Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/241

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хд холбогдох эрүүгийн 1838002380297 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Хужиртын давааны орчим иргэн Ж.О нүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Хужиртын давааны орчим иргэн Ж.Онүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Хы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Би О ахыг цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний урд явж байсан автомашин зогсоод автомашинаас нэг согтуу залуу гарч ирээд миний хамран тус газар руу нэг удаа цохьчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03-р сарын 11-ний өдрийн ...орой 19 цагийн үед ажлаа тарчихаад гэртээ ирээд байж байхад нөхөр О ирж явах замдаа Хужиртын даваан дээр хүнд зодуулчихлаа гэсээр ирсэн. Ирэхдээ хамар нь хавдчихсан, хамар нь чихэгдсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...уулзаад юу болсон талаар асуухад өчигдөр ирж явах замдаа О ахтай маргалдаад цохичихсон чинь цагдаа дээр аваад ирлээ гэж хэлсэн. ...тухайн үед О ахтай уулзаад юу болсон талаар асуухад чи бол хамаагүй, намайг Х цохьчихсон юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 155 дугаартай:

1. Ж.Обиед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838002380297 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Х нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Ж.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838002380297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

     4. Эрүүгийн 1838002380297 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.               

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН