Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/237

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мягмарын             М.Бөд холбогдох эрүүгийн 1838003910272 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.Быг зодож, эрүүл мэндэд нь баруун зовхи болон зүүн өвдгөнд цус хуралт тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь баруун зовхи болон зүүн өвдгөнд цус хуралт тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчМ.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би эхнэр Бтой 2010 оноос хойш эхлэн хамтран амьдрах болсон. 2018 оны 05 дугаар сарын эхээр эхнэр Б маань гэртээ ирэхгүй болохоор нь би ганцаараа Баасанжавын гэрт явж очиход Баасанжавын гэрт эхнэр маань байсан. Тэгэхээр нь уурандаа нэг удаа алгадаад, нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Б-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2007 онд манай нөхөр нас бараад тэрнээс хойш манайд мал маллаж байсан М.Бтэй хамтран амьдарч эхэлсэн. 2016 оноос хойш би гэртээ харихгүй ах дүү найз нөхдийнхөөрөө болон өөрийнхөө ээжийнд байдаг болсон. 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай суманд үе үеийн тэмцээн болоод манай ангийнхан уулзаад нэгнийдээ очиж хоноод өглөө нь би Баасанжав гэдэг айлд очоод хоол хийж идээд байж байтал М.Б гаднаас орж ирээд энд юу хийж яваа юм гээд намайг зодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үедээ Цагаан-Уул сумын эмнэлгээр шингэн тариа л хийлгэсэн. Тэрнээс өөрөөр нэг их эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээнд маань зардал мөнгө гарсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Би эмчилгээндээ зардал мөнгө гаргаагүй учир нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18 дугаар хуудас/,

Гэрч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”......” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 234 тоот дүгнэлтэд:

1. А.Б биед баруун зовхи болон зүүн өвдгөнд цус хуралт тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.

3. А.Б биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.Б -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838003910272 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

ШүүгдэгчМ.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

ШүүгдэгчМ.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч А.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838003910272 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838003910272  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.НЯМСҮРЭН