Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00502

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/00502

 

 

 

Р.С -нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00091 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Р.С , Н.Д , Р.Г нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тогтоосон ажиллагаа, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Р.С , Н.Д , Р.Г нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Г надад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаар захирамжаар 70 715 903 төгрөгийг гаргуулан Эм эй эф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилуулж үнэлгээ хийгээгүй. Энэ тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт албан ёсоор танилцуулаагүй, мэдэгдээгүй хууль зөрчсөн. Мөн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар тайлбарлан мэдэгдээгүй атлаа албадан дуудлага худалдаануудыг явуулж өмчлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгчээс албадан дуудлага худалдаа хийлгэх тогтоолоо надад албан ёсоор урьдчилж танилцуулаагүй.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор хийгдсэн иргэн Н.Д , Р.С -нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон албадан дуудлага худалдаа хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаар захирамжаар Р.Г ээс 70 715 903 төгрөгийг гаргуулж Эй эм эф ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Р.С , Н.Д нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 62.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын эвлэрлийг баталгаажуулан шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 130 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 91 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон бөгөөд мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч Р.Г т гардуулж, мөн сарын 27-ны өдрийн 4/13061, 4/13062 дугаартай мэдэгдлээр өмчлөгч нарын оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Албадан дуудлага худалдаанд санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнийн 50 хувиар тооцон 65 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 4/14817, 4/14818 дугаартай мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өмчлөгч Р.С т гардуулж, Р.Г , өмчлөгч Н.Д нарт мэдэгдлийн хувийг дамжуулж өгөхийг мэдэгдсэн. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 67 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/22 дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/15 дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай Р.С , Н.Д , Р.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: Хариуцагч байгууллага нь хөрөнгийн өмчлөгч Н.Д д үнэлгээг ирүүлэх талаар мэдэгдээгүй, Н.Д уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, төлбөр авагчтай үнэлгээг тохиролцоогүй байхад шинжээчээр үнэлүүлэхээр заасан дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг худалдан авах санал ирээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/25 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж энэ талаарх мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4/14817, 4/14818, 4/14819 дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байна. Төлбөрт хураагдсан хөрөнгийн хамтран өмчлөгч болох Н.Д тай хамт амьдардаг Р.С т мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөрөнгийн өмчлөгч Н.Д д 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухайгаа өөрт нь мэдэгдээгүй ба өмчлөгчтэй хамт амьдардаг Р.С т мэдэгдсэн нь Н.Д д албан ёсоор мэдэгдсэн гэх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.С , Н.Д , Р.Г нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ.

НШШГГ- нь төлбөр төлөгч Р.Г Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаартай захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох Н.Д , Р.С -нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К106 байр, 5 тоотод байрлах 62.24 м.кв талбай бүхий орон сууцыг хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг болох бичгийн нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоожээ. Дээрх ажиллагаанд талууд маргаангүй, харин дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох болон дуудлага худалдаа явуулах ажиллагааг хуульд заасан журмыг зөрчсөн эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж, хөрөнгөд үнэлгээ хийлгэх журамтай.

Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч Р.Г , өмчлөгч Н.Д , Р.С -нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/9359, мөн сарын 29-ний өдрийн 4/10370, 4/10371 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийн дагуу Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К106 байр, 5 тоотод байрлах 62.24 м.кв талбай бүхий орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлжээ. /хх82,84/ Уг саналыг төлбөр авагч Эм эй эф ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан байх тул талуудыг харилцан тохиролцсон гэж үзээд шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг дүгнэхдээ дээрх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учир нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 6 дугаар сарын 07-ний өдөр явуулах тухай мөн оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4/13061, 4/13062, 4/13063 дугаартай мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч Р.Г , өмчлөгч Р.С , Н.Д нар нь хүлээн авсан үйл баримт хэргийн 93-98 дугаар талд авагдсан мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Монгол шуудан ХК-ийн баримтаар нотлогдож байна. Мөн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр явуулах тухай мөн оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлийг өмчлөгч Н.Д тай хамт амьдарч буй охин Р.С т хүлээлгэн өгч, түүнд мэдэгдэхийг даалгасан болох нь хэрэгт авагдсан 4/14817 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх102-105/ Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албадан дуудлага худалдааг явуулах ажиллагааг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД