Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахим/

Шүүгдэгч ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч З*******, ******* нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/13тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч  *******, ******* нарын гаргасан гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2322001710194 тоот хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: овогтой ын , Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарь фрезерчин мэргэжилтэй, хувийн компанид оператор ажилтай гэх, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:);

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн сумын хэсгийн цагдаагаар ажиллах хугацаандаа буюу 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн сумын баг тоотод оршин суух ын гэрт албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.6 дахь хэсэг “Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчлийг шалгах”, мөн 2.6 дахь хэсэг “Үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг мөрдөх, судлах, ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сахиж, өөрийнхөө мэдлэг, боловсрол, гоо зүй, бие бялдраа хөгжүүлэх, харилцааны соёл, албан үүрэг гүйцэтгэх чадвараа байнга дээшлүүлэх”, мөн 3.1 дэх хэсэг “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, байгууллагын ажилтнууд болон харилцагч үйлчлүүлэгчид, иргэдтэй зөв боловсон харьцах, ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл “Биеийн хүч хэрэглэх, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 “хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах”, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А224/А/102 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 215 “биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх” гэснийг тус тус зөрчиж, “архи уулаа” гэх хууль бус шаардлага тавьж, амь хохирогч ын хөл рүү өшиглөх, хөл дээр гишгэж дэвслэх зэргээр зодсоны улмаас түүнд баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл учруулж, улмаар үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан хүнд хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1.Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс амь хохирогчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 22,357,148 төгрөгөөс 19,944,900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 15,062,248 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан бичлэг бүхий CD /компакт диск/ 2 ширхгийг шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2322001710194 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...миний бие 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр *******ыг миний дүү од хүнд гэмтэл санаатай учруулсан байхад, хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйн улмаас хүндэрч нас барсан байна гэх хохирогчийг буруутгасан дүгнэлт хийж байгаад бид маш их гомдолтой байна.

Хэрэв ******* нь миний дүү ын биед халдаагүй бол, үхэлд хүргэх хэмжээний хүнд гэмтэл учруулаагүй бол өнөөдөр миний дүү амьд сэрүүн байх байсан. Асар хүнд гэмтэл авч 4-хөн өдрийн дотор нас барсан дүүгийн минь үхэлд *******ыг буруугүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Уг хэргийг сийрүүлбэл: Миний дүү нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед гэртээ байхдаа *******д зодуулсан. ******* нь иргэн ийг хайж очихдоо гэртээ унтаж амарч байсан, нийгэмд ямар ч гэм хор учруулаагүй дүүг минь зодсон. Дүү минь ярихдаа эхлээд нүүр лүү өшиглөсөн, сандрахдаа доошоо хараад хэвтсэн чинь нуруун дээр гараад дэвхэрчихсэн, аймаар юм байна, би айхдаа зугтаачихлаа гээд өөрийн төрсөн эгч гийн гэрт очсон байсан. Өөрийн гэрээс 200м зайд байрлах эгчийндээ очоод буцах замдаа шонгийн мод налан суун тусч байгаа бичлэг байсныг бид шүүх бүрэлдэхүүнд өгсөн. Хүнд зодуулсан, гэхдээ хөл дээрээ зогсож байсан дүүгээ үхэлд хүргэх тийм ноцтой гэмтэл аваад бага багаар үхэж байгааг бид огт төсөөлөөгүй, бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн.

Шүүгдэгч ******* нь шүүх хурлын явцад дүүг минь цохих үед эрүү хугарчихлаа гэснийг өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Түүний харгис үйлдлийн улмаас миний дүүгийн эрүү хугарч, ууц нуруун дээр дэвслэхэд гуя хэсэгт үхэлд хүргэх хэмжээний хүнд гэмтэл учруулсан гэх хангалттай үндэслэлтэй байна. Гэтэл бүх зүйл нотлогдон тогтоогдсон байхад шүүгдэгчийн гэм бурууг буруу зүйлчилж, хохирогчийг буруутгаж байгаа шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Зодуурын улмаас үхлийн гэмтэл авсан, түүнээс болж нас барсан байхад миний дүүгийн үхэлд ******* буруугүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******, ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 2-тЭрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

1.1 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон хэр нь прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчлэхдээ хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Шийтгэх тогтоолын 17-р талд амь хохирогч нь 2023 оны 07 дугаар сарын 29-нд ийнхүү цагдаагийн албан хаагчид зодуулснаас болж хөлд гэмтэл учирч доголох, хазганах байдлаар алхаж явсан нь хэрэгт хураагдсан бичлэгээр CD /компакт диск/, мөн хөл тус газартаа цагдаад өшиглүүлж, дэвсүүлсэн талаар тэрээр өөрийн найз, танилууд, сумын нэр бүхий хүмүүст хэлсэн нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч , , .... нарын мэдүүлгээр тогтоогдов...шүүгдэгч ******* нь амь хохирогчийг газарт унагах, хөлөн тус газарт өшиглөх, дээрээс нь дэвсэх зэргээр биед нь халдахад түүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг үйлдлийг ... санаатай гэмт хэрэг гэж үзнэ” гэж үндэслэлтэй дүгнэсэн хэр нь “амь хохирогч уг гэмтэл авснаас хойш 6 хоногийн дараа буюу эмнэлгийн тусламжийг оройтож авснаас шалтгаалан үжил үүсэж хүндэрч нас барсныг шүүгдэгчийг түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 55 минутаас 17 цаг 05 минутын хооронд амь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогддог бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* хохирогчийн биед халдсан үйлдэлдээ маргадаггүй.

Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн “Манай дүү 2023 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 02:00 цагийн үед манайд орж ирсэн, огт унтахгүй хөл дэлбэрэх гээд өвдөөд байна гэхээр нь үүрээр 05 цаг 25 минутад эмнэлгийн яаралтай тусламжид үзүүлсэн...” гэх мэдүүлгээс харахад тухайн гэмтэл авснаас хойш амь хохирогчийн биед 4 дэх хоногоос шинж тэмдэг тод илэрч, тэр даруй эмнэлгийн тусламж авахаар эмнэлгийн байгууллагад хандсан байна.

            Амь хохирогч нь ийнхүү шинж тэмдэг илэрсэн даруй эмнэлэгт очин үзүүлэхэд ясны гэмтэл байхгүй, үжил үжлийн шокны шинж тэмдэг илрээгүй байсан тул эмчийн зүгээс “зөөлөн эдийн гэмтэл" гэж оношлон эмийн эмчилгээ зөвлөн буцаасан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 06:00 цагт түүний биеийн байдал эрс муудаж сумын эмнэлэгт дахин очиж 2023 оны 08 дугаар сарын  3-ны    өдрийн 7:20-13:00 хүртэл эмчилгээ хийлгээд улмаар сумын эмнэлгээс Дундговь аймгийн нэгдсэн төв эмнэлэгт хүргэгдэн 08 сарын 03-ны өдрөөс  4-нд шилжих шөнө 02:30 минутад буюу гэмтэл авснаас хойш 5 дахь өдрөө нас барсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог.

           Мөн хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийн гэмтэл авсан хэсгийн фото зураг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 30 минут, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагт авагдсан байх бөгөөд 5 цагийн хугацаанд үжил хэр хурдацтай тархаж, өөрчлөлт орон биеийн байдал муудсан байгаа нь тодорхой харагддаг бөгөөд эмнэлэгт очоод ердөө 7 цаг хүрэхгүй хугацаанд нас барсан байна.

           Үүнээс харахад амь хохирогч гэмтэл авсан өдрөөс хойш 3 хоногийн дараагаас эхлэн нийт 3 удаа эмнэлгийн байгууллагад хандсан байх бөгөөд амь хохирогчийн үжил, үжлийн шок 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хурдацтай тархан амь насаа алдсан гэж үзэхээр байна.

           Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас харахад 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагт гэмтэл авсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 04-ний шөнө 02:00 цагт нас барсан буюу гэмтэл авснаас хойш 5 өдөр 9 цагийн дараа нас барсан байна. Үүнээс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06:00 цагт эмнэлэгт очсон буюу гэмтэл авснаас хойш 3 өдөр 13 цагийн дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар хандсан байна. Өөрөөр хэлбэл гэмтэл авсан эхний 3 өдөр амь хохирогчийн биед үжил үжлийн шокийн шинж тэмдэг илрээгүй байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс биеийн байдал эрс муудаж гэмтэл авсан 5 дахь өдрөө нас барсан байдаг.

            Гэтэл анхан шатны шүүх амь хохирогчийг гэмтэл авснаас хойш 6 өдрийн турш огт эмнэлэгт үзүүлээгүй, эмнэлгийн тусламж аваагүй 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 19:00 цагт анх удаа эмнэлэгт очсон гэж дүгнэн үхлийн шалтгааныг амь хохирогчийн өөрөөс шалтгаалсан гэсэн байдлаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3 шинжээч, түүнчлэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн 1, Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 1, нийт 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2024.03.21-ний өдрийн 260 дугаартай шинжээчийн ДҮГНЭЛТИЙН 8-д талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай авсан тохиолдолд амь нас аврах боломжтой боловч эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авсан нь хүндрэл үүсэн нас барахад нөлөөлсөн байна” гэж дүгнэснийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

           Монгол хэлний их тайлбар тольд “даруй” гэх үгийг тэр дороо, нэн даруй гэх утгаар тайлбарладаг бөгөөд амь хохирогч нь *******д зодуулсан даруй эмнэлэгт очиж тусламж үйлчилгээ авсан байхыг ойлгох бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалд амь хохирогч өөрийн биед учирсан гэмтлийг амь насанд аюултайг урьдаас тааж мэдэх боломжгүйн дээрээс мэргэшсэн эмч, эмнэлгийн байгууллагын үзлэг оношилгоогоор үжил, үжлийн шок илрээгүй нөхцөл байдал үүссэн байхад ийнхүү дүгнэлт хийсэн нь зүйд нийцэхгүй юм.

Мөн хавтаст хэрэгт авагдсан 260 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1-д “...Талийгаач нь баруун гуяны булчин завсрын цусан хураа халдварлагдан үжил, үжлийн шокоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ”, 3-д “...Талийгаачид учирсан баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл нь учирсан үедээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба үжил үжлийн шокоор хүндэрч нас барсан нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж дүгнэснээс үзэхэд амь хохирогчийн үхлийн шалтгааныг баруун гуяны ... гэмтэл, нь үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсныг тогтоосон байна.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээ талаас авч үзвэл гэмт этгээдийн үйлдэл амь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлаж байгаа аюулаа үйлдлээрээ бий болгосон, амь нас нь хохирох нөхцөл байдалд зориуд хүргэснээр амь хохирогчийн биед гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан буюу гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой хүндрэлийн улмаас амь хохирогч нас барсан гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг ойлгодог.

Энэ хэргийн тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ******* нь амь хохирогч ыг газарт унагах, хөлөн тус газарт нь өшиглөх, дээрээс нь дэвсэх зэргээр биед нь халдсан үйлдэл нь бусдын эрүүл мэндэд гэмтэл учрах, хохирол хор уршиг бий болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдэл нь уг хор уршигт зориуд хүргэсэн байгаа түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзэх тул ЭХТА-ийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

Дээрхээс дүгнэхэд хохирогчийн гэмтэл авсны даруй эмнэлгийн тусламж авсан эсэх, тодорхой хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухайн цаг хугацаанд бус хэд хоногийн дараа нас барсан нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхөөргүй байхад анхан шатны шүүх “ .. амь хохирогч нь уг гэмтэл авснаас хойш 6 хоногийн дараа буюу эмнэлгийн тусламж оройтож авснаас шалтгаалан үжил үүсэж хүндэрч нас барсныг шүүгдэгчийг түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн илт үндэслэлгүй шийдвэр болсон.

           Хоёр. Хохирол, хор уршгийн тухайд:

2.1 Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэрэгт хор уршигт тооцно” гэж, “Зайлшгүй зардал" гэдэгт нас барсан хүнийг оршуулахтай холбоотой гарсан шууд зардал буюу тухайн зардал гарахгүй л бол цогцсыг хүн ёсоор оршуулах үйл хийгдэхгүй байх зардлууд хамаарна гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тооцохдоо оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болох баримтгүй нэхэмжилсэн 15,000,000 төгрөг, хаан банкны харилцах дансны хуулгаар нэхэмжилсэн 4,944,900 төгрөг, нийт 19,944,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Амь хохирогч нь 10 хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд энэ хэргийн улмаас түүний гэр бүлд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиосон хүнд цаг үед буяны ажилд дээрх зайлшгүй зардлууд гарсан байдаг. Тухайн цаг хугацаанд хүнсний дэлгүүр болон хувь хүнээс зарлагын баримт нэхэмжлээд явах боломж нөхцөл байхгүйн дээрээс хөдөө орон нутгийн дэлгүүр, хувь хүн төдийлөн НӨАТ-ын баримт өгдөггүй тул зардлын баримтуудыг худалдан авалт хийхдээ шилжүүлсэн банкны харилцах дансны хуулгаар баталгаажуулан нотлох баримтаар гарган өгсөн.

Нотлох баримтаар гарган өгсөн хаан банкны , тоот харилцах дансны зарлагын гүйлгээний утгад “шарилын хайрцаг, айраг, мах” зэрэг тодорхой бичсэн илэрхий баримтууд байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх зайлшгүй гарсан зардлуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

2.2 Мөн анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу хамгийн багаар тогтоохдоо хохирогч нас барсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан шаналал, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 4-р зэрэг тогтоогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.07.04-ний өдрийн 2025/ШЦТ/13 шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү надтай хамт амьдардаг байсан. 40 гаран настай хүнийг айлаар амьдруулаад яах вэ гээд 5 ханатай гэр барьж тохижуулаад тавилгадаа явна гэж ярьж байсан. Ярьснаас 3 хоногийн дараа дүү минь хүнд зодуулчихлаа гээд 02 цаг өнгөрч байхад ирсэн. Яасан гэхэд сумын цагдаа ийм болгочихлоо гэж ирсэн. Сууж, явж чадахгүй нөхцөл байдалтай шөнө орж ирсэн. Хэвтэж амрахгүй юм уу? гэхэд хэвтэх байтугай сууж ч чадахгүй байна гэсэн. Гэр бол амар амгалан байх хамгаалах газар гэж боддог байсан. Гэтэл гэрт нь ороод үхэлд хүртэл нь зодно гэж зүүдэлж ч байгаагүй. Одоо би өдөр ч байсан байнга гэрээ цоожилдог. миний дүүгийн гэрт ороод зодоогүй бол миний дүү амьд байх байсан. Яагаад миний дүүг эрүүлжүүлээгүй юм. Миний дүүг эрүүлжүүлсэн бол өнөөдөр амьд байх байсан. Эмнэлгийн анхан шатны дүгнэлт гарсан байхад зөөлөн эдийн гэмтэл биш гэж дайраад дүүг минь үхэлд хүргэх хэмжээний зодсон байхад эмнэлгийн тусламж аваагүй гэж буруутгаж байгаад маш их гомдолтой байна. Ээж ааваасаа хойш дүүгээ түшье гэж бодож байсан. Ийм шүүх хурал болно гэж төсөөлөөгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж гуйж байна гэв.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэдэг 3 үндэслэлээр гомдол гаргаж байгаа. Хэргийн үйл баримт нь шүүхийн тогтоолд заасан үндэслэлтэй таарахгүй, бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал анхан шатны шүүхээс прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэмт үйлдэл буюу ыг зодох, өшиглөх, дэвслэх зэрэг үйлдлийг тогтоохдоо шийтгэх тогтоолын 17 дугаар талд гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримт, ын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдов, тогтоогдов гэж үндэслэсэн. Гэвч өмгөөлөгч нарын зүгээс юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр дээрх шүүгдэгч амь хохирогчийг газарт унагаах, хөлөн тус газарт өшиглөхөд эдгээр гэмтэл учирч, эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой гэж дүгнэсэн атал амь хохирогч уг гэмтэл авснаас хойш зургаа хоногийн дараа буюу эмнэлгийн тусламжийг оройтож авснаас шалтгаалан үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан байна. Үүний шалтгаант холбоог шүүгдэгчийн үйлдэлтэй хамааруулж ойлгохгүй гэж дүгнэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэрэглээгүй зүйлчлэлийг нь хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа юм. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан үйл баримтуудаар 2023 оны 07 сарын 29-ний өдрийн 16 цаг 55 минутаас 17 цаг 05 минутын хооронд амь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт хураагдсан Си Ди бичлэгээр хангалттай нотлогддог. Тухайн үйлдэлдээ ******* маргаагүй. Шинжээч эмч , нарын мэдүүлэгт авагдсанаар уг гэмтлийг авсан хүн эрүүл хүн шиг идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж явах бүрэн боломжтой, харин идээт үрэвсэл дарагдлын хам шинж үүсэх үед гуя, шилбэний хэсгээр чинэрч өвчин эмзэглэл ихсэх шинж тэмдэг илэрнэ гэж тайлбарласан. Шүүхээс 6 хоногийн дараа үзүүлээд эмнэлгийн яаралтай тусламж аваагүйн улмаас нас барсан гэж хохирогчийг буруутгасан шийдвэр гарсан нь энэхүү байдлаар няцаагдана гэж үзэж байгаа юм. ...Хэрэгт авагдсан баримтаас харахад 07 сарын 29-ний өдрийн 17 цагт гэмтэл авсан, 08 сарын 04-ний өдрийн 2 цагт нас барсан байгаа. Тэгэхээр гэмтэл авснаас хойш 5 өдөр 9 цагийн дараа амь хохирогч нас барсан. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн гэмтэл авснаас хойш 6 өдрийн турш огт эмнэлэгт үзүүлээгүй байж байгаад 08 сарын 03-ны өдрийн 19 цагт анх удаа эмнэлэгт очжээ. Иймээс эмнэлгийн яаралтай тусламж оройтож авсан байна гэж хохирогчийг буруутгасан дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. ...Анхан шатын шүүхийн үндэслэл болгоод байгаа ын үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь анхнаасаа учрахдаа хүндэвтэр гэмтэл байжээ. Энэ нь хүндрээд үжил үжлийн шокоор нас барчихсан байна гэж дүгнэсэн. Гэхдээ яагаад энэ 2 шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байгаа юм бэ? Тэгэхээр ын үйлдлийн улмаас тухайн хүнд гэмтэл учирч тэр учирсан гэмтэл нь 5 хоногийн дотор хүндрээд нас барчихсан байхад ын үйлдэл хүний үхэлд шалтгаант холбоогүй гэдэг дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. ...Хохирол, хор уршгийн тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй. Мөн Эрүүгийн ерөнхий ангийн 2.5.1, 2.5.2 дахь хэсгүүдэд хууль зүйн үндэслэлүүд тусгагдсан байдаг. Бидний хохирол, хор уршигтай холбоотой гомдол гаргаад байгаа үндэслэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтгүй 15,000,000, Хаан банкны харилцах дансны хуулгаар 4,944,900 төгрөг нийт 19,944,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл үүнийг шүүхээс харгалзаж үзээгүй. ...Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдэл тухайн амь хохирогчийн амь хохирсон байдалтай ямар ч шалтгаант холбоогүй гэчхээд нас барсантай холбоотой хор уршгийн зардал болох 2,000,000 гаран төгрөгийг нь хангаад шийдвэрлэж байгаа нь өөрөө маш том процессын алдаа болж байгаа юм. Шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн бол яагаад хохирол, хор уршгийг нь нөхөн төлүүлэхээр шүүгдэгчид даалгаж байгаа нь эргэлзээтэй. Нөгөө талаар хохирол хор уршгийг гаргаж байна гэдэг хүний үйлдлийн улмаас нас барсан гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд байгаа гэж харагдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох мэргэжлийн мэдлэг, ур чадвар бүхий шинжээч 4 дүгээр зэрэглэл гэж тогтоосон байдаг. Гэтэл шүүхээс тухайн зэрэглэлийн хамгийн доод хэмжээ буюу 23 дахин, ихэсгэж нэмэгдүүлсэн нь өөрөө ойлгомжгүй, үүнийгээ хууль  зүйн үндэслэлтэй тайлбарлаагүй гэж үзэж байгаа. Ганц үндэслэл нь хууль ёсны төлөөлөгч хохирогчийн төрсөн эгч нь байжээ гэдэг өгүүлбэрээр дүгнэлт хийж байгаа нь өөрөө ойлгомжгүй, үндэслэлгүй, хуулийн үндэслэл тайлбарлаагүй гэж үзэж байна. ...Бидний гомдсон гол үндэслэл нь хохирогч тухайн гэмтлийг аваад 5 сар, 5 жилийн дараа нас бараагүй. 5 хоногийн дотор нас барсан үйлдлийг яагаад шалтгаант холбоогүй гэж дүгнэж байна вэ? Мөн шарилын хайрцаг зэрэг хохирол, төлбөртэй холбоотой баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа тухайн цаг хугацаанд шарилын хайрцаг гээд хэн рүү ч шилжүүлчихсэн юм билээ гэх зохисгүй зүйл хэллээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухайн шүүхэд төлөөлөгчөөр оролцоод явж байх үедээ мөнгө нэхээгүй. Хүний хүүхдийг ял шийтгэлтэй үлдээе гэсэн хүсэл сонирхол байгаагүй. Гагцхүү хууль ёсны дагуу уучлалт гуйхыг хүссэн. Өмгөөлөгчдийн зүгээс хуульд ийм эрх олгогдсоныг нь тайлбарласны үндсэн дээр анхан шатны шүүхийн шатанд баримтуудыг гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны дүгнэлттэй, үндэслэлтэй байгаагүй учраас хүчингүй болгож өгнө үү гэв.

 6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдлын үндэслэлээ дэмжиж оролцож байна. Хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд зүйлчлэлийг хөнгөрүүлж 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Учир нь хэрэгт авагдсан үйл баримтаар *******ын үйлдлээс болж амь хохирогч ын биед гэмтэл учирсан гэдэг нь хангалттай тогтоогддог. *******ын хувьд цагдаагийн алба хаагч байгаа. Өөрөөр хэлбэл архи уулаа гэж хууль бус шаардлага тавьж, амь хохирогчийг өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдсан үйлдэл байдаг. Хэрэгт 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгчдийн зүгээс үндэслэлтэй гэж үздэг. Шинжээчийн дүгнэлтээр баруун гуянд учирсан гэмтэл хүндэвтэр зэргийн гэмтэл боловч хүндэрч үжил, үжлийн шокоор нас барсан байна гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр анх баруун гуянд учирсан гэмтэл битүү гэмтэл байгаа. Үүнийг амь хохирогч байтугай нарийн мэргэжлийн эмч нар ч үзээд мэдэхгүй нөхцөл байдал байсан. Битүү гэмтэл нь хүндэрч явсаар байгаад үжил, үжлийн шок болж нас барсан баримт байгаа. Гэмт үйлдэл, хор уршиг 2 шалтгаант холбоотой байхыг хуулиар шаардаж байгаа. Тэгэхээр хүндэвтэр гэмтэл хүндэрч нас барсан учраас гэмт хэрэг, гэмт үйлдэл, хор уршиг 2 шалтгаант холбоотой байна. Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар анхан шатны шүүх эмнэлгийн тусламж үйлчилгээ 6 хоногийн дараа авсан байна. Ингэж оройтож авснаас ийм нөхцөл байдал үүсжээ гэдэг байдлаар дүгнэлт хийдэг. Гэтэл шүүгдэгч өөрөө Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай үйлдэл хийж байгаа гэдгээ ойлгож, ухамсарлаж байсан. Тухайн үед анхан шатны шүүхийн дүгнэлтээр үхэлд хүргээгүй гэж үзэж байгаа боловч хүндэвтэр гэмтэл нь хүндрээд үхэлд хүргэх гол шалтгаан болжээ гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байгаа. Хүндэвтэр гэмтэл хүндрээд байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хэргийг хөнгөрүүлж зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. ...Зайлшгүй оршуулгатай холбоотой зардлууд гарч байгаа. Энэ хүмүүс сэтгэл зүйн хувьд ч гэсэн хэцүү байсан. Шүүгдэгч өөрөө хохирол төлбөрийг төлье гэдэг байр суурьтай байсан. Гол нь хохирол төлбөр авах гээд байгаадаа биш.  Манай  үйлчлүүлэгчийн ярьж байгаагаар хэрэг шүүхэд ирэх хүртэл ******* нэг ч  удаа  уучлалт  гуйгаагүй.  Үүнд  манай  үйлчлүүлэгч маш их гомдолтой байдаг. Зайлшгүй зардал гарчихсан, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хор уршиг учирсан байна. Баримттай, баримтгүй зардлууд өгсөн. Шүүх хэдий хуулиа барих ч гэсэн нэгэнт шүүгдэгч өөрөө анхан шатны хурал дээр гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөрөө төлнө гэдэг байр суурьтай орж байсан. Тиймээс хохирол хор уршигтай холбоотой гомдлын шаардлага гаргасан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн онцгойлж анхаарч үзээч гэж хүсэж байгаа учраас давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээ дэмжиж байна гэв.

7. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

8.  Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. *******ын хувьд 2023 оны 07 сарын 29-ний өдөр амь хохирогч той таарч түүнтэй үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас түүний биед халдаж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг үйлдэлд маргахгүй. Харин тухайн хүндэвтэр гэмтэл ямар шалтгааны улмаас хүндрээд эмчлэх болчихов гэдэг цаг хугацааны хувьд тайлбарлах шаардлагатай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас гаргаж байгаа үндэслэл нь *******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой. Анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 07 сарын 29-ний өдөр эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан гэдгээр шийдсэн нь үндэслэлгүй байна гэдэг байдлаар тайлбарлаж байх шиг байна. Шүүгдэгч талаас тайлбарлахдаа хохирогч 07 сарын 29-ний өдөр *******аас салаад , гэж эгчийнх рүүгээ хазганаад доголоод явж байсан гэдэг байдлыг хохирогч болон хохирогчийн талаас камерын бичлэг, шүүх хуралд үзүүлж, үзлэг хийлгэсэн. Камерын бичлэгээр 07 сарын 29-ний өдөр тухайн гэмтэл учирч гэдгийг нотолж байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын зүгээс 07 сарын 31-ний өдөр шинж тэмдэг илэрч 08 сарын 2-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлсэн гэж ярилаа. Тухайн гэмтлийн шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах шаардлагатай  байсан. Гэтэл яагаад 07 сарын 31-ний өдөр эмнэлгийн байгууллагад хандаагүй юм бэ? 08 сарын 02-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хохирогчийг Манал эмч үзээд  зөөлөн эдийн гэмтэл байна гэж оношлоод гэмтлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгөөд явуулсан нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Гэтэл хохирогч өөрөө гэмтлийн эмчид үзүүлээгүй орхиод явдаг. Ийм үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагддаг. Шалтгаант холбооны хувьд ын үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан байна гэж 3 дахь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хүндэвтэр гэмтэл нь цаашаа үжил болж амь хохирогчийн нас барах үндсэн шалтгаан болжээ гэж тодорхой дүгнэсэн. Тиймээс хохирогч  талаас  гаргаж  байгаа  гомдол  нь  үндэслэлгүй  гэж  үзэхээр  байна. Мөн хэргийн  мөрдөн  шалгах  ажиллагаа нь  хангалтгүй,  дутмаг  явагдсан гэдгийг анхан шатны шүүх хурал дээр хэлж тайлбарласан байгаа. Нян хаанаас орсон бэ? амь хохирогч нь *******д зодуулахаасаа 6 хоногийн өмнө Энхбаатар гэж хүнтэй уулзсан байна. Үүнээс нь нян орсон уу? битүү гэмтлээс нян орсон уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт шалгаж тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч талаас хохирол, нэхэмжлэлийн баримтуудыг огт гаргаж өгөөгүй. Хохирол нэхэмжлэлийн баримттай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах ямар ч нөхцөл бүрдээгүй байсан. Анхан шатны шүүх хурал дээр баримтуудаа гаргаж өгсөн. Уг баримтуудтай холбоотойгоор шүүгдэгч талаас ямар нэгэн маргаан, тайлбар гаргаагүй. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс тогтоосон хохирол, хор уршгийг бүрэн дүүрэн барагдуулахаа илэрхийлж байгаа. ...Шарилын хайрцаг, мах, айраг гэх гүйлгээний утгатайгаар хаашаа ч, ямар ч гүйлгээ хийх боломжтой. Харин хүлээж авсан хүн нь шарилын хайрцаг хийдэг үйлдвэр, компани мөн үү? биш юм уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай байсан. Тиймээс анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд хохирлыг тооцсон байх гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа *******ын үйлдэл нь хүндэвтэр гэмтэлтэй шалтгаант холбоотой юм уу, хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой юм уу? Уг үйлдэл нь ямар шалтгааны улмаас хүндэвтэр гэмтэл учруулсан бэ гэдгийг хууль зүйн дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна. Анхан шатны шүүх *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож торгож шийдвэрлэсэн. Хохирол, нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг нотлох баримтын шаардлага хангасан хэмжээнд тогтоогоод үлдэгдэл хохирлыг баримтаа бүрдүүлж шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэв.

9. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүх, прокурор, мөрдөгч нар нь гэмт хэргийн нотолбол зохих байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ хүрээнд прокуророос *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн. Шүүх хуралдаанаар тухайн хэргийн үйл баримтын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон. Гагцхүү шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтуудыг харьцуулан дүгнэлт хийж мөн хуралдаанд шинжээч эмчийг оролцуулсан байдаг. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Хохирлын хувьд баримтгүй 15,000,000, банкны хуулгаар 4,000,000 төгрөг нийтдээ 19,000,000 төгрөгийг нэхэмжилсэн агуулгаар гомдол гаргасан байна. Шүүхээс нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг учир хэлэлцэхгүй орхисон нь зүйтэй байна. Цаашид иргэний журмаар нэхэмжлээд явах бүрэн боломжтой. Мөн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт явагдсан. Гадны нянгаар халдварлагдсан эсэхийг анхан шатны хурал дээр тогтоогоогүй, өнөөдөр мөн тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд заавал гаднын нянгаар бохирлогдохгүй гэдгийг шинжээч мэдүүлсэн байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээч Ганзориг цус, бөөгнөрөл нь орчиндоо сэлгэгдэхгүй, урсахгүй тохиолдолд үжил үүсэх боломжтой гэдэг талаар тодорхой мэдүүлсэн байгаа.  Хоёрдугаарт  шарилын  хайрцгийн  асуудлаар  хохирогч  талаас  баримтаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацаанд явагдсан. Энэ хугацаанд баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй, шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

1. Прокуророос *******ыг Дундговь аймгийн сумын хэсгийн цагдаагаар ажиллах хугацаандаа буюу 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн сумын баг тоотод оршин суух ын гэрт “архи уулаа” гэх хууль бус шаардлага тавьж, амь хохирогч ын хөл рүү өшиглөх, хөл дээр гишгэж дэвслэх зэргээр зодсоны улмаас түүнд баруун гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл учруулж, улмаар үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан хүнд хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс амь хохирогчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 22.357.148 төгрөгөөс 19.944.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 15.062.248 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, шийдвэрлэсэн байна.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч *******, ******* нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,  хохирол хор уршгийг буруу шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

4. Хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулбал зохих байдлыг тодруулаагүй, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Тухайлбал:

Гэмт хэрэг гарсан байдлын талаар нарийвчлан тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан байдлын талаар өгсөн гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл гэрч ийн “Бид хоёр авсан архиа задлаад уугаад талд нь орж байтал ганцаараа орж ирсэн...Цагдаа гаднаас орж ирэх үед бүрлээч халамцуу л байсан, бараг уугаагүй эрүүл байсан, би ухаанаа алдаагүй халамцуу байсан” гэх мэдүүлэг  2-р хх-н 85  дугаарт, “би маргааш нь хөдөө яваад өгсөн болохоор уулзаагүй” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 156-рт, гэрч ын “2023 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Би сумын төвд , , нартай явган явж байсан чинь ах гэрийнхээ үүдэнд явж байхаар нь араас нь очоод тэдний гэрт бид хэд орсон. ах тэр үед гэрээ цэвэрлэж байсан. Тэр үедээ доголоод байхаар нь “хөлөө бас яасан юм” гэж асуусан чинь цагдаа хөл рүү өшиглөсөн юм шиг байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 111-рт, гэрч Ж.ийн “2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ах хоёр нэлээд согтуу нэг шил 0.75 литрийн хараа архи дөнгөж задлаад сууж байсан. Тэр хоёр согтчихсон болохоор нэг их уугаагүй, би тэр архины ихэнхийг уусан болохоор тасарчихсан байсан...Тэрнээс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 148-149-рт тус тус авагджээ.

            5. Тухайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр талийгаач ын гэрт болж өнгөрсөн үйл баримт болон үүнээс хойш той уулзсан эсэх талаар дээрх гэрч нар эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх тул гэмт хэрэг гарсан байдлын талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзнэ.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач ын нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор 3 удаа шинжээч томилсон ба хамгийн сүүлд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 260 дугаартай дүгнэлтийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргажээ.

            7. Уг дүгнэлтэд “1.Талийгаачийн цогцост эрүү ясны хугарал, баруун гуя, зүүн шилбэний  зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл учирчээ. 3. Талийгаач баруун гуяны булчин завсрын цусан хураа халдварлагдан үжил, үжлийн шокоор хүндэрч олон эрхтэний дутагдалд орж нас баржээ. 4. Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг нь оношийг зөв тавьж, амь  тэнссэн үеийн зохих тусламж үйлчилгээ, эмчилгээг журмын дагуу хийсэн байна. 6. Талийгаачид учирсан баруун гуя, зүүн шилбэний  зөөлөн эдийн няцрал, цусан хураа гэмтэл нь учирсан үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба үжил, үжлийн шокоор хүндэрч нас барсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэснийг үндэслэн анхан шатны шүүх амь хохирогч нь уг гэмтэл авснаас хойш 6 хоногийн дараа буюу эмнэлгийн тусламжийг оройтож авснаас шалтгаалан үжил үүсэж хүндэрч нас барсныг шүүгдэгчийг түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            8. Шүүгдэгч *******ын талийгаач ын биед халдсан гэх үйл баримт 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш болсон талаар гэрч нар,  талийгаач нь сууж чадахгүй байдалтай 2023 оны 08 дугаар сарын 02-ны  өдрийн 02 цагийн орчим Дундговь аймагт ирж улмаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өглөө буюу 06 цагийн орчим Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт болон холбогдох эмчид үзүүлсэн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлсэн байна.

9. Үүнээс үзэхэд талийгаач нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанаас хойш 4 дэх өдрөө буюу 80 орчим цагийн дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр хохирогчийг буруутгасан дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй. 

Өөрөөр хэлбэл талийгаач од учирсан “баруун гуя, зүүн шилбэний  зөөлөн эдийн няцрал, цусан хураа” гэмтэл нь “үжил, үжлийн шокоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас барах”-д хохирогчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа эсхүл эмнэлгийн байгууллага болон шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа  нөлөөлсөн эсэхийг нарийвчлан тогтоохгүйгээр хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь буруу байна.

10. Мөн 1-р хавтаст хэргийн 39-40 дүгээр талд талийгаач ын гуя хэсгийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минут болон 17 цагт тус тус харуулсан байдал гэх фото зураг авагджээ.

Дээрх фото зургаас үзэхэд талийгаач од учирсан “баруун гуя, зүүн шилбэний  зөөлөн эдийн няцрал, цусан хураа” гэмтэл нь фото зурагт тусгагдсан цаг хугацаанд маш хурдан хүндэрч үхлийн шалтгаан болсон эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай.

11. Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул хохирогч талаас гаргасан хохирол, хор уршгийг буруу шийдвэрлэсэн гэх гомдлын талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн гомдлыг хүлээн авч Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/13тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/13тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******д урьд авсан  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                     Г.БАЯРДАВАА

 

                                                             Г.МӨНХБАТ