Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 246

 

“СИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БОАЖЯ, ГӨДГСГЗ-нд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:            М.Батсуурь,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн даргын Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг усан сан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 дугаар албан мэдэгдэл, ГӨДГСГЗ-ны даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0885 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, Ж.Мягмарсүрэн, өмгөөлөгч С.Эрдэнэсувд нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0885 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СИ" ХХК-аас БОАЖЯ-, Галба-Өөш Долоодийн говийн сав газрын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбатын Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усны сан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшинд хаяглан хүргүүлсэн мэдэгдэл, Галба-Өөш Долоодийн говийн сав газрын захиргааны дарга Б.Ялалтбаярын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 албан бичиг, БОАЖЯ-ны Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг буюу 1669 га талбайг усны сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тооцож бүртгэсэн бүртгэл, байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулсан бүртгэл, Галба-Өөш Долоодийн говийн сав газрын захиргааны дарга Б.Ялалтбаярын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.9, 10 дугаар зүйлийн 10.1.17, 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сора интернешнл ХХК-иас БОАЖЯ-, ГӨДСГЗ-нд тус тус холбогдуулан гаргасан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбатын Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усны сан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн Кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд хаяглан хүргүүлсэн мэдэгдэл, ГӨДСГЗ-ны дарга Б.Ялалтбаярын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонтөгс, Г.Жамбалдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “...БОАЖЯ- нь усны сан бүхий газар болон түүний онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг усны мэдээллийн санд төвлөрүүлэхээр заасан боловч анхан шатны шүүх энэхүү эрх нь аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн нь үндэслэлгүй. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хянаад...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

4. Тодруулбал, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах тухайд: Хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч тал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/1879 дүгээр албан бичгийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаа “Шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтэр”-ээр нотолсон. Тухайн өдрөөс хойш нэхэмжлэлээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18/019 дүгээр албан бичгээр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 18 хоногийн хэтрүүлсэн байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар шийдвэр гаргах ёстой байтал нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ. Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах” гэж заасныг зөрчиж хэргийг бүхэлд нь хянаж, хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргажээ. Хэргийн хоёр ба түүнээс дээш оролцогч гомдол гаргасан эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд л давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагчийн гаргасан “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар шийдвэр гаргах ёстой байсан” гэх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар дүгнэсэн атлаа гомдлын шаардлагаас хэтэрсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчиж байна.

5. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд зөвхөн хариуцагчаас гаргасан гомдлын шаардлагын хүрээнд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбарыг л шүүх бүрэлдэхүүн сонссон. Маргааны үндсэн үйл баримт, нотлох баримт, хууль зүйн үндэслэлийн талаарх тайлбар хэлэх боломжийг олгоогүй, тайлбар хэлэх гэсэн боловч шүүх бүрэлдэхүүн тайлбарыг сонсолгүйгээр зогсоож, илтэд нэг талыг барьж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

6. Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0885 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тухайд: нэхэмжлэгч “СИ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1669 га газрыг бүрэн эрх нь хуулиар олгогдоогүй хариуцагч ГӨДСГЗ-, БОАЖЯ-ууд нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэн, мэдээллийн сангийн кадастрын зураглалд бүртгэн авсан нь хууль бус юм.

7. Тодруулбал, Дорноговь аймгийн Засаг даргын ажлын хэсэг томилсон 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/76 дугаар захирамж болон ажлын хэсэг нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийг тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж заасныг зөрчиж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал буюу өөрт хамаарахгүй асуудлаар аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлт нь эрх зүйн хувьд шаардлага хангахгүй тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн ба хуралд оролцсон комиссын гишүүд дүгнэлт гаргаж гарын үсэг зурж батлаагүй байдаг.

8. Уг ажлын хэсэг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох талаар дүгнэлт гаргахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.7-д “Хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй гольдрол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй” гэж заасныг үл хэрэглэн шийдвэр гаргасан нь усны тоо бүртгэлээр гадаргын ус бүртгэгдээгүй газарт хамгаалалтын бүс тогтоосон нь хууль журмыг зөрчсөн. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 7 хүний бүрэлдэхүүнтэй байснаас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон манай компанийн 2 төлөөлөгч болон бусад 4 гишүүний гарын үсгийг зуруулаагүй, зөвхөн 2 гишүүн болох аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ш.Амгалансайхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Х.Отгонжаргал нарын гарын үсгээр баталгаажсан шийдвэр гэж гаргаад түүнийгээ албан ёсоор бидэнд танилцуулаагүй.

9. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбат нь дээрх хууль бус ажлын хэсгийн дүгнэлт, ГӨДГСГЗ-ны дарга Б.Ялалтбаяраас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 09 тоот албан тоотыг тус тус үндэслэн “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан. Үүнийгээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд хаяглан хүргүүлсэн үйлдэл нь хууль бус байна.

10. Хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн гаргасан маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг зөрчсөн, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Энэ хуулийн 21.1-д заасан мэргэжлийн байгууллага нь усны нөөц, түүнээс ашиглах боломж нөөцийн хэмжээг хайгуул, судалгаагаар тогтооно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.9-д “улсын мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих”, 10.1.17-д “улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбогдолтой мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм.

11. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч “СИ” ХХК нь БОАЖЯ-, ГӨДГСГЗ-нд холбогдуулан, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших, Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 дугаар мэдэгдэл, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

14. ГӨДГСГЗ- 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтэст хандан, “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Гөлөөн манханы тойрмын ус цуглах нийт талбай нь 9000 га орчим бөгөөд зүүн хойд, зүүн, зүүн урд, урд баруун урд зүгээс 4-6 гол буюу сайрын хур борооны ус цугладаг тул тус талбайг усны сан бүхий газарт тооцох үндэслэлтэй байна” гэжээ.

15. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд Сав газрын захиргааны усны харилцааны талаар хэрэгжүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийг нэрлэн заасан боловч маргаан бүхий газрыг “усны сан бүхий газарт” тооцох эрх олгогдоогүй байтал анхан шатны шүүхээс “... усан бүхий газар, энгийн хамгаалалтын бүс тогтоох иргэдийн Хуралд олгогдсон бүрэн эрх байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр “усны сан бүхий газарт” тооцсон болохоос анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн энгийн хамгаалалтын бүс тогтоох талаар зохицуулалт хийгээгүй.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “гадаргын ус гэж бүртгэгдээгүй газарт усны нөөц тогтоосон, усан тойром бүрдээгүй” гэж, хариуцагчаас “усан сан бүхий газар үүссэн” гэж маргасан байхад шүүх энэ талаар нотлох баримт цуглуулаагүй, эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

17. БОАЖЯ-ны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/925 дугаар албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргад хандан, “Гөлөөн манханы тойрмыг “Усан сан бүхий газарт” тооцож, 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авлаа” гэж буюу маргаан бүхий албан бичгээр нэгдүгээрт, усан сан бүхий газарт тооцох, хоёрдугаарт, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэсэн гэх хоёр асуудлыг шийдвэрлэсэн.

18. Усны тухай хуулиар усан сан бүхий газарт тооцох шийдвэрийг захиргааны ямар байгууллага гаргах, ямар журамтай болохыг тодруулж, маргааны үйл баримтад холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай, энэ ажиллагааг анхан шатны шүүхээс хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс алдааг залруулаагүй нь буруу болжээ.

19. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0885 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаар магадлал тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ