Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 000222

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц Ю.Г

Шүүгдэгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1806024910207 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкны механик мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 110 дугаар ангид дэмжлэгийн ротын ахлах научик, оператор ажилтай, ам бүл-4, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил баг, 100 айл 6а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Д-ийн Б.

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн амрах байранд дэд түрүүч Г.А-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн амрах байранд цэргийн алба хаагч түрүүч Д.Ө, М.Б, дэд түрүүч О.Г нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд хийсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрөө бүрэн төлсөн гэв.

 

-Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би цэргийн ангийн 2 дугаар амрах байранд байж байхад байлдагч Т амрах байранд зөвшөөрөлгүй орж ирээд шинэ цэрэгүүдээс идэх зүйл асуугаад байхаар нь би Т-ыг дуудаж чи яагаад зөвшөөрөлгүй орж ирж байгаа юм бэ? гэж хэлээд Т-ыг гар дээр нь суниалгах гээд тушаал өгөхөд биелүүлэхгүй байхаар нь бага дарга нараа дууд гэж хэлсэн. Удалгүй түрүүч Б, дэд түрүүч Ө, А, Г, байлдагч О нар хамт ирэхээр нь жагсааж зогсоогоод бага дарга нарыг цэргүүдтэйгээ харьцаж чадахгүй байна гэж үүрэг тавьж байгаад гар тулж газар хэвтүүлээд эргэж босгоод бага дарга нарыг 2-3 удаа тус бүр нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад би өөрөө цохисон. Маргааш нь өглөөний хоолны дараа дэд түрүүч А над дээр ирээд миний эрүү их зовиуртай хоол идэж болохгүй байна гэхээр нь А-г дагуулаад ротын захирагч а/х Б.Бат-Эрдэнэ, ротын ахлагч Чулуунбаатар нарт мэдэгдэж ангийн эмч д/ч Чулуунцэцэгт А-гийн биеийг үзүүлэхэд яаралтай зураг авахуулах хэрэгтэй гэсэн. Тэгээд А-г дагуулан эмнэлгт очиж зураг авахуулахад эрүү нь хугарсан байна гэсэн. А-г Улаанбаатар хот руу цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд А хагалгаанд орж эрүүгээ хадуулсан Билгүдэ, Ө, Г нарын биед гэмтэл учраагүй гэсэн мэдүүлэг /хх 46-47 ху/

 

-Хохирогч Г.А-гийн ...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад тухайн өдрийн салбарын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан научик, оператор дэд ахлагч Б нь бүх бага дарга нарыг дуудсан. Тухайн үед би 3 дугаар амрах байранд байсан ба Бын дуудсан 1 дүгээр амрах байранд очсон. Тэнд түрүүч Б, дэд түрүүч Ө, дэд түрүүч Г, байлдагч Т нар болон миний бие байсан. Тэгээд Б биднийг гар тулж хэвт гэсэн команд өгсөн. Бид нар гар тулж хэвтэхэд босоод ир гэсэн. Тэгээд босоход биднийг бүгдийг нь шанаадаж цохиж эхэлсэн, эхлээд биднийг баруун талаас цохиж, дахиад баруун шанаа руу цохисон. Дараа нь бас элэг рүү нь цохисон. Тэгээд биднийг дараагийн ажилдаа ор гэсэн би 3 дугаар амрах байрандаа очсон. Тухайн үед баруун шанаа янгинаж өвдөөд шөнөдөө хавдаад хоносон. Маргааш өглөө нь Бт хэлэхэд хамт явж зураг авахуулсан. Гэтэл хугарсан байна гэсэн. Эмчилгээний зардалд 8.800.000 төгрөг гарсан бөгөөд Бын талаас бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлэг /хх 12-14 ху/,

 

-Хохирогч Д.Өийн... би цэргийн албанд 2017 оны 01 дүгээр сарын ээлжээр татагдаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хуваарьлагдаж улмаар 1 дүгээр салааны түрүүч цолоор шагнагдсан. 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой цэргийн байранд байхад байлдагч Т орж ирээд дэд ахлагч Б бага дарга нарыг дуудаж байна гэж хэлсэн. Тухайн үед Б дэд ахлагч цэргийн амралтын байранд хувцасаа солиод байж байсан. Б дэд ахлагч дээр түрүүч Б, дэд түрүүч А, Г, байлдагч Т нарын хамт ороход Б дэд ахлагч та нар яадаг болчихсон юм бэ, гар тулж хэвт гэсэн команд өгөхөөр нь бид нар гар тулж хэвтсэн. Б дэд ахлагч Гоос эхлэж босгоод нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эхэлсэн. Гийн дараа А, Б, миний бие гэсэн дарааллаар газраас босгож зодсон. Нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэсэн. Тэгээд бид нарыг тар гэж тушаагаад явуулсан. Маргааш нь хоолонд орж байхад дэд түрүүч А-гийн эрүү нь хавдчихсан, хоол идэж чадахгүй байна гэж байсан. Тэр өдрөө эмнэлэгт үзүүлээд эрүү нь хугарсан байна гэж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/

  

-Хохирогч М.Бгийн...Би цэргийн албанд 2017 оны 1 дүгээр ээлжээр татагдаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хуваарилагдаж улмаар 1 дүгээр салааны түрүүч цолоор шагнагдсан юм. 2018 оны 03 сарын 13-ны орой цэргийн байранд байхад байлдагч Т орж ирээд дэд ахлагч Б бага дарга нарыг дуудаж байна гэж хэлсэн. Надаас гадна дэд түрүүч А, Г, Ө, байлдагч Т нар хамт ороход Б та нар яадаг болчихсон юм бэ, гар тулж хэвт гэсэн команд өгөхөөр нь бид нар гар тулж хэвтсэн. Б дэд ахлагч Гоос эхлүүлж босгоод нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эхэлсэн. Гийн дараа А, миний бие, Ө гэсэн дарааллаар газраас босгож зодсон. Нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэсэн. Миний биед гэмтэл учраагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх 19 ху/

 

-Хохирогч О.Гийн...Би цэргийн албанд 2017 оны 1 дүгээр ээлжээр татагдаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хуваарилагдаж улмаар 1 дүгээр салааны дэд түрүүч цолоор шагнагдсан юм. 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой цэргийн байранд байхад байлдагч Т орж ирээд дэд ахлагч Б бага дарга нарыг дуудаж байна гэж хэлсэн. Б дэд ахлагч амралтын байранд байсан ба түрүүч Б, дэд түрүүч А, Ө, байлдагч Т нар хамт ороход гар тулж хэвт гэсэн команд өгөхөөр нь бид нар гар тулж хэвтсэн. Б дэд ахлагч надаас эхлүүлэн босгоод нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эхэлсэн. Миний дараа А, Б, Ө гэсэн дарааллаар газраас босгож зодсон. Нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэсэн. Тэгээд бид нарыг тар гэж тушаагаад явуулсан. Миний биед гэмтэл учраагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх 22 ху/

 

-Гэрч Я.Болор-Эрдэний...Миний төрсөн эгч Я.Болорсувд над руу утсаар яриад А-г хот руу эмнэлэгт үзүүлэх гээд явж байна, эрүү нь өвдөөд байна гэнээ гэж хэлсэн. Би ротын захирагч ахмад Бат-Эрдэнэтэй утсаар холбогдоход Цэргийн төв эмнэлэгт үзүүлэх гэж байна гэсэн. Очоод уулзтал 2018 оны 03 сарын 13-ны өдөр дэд ахлагч Д.Б гэх залуу манай дүү А-г бусад бага дарга нарынх нь хамт дуудаж хэвтээд гэж хэлээд босоод ирэхэд нь нүүр рүү нь гараараа цохиод баруун шанаа хэсэг нь хавдаад рентген зураг авахуулахад эрүү нь хугарсан байна гэсэн мэдүүлэг /хх 25 ху/

 

-Гэрч Б.Б-ий...Б нь тус ангид цэргийн алба хаагч нарыг захирах эрх мэдэлтэй байдаг. Энэ нь дотоод журамд дэмжлэг ротын офицер, ахлагч нар салбарын эргүүл хийхдээ хугацаат цэргийн алба хаагч нарыг хариуцна гэж заасан байдаг. Цэргийн алба хаагч нартай захирагч офицер, ахлагч нар цэргийн дүрмийн дагуу харьцах ёстой. Б цэргийн дүрэм зөрчиж, цэргийн алба хаагч нарт гар хүрч дүрмийн бусаар харьцсан байна гэсэн мэдүүлэг /хх 32 ху/

 

-Гэрч Э.Ч-ийн... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би цэргийн анги дээр байхад дэд ахлагч Б, ахмад Бат-Эрдэнэ нар дэд түрүүч А-г авч ирж үзүүлсэн. А-гийн биед үзлэг хийхэд баруун эрүүний доод хэсэгт бага зэрэг хавдчихсан, шүд өвдөөд байна гэх зовиуртай байхаар нь зургийг нь авахуулах хэрэгтэй гэж хэлээд сувилагчийнхаа хамт эмнэлэг рүү явуулсан. Хэсэг хугацааны дараа А эрүүний зургаа авахуулаад ирэхэд эрүү хэсэг нь хугарчихсан байсан. Маргааш өглөө нь А-г дахиад БОЭТ рүү авч яваад эмч нарт үзүүлэхэд яаралтай хагалгаа хийх шаардлага байна гэсний дагуу ангийн захирагч дэд хурандаа Ц.Амарсайханд мэдэгдэж, Улаанбаатар хотын цэргийн эмнэлэгт дэд ахлагч Б хүргэж өгсөн. А эмнэлэгт ирээд эрүүндээ хагалгаа хийлгэсэн гэсэн мэдүүлэг /хх 33 ху/

 

-Гэрч Ч.Ч-ын...Б нь тус ангид цэргийн албан хаагч нарыг захирах эрхтэй байдаг. Дотоод журамд дэмжлэг ротын офицер, ахлагч нар салбарын эргүүл хийхдээ хугацаат цэргийн алба хаагч нарыг хариуцна гэж заасан байдаг. Цэргийн алба хаагч нартай захирагч, офицер, ахлагч нар цэргийн дүрмийн дагуу харьцах ёстой. Б нь цэргийн дүрэм зөрчиж цэргийн алба хаагч нар гар хүрч дүрмийн бусаар харьцсан байна гэсэн мэдүүлэг /хх34 ху/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3707 дугаартай шинжээчийн...Г.А-гийн биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, эрүүний баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 38 ху/,

 

-Д.Быг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44-48 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Д.Бын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч  Д.Б нь 2018 оны 03 сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн амрах байранд дэд түрүүч Г.А-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,  2018 оны 03 сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн амрах байранд цэргийн алба хаагч дэд түрүүч Г.А,түрүүч  Д.Ө, М.Б, дэд түрүүч О.Г нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.. тухайн үед баруун шанаа янгинаж өвдөөд шөнөдөө хавдаад хоносон. Маргааш өглөө нь Бт хэлэхэд хамт явж зураг авахуулсан. Гэтэл хугарсан байна гэсэн гэх мэдүүлэг, хохирогч Д.Өын... маргааш нь хоолонд орж байхад дэд түрүүч А-гийн эрүү нь хавдчихсан, хоол идэж чадахгүй байна гэж байсан. Тэр өдрөө эмнэлэгт үзүүлээд эрүү нь хугарсан байна гэж байсан гэсэн мэдүүлэг, хохирогч М.Бгийн... Б дэд ахлагч Гоос эхлүүлж босгоод нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эхэлсэн. Гийн дараа А, миний бие, Ө гэсэн дарааллаар газраас босгож зодсон. Нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэсэн гэсэн мэдүүлэг, хохирогч О.Гийн... Б дэд ахлагч надаас эхлүүлэн босгоод нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эхэлсэн. Нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж хүч хэрэглэсэн гэсэн мэдүүлэг, гэрч Я.Болор-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Э.Чулуунцэцэг, Ч.Чулуунбаатар нарын мэдүүлгүүд болон  хохирогч Г.А-гийн биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, эрүүний баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон 3707 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Г.А, М.Б, О.Г, Д.Ө нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд захирагдагчаа зодохгүй, хүч хэрэглэхгүй байх хязгаарлалт тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.