| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2527000480069 |
| Дугаар | 2025/ДШМ/51 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/51
2025 9 25 2025/ДШМ/51
С.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/,
Шүүгдэгч С.А,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолтой С.А-т холбогдох эрүүгийн 2527000480069 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, “*** ***” ХХК-д *** ажилтай, ам бүл ***, *** хамт, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газар хаягтай, *** овгийн С.А /РД: ***/.
С.А нь 2025 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг “***” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 1,323м3 нойтон босоо модыг хөрөө ашиглан огтолж бэлтгэн С.Б-ын өмчлөлийн *** улсын дугаартай Бонго маркын тээврийн хэрэгслээр *** сумын төв рүү зөөвөрлөн ойн санд 2,187,745 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн С.А-ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.А-аас нөхөн төлбөр 6,563,235 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ***/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын няравт хариуцуулсан 450 ширхэг унины бэлдэц модыг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** Киа Бонго маркын тээврийн хэрэгслийн үнэ 15,680,000 төгрөг, хөрөөний үнэ 112,000 төгрөг, нийт 15,792,000 төгрөгийг шүүгдэгч С.А-аас гаргуулж тус тус улсын орлого болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар *** улсын дугаартай Киа Бонго маркын автомашины 15,680,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хууль бусаар мод бэлтгэсэн боловч бэлтгэснээс хойш олон хоногийн дараа модоо унь болгон зүсүүлэхдээ л тухайн тээврийн хэрэгслээр зөөсөн.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалт буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх *** улсын дугаартай “Киа Бонго” маркын тээврийн хэрэгслийн үнэ 15,680,000 төгрөгийг шүүгдэгч С.А-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.А-ын гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж тус тус хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан. С.А нь ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба ойн санд учруулсан хохирол 6,563,235 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар С.А нь ойгоос хууль бусаар мод бэлтгэхдээ моторт гар хөрөө, чарга ашиглаж бэлтгэсэн /хх-ийн 32-34 дүгээр хуудас Ч.С-ын мэдүүлэг/ байдаг ба мод бэлтгэх гэмт хэрэг төгссөнөөс хойш буюу унины бэлдэцийг бэлтгэсний дараа *** улсын дугаартай “Киа бонго” маркын тээврийн хэрэгслээр Хужирт сумын төвд авчирсан үйл баримт тогтоогддог. Гэтэл *** улсын дугаартай “Киа бонго” маркын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж тээврийн хэрэгслийн үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гаргуулж шийдвэрлэсэн. С.А нь мод бэлтгэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашиглаагүй төдийгүй унины бэлдэцийг бэлтгээд уулнаас чарга ашиглан буулгаснаар ойгоос хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Тухайн бэлдэцүүдийг хэсэг хугацааны дараа Хужирт сумын төвд аваачсан нь тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх боломжгүй. Яллах дүгнэлтэд дурдсанаар тээврийн хэрэгсэл ашигласан гэх асуудлыг тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн гэж тайлбарласан байдаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид зөөвөрлөх гэсэн нэр томьёо байхгүй. Мөн тээврийн хэрэгслээр Хужирт сумын төвд буюу сум дотроо тээвэрлэсэн нь гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материал тээвэрлэх асуудалд хамаарахгүй бөгөөд Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх асуудлыг зохицуулсан зохицуулалт байдаг. Гэтэл прокурор болон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж С.А-ыг гэмт хэрэг үйлдэхдээ *** улсын дугаартай “Киа бонго” маркын тээврийн хэрэгслийг ашигласан мэтээр эсхүл зөөвөрлөх гэх шинэ нэр томьёо оруулж эргэлзээтэй дүгнэлтийг хийж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх чарганы асуудлыг огт дурдаагүй орхигдуулж түүнээс улсын орлогод 15,680,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэрвээ С.А-ыг гэмт хэрэг үйлдэхдээ *** улсын дугаартай “Киа бонго” маркын тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэж хөрөнгө орлого хурааж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах заалтыг хэрэглээгүй, түүнчлэн байгаль экологид учруулсан хохирол 6,563,235 төгрөгийг төлөхөд зарцуулахаар шийдвэрлээгүй нь мөн ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл Хужирт сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 450 ширхэг унины бэлдэц модыг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай “Киа бонго" маркын тээврийн хэрэгслийн үнэ 15,680,000 төгрөг, хөрөөний үнэ 112,000, нийт 15,792,000 төгрөгийг шүүгдэгч С.А-аас гаргуулж тус тус улсын орлого болгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл *** сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 450 ширхэг унины бэлдэц модыг, хөрөөний үнэ 112,000 төгрөгийг шүүгдэгч С.А-аас тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэж өөрчилж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэрч Ч.С-ын мэдүүлэгт чарга хэрэглэсэн гэдэг үг, өгүүлбэр байхгүй. Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт Б, Ба, А гээд 4, 5 айлууд бөөнөөрөө мод бэлтгэж байсан. А нь модоо ойн захад бэлтгээд Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн нь хавтаст хэрэгт авагдсан Б-ын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл Б-ын мэдүүлэгт тээврийн хэрэгслийг гуйж аваад зөөвөрлөсөн гэдэг.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч С.А-ын зүгээс *** улсын дугаартай “Бонго” маркын тээврийн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй, гэмт хэрэг төгссөнөөс хойш модыг хадмынхаа гэрийн гадаа чаргаар цагаалсан, түүнээс хойш нэлээд хугацааны дараа сумын төв рүү унины бэлдэц моднуудаа оруулсан гэдэг. Тухайн уулын модонд портер машин ороод, эргээд гарах боломжтой эсэхийг зайлшгүй нотлох шаардлагатай байсан. Хэрэв модыг зөөвөрлөсөн гэх автомашины үнийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн бол байгаль орчинд учруулсан хохирлыг үүнээс гаргуулахаар шийдвэрлэх боломжтой. Гэтэл машины үнийг ч гаргуулж, хохирлыг мөн гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гэмт хэргийг хэзээ үйлдсэн, гэмт хэрэг хэзээ төгссөн гэдэгт зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай. Ойн захад модоо бэлтгээд өөрийнх нь өмчлөлд шилжсэн хугацааг гэмт хэрэг төгссөн хугацаа гэж үзвэл тээврийн хэрэгслийг ашиглаагүй гэдэг нь харагдаж байгаа.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрвээ өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч С.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой холбоотой өөр нэмж хэлэх тайлбаргүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч С.А-ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
С.А нь 2025 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг “***” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 1,323м3 нойтон босоо мод хөрөө ашиглан огтолж бэлтгэн С.Б-ын өмчлөлийн *** улсын дугаартай Бонго маркын тээврийн хэрэгслээр *** сумын төв рүү зөөвөрлөн ойн санд 2,187,745 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчинд учирсан нөхөн төлбөрийг төлүүлнэ ... гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... *** сумын голын зүүн талд Б-ын ах А-ынд орсон хашаан дотор нь цуулж бэлтгэсэн унин бэлдэц болон зүссэн шинэс банзнууд байсан. А унины бэлдцийг би өөрөө бэлтгэсэн гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,
Гэрч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... *** сумын *** дугаар баг *** ногооноороо шилмүүстэйгээ Хуш модны толгой болон хожуул байсан. Мөн зөвшөөрөлгүй бэлтгэсэн Шинэс мод байсан. Ойр хавийн айлаар ороход уулнаас цагаалж буулгасан чарга нь *** аманд Л-ын хаваржааны ард байсан ... тухайн айлуудтай холбоотой болох Ба-ын хүргэн хүү Б түүний ах А нарыг бэлтгэсэн байж болзошгүй гэж бодоод *** суманд байх А-ын гэрт ороход хашаанд нь шинэ бэлтгэсэн баймаар 2 хэсэг мод, цаана нь дахиад унины бэлдэц моднууд болон 4 сантиметр зузаантай банзнууд хураалттай байсан. А-аас мод тус бүрийг тодруулж асуухад унины бэлдцийг минийх гэж хэлсэн. Хаанаас бэлтгэсэн талаар тодруулахад *** бэлтгэсэн гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 дугаартай ... дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь нойтон шинэс мод байна ... гэрийн модны унь хийх зорилгоор босоо мод огтолсон байх магадлалтай ... ойд учруулсан хохирлын үнэлгээ 2,187,745 төгрөг болж байна ... гэх дүгнэлт /хх-ийн 77-78 хуудас/,
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 01-26-02/242-05 дугаартай ... 6,536,235 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Байгаль орчин уур амьсгалын сан”-ийн 100900013040 дансанд төлүүлэхээр шийдвэрлэв ... гэх акт /хх-ийн 114-115 хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай ... Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг *** гэх газрын ... солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно ... гэх албан тоот, зураглал /хх-ийн 55-56 хуудас/,
Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-22 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний ӨХЦ25-29 дугаартай ... мотортой гар хөрөө 112,000 төгрөг ... гэх үнэлгээний тайлан /хх-ийн 106-107 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А-ыг хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч С.А-аас давж заалдах шатны шүүхэд ... би хууль бусаар мод бэлтгэсэн боловч бэлтгэснээс хойш олон хоногийн дараа модоо унь болгон зүсүүлэхдээ л тухайн тээврийн хэрэгслээр зөөсөн учир автомашины үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 450 ширхэг унины бэлдэц мод, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай “Бонго” маркын тээврийн хэрэгслийн үнэ 15,680,000 төгрөг, хөрөөний үнэ 112,000 төгрөг, нийт 15,792,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэснийг 450 ширхэг унины бэлдэц модыг улсын орлогод оруулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай “Бонго” маркын тээврийн хэрэгслийн үнэ 15,680,000 төгрөг, хөрөөний үнэ 112,000 төгрөг, нийт 15,792,000 төгрөгөөс байгаль орчинд учруулсан 6,563,235 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлэхээр,
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор Байгаль орчин, уур амьсгалын сангийн Ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд шилжүүлсэн байх тул шүүгдэгч С.А-аас байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 6,563,235 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зохих дансанд оруулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/. 4 дэх заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.А-аас байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 6,563,235 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зохих дансанд оруулсугай” гэж,
б/. 6 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 450 ширхэг унины бэлдэц модыг улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай Киа Бонго маркын тээврийн хэрэгслийн үнэ 15,680,000 төгрөг, хөрөөний үнэ 112,000 төгрөг, нийт 15,792,000 төгрөгөөс байгаль орчинд учруулсан хохирол 6,563,235 төгрөгийг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.