Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0001/З |
Дугаар | 221/MA2018/0341 |
Огноо | 2018-06-13 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/MA2018/0341
2018 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2018/0341 | Улаанбаатар хот |
|
|
|
Я.Б-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Р нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0194 дүгээр шийдвэртэй, Я.Б-ны нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0194 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б-ны нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0000166 дугаар Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, Я.Батсайханы өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... Тус шийдвэрээр үйл баримтыг зөв тогтоосон боловч иргэний зөрчигдсөн эрх хаана очиж сэргээгдэх тодорхойгүй байна. Учир нь Я.Батсайханы тэтгэврийг зогсоосон үндэслэл нь дээрх улсын байцаагчийн акт байсан, тус актын үндэслэл болоод хууль хэрэглээнд маргаснаар шүүх хүлээн авч уг актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэний гол хүсэл зорилго нь тэтгэврээ авах асуудал юм. Гэтэл тэтгэврийг үргэлжлүүлэн олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Актыг хүчингүй болгосон ч түүний үр дагаврыг нь шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа нь эргээд иргэний эрхийг сэргээх боломжгүй байдлыг үүсгэж байна.
Шүүх “... хариуцагчаас уг хугацааг хүнд нөхцөлөөр ажилласан жилд оруулан тооцолгүйгээр Я.Б-ны хүнд нөхцөлд ажилласан хугацааг 1 сар 3 өдөр дутуу гэж үзэж тэтгэврийг зогсоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Я.Б-ны ажиллаж байсан Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгтгэл нь хуульд заасны дагуу ажилтнаас суутгасан болон ажил олгогчийн хувьд төлөх ёстой байсан шимтгэлээ нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй бөгөөд энэ нь Я.Батсайханы тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс шаардлага хангасан гэж үзэн хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон атлаа, нэхэмжлэгчээс хамаараагүй шалтгаанаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг зогсоож өмнө авч байсан 1.326.714,0 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.
Дээрх дүгнэлтээс үзэхэд маргаан бүхий акт өөрөө хууль зүйн үндэслэлгүй гарсан байх бөгөөд тэтгэврийг зогсоох үндэслэл мөн адил тогтоогдохгүй байгаа болно.
Нийгмийн даатгалын хэлтэс нь: Байгууллага, Аж ахуй нэгжийн буруутай ажиллагаанаас үүдсэн асуудалд иргэнийг буруутгаж, хохироож байгаад гомдолтой байгаа юм. Тус байгууллага нь өөрөө шимтгэл төлөлтөд хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий байгууллага байж одоо иргэнд тухайн үеийн шимтгэлийг байгууллагын өмнөөс нөхөн төлөх ямар ч боломж, гарц гаргалгаа байхгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус актыг нь шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй гэх тайлбарыг гаргаж байгаа болно.
Нэгэнт иргэнд тухайн байгууллагын шимтгэлийг нөхөн төлөх ямар ч боломж байхгүй байдал үүсчихсэн байхад шүүх иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, гарснаас хойшхи тэтгэврийг үргэлжлүүлэх олгож шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа юм Учир нь тухайн үед нь иргэн ажилласан гэдэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон бусад баримтаар хангалттай тогтоогддог.
Хэрэгт авагдсан баримтаар Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгтгэл нь 1991-1994 онд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бөгөөд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн авто зам ХХК нэрээр 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр татан буүтдсанаар бүртгэгдсэн байна.
Ажилтны ажилласан хугацаанд ногдох актаар дутуу гэж үзсэн 1 сар 03 өдөр нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын санд оруулсны дараа тэтгэвэр авах эрх үүсэхээр холбогдох хуулиудаар зохицуулжээ.
Нэгэнт татан буугдсан байгууллагаар нөхөн төлүүлэх ямар ч боломжгүй байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл. тайлбарт дурдагдсан асуудал. Энэ талаар талууд маргадаггүй, хуулийн хүрээнд ямар ч гарц гаргалгаа байхгүй байсан тул шүүхэд хандсан байдаг.
Иргэн шударгаар ажилласан шигээ шударгаар тэтгэврээ авах хүсэлтэйг анхаарсангүй.
Татан буугдсан байгууллага дээр хуурамч шимтгэл төлөлтийн тайлан бүрдүүлэх эсхүл ажиллаж байгаагүй байгууллага дээрээ хуурамч тайлан гаргуулж шимтгэл нөхөн төлүүлэх байдалруу оруулж байна. Энэ нь тэгээд ч хуулийн хүрээнд ямар ч боломжгүй юм. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Авто зам нэгтгэл нь татан буугдсан, захирал нь нас барсан, байгууллагын тамга тэмдэг байхгүй тул нөхөн тайлан гаргах ямар ч боломж байхгүй. Хариуцагч талын саналын дагуу “Г г” ХХК болон харьяалах дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж нөхөн төлүүлэх асуудал яригдсан ч бас л боломжгүй байсан, учир нь тухайн ажиллаж байсан байгууллага нь өөр байгууллага юм.
Иймд дээрх үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн гаргуулах боломжгүй байдлыг харгалзан үзэж, иргэн өөрөөс үл шалтгаалах байдлаар хохирсон бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Я.Б-ны өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрхийн талаар зөрчилтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 08 дугаарс арын 25-ны өдрийн 0000166 дугаар актаар Я.Б-д үндэслэлгүй тогтоосон тэтгэврийг 08 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох, үлдэслэлгүй авсан 1326714 төгрөгийг Я.Б-аар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Я.Б уг актыг хүчингүй болгож, тэтгэвэр үргэлжлүүлэн олгохыг даалгах шаардлага гаргажээ.
Тэтгэвэр зогсоохоор шийдвэрлэсэн дээрх акт хүчингүй болсноор түүний зөрчигдсөн эрх сэргэж, урьд авч байсан тэтгэврээ үргэлжлүүлэн авах үр дагавар үүсэх бөгөөд захиргааны байгууллагаас үргэлжлүүлэн олгохоос татгалзах үндэслэл байхгүй болохоор байхад анхан шатны шүүх “тэтгэвэр үргэлжлүүлэн олгохыг даалгах” шаардлагыг тусдаа шаардлага гэж үзэж, тусад нь дүгнэлт хийхдээ дээрх актыг хүчингүй болгосон үндэслэлээ үгүйсгэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Хариуцагч дээрх актаар нэхэмжлэгч Я.Б-ыг хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангаагүй буюу 12 жил 4 сар 27 хоног ажилласан гэж үзэхдээ шүүхээс тогтоосон гагнуурчнаар ажилласан хугацаанд төлсөн шимтгэлийг ажиллаж байсан байгууллага болох Авто зам нэгтгэл нь нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй гэж, гомдлын шаардлагын зөвлөл нь уг 1 сар 3 хоногийн шимтгэлийг Я.Б-ыг нөхөн төлбөл тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой гэж үзжээ.
Анахн шатны шүүх энэ талаар “... ажил олгогчийн хувьд төлөх ёстой шимтгэлээ нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй нь Я.Б-ны тэтгэвэр авах эрхийг хязгаалах үндэслэл болохгүй” гэж зөв дүгнэн актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийг сэргээж шийдвэрлэсэн атлаа “ажилтны ажилласан хугацаанд ногдох 1 сар 3 хоногийн шимтгэлийг ажил олгогчоос нөхөн гаргуулж, санд оруулсны дараа тэтгэвэр авах эрх үүсэхээр холбогдох хуулиудаар зохицуулсан” гэж “тэтгэвэр үргэлжлүүлэн олгохыг даалгах” шаардлагы хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болжээ.
Өөрөөр хэлбэл Я.Б-ны ажиллаж байсан Авто замын нэгтгэл гэх байгууллага одоо байхгүй, тухайн шимтгэлийг хэн төлөх нь тодорхойгүй байхад өөр этгээдийн үүрэгтэй холбогдуулж өндөр насны тэтгэвэрийг хүнд нөхцөлөөр авах шаардлага хангасан Я.Б-ны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх үндэслэлгүй.
Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны хууль бус акттай холбоогүй, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй “тэтгэвэр үргэлжлүүлэн олгохыг даалгах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0194 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “... зарим шаардлагыг хангаж, ...” гэснийг “шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0000166 дугаар актыг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...35100” гэснийг 70200” гэж тус тус өөрчлөн, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Я.Батсайханы гаргасан ... өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ