Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2026/00398

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, *******т оршин суух, Б******* овогт Л*******ын Н******* /ИБД:*******/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Л.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М******* оролцож, тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Л.Н******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Хүнсний барааны трестэд кассчинаар ажиллаж байсан. Тухайн үед би гэр бүлээ даган Дархан хотын харьяа Хөтөл Хүнсний барааны трестэд худалдагчаар ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй байгаа тул архивын лавлагаа, бичиг баримт, үнэмлэх, зураг зэрэг баримтуудыг үндэслэн хамт ажиллаж байсан О.О*******, Б.О******* нарыг гэрчээр асууж, 1986-1990 онд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 199 дугаартай Ажилд томилох тухай тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, худалдагчийн мэргэжлийн үнэмлэх, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 422 тоот тодорхойлолт, гэрэл зураг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 554 тоот тодорхойлолт, Б.О*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.О*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч Б******* овогт Л*******ын Н******* /РД:*******/-ийн анх ХААТР-1, хаягийн хуудас №7 маягтад өөрийн мэргэжил, ажлыг хэрхэн тусгаж мэдүүлсэн талаарх холбогдох баримтыг, Дархан-Уул аймгийн Төрийн архиваас Дархан хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1986-1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх баримтуудаас хүсэлт гаргагч Б******* овогт Л*******ын Н******* /РД:*******/-ийн ажил эрхэлж байсантай холбоотой тушаал, шийдвэр, цалингийн цэс зэрэг баримтуудыг гаргуулж, гэрч Б.О*******гээс мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Л.Н******* хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хүсэлт гаргагч Л.Н******* нь 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Хүнсний барааны трестэд кассчинаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилжээ.

 

4. Хүсэлт гаргагч Л.Н******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг ажиллаж байсан газрынхаа шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч Л.Н******* нь Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 199 дүгээр тушаалаар Хүнсний 10 дугаар дэлгүүрт 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн кассчинаар томилогдож, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, БНМАУ-ын Ардын боловсролын яамнаас 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон №211 дугаартай худалдагчийн үнэмлэх, Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 199 дүгээр Ажилд томилох тухай тушаал, Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар Арга хэмжээ авах тухай тушаал, №129367 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, гэрч Б.О*******гийн ...Би Дархан хотын Худалдаа, бэлтгэлийн ангийн Хүнсний нэгдүгээр дэлгүүрт 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр савлагчаар ажилд орж байсан. Тухайн байгууллагад худалдагчаар, кассаар тус тус ажиллаж байгаад 1996 оны 10 дугаар сард ажлаас гарсан. Л.Н******* нь сургууль төгсөөд 1986 оны 7 дугаар сард худалдагчаар ажилд орж ирсэн. 1990 он хүртэл ажиллаад 1990 оны 10 дугаар сард ажлаас гарсан. Л.Н******* нь худалдагч, касс хийдэг байсан. Бид нар өөртөө үйлчлэх тасагт ажилладаг байсан учраас тойроод худалдагч, касс хийгээд явдаг байсан... гэх мэдүүлэг, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт дахь Хүнсний барааны трестийн Хүнсний 1 дүгээр дэлгүүрт худалдагчаар 1985 оноос хойш ажиллаж байгаа гэх бичилт, гэрэл зургаар тогтоогдож байна.

 

6. Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дүгээр хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай Журам батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам-ын 2.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын 2.2 дахь заалтуудад тус тус зааснаар даатгуулагчийн 1995 оноос өмнө ажилласан хугацааг тооцохдоо хөдөлмөрийн дэвтрийг үндэслэх бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт тухайн хүний овог, нэр, төрсөн он, эрхэлж байсан ажил, албан тушаал, ажилд орсон, ажлаас ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар, өдөр, дугаарыг засваргүй, үнэн зөв бичиж, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулах шаардлагыг хангаагүй тохиолдолд архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн тооцохоор заасан байна.

 

Дархан-Уул аймгийн Төрийн архивт хүсэлт гаргагч Л.Н*******г ажлаас чөлөөлсөн тушаал хадгалагдаагүй болох нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 тоот албан бичгээр тогтоогдсон тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагч Л.Н*******г 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Хүнсний барааны трестэд кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б******* овогт Л*******ын Н******* /ИБД:*******/-г 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Хүнсний барааны трестэд кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Н*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ