Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/53

 

 2025         9              25                                                2025/ДШМ/53                      

 

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                                   Прокурор А.Алтангэрэл,

                                                        Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням,                                                                                                                              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М,

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

              Шүүгдэгч Б.С,

              Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолтой Б.С-д холбогдох эрүүгийн 2426004710046 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын 9 дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

мөн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, *** овгийн Б.С /РД: ***/.

Б.С нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Б-г зодож биед нь баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас хохирогч нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Б.С-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар арван гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан арван гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялд, өмнөх 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил арван сар нэг хоногийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг арван зургаан жил дөрвөн сар нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн цагдан хоригдсон 178 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч Б.С нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас нэг сар хорин есөн хоногийн хугацаагаар хорих ялын биечлэн эдэлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д хохиролд 912,000 төгрөгийн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-аас гэм хорын хохиролд 11,808,015 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15,173,400 төгрөг, нийт 26,981,415 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод байрлах гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн оройн 21 цагийн орчимд ороход ээж, хохирогч Ц.Б хоёр байсан. Мэнд мэдчихээд байж байтал ээж эгчийнх рүү явсан. Ц.Б надаас бие өвдөөд байна архи аваад өг гээд тайван байлгахгүй болохоор нь бид хоёр дэлгүүр орж 1 шил 0,5 литртэй Агар нэртэй архи авч өгсөн. Хамт ууж дуусгаад намайг хоёулаа дэлгүүр оръё гээд дэлгүүр явж байтал Х ах таарч 1 шил 0,5 литртэй Хараа нэртэй архи авч гурвуулаа уусан.

Ц.Б ах хойшоо 12 дугаар цэцэрлэгийн ард байдаг дэлгүүр ороод 0,75 литртэй Харзтай нэртэй архи авч ирэхэд нь та хариад уу гэж хэлээд тамхи асаагаад хоёр тийшээ салсан. Тэгээд би хашаа руугаа орох гээд явж байтал араас хүрч ирээд манайд орсон. Би тэр архинаас нь 2-3 удаа татаад одоо болно ахаа гэхэд шахаад байсан. Архи дуусахын алдад та хоноод явах юм уу гэхэд чи ерөөсөө бид хоёрын дундуур орж гай болоод байна гээд төмпөнтэй махны дээрээс хутга аваад над руу дайрахад нь би түлхэж унагаад гараас нь хутгыг аваад хөл, гар луу нь гар хөлөөрөө 2-3 удаа цохисон. Тэгээд гараад явах шиг болсон.

Хохирогч Ц.Б намайг 200-300 удаа өшиглөж цохисон гэх мэдүүлэг, CD бичлэг байгаа. Энэ хүн намайг гүтгэж байна. Миний бие гомдолтой байна.

Иймд надад оногдуулсан ялаас хасаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.С нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Б-г зодож биед нь хүнд гэмтэл учруулж, олон тооны шарх гэмтэл үүсгэж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж хүндрүүлэх шинж болгон заасан. Онц харгис хэрцгийгээр гэдэгт субъект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог. Шүүгдэгч Б.С-ийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч талийгаачид учирсан олон тооны гэмтлүүдийг онц харгис хэрцгийгээр учруулъя гэж ухамсарлаж, үр дагаврыг нь урьдчилан харж, санаатайгаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэтэл шүүх олон тооны шарх гэмтэл учирсан гэх үндэслэлээр онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж дүгнэн зүйлчилж ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн дүгнэлтээс үзэхэд миний үйлчлүүлэгч Б.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүндрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг эргэлзээгүйгээр тогтоохоор заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг эргэлзээгүйгээр тогтоож чадахгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудын хүрээнд миний үйлчлүүлэгч Б.С-ийн үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, талийгаачийг алах санаа зорилгогүй, тухайн үед үүссэн маргааны улмаас биеэ барьж дийлэхгүй хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтын эрүүгийн хуулийн хэрэглээ, үндэслэлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй байхаар хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Иймд миний үйлчлүүлэгч Б.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүндрүүлэх хууль зүйн шинж тогтоогдохгүй байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.С-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Цаашид энэ хэрэгт нэмэлтээр хийгдэх ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Амь хохирогчийн нас барахаасаа өмнө өгсөн мэдүүлэг бүхий бичлэгт Б.С-д зодуулсан талаар хэлдэг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргасны дагуу дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр тухайн үед эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан ч аврах  боломжгүй байсан гэдэг.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь хохирогчийн гэр бүлийн гишүүн мөн талаарх баримт хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгчийн талаас хохирол, төлбөр, оршуулгын зардал, учирсан хохиролд нийт 22,000,000 төгрөг төлсөн. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хохирол тогтоосон нь үндэслэлгүй гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь 12-20 жилийн хугацаагаар хорих ял, эсхүл бүх насаар хорих ялтай гэмт хэрэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 13-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч нь миний ганц эрэгтэй дүү бөгөөд надтай хамт амьдардаг байсан. Би үнэхээр их гомдолтой байна. Дүүгийнхээ амь насыг хүний гарт алдчихлаа. Хүмүүс янз бүрээр л ярьж байх шиг байна.

Хохиролтой холбоотой шүүгдэгч талаас 10,000,000 төгрөгт тооцож Тоёота Приус-20 маркын автомашин, 12,000,000 төгрөгт тооцож Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод байрлах газар хашааны хамт өгсөн. Үлдэгдэл мөнгийг сар бүр 200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч одоогоор өгөөгүй байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж хүндрүүлж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын зүгээс олон тооны шарх, гэмтэл учруулсан учраас онц харгис хэрцгий гэж үзэж байгаа. Тухайн үед талийгаач согтуу байсан. Б.С-тай хоёулаа 3 шил архи уусан гэдэг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргалдаж хоорондоо зодолдсон. Түүнээс урьдчилж төлөвлөн талийгаачийг алъя гэсэн зүйл байхгүй. Гэхдээ олон тооны шарх, гэмтэл үүссэн гэдэгтэй маргахгүй байгаа.

Мөн шүүгдэгч нь хохирогчийг алах санаа зорилго байгаагүй гэдэг нь маргааш өглөө нь талийгаач ам цангаад байна гэхэд нь цай хийж өгөөд, гэрт нь хүргэж өгсөн байдаг. Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар эмч С-ын мэдүүлэгт хохирогч эмнэлэгт хэвтээд 18 дахь өдрөөсөө шээсний гарц нэмэгдэж, 23 дахь өдрөөс баас нь хар өнгөтэй гараад, ходоодыг шалгах үед ходоодны эх бие болон 12 хуруу гэдэсний хэсэг шархтай гарсан. Тухайн шархыг нь дурангаар цус тогтоох эмчилгээ хийсэн. Эмчилгээ хийсэн 23 дахь өдрөөс биеийн байдал хүндэрсээр байгаад талийгаач 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан гэдэг. Талийгаач нь архи тогтмол хэрэглэдэг 48-н настай, ходоодны асуудалтай хүн байсан гэсэн эргэлзээ уг мэдүүлгээс харагдаж байна.

Талийгаач эмнэлгийн тусламж авсан ч аврагдах боломжгүй байсан гэсэн дүгнэлт мөн гарсан. Талийгаачийн ходоодны шарх хэзээ үүссэн, хохирогчид өмнө нь байсан эсэх, эсхүл зөвхөн Б.С-ийн үйлдлээс хамаарч бий болсон эсэхийг тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.С-ийн хувьд хохирол төлбөрт 10,000,000 төгрөгөөр тооцож Приус-30 маркын автомашин, 12,000,000 төгрөгөөр тооцож Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод байрлах 503м2 өмчлөх эрхийн газрыг хашааны хамт шилжүүлж өгсөн.

Багийн Засаг даргын тодорхойлолтоор талийгаач нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-тай хамт амьдардаг байсан гэсэн байдаг. Гэтэл өмнөх мэдүүлгүүд болон талийгаачтай нэг хашаанд амьдардаг Аа-ын мэдүүлэгт түүнийг ганцаараа амьдардаг байсан гэж мэдүүлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэдэгт хамт амьдарч байгаа хүмүүсийг ойлгохоор хуульчилсан. Хүний сэтгэцэд учирсан хохирлыг гэр бүлийн гишүүн нэхэмжлэх эрхтэй байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Ц.М нь талийгаачийн гэр бүлийн гишүүн биш байхад анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйж байна.

Намайг ээжтэй минь хамт амьдрах боломж олгож, надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.С нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Б-г зодож биед нь баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал олон тооны шарх гэмтэл үүсгэж, дээрх гэмтлийн улмаас Ц.Б нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алсан болох нь хохирогч Ц.Б-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ гараад С гэдэг айлд очсон чинь С гэртээ архи уусан халамцуу байж байсан. Тэгээд мэнд ус мэдээд сууж байсан. Би С-тай ажил хийх гэж байсан юм. С дэлгүүр яваад нэг 0,5л шилтэй Агар нэртэй архи авч ирсэн. Тэр архиа хуваагаад ууж дуусгасан. Би гэрийнх нь баруун талын орон дээр сууж байгаад орны урд газар хэвтэж байсан чинь С миний цээж хэсэг дээр хөлөөрөө 3 удаа дэвсээд авсан. Би амьсгалж чадахгүй байсан. Босох гэсэн чинь босож чадахгүй байсан чинь намайг бос гээд хөлөөрөө өшиглөөд гараараа миний нүүр болон толгой, цээж нуруу 2 гар луу ээлжлээд цохиж зодоод байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. С архи уухаараа ээжийгээ хөөгөөд явуулчихдаг юм байна лээ. Тэгээд нэлээн зодож байгаад болиод унтаад өгсөн. Би босож чадахгүй байсан болохоор хэвтэж байсан газраа унтаад өгсөн. Өглөө сэрээд арай гэж босоод гарч бие засах гэсэн чинь толгой эргээд арай гэж бие засаад буцаж орж ирсэн. Тэгээд аймагт байх гэр лүүгээ С, түүний ээж А хоёр намайг хоёр талаас сугадаад түшээд С-ийн машинтай ирээд хашааны гадна намайг буулгаад ээж нь намайг гэрт оруулж өгсөн. Тэгээд намайг дүү Аа ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. Баруун талын хавирга хугарсан, нүүр царай, цээж, нуруу, хоёр гар нэлдээ хөхөрсөн. С намайг хөл гараараа нэлээн хэдэн удаа цохиж зодсон, бараг 300 орчим удаа байх. Би ямар шалтгаанаар намайг цохисныг нь мэдэхгүй байна. Архи уухаараа их агсам тавьдаг хүн шиг байна лээ. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. С-тай нэг нутгийнх. Бид хоёр ах, дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Намайг урьд өмнө зодож байгаагүй. Тухайн асуудал болдгийн урд өдөр С-ийн ээж манайд ирсэн юм. Тэгээд С-тай хашаа барих ажил байна гээд хэлсэн. Би ажил хийх гэж тэр айлд очсон. Бид хоёр хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Манай хамаатны хүү Аа надад гэртээ байх үед 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирж хэлсэн. Би гэрт нь яваад очих үед эмнэлэг дээр ирсэн байсан. Эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд байсан. Би юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл ярих чадваргүй байсан. Намайг очих үед нүүр нь танигдахын аргагүй хавдсан, цус нөжтэйгөө холилдсон байсан. Надад хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Ц.Б Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээний тасагт 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Манай дүү Аа надад хэлсэн. №Эмнэлэгт хэвтэж байх үед нь С-д зодуулсан гэж хэлсэн. Эмнэлэг дээр Б-г сахиж байх үед С гэх залуу ирээд Б үхсэн үү, үхвэл надад утсаар хэлчихээрэй гэж хэлсэн. Би айгаад урьдаас нь ямар нэгэн зүйл дуугараагүй. Тухайн залууг танихгүй, урьд нь харж байгаагүй. Хуулийн дагуу шалгуулмаар байна. Зүгээр байсан хүнийг ийм болтол зодож амь насыг нь хохироосон болохоор гомдолтой байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Г.Аа-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Ц.Б нь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Б ах 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 18 цаг 30 минутын үед гэрээсээ гараад явж байгаа харагдсан. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14 цаг өнгөрч байх үед хашааны хаалгаар нэг настай эмэгтэй Б ахыг сугадаад гэрт нь хүргэж авч ирсэн. Би гэрт нь орсон. Б ахын нүүр ам нь битүү цус болчихсон байдалтай байсан. Би яасан юм бэ гэж асуусан чинь Б ах надад ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Хүргэж ирсэн эмэгтэй нь наад хүн чинь хашаа давж байгаад хашаанаас унасан гэж хэлээд гараад явсан. Надад өөр зүйл хэлээгүй. Би тэгээд Б ахаас яасан талаар нь нэлээн хэд асуусан чинь цээж өвдөөд байна гээд байхаар нь өвчин намдаах эм өгөөд хэсэг байж байгаад сая намайг хүргэж ирсэн эмэгтэйн хүүхэд нь намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд өвчин нь намдахгүй ёолж орилоод байхаар нь эмнэлэгт үзүүлэх гээд дуудлага дуудсан чинь ирээд үзүүл гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь энэ хүнийг цагдаад мэдэгдсэн нь дээр гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тэр хүнийг танихгүй. Урьд нь харж байгаагүй. Б ахыг хүргэж ирсэн гэх эмэгтэй урьд нь Б ахыг 2,3 удаа хүргэж ирж байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Хаана байдаг гэдгийг нь мэдэхгүй. *** сумын гаралтай гэж хүнээс дуулсан. Өчигдөр гэрээс гарахдаа ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин өнөөдөр ирэхдээ нүүр нь тэр чигээрээ хөхрөөд хавдсан байдалтай байсан. Би эмнэлэгт үзүүлэх гээд явахдаа хувцсыг нь тайлаад гар нүүрийг нь угааж өгөхөд цээж, ар нуруу нь хөхөрсөн байдалтай байсан. Би тэр хүнийг харвал танина. 40-50 орчим насны туранхайдуу дунд зэргийн нуруутай, бордуу царайтай эмэгтэй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 20 хуудас/,

Гэрч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би А гэх хүнийг танина. Би багаасаа өнчин өссөн хүн байгаа юм. Аав ээж маань бурхан болоод намайг нялх байхаас л надад хөхний сүүгээ хөхүүлж байсан хүн болохоор би танина. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ хүүхдийн гэрийн даалгавар хийлгээд сууж байтал гаднаас шөнө 23 цагийн үед А эгч ороод ирсэн. Тэгээд мэнд ус мэдээд “та хаа хүрч яваа юм” гэж асуусан чинь хүргэний хоёр хүүхдэд хоол хийж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Би хүүхдийн хичээл хийлгэж дуусгаад А эгч манай хоёр хүүхэдтэй хөзөр тоглож байгаад шөнө 01 цаг өнгөрч байх үед дуусаад А эгчийг та хоночхоод явахгүй юу гэж хэлсэн чинь тэгье гээд би ор засаж өгсөн. Манайд хоноод өглөө 08 цаг өнгөрч байх үед явсан. Би 11 дүгээр багт хүргэний хоёр хүүхдэд хоол хийж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Надад өөр зүйл хэлээгүй. Би нарийн асуугаагүй. С манайд ирээгүй. А эгч С-ийн талаар ямар нэгэн зүйл яриагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Ц Б нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүнд зодуулж гэмтсэн гэх оноштой яаралтай тусламж дээр компьютер хийлгээд манай тасагт хэвтэн эмчлүүлсэн. Б нь хавирганы олон хугаралтай, уушги нь унасан, баруун цээжний хөндийд хий, цус хурсан, баруун дал зөрүүтэй хугаралтай, өвчүүний яс дунд гуравны нэгээрээ хугаралтай, эрүүний яс хугаралтай, амьсгал, бөөрний дутагдалтай, олон эрхтний дутагдалтай хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Ц.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирэхдээ ухаан бүүдгэр, хүнд зодуулсан гэж хэлж байсан. Б-д архины хордлогын эмчилгээ, бөөрний диализ, бөөр орлуулах эмчилгээ, ходоодны шархыг дурандаад шархны эмчилгээ хийсэн. Цус, цусан бүтээгдэхүүн хийсэн, унтуулж тайвшруулах тариа, элэг хамгаалах тариа хийсэн. Б нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны 01 цаг 34 минутад зүрх зогсож сэхээн амьдруулах хийгдэж амьсгалын аппаратад авсан. Б-г амьсгалын аппаратаас гаргах боломжгүй байсан. Амьсгал, бөөрний дутагдалтай, олон эрхтний дутагдалд орсон байсан учраас эрчимт эмчилгээ үргэлжилж хийгдэж байсан. Аппарат салгах тохиолдолд зүрх зогсох, амьсгал тасалдах байсан учир нас барах хүртэл аппарат салгаагүй. Б-г зөөвөрлөх боломж байгаагүй. Хоёр удаа гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын багаас зөвлөгөө авах үед зөөврийн амьсгалын аппарат байхгүй байсан учраас зөөвөрлөх боломжгүй байсан. Эмчилгээний 12 дахь хоногоос шокийн байдалтай болоод эмчилгээ нэмсэн. Диализ эмчилгээнд нийт 8 удаа орсон. 18 дахь өдрөөс шээсний гарц нь нэмэгдсэн. 23 дахь өдрөөс баас нь хар өнгөтэй гараад, ходоод шалгах үед ходоодны их бие, 12 хуруу гэдэсний булцуу хэсэгт шархтай гарсан. Дурангаар цус тогтоох эмчилгээ хийсэн. 23 дахь өдрөөс биеийн байдал хүндэрсээр байгаад 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 12 минутад нас барсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуудас/,

Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Амь хохирогч Ц.Б-ийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр болон эмнэлгийн бичиг баримтаар цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүд тогтоогдсон. Тогтоогдсон гэмтлүүдийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байх боломжтой. Тухайн болсон хэрэг нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр. Талийгаачийн нас барсан өдөр нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр. 31 хоногийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд багажийн шинжилгээгээр тогтоогдсон уушги болон элгэнд үүссэн гэмтлүүд нь эдгэрсэн боловч үйл ажиллагаа сэргээгүй. Задлан шинжилгээний явцад нүдэнд харагдах макро өөрчлөлт байгаагүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 141 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай ... Ц.Б-ийн биед өвчүү яс, баруун хоншоор, доод эрүүнд хугарал, баруун 3,4,5,6,10-р хавирга зүүн 4,5,6,8-р хавирга зөрсөн хугарал, хоёр уушгины эдийн няцрал, баруун зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн хуралдалт, чацархайн өөхөн эдэд цус хуралт, зүүн этмойд ухархайн хананд хугарал, дээд үүдэн 11, 21, доод 33-р шүдний булгаралт, буйл хонхор, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж, зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна ... гэх дүгнэлт /1хх-ийн 92-97 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  03 дугаартай ...  Амь хохирогч Ц.Б-ийн биед баруун дал яс, өвчүү яс, баруун хоншоор, доод эрүү ясанд хугарал, баруун 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга зөрсөн хугарал, хоёр уушги, голтын эрхтэн, элэгний эдийн бяцрал, баруун, зүүн плевр, хэвлийн хөндийд сул шингэн, хий хурагдалт, зүүн этмойд, ухархайн хананд хугарал, 11, 21, 33 дугаар шүдний булгаралт, буйл хонхор, чацархайн өөхөн эдэд цус хуралт, урууланд шарх, баруун зүүн хөмсөг, дээд, доод зовхи, хамар, хоёр хацар, цээж баруун зүүн бугалга, тохой, суганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15, 4.3.7-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цээжинд ил шарх гэмтэл нь эмчилгээ үйлчилгээний явцад үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогч Ц.Б нь цээж, хэвлийн битүү хүнд гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан ... гэх дүгнэлт /1хх-ийн 130-138 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай ... Б.С нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо Р10.3 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, үгүйлэх хам шинж өвчтэй байсан. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан байна ... гэх дүгнэлт /хх-ийн 150-152 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 059 дугаартай ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрнэ. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна ... гэх дүгнэлт /2хх-ийн 151-152 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 743 дугаартай ... Амь хохирогчоос авсан шүүх эд эсийн шинжилгээнээс үзэхэд амь хохирогчид спиртийн хордлого, бөөрний дутагдал, ходоодны шархнаас цус алдаж үхэлд хүргэсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Урьд гаргасан 08,03 дугаартай дүгнэлтүүдийн үндсэн онош тохирч байна. Амь хохирогч нь хавсарсан олон гэмтлүүдийн улмаас зогсонгишлын хатгалгаагаар нас баржээ ... гэх дүгнэлт /2хх-ийн 161-166 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-г онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байх тул анхан шатны шүүх Б.С-г онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, тогтоогоогүй буюу Б.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, намайг гүтгэж байна, надад оногдуулсан ялаас хасаж өгнө үү гэх шүүгдэгч Б.С нарын давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагаас  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь хохирогчтой хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүн биш учир анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15,173,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэдэгт гэж гэрлэгчид, тэдэнтэй амт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно, 3.1.6-д садангийн хүн гэдэгт гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор заасан бөгөөд хохирогч Ц.Б нь төрсөн эгч Ц.Мтай хамт амьдардаг байсан, түүний гэр бүлийн гишүүн мөн байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгахаар хуульчилсан. Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 059 дугаартай дүгнэлтийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Б.С-аас гаргуулж Ц.М-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн энэ талаар гаргасан тайлбарыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцож шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Сгаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д сэтгэцэд учирсан хохиролд *** улсын дугаартай Тоёота Приус-20 маркын машиныг 10,000,000 төгрөгт, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** *** дүгээр гудамжны *** тоотод байрлалтай, *** нэгж талбарын дугаартай, *** гэрчилгээний дугаартай, 503 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг хашааны хамт 12,000,000 төгрөгт тус тус тооцон нийт 22,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 4,981,415 төгрөгийг мөнгөн хэлбэрээр 24 сарын хугацаатай сар бүр 200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Сгаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д сэтгэцэд учирсан хохиролд *** улсын дугаартай Тоёота Приус-20 маркын машиныг 10,000,000 төгрөгт, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод байрлалтай, *** нэгж талбарын дугаартай, *** гэрчилгээний дугаартай, 503 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг хашааны хамт 12,000,000 төгрөгт тус тус тооцон нийт 22,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 4,981,415 төгрөгийг мөнгөн хэлбэрээр 24 сарын хугацаатай сар бүр 200,000 төгрөг төлөхөөр тохиролцсныг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.