| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0146/э |
| Дугаар | 000160 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 000160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Ц.М
Шүүгдэгч Ж.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Сд холбогдох эрүүгийн 1825000580132 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхоны 18 дугаар байр 73 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овгийн Ж-ын С.
Шүүгдэгч Ж.С нь цахим хэрэгсэл ашиглан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “barterdii huuhnuudee” гэх фесбүүк группээр Ю Жи Жи бойтог зарна гэж Цогбадрахын А-гаас 5024632302 дугаарын данс руу 95.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие 2014 оноос 2016 оны хооронд Улаанбаатар их дэлгүүрийн замын эсрэг талд РС МАLL дэлгүүрт эмэгтэй бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг байсан юм. Найзынхаа найз Цэнд-Аюуш гэх залууд АНУ-аас Iphone гар утас хямдхан оруулж ирнэ гэхээр нь орлогын мөнгө болон эргэлтийн мөнгөө шавхаад өгсөн чинь намайг залилаад одоо болтол мөнгийг маань өгөөгүй байгаа. Лангуугаа ажиллуулж чадахгүйд хүрээд үлдэгдэл бараагаа Facebook-ээр зарах болсон. Тэгээд Facebook-ийн “barterdii huuhnuudee” гэх группт бараа зарах зар тавьсан. Миний зар тавьсан бараан дотор Ю ЖИ ЖИ брэндийн эмэгтэй хүний бойтгон гутал байсан ба 95.000 төгрөгөөр зарж байсан юм. 2017 оны 12 дугаар сарын эхээр 1 эмэгтэй худалдаж авахаар болоод миний данс руу мөнгөө хийсэн. Ингээд түүний бойтогыг Орхон аймаг руу явуулах гэж байсан юм. Тухайн үед хүүхэд ханиад хүрээд гэрээс гарч чадаагүй. Улаанбаатар хотын нэг танихгүй эмэгтэй өөрөө гэрт ирээд авъя гэхээр нь тэр бойтогоо зарчихсан юм. Надад өөр санаа бодол байгаагүй, тэгээд Орхон аймгаас мөнгө явуулсан эмэгтэйн мөнгийг үрчихсэн болохоор санаа зовоод түүнтэй ярьж чадахгүй байсан. Нөхөр маань ажилгүй байсан болохоор гэр орны хэрэгцээнд нөгөө мөнгөө зарцуулсан. Өөрийн гэм буруугаа ойлгож байна, хохирлоо төлсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ц.А-ын: 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-64 тоотод байхдаа өөрийн гар утаснаасаа Facebook-т нэвтэрч бартердий хүүхнүүдээ группт байсан Ю ЖИ ЖИ бойтог зарна гэсэн зарын дагуу huwtsas huwtsas гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдоод бойтогныхоо зургийг над руу явуулж би худалдан авахаар 5024632302 дугаарын Хаан банкны данс руу голомт банкны интернет банк ашиглан 95.000 төгрөг шилжүүлсэн. Тэр эмэгтэй мөнгө орсон талаар надад хариу бичсэн. Тэгээд Улаанбаатараас Эрдэнэтийн унаанд бойтог өгч явуулъя гээд утасны дугаар авсан. Тэр өдрийнхөө орой миний утас руу 16 цаг 57 минутанд өнөөдөр амжсангүй ээ маргааш өглөө эрт явуулъя гэж хэлээд тэр эмэгтэй маргааш нь явуулаагүй таг болсон гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,
-Гэрч Ж.О-ын: ... 2018 оны 02 дугаар сард над руу С утсаар яриад цагдаагаас над руу ярьлаа. Би Ю ЖИ ЖИ бойтог зарна гэж фэйсбүүкийн бартердий хүүхнүүдээ группт зар тавиад хүн худалдаж авахаар нь өгч явуулж чадаагүй юм. Тэгсэн цагдаад мэдэгдчихсэн байна. Тэгэхээр нь би тэр цагдаад манай найз миний картыг ашиглаад хүнд бойтог зарсан мөнгөө авсан юм байна лээ гээд хэлчихсэн чи аргалаад нөгөө хүнийхээ дансыг нь авчих би мөнгийг нь шилжүүлье гэсэн гэх мэдүүлэг /хх 40 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52 ху/
-Ж.Сг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 01, 80-81 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.С нь цахим хэрэгсэл ашиглан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “barterdii huuhnuudee” гэх фесбүүк группээр Ю Жи Жи бойтог зарна гэж Цогбадрахын А-гаас 5024632302 дугаарын данс руу 95.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.А-ын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-64 тоотод байхдаа өөрийн гар утаснаасаа Facebook-т нэвтэрч бартердий хүүхнүүдээ группт байсан Ю ЖИ ЖИ бойтог зарна гэсэн зарын дагуу huwtsas huwtsas гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдоод бойтогныхоо зургийг над руу явуулж би худалдан авахаар 5024632302 дугаарын Хаан банкны данс руу голомт банкны интернет банк ашиглан 95.000 төгрөг шилжүүлсэн. Тэр эмэгтэй мөнгө орсон талаар надад хариу бичсэн. Тэр өдрийнхөө орой миний утас руу 16 цаг 57 минутанд өнөөдөр амжсангүй ээ маргааш өглөө эрт явуулъя гэж хэлээд тэр эмэгтэй маргааш нь явуулаагүй таг болсон гэсэн мэдүүлэг /хх 10 ху/, мөн Ж.О-ын 2018 оны 02 дугаар сард над руу С утсаар яриад цагдаагаас над руу ярьлаа. Би Ю ЖИ ЖИ бойтог зарна гэж фэйсбүүкийн бартердий хүүхнүүдээ группт зар тавиад хүн худалдаж авахаар нь өгч явуулж чадаагүй юм. Тэгсэн цагдаад мэдэгдчихсэн байна. Тэгэхээр нь би тэр цагдаад манай найз миний картыг ашиглаад хүнд бойтог зарсан мөнгөө авсан юм байна лээ гээд хэлчихсэн чи аргалаад нөгөө хүнийхээ дансыг нь авчих би мөнгийг нь шилжүүлье гэсэн гэх мэдүүлэг /хх 40 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Сгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг залилаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Сг 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байх ба түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрллээ.
Энэ хэргийн улмаас хохирогчид 95.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.А нь хохирлыг маань барагдуулсан, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг залилаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ