрийг нь 480,000 төгрөгөөр, ар талын зүүн, баруун талын гэрлийг тус бүр 80,000 төгрөг, запас дугуйны суурь болон дамкротыг 205,000 төгрөг, арын салхины шилийг 120,000 төгрөгөөр тус тус худалдан авсан ба засвар, Улаанбаатар хот руу ачуулсан хөлс, шатахууны үнэ 1,788,550 төгрөг нийт 3,583,550 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Б.Ууганболдын: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэгт Оюунцэцэг, Лхамсүрэн нарын хамт ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байсан бөгөөд 12 цаг 51 минутын үед хойноос урагшаа чиглэлтэй авто замаар зорчиж байсан Ланд круйзер-80 маркийн машинаас хөдөлгөөн зохицуулах ажилтан М.Лхамсүрэн замын хураамж авахаар байрнаас гарч машины жолоочийн талын хаалгыг онгойлгоод шалган нэвтрүүлэх байрны зүүн талд зам дээр зогсож байтал замын хойноос урагш чигт буюу ачаатай тээврийн хэрэгсэл зорчих чиглэлээс Норд бенз маркийн цагаан өнгийн машин хурдтай явсаар шууд Шалган нэвтрүүлэх байрны суурь бетоны зүүн хойд талыг урд тэнхлэгийн баруун талын дугуйгаараа мөргөөд тас гээд явчихсан. Тэгээд тэндээсээ явсаар хураамж төлөхөөр зогсож байсан Ланд круйзер-80 маркийн машиныг мөргөөд дараа нь манай ажилтныг мөргөтөл Лхамсүрэн дээшээ хөөрөөд газар унасан. Би сандраад байрнаас гүйгээд гараад иртэл Лхамсүрэн байрын суурь бетоны хажууд замын баруун захад баруун гараараа газар тохойлдоод хагас хэвтсэн байдалтай байсан. Намайг очиход “ёо, ёо яаж байнаа” гэсэн би “гайгүй юу” гээд толгойноос нь тэврээд өндийлгөөд байж байтал шаланзны жолооч машинаас буугаад ирэхээр нь “чи яаж яваад байгаа юм бэ” гээд уурласан чинь цаашаа яваад өгсөн. Удалгүй манай деспичер Бямба-Очир, цахилгаанчин Доржпүрэв нар хүрч ирээд бид гурав Лхамсүрэнг өргөж шалганы байр руу оруулаад газраар хэвтүүлээд хаана өвдөж байгаа талаар асуухад тэрээр “бүх бие мэдээгүй болчихсон байна. Миний гар хөл байна уу” гэж асуухаар нь “бүх эрхтэн чинь байна” гэсэн. Лхамсүрэн “хувцас тайл, гутал тайл” гэснээ “би юу ч харахгүй байна” гээд хөдөлгөөнгүй болсон би гүрээний судсыг нь дарж үзэхэд цохилохоо больсон байсан. Энэ бүгд маш хурдан хугацааны дотор болсон. Ингээд деспичер Бямба-Очир цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн. Талийгаачийг юмаар бүтээгээд өрөөнд үлдээсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35-р хуудас/,
Гэрч Г.Оюунцэцэгийн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэг дээр ээлжийн ахлах ажилтан Ууганболд, хөдөлгөөн зохицуулагч Лхамсүрэн нарын хамт ажиллаж байсан. ...өдрийн 12 цагийн өнгөрч байх үед Ланд круйзер-80 маркийн машин ирээд шалганы байрны цонхны харалдаа зогссон. Лхамсүрэн хураамж авахаар гадагшаа гарсан. ...шалганы байрны цонх руу цагаан өнгөтэй шаланз машин тулаад ирчихсэн суурь бетон дээр урд талын баруун дугуй нь гарчихсан байх шиг харагдахаар нь би шалганы байрыг мөргөх нь гэж бодоод “Ууганаа” гэж хашхираад суудлаасаа боссон. ...тэр машин шалганыг мөргөөгүй цонхтой маш ойрхон дөхөх үедээ урд талд нь байсан нэг зүйлийг мөргөх, түс тас гэсэн их чимээ гараад гадаа Лхамсүрэнгийн байсан тэр орчимд тоос шороо бужигнаад явчихсан. Ууганболд “Лхамаа” гэж орилоод байрнаас гүйгээд гарахад би араас нь гараад очтол Лхамсүрэн Ланд круйзер-80 маркийн машинаас хураамж аваад зогсож байсан тэр газрынхаа харалдаа шалганы байрны суурь бетоны хажуу талд зам дээр толгойгоо урагш харуулсан байдалтай хэвтэж байсан. Ууганболд талийгаач руу дөхөж очиход тэрээр толгойгоо өндийлгөсөн ба Ууганболд талийгаачийн толгойноос гараараа түшиж байгаад “Бямба-Очирыг дууд” гэсэн. Би деспичерийн байр руу очиж түүнийг дуудчихаад буцаад ирсэн миний араас Бямба-Очир, цахилгаанчин Доржпүрэв хоёр ирээд талийгаачийг өргөж байр руу оруулан хаалганы ойролцоо шалан дээр хэвтүүлсэн. Талийгаачийг байр руу оруулсны дараа “миний гар, хөл хаана байна” гээд асуугаад байсан, талийгаачийн баруун хөл, зүүн гар эргэчихсэн юм шиг эвгүй байдалтай харагдаж байсан. Талийгаач “намайг өндийлгөөч” гэхэд Доржоо ах өндийлгөөд куртикээ дэрлүүлсэн, би усанд марьл дүрж амыг нь шавшсан. Бямба-Очир цагдаа, эмнэлэгт хэлсэн байх. Ууганболд тамхи асаагаад талийгаач руу үлээхэд нэг хөдлөөд Ууганболдыг гарсанаас хойш удаагүй Лхамсүрэн нэг л эвгүй болчихсон. Би Ууганболдыг дуудаж “Лхамаа эвгүй болчихлоо” гэж хэлэхэд тэрээр гаднаас орж ирээд “нас барсан байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42-р хуудас/,
Гэрч Д.Бямба-Очирын “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэгт байрлах деспичерийн байранд ажил үүргээ гүйцэтгэж байхад 13 цагийн үед санагдаж байна гаднаас Оюунцэцэг “Лхамаа дайрагдчихлаа” гэж хэлчхээд гарахаар нь би араас нь дагаж гүйсээр шалган нэвтрүүлэх байрны харалдаа зам дээр очиход шалганы байрны цонхны харалдаа талийгаач Лхамсүрэн газар унасан байдалтай хагас өндийсөн Ууганболд толгойноос нь гараараа тэврээд байж байсан. Ингээд талийгаачийг шалганы байр руу Доржпүрэв, Ууганболд бид гурав өргөн оруулж хаалганы харалдаа шалан дээр хэвтүүлсэн. Тэгээд би цагдаа, өөрийн компанийн захирал, ХАБ-ын ажилтан нарт мэдэгдсэн. Түүнээс хойш 15 орчим минутын дараа Ууганболд “нас барчихлаа” гэж хэлсэн.” /1-р хх-ийн 43-44-р хуудас/,
Гэрч Б.Наранбаатарын: “...би найз Баярцэнгэлийн хамт түүний Ланд круйзер-80 маркийн 23-76 ӨМҮ улсын дугаартай машинд Ханбогд руу явж байсан. ...шалганы байрнаас нэг залуу машины жолоочийн талаас ирсэн. Баярцэнгэл жолоочийн талын хаалгыг онгойлгоод замын хураамж өгөхөөр цүнхээ онгойлгоод, нөгөө залуу машины хаалганы дэргэд зогсож байсан энэ үед гэнэт “түс тас” гээд л явчихсан. Тухайн үед юу болсныг сайн ойлгоогүй нэг сэхээ авахад машин зогсож байсан газраасаа нэлээд урагшаа түрэгдээд зогссон байсан машинаасаа буулгүй эргээд хартал миний сууж явсан машиныг ар талаас цагаан толгойтой шаланз машин мөргөсөн байдалтай ар талд нь ойрхон зогссон байгаа харагдсан. Тухайн шаланзанд хураамж авах гэж байсан залуу дайруулан нас барсан гэж сонссон.” /1-р хх-ийн 47-48-р хуудас/,
Гэрч А.Бат-Очирын: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн үед шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэгийн ахлах ажилтан Ууганболд миний гар утас руу залган “Лхамсүрэн машинд дайруулсан” талаар хэлсэн. Тэгээд би шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэгт очсон. Лхамсүрэнг шалганы байранд оруулан газраар хэвтүүлсэн байсан. Манай компанийн зүгээс талийгаачийн оршуулгын зардал болон шарил хүргэх машин гаргасан. Мөн түүний цалингийн зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хамт олны зүгээс 2 700 000 төгрөг, компанийн дотоод журмын дагуу 1 000 000 төгрөгийг талийгаачийн ар гэрт нөхөн олгож эхнэр Бурмааг нь ажилдаа орох хүртэл хугацааны сарын цалинг бодож олгож байгаа.” /1-р хх-ийн 52-53-р хуудас/,
Иргэний хариуцагч О.Батбаярын: “...уг машин нь “Глобал гүүр транс” ХХК-ийн эзэмшилд, чиргүүл нь “Омогт цагаан шонхор” ХХК-ийн эзэмшилд тус тус бүртгэлтэй байдаг. М.З манай компанийн үндсэн ажилчин биш хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, хөлсөө тохироод манай компанийн машиныг жолоодож тээвэр хийж байсан. М.Зын ярьснаар “тооромз барихгүй явсаар шалганы ажилтанг дайрсан” гэж байсан өөр мэдэх зүйл байхгүй. Манай компанийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №7 дугаартай шинжээчийн “...М.Лхамсүрэнгийн цогцост үзлэг шинжилгээгээр баруун талын 1-12 дугаар хавирга, зүүн талын 2-11 дүгээр хавирганы далд хугарал, 2 гарын атгаалын далд хугарал, баруун дунд чөмөгний дээд болон доод хэсэг дэх далд хугарал, баруун уушигны урагдал, 2 уушигны доод дэлбэн ар хэсгийн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, тохой, сарвуу, баруун гуя, шилбэний зулгаралт, баруун хөлийн 1 дүгээр хурууны хумсны хуулрал, баруун гуя, өвдөг, тавхайн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын /машинд мөргөгдөх/ улмаас үүсгэгдсэн байх боломжтой. М.Лхамсүрэн нь 2 талын олон хавирганы хугарал, баруун уушигны урагдлын улмаас амьсгал зүрхний хурц дутагдлаар нас баржээ. М.Лхамсүрэнгийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №6 дугаартай шинжээчийн: “Норд бенз маркийн 69-38 УНЗ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан М.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг хангана” үүнд: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Норд бенз маркийн 69-38 УНЗ улсын дугаартай авто машины осол гарах үеийн хурдыг тодорхойлох боломжгүй. Ланд круйзер-80 маркийн 23-76 ӨМҮ улсын дугаартай авто машины жолооч Б.Баярцэнгэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Амь хохирогч М.Лхамсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. М.Зын “ВСЕ” ангиллын №295296 тоот үнэмлэх, Б.Баярцэнгэлийн “ВС” ангиллын №722353 тоот үнэмлэхүүд хүчинтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 84-р хуудас/
Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №01/01 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 92-93-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 05-18-р хуудас/
- Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-72-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд нь хохирол хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлддэг, гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байдаг бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам буюу шүүгдэгч М.Зын хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг хангана” үүнд: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөр гэмт хэргийн үйлдлийн шинж бүрдэх юм.
Иймд шүүгдэгч М.Зыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бурмаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, төлбөрт нийт 206,266,191 төгрөг нэхэмжилснээс иргэний хариуцагч “Глобал гүүр транс” ХХК-иас оршуулгын зардалд 13,367,000 төгрөг /2-р хх-ийн 106-р хуудас/, шүүгдэгч М.З нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бурмаад 400,000 төгрөг, иргэний хариуцагч “Глобал гүүр транс” ХХК, “Омогт цагаан шонхор” ХХК-даас 66,000,000 төгрөгийг төлсөн болох нь Ц.Бурмаагийн шүүхэд ирүүлсэн хүсэлт /2-р хх-ийн 143, 207, 208-р хуудас/-ээр нотлогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг арилгасан, шүүгдэгч болон иргэний хариуцагч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бурмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...иргэний хариуцагч “Глобал гүүр транс” ХХК, “Омогт цагаан шонхор” ХХК-иуд нь иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгсөн тул ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. ... Харин шүүгдэгч М.Заас талийгаач М.Лхамсүрэнгийн 2005 онд төрсөн хүү Л.Ууганбаяр, 2009 онд төрсөн хүү Л.Бямбацогт, 2017 онд төрсөн охин Л.Анужин нарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3-д заасны дагуу талийгаач М.Лхамсүрэнгийн 2005 онд төрсөн хүү Л.Ууганбаяр, 2009 онд төрсөн хүү Л.Бямбацогт, 2017 онд төрсөн охин Л.Анужин нарт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тооцож, шүүгдэгч М.Заас сар бүр гаргуулж олгох нь зүйтэй.
Талийгаач М.Лхамсүрэн нь “Гашуунсухайт Автозам” ХХК-д Хөдөлгөөн зохицуулалтын ажилтнаар ажиллаж байсан /1-р хх-ийн 147, 150/ ба түүний сарын цалин хөлсний дунджийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-а дахь хэсэгт зааснаар сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс /1-р хх-ий 168, 169-р хуудас/ нь 1,055,201 төгрөг байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д заасны дагуу төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс буюу талийгаачийн 3 сарын дундаж цалин хөлс 1,055,201 төгрөгөөс нэг хүүхдэд ногдох 351,733 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 555,146 төгрөгөөс /2-р хх-ийн 146-р хуудас/ нэг хүүхдэд ногдох 185,048 төгрөгийг хасаад нэг хүүхдэд ногдох 166,685 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх хэсэгт зааснаар талийгаач М.Лхамсүрэнгийн 2005 онд төрсөн хүү Л.Ууганбаяр, 2009 онд төрсөн хүү Л.Бямбацогт, 2017 онд төрсөн охин Л.Анужин нарт тус бүрт нь тооцож, 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг шүүгдэгч М.Заас сар бүр гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Иргэний хариуцагч “Глобал гүүр транс” ХХК, “Омогт цагаан шонхор” ХХК-даас 66,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бурмаад төлсөн байх ба тус төлбөрийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохиролд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул иргэний хариуцагч нараас төлсөн 66,000,000 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүнд оруулан тооцох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Баярцэнгэл нь өөрт учирсан гэм хорын хохиролд 3,583,550 төгрөгийг нэхэмжилсэн ба “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №01/25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Япон улсад үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2010 онд орж ирсэн “Ланд круйзер-80” маркийн авто машины сэлбэгүүд зах зээлийн үнэлгээгээр 2,600,800 төгрөг байна” /1-р хх-ийн 106-р хуудас/ гэж хохиролын зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Иргэний нэхэмжлэгч Б.Баярцэнгэлд иргэний хариуцагч “Глобал гүүр транс” ХХК-иас 2,600,800 төгрөгийг /2-р хх-ийн 107-р хуудас/ төлсөн байх тул иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөр бүрэн барагдсан гэж үзэв.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан М.Зад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тэнсэх, тэнсэгдсэн хугацаанд ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн М.Зын ВСЕ ангиллын 295296 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.З нь 18 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Зад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Мижиддоржийн Зыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Зад тэнсэгдсэн 4 /дөрөв/-н жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.З нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
5. Иргэний хариуцагч “Глобал гүүр транс” ХХК-иас оршуулгын зардалд 13,367,000 төгрөг, шүүгдэгч М.Заас 400,000 төгрөг, иргэний хариуцагч “Глобал гүүр транс” ХХК, “Омогт цагаан шонхор” ХХК-иудаас 66,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бурмаад, “Глобал гүүр транс” ХХК-иас иргэний нэхэмжлэгч Б.Баярцэнгэлд 2,600,800 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 166,685 төгрөгийг талийгаач М.Лхамсүрэнгийн 2005 онд төрсөн хүү Л.Ууганбаяр /РД:МБ05211194/, 2009 онд төрсөн хүү Л.Бямбацогт /РД:МЗ09291936, 2017 онд төрсөн охин Л.Анужин /РД:КН17320743/ нарт тус бүрт нь тооцож, 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь шүүгдэгч М.Заас сар бүр гаргуулж олгосугай.
7. Иргэний хариуцагч “Глобал гүүр транс” ХХК, “Омогт цагаан шонхор” ХХК-даас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бурмаад төлсөн 66,000,000 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүд оруулан тооцсугай.
8. М.Зын ВСЕ ангиллын 295296 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Зад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Зад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН