Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2020/00068

 

Е.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаар шийдвэртэй, Буянт сумын 2 дугаар багт оршин суух Ш овогт Еийн Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.А, нэхэмжлэгч Я.С, хариуцагч С.Л, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, гуравдагч этгээд Ж.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Е.Мийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: Иргэн Е.Мийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Е.Мийг ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн жижүүр, манаачийн бүр орон тооны ажилд томилсон. Гэтэл тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр шинээр томилогдсон С.Л гэгч нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Е.Мийг Манаач жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаалаар гэнэт ажлаас чөлөөлсөн байна. Е.М бүр орон тоонд ажиллаж байсан, ажлын байранд ямар нэгэн сахилгын зөрчил гараагүй. Иймд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Л нь тушаалыг гаргах болсон шалтгаан нөхцөл нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр урьд ажиллаж байсан С.Жтэй хувийн өш хонзонгийн асуудал шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Е.Мийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач, жижүүрийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн тус шүүхэд гаргасан Е.Мийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. 1. Е.Мийг ажлаас нь гэнэт чөлөөлөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх талаар болон хууль бусаар ажилд томилогдсон тухай өөрт нь болон өвөө С.Солтанд тайлбарлан хэлж өгсөн. Мөн Е.Мд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн. 2. Е.Мийг сахилгын зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөөгүй. 3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч И овогт Яайн С нь цэцэрлэгийн эрхлэгч С.Жтэй хувийн өш хонзонгоос болж уг тушаалыг гаргасан гэж үзэх болсон үйл явцыг тогтоогоогүй байж намайг гүтгэж байгаад гомдолтой байгаа ба энэ асуудлаар зохих газарт нь хандах болно. 4. Иргэн Е.Мийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд дээрх гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Е.Мийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн манаач жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийн нөхцөл байдал: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 2017 оноос эхэлж ажиллаж байсан С.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 23-нд болсон Төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын үр дүнгээр хангалтгүй дүн үзүүлж, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх нь тодорхой болмогц хуулиар олгогдсон эрх хэмжээ, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Төсвийн тухай хуулиар олгогдоогүй эрхийг хэтрүүлж, Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаал гаргаж, Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай Баян-Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолоор баталсан Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн 2020 оны төсөв, бүтэц орон тооны хязгаар, Аймгийн засаг даргаас баталж өгсөн Орон тооны бүтэц, хязгаарыг зөрчиж, өөрийн хамаарал бүхий төрсөн дүү Е.Мийг ажилтай болгох зорилгоор Сантехник-мужаан гэх орон тоог зохиомлоор буй болгож урьд манаач-жижүүрээр ажиллаж байсан Ж.Бг тухайн цэцэрлэгт Сантехник-мужаан гэх орон тооны байнгын ажлын байр буй болсон, цалин хөлс, хөлс нь манаачийн албан тушаалын цалингаас өндөр байгаа хэмээн төөрөгдөлд оруулж, Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай Ж.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Манаач жижүүрийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Ж.Бг ажилд томилох тухай Б/05 дугаартай тушаалаар Сантехник- мужааны албан тушаалд томилж, мөн өдөр Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/04 дугаартай Е.Мийг ажилд томилох тухай тушаалаар урьд Ж.Бгийн эрхэлж байсан Манаач жижүүр-ын албан тушаалд хууль бусаар бусдын байнгын ажлын байрыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж булаан авч, өөрийн дүү Е.Мийг томилсон байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтын үр дүнгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн С.Жг ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаартай захирамжаар С.Ж нь Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, С.Л миний бие мөн өдрөөс эхлэн түүний орон тоонд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч-ээр томилогдсон. С.Л би хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсоны дараа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасан төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу, төсөвт судалгаа хийж, бүтэц орон тооны давхардал, цалин хөлсний нэмэгдэл, урамшуулал зэрэгт дүн шинжилгээ хийхэд Сантехник-мужаан гэх орон тоо 2020 оны төсөвт батлагдаагүй болох нь илэрсэн мөн ажилчид албан хаагчдаас цалин, зэрэг дэвийн нэмэгдлээ зөв тогтоолгох тухай өргөдөл гомдол ирсэн гомдол хүсэлтийн дагуу хяналт хийж үзэхэд Үндсэн ажилчдын авах ёстой цалингийн шатлал ахих болон зэрэг дэв, төрийн албанд ажилласан хугацааны удаан жилийн нэмэгдэл, ажил хавсран гүйцэтгэж байгаа нэмэгдэл, ур чадвар, илүү цаг, баяр ёслолын нэмэгдлийг төсөв мөнгө хүрэхгүй байна гэсэн нэрээр олгохгүй үндсэн ажилчдын эрх ашгийг санаатай хохироож хэмнэлт үүсгэж байгаа юм шиг харагдуулаад 24 орон тоотой цэцэрлэгийн 26 орон тоогоор ажиллуулж ах А.Пернебек, дүү Е.М нарыг үндсэн ажилчдын нэмэгдэл хөлсөөр цалинжуулж албан тушаалын гэмт хэрэг луйвар хийж үндсэн ажилчдын албан хаагчийн хөдөлмөрийг мөлжиж хүний эрхийг хохироож байсан. Иймд цалин, хөдөлмөрийн хөлстэй холбоотой зөрчил дутагдлыг арилган ажиллахад өмнөх эрхлэгч С.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 20-нд Б/01 дугаартай Бүтэц, орон тоо батлах, цалин тогтоох тушаал гаргасныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаартай Тушаалаар хүчингүй болгох тухай шийдвэр гарган уг тушаалыг тушаалаар хүчингүй болгож, нягтлан, сантехник мужаан гэсэн бүтэц орон тоонд байхгүй ажлын байрны цалин дутсан учир үндсэн ажилтан Ж.Бгийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир Ж.Бг өмнөх ажилд нь эргүүлэн буцаан томилж, зөрчлийг арилгасан. Хууль зөрчин албан тушаалаа эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглан зүй бусаар ажилд орсон Е.Мийг ажлаас нь чөлөөлсөн.

Давж заалдах гомдлын үндэслэл: Нэг.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

1.1 Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах тухай 72 дугаартай тогтоолын хавсралтаар Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн орон тоог нийт 24 ажиллагсдын орон тоогоор баталж, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан Аймаг нийслэлийн Засаг дарга төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч тус бүрээр батлах гэсэн заалт, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасан Батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтооно гэсэн заалт, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах гэсэн заалт ёсоор аймгийн Засаг даргаас Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн орон тоог 2016 оноос эхэлж дагаж ирсэн жишгээр нийт 24 орон тоотой баталж, үүнээс эрхлэгч-1, арга зүйч-1, багш-5, дуу хөгжмийн багш-1, туслах багш-5, нярав-1, тогооч-1, үйлчлэгч- 1, манаач жижүүр-1, гал тогтоосны туслах, сав суулга угаагч-1, уурын зуухны галч-3 гэсэн орон тоотой баталсан. Харин Сантехник-мужаан гэх орон батлагдаагүй. Энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү, төрийн сангийн хэлтсийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн 2020 оны төсөвт батлагдсан орон тооны бүтцийн бүдүүвчээр батлагдаж байна.

1.2. Анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15 5.3-т заасныг зөрчиж, өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч асан С.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б 01 дугаартай Бүтэц орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаал гаргаж Сантехник-мужаан гэх цоо шинэ орон тоо бий болгосныг шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Төсвийн тухай хуулийн 16.5.3-д заасан Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэсэн заалтыг үндэслэж ... орон тоог тогтоох буюу ямар албан тушаал байхыг шийдвэрлэх эрхтэй гэж Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

1.3. Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д зааснаар Орон нутгийн төсвийг хээлэлцэж батлах эрх нь Аймгийн ИТХ-ын бүрэн эрх бөгөөд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.17 дугаар зүйлд заасан хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч тус бүрээр батлах гэсэн Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг даргын баталсан бүтэц, орон тоог төсвийн шууд захирагч болох Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч шинээр орон тоо буй болгох, өөрчлөх, нэмэх эрхгүй болохыг анхан шатны шүүхээс хууль хэрэглээний алдаа гаргаж, хуулийг буруу тайлбарлаж, хууль бус шийдвэр гаргасан.

1.4. Төсвийн шууд захирагч болох Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч асан

С.Ж нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг үндэслэж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаал гаргаж аймгийн ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай Баян-Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын хавсралт, Аймгийн Засаг даргаас баталж өгсөн Бүтэц, орон тооны хязгаар болох 24 орон тоог нэмж Сантехник-мужаан, ня-бо гэсэн хоёр орон тоог зохиомлоор буй" болгож, өөрийн хамаарал бүхий Е.М, А.Пернебек нарыг томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан Илт хууль бус шийдвэр юм.

1.5. Төсвийн шууд захирагч болох цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоог батлах, цалин тогтоох тухай тушаал гаргаж Сантехник-мужаан гэх орон тоо нэмж бий болгосон нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан Төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхэд халдсан хууль бус шийдвэр болох нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор батлагдсаар байтал хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дугаартай шийдвэрийг эцэслэн шийдвэрлэсэн УДШ-ийн практикийг судлаагүйгээс болж, Баян-Өлгий аймгийн шүүх тухайн төрлийн хэргийг хянан шийдвэрлэхэд дахин алдаа гаргасан нь шүүгч санаачлаагүй, өөрийн шүүхийн талаарх практик судлахгүй, алдаагүй ажиллах талаар анхаардаггүй, мэдлэг боловсролоо дээшлүүлэхгүй, суралцах идэвхгүй байдал гаргаж, хуулийг буруу хэрэглэж дахин алдаа гаргасан гэж үзэх байна.

Хоёр: Нотлох баримтыг буруу үндэслэх талаар.

2.1 Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоо батлах, цалин хөлс тогтоох тухай тушаалаар нийт 23 орон тоотой ажилласан, 2020 оны төсвийн жилд тус цэцэрлэгийг 24 орон тоотой баталсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Санхүү, төрийн Сангийн бүтэц орон тооны баталгаажилтын хуудсаар нотлогдож байна. Гэтэл Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч (С.Ж)-гийн 2020.01.20-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоо батлах, цалин тогтоох тухай тушаалаар батлагдсан 24 орон тоог дураараа нэмж ня-бо 1, Сантехник-мужаан 1 гэж хоёр орон тоогоор илүү баталж, 26 орон тоо болгосон байна. Энэ нь батлагдаагүй орон тоог зохиомол байдлаар буй болгосныг илтгэж

байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2020/00773 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Е.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Я.С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн манаач, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Цэцэрлэгийн эрхлэгчээр шинээр томилогдсон С.Л нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаалаар гэнэт ажлаас чөлөөлсөн байна. Е.М нь бүр орон тоонд ажиллаж байсан, ажлын байранд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй юм. С.Л нь уг тушаалыг гаргах болсон шалтгаан нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр урьд ажиллаж байсан С.Жтэй хувийн өш хонзонгийн асуудал шууд нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Харин хариуцагч Урьд эрхлэгчээр ажиллаж байсан С.Ж нь эрх мэдлээ хэтрүүлж Төсвийн тухай хуулийг зөрчиж, батлагдаагүй орон тоонд манаачаар ажиллаж байсан хүнийг томилсон, тухайн цэцэрлэгийн орон тоо нийт 24 байхад илүү хоёр хүн авч ажиллуулснаас болж албан хаагчдын удаан жилийн болон ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй байсан тул Е.Мийг ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Е.Мийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.4 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 05/5162 дугаар албан бичиг, цэцэрлэгийн зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн манаач, жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх Е.Мийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Л нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчаас тогтоосон зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан тус цэцэрлэгийн бүтэц орон тоог шинээр баталж, тухайн байгууллагын бүтцээс ямар ажил, албан тушаалын байр байхгүй болж орон тоо хасагдсаныг тогтоохгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын хороонд үүссэн маргааны үйл баримт бодиттой, бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал, Буянт сумын хүүхдийн цэцэрлэг хэдэн орон тоотой байсан, төсвийн шууд захирагч болох цэцэрлэгийн эрхлэгч төсвийн ерөнхийлөн захирагчаас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалин хөлсийг тогтоох эрхтэй боловч Е.Мийг ажилд авахдаа хэдэн орон тоотой байсан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Бг ажилд томилохдоо сантехник, мужааны орон тоо нэмэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад энэ байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлын талаар талуудаас тодруулсны эцэст хэргийг шийдвэрлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд уг нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул маргааны үйл баримттай холбоотой хариуцагчийн давж заалдах гомдолд урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 130/ШШ2020/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Д.КӨБЕШ