Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 000212

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Б.А

Шүүгдэгч О.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Л-т холбогдох эрүүгийн 1825002850220 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Тэнгэр телевизд ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Өндөр дэнжийн тоотод оршин суух, урьд 2012, 2013 онуудад 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овгийн О-ны Л.

 

Шүүгдэгч О.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутагт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал, халадны үнэ нийт 357.400 төгрөгийг төлнө. Өөр ярих зүйлгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэгт бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирол төлбөрт бүгд 357.400 төгрөг нэхэмжилж байна. Гомдол саналгүй гэв.

 

-Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө ажил дээрээ үүргээ гүйцэтгээд байж байтал 07 цаг 25 минутын үед Л 103-аар хүргэгдэн ирсэн. Ирэхдээ толгой, хүзүү, 2 гараас нь цус гоожсон, цагаан өнгийн бинтээр боосон байсан. Өвчтөнийг мэс ажилбарын өрөө рүү оруулж орон дээр хэвтүүлсэн. Тэгээд шархыг нь шалгах гэтэл үзүүлэхгүй босч хөдөлж байсан учир хэвтүүлэхээр оролдоод дарж байх хооронд хэл амаар доромжилон би үзүүлэхгүй гэж гар хөлөө савчиж байсан. Энэ үедээ миний толгойны арагшаа өшиглөсөн. Миний ард сувилагч Пүрэв-Очир байсан, түүний нүүр рүү өшиглөсөн байсан. Тэгээд би доошоо тонгойгоод нөгөө залууг дарж ноцолдсон. Ноцолдож байхдаа Лийн нүүрэн тус газар цохих гэсэн боловч оноогүй. Тэгээд дийлэхгүй болохоор нь шархыг нь үзэхээ болиод цагдаад дуудлага өгөөд мэс ажилбарын өрөөг орхиод гарсан. Энэ үед эхнэр нь хүрч ирээд орилж чарлаад нөхөртөө хандаж үзүүлээч цус гараад байна, чи болиоч гэж хэлж байсан. Бас бид нар руу та нар үзээч цус алдаад байна гэж хашгирч байсан. Л эхнэрийнхээ хамт эмчилгээний өрөөнд орж ирээд бас л хэл амаар доромжилоод дунд хуруугаа гаргаад над руу дайрч байгаад духны зүүн хэсгийн дээд тал руу духаараа мөргөсөн, тэгээд тухайн үед чи намайг зодсон шүү гэж орилоод байсан. Миний ярианд суух цаг болсон учир халадаа солиод шуурхайд суухаар мэдээгээ аваад явсан. Дараагийн ээлжийн эмч ирж шархыг нь цэгцэлсэн байна лээ гэсэн мэдүүлэг /хх 14-16 ху/

 

-Гэрч Б.П-ын: 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 07 цагийн үед ажил дээрээ байж байтал 103-аар толгой, 2 гарандаа шарх авсан хүн ирсэн юм. Тэгээд боолтны өрөө рүү оруулаад Амраа эмчийг дуудаад Амраа эмчийн хамт боолтны өрөө рүү явж байтал өвчтөн боолтны өрөөнөөс гараад ирсэн. Тэгэхээр нь өвчтөнөөс яасан бэ? хаачих нь вэ? гэсэн чинь би боолт хийлгэхгүй гэхээр нь тэгж болдоггүй юм гэж хэлээд боолтны өрөө рүү буцаад аваад орсон. Толгойдоо шархтай болохоор нь орон дээр хэвтүүлсэн боловч оёулахгүй гэсэн байдлаар босч өндийж ирээд байсан юм. Эмч тэгж болохгүй ш дээ гэж хэлээд цээжин дээр нь дарсан. Тэгээд хөлөө буулгах гэхээр нь хөлиийг нь дарсан чинь хөл нь миний нүүр рүү нэг удаа, бас нуруу руу өшиглөсөн. Зөвлөх эмч Батбаяр гаднаас орж ирээд юу болоод байгаа юм бэ? гэсэн чинь зөвлөх эмчийг есөн шидээр хэлээд байсан. Зөвлөх эмч цагдаа дууд гэж хэлээд гараад явсан. Гэтэл өвчтөний эхнэр нь орж ирсэн, тухайн үед манай дарга Батсүхийг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилоод байсан. Тэр үед цусаа гоожуулсан, фодвольк нь нил цус болсон байсан. Амраа эмч намайг бичлэг хий гэхээр нь гар утсан дээрээ бичлэг хийсэн. Бичлэгийг Амраа эмчид өгсөн. Өрөөнөөс гараад явах гэсэн чинь намайг өшиглөхөөр нь би чи намайг яагаад өшиглөж байгаа юм бэ? гэсэн чинь урдаас хэл амаар доромжилоод байсан. Тэгээд би тэр өрөөг орхиод гарсан. Гар утсаа гаргаж ирээд манай эмч рүү шидсэн. Амраа эмч бид хоёрыг тарианы өрөө рүү орсон байхад нөгөө залуу орж ирээд Амраа эмчийг нүүрэн тус газар нь мөргөсөн. Би энэ үед араас нь татаад салгасан. Тухайн үед Л нь бид нарыг болон эмнэлгийн дарга албан хаагчдыг хэл амаар доромжилсон, Амраа эмчид гар хүрсэн гэсэн мэдүүлэг /хх 35 ху/

 

-Гэрч Ж.Н-ийн: 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өглөө 07 цагийн үед ажил дээрээ байж байтал Амраа эмч, Пүрэв-Очир 2 гэмтсэн хүн аваад боолтны өрөө рүү орж явсан. Гэтэл нөгөө согтуу хүн чинь орилж хашгираад дуу чимээ гараад байсан. Амраа, Пүрэв-Очир хоёр өрөөнд орж ирснээ энэ хүн оёо тавиулахгүй юм, Пүрэв-Очирыг өшиглөдөг байна ш дээ гэж хэлээд цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Тэгээд байж байтал нөгөө залуу чинь бид 3 дээр орж ирээд чиний эмч гэж юу байсан юм, чам шиг гөлөгөөр оёо тавиулахгүй гэж хэлээд гар утсаа Амраа эмч рүү шидсэн. Тэгээд нүүрэн дээр нь салаавч өгөөд гараараа нүүр рүү нь чичиж байсан. Цээж рүү нь цохисон. Энэ үед нэг өвчтөн ирээд Амраа эмч карт нээж байтал нөгөө залуу чинь текний ард тойрч ирсэнээ Амраа эмчийн толгой руу нэг удаа мөргөсөн. Энэ үед Пүрэв-Очир салгасан гэсэн мэдүүлэг /хх 36 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 332 дугаартай шинжээчийн...Б.Агийн биед тархи доргилт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /хх-ийн 18 ху/,

 

            - Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 384 дугаартай шинжээчдийн: Б.Агийн биед учирсан гэмтэл үндэслэлтэй байна. Б.Агийн биед тархи доргилт үүссэн байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 332 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 24 ху/

 

-О.Лийг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 03-04/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60-61ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч О.Лийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч О.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутагт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт эмнэлгийн тусламж авахаар ирсэн үедээ эмч Б.Аг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... шархыг нь шалгах гэтэл үзүүлэхгүй босч хөдөлж байсан учир хэвтүүлэхээр оролдоод дарж байх хооронд хэл амаар доромжилон би үзүүлэхгүй гэж гар хөлөө савчиж байсан. Энэ үедээ миний толгойны арагшаа өшиглөсөн. Л эхнэрийнхээ хамт эмчилгээний өрөөнд орж ирээд бас л хэл амаар доромжилоод дунд хуруу гаргаад над руу дайрч байгаад духны зүүн хэсгийн дээд тал руу духаараа мөргөсөн гэсэн мэдүүлэг,  гэрч Б.П-ын Амраа эмч бид хоёрыг тарианы өрөө рүү орсон байхад нөгөө залуу орж ирээд Амраа эмчийг нүүрэн тус газар нь мөргөсөн гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Н-ийн Амраа эмч карт нээж байтал нөгөө залуу чинь текний ард тойрч ирсэнээ Амраа эмчийн толгой руу нэг удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал,цээжинд зулгаралт бүхий гэмтэл учирсаныг тогтоосон 332, 384 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч О.Лийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

       Шүүгдэгч О.Лээс 357.400 төгрөг гаргуулан хохирогч Б.Ад олгох нь зүйтэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, халадыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар О.Лээс 357.400 төгрөг гаргуулан хохирогч  Б.А-д олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, халадыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ