Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн *******, ******* сумын Ардчилсан намаас нэр дэвшигч  *******, *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: ******* сумын Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга *******т, нарийн бичгийн дарга *******т нарт   холбогдох тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, илт хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтанд бүртгэхийг даалган, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын  18-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* сумын Сонгуулийн хорооны дарга *******, нарийн бичгийн дарга *******, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сурталчилгаагаа хийж явахад ******* утсаар яриад та хууль зөрчсөн байна гээд дуудахад нь би сурталчилгаагаа орхиод сонгуулийн хороог хүндэтгээд ирсэн. Би яасан талаар асуухад таны бичиг баримт хууль бус байна гээд Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасан нэр дэвшигчийг хасах хүртэл арга хэмжээ авна, хоёрт та энэ хуулийг зөрчөөд байвал 6 жил төрийн албанаас хасагдаж, 4 сая төгрөгөөр торгуулах юм байна гэсэн хуулийн заалт уншуулсан. Би хуулийн мэдлэгтэй хүн биш, нэр дэвшигч жирий иргэн хүн. Би Сонгуулийн хуулийг юу ч мэдэхгүй. Таны буруу байна гэхэд би яах вэ гэхэд нэр дэвшигчийг хасна, өөр арга боломж байна уу гэхэд боломж байхгүй гэсэн. Би хэргээ ганцаараа үүрээд 4 хүнийг дэвшүүлж болох уу гэхэд сонгуулийн хороо болохгүй гэхэд нь би зөвшилцөх хугацаа гуйсан. Надад цагийн чөлөө өгсөн. Би цагийн дараа ирээд надад боломж байхгүй юм байна. Би миний буруу гэдгээ толгойгоороо хариуцна гэж хэлсэн нь үнэн. Би сонгуулийн хороонд очсоны дараа 5 нэр дэвшигчээ дагуулаад цагдаа н.Даваажав дээр очиход ямар ч гомдол гараагүй учраас шалгах үндэслэл байхгүй гээд буцаасан.

        Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2, 29.5.3-ийг зөрчсөн. Сонгуульд оролцож байгаа аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий, үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах, сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд ноцтой зөрчил үзүүлсэн гэж байгаа. Дээрх зүйлийг зөрчсөнөөр Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн үндсэн зарчмын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5 дахь хэсэгт зааснаар сонгуульд оролцох эрхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж болохгүй гэх заалтуудыг зөрчсөн. Сонгуулийн хорооны 05 тоот тогтоол нь энэ 5 хүнийг сонгож огт болохгүй гэж Сонгуулийн хорооны хэсгийн ахлагч ухуулж байсан явдал байгаа. Мөн дээрх хуулийг зөрчиж Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3 буюу хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахиж ажиллах гэснийг алдагдуулсан. Мөн хуулийн сонгуулийн сурталчигааны үйл ажиллагааны баталгаа гэсэн хэсгийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.3 дахь хэсгийг зөрчсөн байгаа гэж үзэж байна гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* сумын Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* сумын Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох 2016 оны ээлжит сонгуульд Дэрстэй баг буюу 449 дүгээр хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн *******, *******, *******, *******, ******* нарын нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалт, 70 дугаар зүйлийн 70.5.13, 70.5,16 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасчээ. Нэр дэвшигч *******, *******, *******, *******, ******* нар нь ******* сумын Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн иргэдэд чухал гэсэн хэсгүүдийг тодруулах, тодотгох зорилгоор хураангуйлан боршуур гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д заасныг баримтлан хэвлэж сонгогчдод тараасан. Бид намын мөрийн тусгагдаагүй зорилт, арга хэмжээг оруулаагүй бөгөөд сонгуулийн тухай хуульд сурталчилгаа хийхэд хориглосон заалтыг зөрчөөгүй юмаа. Гэтэл бидний тараасан боршуурыг хууль зөрчсөн байна ирж уулз гэж Сонгуулийн хорооны дарга ******* 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим утсаар дуудахаар нь очтол та нар хууль бус зүйл тараасан байна. Ардын намаас өргөдөл ирсэн та нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасна эсвэл та нар намтай тохироо хийгээд ир тэгвэл хасахгүй байж болно гэсэн. Бид яахаараа тохироо хийх ёстой гэж бид хууль зөрчөөгүй Сонгуулийн хороо хэтэрхий нэг талыг барьж нэг намд үйлчилж байна. Биднийг хууль зөрчсөн гэвэл шалгадаг газар нь шалгана та нар биднийг хасах эрх байхгүй гэв. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө сумын Сонгуулийн хороон дээр сумын намын хорооны дарга Х.Лхагва-Очирыг очтол нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хассан тогтоол гарсан байсан. Сонгуулийн хорооны тогтоолын тогтоох хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 70 дугаар зүйлийн 70.5.13, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Бидний тараасан сонгуулийн сурталчилгааны материалд бусдыг гүтгэх, доромжлох гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг тараасан зүйл огт байхгүй юмаа. Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д  заасан захиргааны зөрчил гарсан Захиргааны акт ямар тохиолдолд илт хууль бус захиргааны актад тооцогдох вэ гээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд тодорхой байгаа. Гаргасан тогтоол нь хууль үндэслээгүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай байгаа. Яагаад вэ гэхээр нэр дэвшигчийн жагсаалтаас хассан байгаа. Нэр дэвшигч гэдэг нь нэг хүний тоо. Нэг хүний тоотой жагсаалтаас 5 хүнийг хасах боломжгүй. Хуулинд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах гэж байгаа тул утга агуулгын хувьд илэрхий алдаатай байгаа гэж ойлгоно. Тухайн захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. 47.1.3-т. Өөрийнх нь эрх хэмжээний биш асуудал дээр өөрөө тогтоолоо гаргачихсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх байгаагүй байхад захиргааны акт гаргасан нь захиргааны акт нь илт хууль бус болох нэг үндэслэл байгаа. Тэгэхээр өөрийнх нь эрх хэмжээний асуудал биш зүйл дээр утга агуулгын илэрхий алдаатай учраас бүхэлдээ хууль бус гэж үзэж илт хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Яагаад уг тогтоол нь буруу гарсан бэ гэхээр эдгээр хүмүүс нь зөрчил гаргасан ч Сонгуулийн  хороо зөрчлийг хянан дүгнэх эрх зүйн субьект мөн үү. Тийм эрх Сонгуулийн хороонд байхгүй. Эрх хэмжээнээсээ хэтэрч Монгол Ардын нам нь өргөдөл өгөхөд тэрийг нь аваад өргөдлийг хүлээн авч хуралдаад шийдвэрээ гаргачихдаг эрх хэмжээ байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т зааснаар эрх хэмжээнд олгогдоогүй асуудлаар ирүүлсэн өргөдлийг тухайн сонгуулийн байгууллага нь хүлээн авахаас татгалзаж өргөдлийг буцаана. Өөрт хамааралгүй асуудлыг барьж авч дүгнэлт хийж, тогтоолоо гаргаж хассан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байгаа. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-ийг үндэслэж хассан байгаа. Үүнийг тухайн сумын Сонгуулийн хороо шийдэхгүй. Шалгадаг, шийдвэр гаргадаг байгууллага нь тус тусдаа байгаад шийдвэр гарсныг үндэслээд хасах ёстой. Тэгтэл эхнээсээ дуустал хууль бус явсан, хассан.  Тэгэхээр илт хууль бус, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл учраас яах аргагүй хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Хэрэгт яриатай СD-ний бичлэг байгаа. Тэрийг харилцан маргахгүй байгаа учраас сонсох шаардлагагүй. Тэрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх дээр эрх зүйн талаас нь тайлбар хийх гэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримтыг гаргахыг хориглоно гэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт нотлох баримтын чанараа алдана” гэж заасан байдаг. Сонгуулийн хороо эрх хэмжээний хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана. Хуульд заасан тогтоол гаргахдаа Сонгуулийн хорооны эрх зүйн байдал, эрх хэмжээний талаарх хуулийн зүйл заалтыг дурдан үндэслээгүй нь тухайн тогтоол Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.2.4, 40.2.5, 40.3, 40.4, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.3 дахь заалтыг тус тус  зөрчсөн эрх зүйн үйлчлэлгүй, илт хууль бус захиргааны акт болох илэрхий байна.  Монгол Ардын намын хорооны гомдлыг үндэслэн Сонгуулийн хороо хууль бус шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.6,    13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26, 27 дугаар зүйлд заасныг тус тус зөрчжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

        Хариуцагч *******, ******* нар нь  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолыг илт хууль бус гээд байна. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалтыг үндэслээд мөн аймгийн Сонгуулийн хороонд, цагдаад мэдэгдэж асуудлыг хэлэлцсэний дагуу хийсний эцэст гаргасан шийдвэр учраас хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан үндэслэл тогтоогдвол гэж байгаа. Иргэн ******* нь өөрөө энэ зөрчлөө хүлээн зөвшөөрч, та бүхэн гаргадаг шийдвэрээ гарга, надад боломж олгооч гэж гуйсны дагуу хоёр цагийн боломж авч явсан. Эргээд та хэд гаргадаг шийдвэрээ гарга би гаргасан шийдвэрийг чинь хүлээн зөвшөөрнө, өөрөө толгойгоороо хариуцна гээд гаргасан. Би энэ тогтоолыг Сонгуулийн тухай хууль, аймгийн Сонгуулийн хорооноос арга зүйн зөвлөгөө авч ажилласан. Үүнийг илт хууль бус гэж үзэхгүй байгаа. Хасаад хуулийг хэрэгжүүлж ажилла гэдгийг санал авах байрны ахлах зохион байгуулагчид хэлсэн. Тогтоолуудыг уншиж танилцуулсан гэсэн. Танилцуулах явцад битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөс өмнө зөрчилтэй холбоотой асуулт асуусан гэсэн. Тэр хүмүүс зөрчлийн талаар мэдэхгүй учраас ямар ч хариулт өгөөгүй гэсэн. Жишээлбэл н.Дэлгэр гэх хүнээс зөөврийн хайрцгаар санал авах гээд очихдоо тэр тогтоолыг уншиж танилцуулсан. Тэгэхэд тэр ******* тэргүүтэй 5 хүн чинь нэг цаас өгсөн. Одоо тэрийгээ устга гээд байх юм санал өгөх юм уу гэж маш их төөрөгдсөн. Хүмүүс Сонгуулийн хорооноос гарсан тогтоолыг сайн ойлгоогүй байсан. Энэ хүмүүс өөрсдөө Сонгуулийн тухай хуулийн мөрдөж ажиллах ёстой хүн өөрөө хууль мэдэхгүй гэж байгаа учраас хөдөө орон нутгийн хүмүүс цочирдож хүлээн авсан нь ойлгомжтой. Тийм учраас янз янзын фактууд өмнө нь ирсэн. Ганцыг дурдахад Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байхад надад хэд хэдэн удаа Дэрстэйн залуучуудаас бидний дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн шоу зохион байгуулах гэж байна гэсэн. Би үгүй байлгүйдээ гэхэд ******* нь өөрөө надруу залгаж орж ирээд аймгийн сайн малчин н.Заяабаатар нь өөрөө санхүүжүүлж шоу зохион байгуулах гэж байна. Үүнийг яах вэ гэхээр нь би хуулиа мөрдөж ажиллаарай гэсэн. Тэгэхээр хүмүүс тогтоолыг ойлгож зураагүй байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

        Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Сонгуулийн хороо нь эрх хэмжээнийхээ хүрээнд өргөдөл гомдлыг хүлээн авалгүй буцаах байтал хүлээн авч шийдвэрлэсэн талаар яриад байна. Энэ дээр Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т “сум, дүүргийн сонгуулийн хорооны эрх хэмжээ” гэж байгаа. Үүнд 34.1.4-т “өөрийн эрх хэмжээнд  хамаарах асуудлын хүрээнд ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Үүний дагуу Монгол Ардын намаас ирсэн өргөдлийг эрх хэмжээнийхээ дагуу шийдвэр гаргасан байгаа гэж үзэж байгаа учраас сум дүүргийн сонгуулийн хороо нь ямар ч асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхгүй буцаан гэх ойлголт үгүйсгэгдэж байгаа. Нэхэмжлэлийн гол шаардлага нь ******* сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтад бүртгэхийг даалгаж өгнө үү гэж байгаа. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хууль бус акт болохыг тогтоолгох талаар яриад байна. Нэхэмжлэгч маань шүүх хуралд яг юу хэлэх гэж байгаагаа тодорхойлж чадахгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Тогтоолыг хүчингүй болгох гээд байгаа юм уу, хууль бус акт гэдгийг тогтоолгох гэж байгаагаас харахад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж чадахгүй байна. Ардчилсан намаас нэр дэвшигч нэр бүхий 5 хүмүүс нь багт хийж хэрэгжүүлэх ажлууд нэртэй 11 ажлыг хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжих хугацаа, хариуцах эзэнтэй нь гаргаж сурталчилгаанд ашигласан байгаа. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу Сонгуулийн хорооноос ирүүлсэн баримтууд, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн байгаа шийтгэвэр, 2016 оны ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нэртэй аймгийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргасан сэтгүүл эх хувиар мөн эдгээр 5 нэр дэвшигч нарын багт хийж хэрэгжүүлэх ажлууд нэртэй, нэр дэвшигч нарын өөрсдийнх нь гарын үсэгтэй нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Нэхэмжлэлийн гол шаардлага, үндэслэл маань энэ 5 хүн багт хийж хэрэгжүүлэх ажил гэж намаасаа тусдаа ийм мөрийн хөтөлбөртэй байхыг, сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байгаа нь Монгол Ардын нам гомдол гаргах эх үүсвэр нь тавигдсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар нам эвслээс нэр дэвшигч маань тухайн нам эвслийн сонгуулийн  мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно гэж заасан хуулийн заалтыг 5 нэр дэвшигч нар маань хууль мэдэхгүй байдлаасаа болж ийм буруу зүйл ашиглаад сурталчилгаа хийж байсан нь буруу юм. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч энэ 5 хүн болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тусад нь мөрийн хөтөлбөр гаргаж явуулсан буруу гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бид нар хууль мэдэхгүй гээд хуулийн хариуцлагаас чөлөөлөгддөг хуулийн заалт байхгүй. Эдгээр хүмүүс насанд хүрээгүй хүн биш, төрийн албан ажилладаг, хувиараа нэр дэвшихгүй намаас нь нэр дэвшүүлж байгаа ч гэсэн нам нь Сонгуулийн тухай хуулийн маш сайн судалж мэдэх ёстой байсан. Энэ нь эдгээр хүмүүсийг ямар нэгэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн арга зүйн зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт миний дурдсан Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-г маш тодорхой заагаад ингэж бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно гэдгийг дээд газраас нь арга зүйн зөвлөгөө өгч бүх аймаг, сумд хүргүүлсэн байгаа. Үүнийг иргэдээс болон Монгол Ардын намаас гаргасан өргөдлийн дагуу ******* сумын Сонгуулийн хороо нь тогтоол гаргасан. Уг тогтоолдоо Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг барьсан. 70 дугаар зүйл нь хууль бус сурталчилгааг хориглох гэсэн зүйл. Энэ дээр 70 дугаар зүйлийн 70.5.13,  70.5.16-г зөрчөөд эдгээр хүмүүс нь үйл ажиллагаа явуулсан учраас Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар хуулийн дагуу нээр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн, хэт нэг талыг барьж, аль нэг намд ажилласан шийдвэр болохгүй юм. 159 дүгээр зүйлийн 159.2 дээр нь “нэр дэвшигч бүртгүүлснийхээ дараа тухайн нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах, тэр нь энэ хуулийн 52,.67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн байгууллага нь нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч нэрсийг мэдээлнэ гэх хуулийн дагуу ******* сумын сонгуулийн хорооны нэр дэвшигчдийг бүртгэсэн бүртгэлээсээ хасч, нийтэд мэдээлсэн байгаа. Энэ нь хууль ёсны дагуу явсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Цагдаагийн байгууллагад хэлсэн хэлээгүй, цагдаад заавал хэлэх ёстой байсан гэж байна. Энэ нь заавал эхлээд цагдаад өгөөд зөрчил мөн эсэхийг тогтоож байж нэр дэвшигчээс хасах асуудал биш. Зөвхөн  дээрх зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага бүртгэсэн нэрсийн жагсаалтаасаа хасна гэж байгаа. Үндэслэл тогтоогдвол гэж байгаа учраас заавал шүүхийн шийдвэр гарснаар хасна гэсэн ойлголт биш юм. Шүүхэд эхэнд өгсөн нэхэмжлэл дээрээ заавал цагдаагаар тогтоолгоод шүүхээс шийдвэр гарсны дараа хасах ёстой байсан. Тэгсэн бол ямар нэгэн маргаан гаргахгүй гэж байгаа. Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэг дээр эдгээр хүмүүсийн яриад байгаа зүйл байгаа. Энд Улсын Их Хурлын сонгууль гэж байгаа. Өнөөдөр орон нутгийн хурлын сонгуулийн хорооны бүрэн эрхийн хэмжээ нь 18 дугаар бүлэгт байгаа. Дотроо 151 дүгээр зүйлээс эхлээд явчихсан байгаа учраас 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар зөвхөн үндэслэл нь тогтоогдвол сонгуулийн хороо нь тогтоол гаргаж хасаж болно гэсний дагуу эдгээр хүмүүсийн хууль бус сурталчилгаа явуулаад байгаа үндэслэл нь тогтоогдож, нэхэмжлэгч нар нь тэрийгээ хүлээн зөвшөөрчихсөн, хэрэгт авагдсан баримтаар дээр үндэслэл нь давхар тогтоогдсон учраас Сонгуулийн хороо нь тогтоол гаргасан байгаа. Түүнээс хэтэрхий нэг тал, нэг намд үйлчилж тогтоол гаргаагүй байгаа. Сонгуулийн тухай хуулийн 116 дугаарт зөрчил тогтоогдож шийдвэр гараагүй, зөвхөн үндэслэл  нь тогтоогдсон учраас Сонгуулийн хороо нь тогтоолоо гаргасан байгаа гэдгийг хэлмээр байна. Зөрчил, үндэслэл нь хоёр өөр утга агуулгатай байгаа гэдийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

         Гуравдагч этгээд нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2016 оны орон нутгийн сонгуульд ******* сумын Дэрстэй багт Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдон түр үнэмлэхээ авсан төлөөлөгч. Мөн Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон , , , бид нарын сонгогдсон эрх зөрчигдөж байна. Бид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд хуулийн дагуу оролцож ард түмнээс сонгогдсон. Гэтэл бидний төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралд оролцуулахгүйгээр Ардчилсан намаас нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрхгүй байна. Өөрөөр хэлбэл Есөнбулаг сумын иргэн *******ын гаргасан нэхэмжлэл нь бидний эрхийг ноцтой зөрчсөн ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн хууль бус шаардлага байна. Иймд Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надтай хамт сонгогдсон , , С.Батболд нар нь хөдөө алс хол байдаг нүүдэл хийгээд холбоо барих боломжгүй байгаа учраас шүүхэд ирж тайлбар өгөх боломжгүй байгаа. Гэхдээ бид нэгдмэл сонирхолтой учраас нэг нь төлөөлж тайлбар өгөх бүрэн боломжтойбөгөөд өөрсдөө ч тийм саналыг хэлж байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, ...Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааны талаарх зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаад, эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэр гарсаны дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн сонгуулийн байгууллага шийдвэр гаргах ёстой байтал Сонгуулийн хороо, Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр 114.3 дахь заалтыг зөрчин хууль бус шийдвэр гаргасан процессийн хувьд үйл ажиллагаа нь буруу” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж   Говь-Алтай аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ы өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох, нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтанд бүртгэхийг даалгах, нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       ******* сумын Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 05 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалтыг үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох 2016 оны ээлжит сонгуульд Дэрстэй баг буюу 449 дүгээр хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн *******, *******, *******, *******, ******* нарын нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалт, 70 дугаар зүйлийн 70.5.13, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн тул нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан байна.

        ******* сумын Сонгуулийн хороо нэр дэвшигч *******, *******, *******, *******, ******* нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахдаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын Ардын намын хорооноос 15 дугаар албан бичгээр сумын сонгуулийн хороонд гаргасан өргөдлийг хүлээн авч сумын сонгуулийн хорооны гишүүдийн хурлыг хуралдуулан бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна гэж үзэж тогтоол гаргасан байгаа нь 15 дугаар албан бичиг, ******* сумын Сонгуулийн хорооны хуралдааны 03 дугаар тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

       Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаар нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрхтэй боловч дээрх нөхцөл байдлаас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 67.3, 70.5.13, 70.5.16 заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд энэ үндэслэл тогтоогдвол нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээллэхээр байна.

       Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ.

       Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн ******* сумын Сонгуулийн хороо тухайн 5 нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 67.3, 70.5.13, 70.5.16-д заасныг зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр гараагүй байхад хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т  заасныг үндэслэн нэр дэвшигчдийг нэрийг жагсаалтаас хассан нь үндэслэлгүй байна.

       Мөн Сонгуулийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт зөрчил шийдвэрлэх үйл ажиллагааг зааж өгсөн байх бөгөөд хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана”, хуулийн 116.2-т “...захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана” хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж зааснаар зөрчлийн талаар гомдол мэдээллийг хаана гаргах, хэн шалгах талаар зохицуулсан байхад ******* сумын Сонгуулийн хороо ******* сумын Монгол Ардын намын хорооноос гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байгаа нь хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

         ******* сумын Сонгуулийн хороо 05 дугаар тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13. 70.5.16 заалтуудыг үндэслэл болгосон хэдий ч энэ зөрчлийн талаар ******* сумын Монгол Ардын намын хорооны гомдол болон сонгуулийн хорооны гишүүдийн хурлын тэмдэглэлд уг зөрчлийн талаар дурдагдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонихролд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байх тул  дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэр дэвшигч нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан ******* сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлтэй байна.

        Нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтанд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх ******* сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар *******, *******, *******, *******, ******* нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг хүчингүй болгож, илт хууль бус захиргааны актад тооцсоноор Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 157 дүгээр зүйлийн 157.9-д заасны дагуу нэр дэвшигчдийг бүртгэсэн сумын Сонгуулийн хорооны тогтоол хүчин төгөлдөр хэвээр үйлчилээд явах боломжтой бөгөөд уг хасагдсан нэр дэвшигчдийн бүртгэл хүчинтэй тул нэрийн жагсаалтад бүртгэхийг даалгах шаардлагагүй харин агууллагын хувьд нэхэмжлэлийг шаардлага хангагдсан гэж үзлээ.

         Нэр дэвшигчдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх шаардлагын тухайд: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд ******* сумын Сонгуулийн хорооны нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай 05 дугаар тогтоол 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд саналын хуудас хэвлэгдсэний дараа буюу саналын хуудсийг дахин хэвлэх боломжгүй болсоны дараа *******, *******, *******, *******, ******* нэр дэвшигчид нэрийн жагсаалтаас хасагдсан байна. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэрийн жагсаалтаас хасагдсан бол уг саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулахгүй” гэж зааснаар саналын хуудас хэвлэгдсэний дараа нэрийн жагсаалтаас хасагдсан тул саналын хуудсаар санал авч хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулаагүй нь сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 06 дугаар тогтоол, тогтоолын хавсралт буюу төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалт /хавтаст хэргийн 130, 131 хуудас/, ******* сумын ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулсан ажлын тайлан /хавтаст хэргийн 127-129 хуудас/, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  тогтоогдож байна.

       Харин нэр дэвшигчдийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан ******* сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны 05 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны актад тооцож, хүчингүй болгосоноор нэр дэвшигч нарт өгсөн саналыг Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т зааснаар сонгуулийн дүнд оруулахаар байна.

        Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 3 дугаар багаас нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоогоор ******* 132 санал буюу 61.68 хувь, ******* 131 санал буюу 61.21 хувь, ******* 120 санал буюу 56.07 хувь, ******* 119 санал буюу 55.61 хувь, ******* 114 санал буюу 53.27 хувийн санал авсан байгаа нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 12-ны 690 тоот албан бичиг, Говь-Алтай аймгийн ******* сумын ИТХ-ын сонгуульд 3 дугаар багаас нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо /хх-ийн 147, 150 хуудас/, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 05-ны 89 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 136, 142, 143 хуудас/-аар нотлогдож байх тул Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11-д зааснаар нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэх нь сумын Сонгуулийн хорооны эрх хэмжээ байх тул даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

        Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2016 оны ээлжит орон нутгийн  сонгуульд Дэрстэй баг буюу 449 дүгээр хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн *******, *******, *******, *******, ******* нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн талаар аймгийн Монгол Ардын намын хороо, түүний төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гомдол ирсэнийг тус цагдаагийн газрын захиргааны зөрчлийн гомдол мэдээллийн М-1544 дугаарт бүртгэн шалгаж байгаа”,  гэсэн Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны 33/2932 тоот албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр гарсан байгааг дурдах нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.10, 106.3,12 дахь хэсгүүдэд заасныг урдирлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, захиргааны акт илт хууль бус болохыг тооцсугай.

2. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11, 160 дугаар зүйлийн 160.2 заасныг баримтлан нэр дэвшигч *******, *******, *******, *******, ******* нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг ******* сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.ЗОЛБАДРАХ