| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0156/Э |
| Дугаар | 000165 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 000165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-т холбогдох эрүүгийн 1825002030139 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн 100 айлын 3-б тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Б овгийн М-ийн Г.
Шүүгдэгч М.Г нь Жаст-Ойл ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт түгээгчээр ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 3 өдрийн орлогын мөнгө болох 7.242.970 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би орлогынхоо 7.242.970 төгрөгийг авч яваад мөрийтэй тоглоод дууссан. Хохирлоо машин зарсан мөнгөнөөсөө төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч О.Гийн... 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хариуцан ажилладаг Жаст-Ойл ХХК-ийн салбар дээр очиход түгээгч М.Г ажил дээрээ байхгүй байхаар нь хамт гарч байсан Х гэдэг хүнээс хаашаа явсан талаар асуухад машины бичиг баримт солиулчихаад ирье гээд гараад явсан байсан. Манай ээлж өглөөний 09 цагт хүлээлцэж байсан бөгөөд М.Г гэгчийг 11 цаг хүртэл хүлээсэн ч ирээгүй, тэгээд ажилд орохдоо өгсөн анкет дээрээс нь ар гэрийн хүмүүс болох ээжтэй нь утсаар яриад өдрийн 15 цаг болтол гадуур хайгаад олоогүй. Тухайн өдөр орлогын мөнгөө тушаах цаг болоод байсан болохоор ар гэрийн хүмүүсийг нь дуудаж ирээд өрөөнд байсан сейфийг онгойлгоход 3 өдрийн орлогоноос бүхэл мөнгөнүүдийг авсан байсныг ар гэрийн хүмүүсийг нь байлцуулж байгаад тоолоход 3 өдрийн орлого 9.994.890 төгрөг болж байснаас хамт гарч байсан Х гэх хүнд 2.025.190 төгрөг байсан. Тэгээд сейфенд үлдсэн задгай мөнгө нь 726.730 төгрөг байсан. Ингээд хасаад тооцоод үзэхээр 7.242.970 төгрөг алга байсан. Тэгээд ар гэрийн хүмүүст нь хэлээд эдгээр хүмүүс бичиж аваад явсан ба би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 05-08 ху/,
-Гэрч Г.Н-ын: 2018 оны 03 дугаар сарын 11-ний өглөө би М.Г-т ажил хүлээлгэж өгсөн. Урд өдрийн орлогын мөнгө болох 3.514.020 төгрөг дээр 10-ны өдрийн орлого банкинд тушаах бэлэн мөнгө 2.673.140 төгрөг, нийт 6.187.160 төгрөг сейфээр хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг /хх 10 ху/
-Гэрч П.Д-ын: М.Г-т 2018 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрийн орлого болох нийт 6.187.160 төгрөг хүлээлгэж өгсөн. Сейф онгойлгох үед М.Гийн ээж, ах, манай эрхлэгч О.Г, түгээгч Х нар байсан. 700.000 гаруй мянган төгрөг байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/
-Гэрч Ш.П-ын: Г 2018 оны 03 дугаар сарын 11, 12-ны өдрийн орлого аваад алга болчихсон гэж шатахуун түгээх станцын эмэгтэйгээс сонсож мэдсэн. Би хүүгээсээ хаагуур явж байгаад ирсэн юм бэ? гэж асуусан чинь ямар ч юм хэлэхгүй байгаа. Гэхдээ миний хүү ажлын газраасаа мөнгө авч явсан гэдгээ хэлээд хохирлыг төлж барагдуулсан байгаа. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Гийн төрсөн ах М.Эрдэнэбатын хамт Жаст-Ойл шатахуун түгээх станц дээр очсон. Тухайн үед 2 залуу байсан. Мөнгө хадгалах сейфийг онгойлгож үзэхэд дотор нь 726.730 төгрөг байсан. М.Эрдэнэбат бид хоёр хамт байж байгаад мөнгийг нь тоолж үзсэн гэсэн мэдүүлэг /хх 14-17 ху/
-Гэрч Ч.Х-ийн: 17 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирэхэд Г өмнөх өдрийн тооцоогоо бодоод сууж байх шиг байсан. Тэгээд түгээлтэндээ гараад явж байхад Г машинаа зарах гэж байгаа гялс хүнтэй уулзчихаад эргээд ирнэ гэж хэлээд явсан. Тэрнээс хойш ирээгүй. Шөнө ганцаараа хоносон гэсэн мэдүүлэг /хх 18-20 ху/
-Гэрч С.Г-ийн: Би Г-ийг яг хэдэн сарын хэдний өдрүүдэд тоглож байсан талаар санахгүй байна. Манай тоглоомын газарт очихоороо М.Г хүмүүстэй 5000, 10.000 төгрөгийн мөрийтэй хөзөр тоглодог юм. Гадуур хүмүүс ярихдаа Гийг саяхан 03 сард Улаанбаатар хотод автомат тоглоомын газарт очиж тоглоод 7 сая орчим төгрөг алдсан гэсэн яриа байна лээ гэсэн мэдүүлэг /хх 22 ху/
-“Жаст Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 54/18 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ /хх 39-42 ху/
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 43-50 ху/
- Хохирол төлсөн тухай баримт /хх 73 ху/
-М.Г-ийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 29-31 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч М.Гийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г нь “Жаст-Ойл” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт түгээгчээр ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаа сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 3 өдрийн орлогын мөнгө болох 7.242.970 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Гийн: Тухайн өдөр орлогын мөнгөө тушаах цаг болоод байсан болохоор ар гэрийн хүмүүсийг нь дуудаж ирээд өрөөнд байсан сейфийг онгойлгоход 3 өдрийн орлогоноос бүхэл мөнгөнүүдийг авсан байсныг ар гэрийн хүмүүсийг нь байлцуулж байгаад тоолоход 3 өдрийн орлого 9.994.890 төгрөг болж байснаас хамт гарч байсан Х гэх хүнд 2.025.190 төгрөг байсан. Тэгээд сейфенд үлдсэн задгай мөнгө нь 726.730 төгрөг байсан. Ингээд хасаад тооцоод үзэхээр 7.242.970 төгрөг алга байсан гэсэн мэдүүлэг /хх 05-08 ху/, гэрч П.Д-ын М.Г-т 2018 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрийн орлого болох нийт 6.187.160 төгрөг хүлээлгэж өгсөн. Сейф онгойлгох үед М.Гийн ээж, ах, манай эрхлэгч О.Г, түгээгч Х нар байсан. 700.000 гаруй мянган төгрөг байсан гэсэн мэдүүлэг /хх 13ху/, гэрч Ш.П-ын миний хүү ажлын газраасаа мөнгө авч явсан гэдгээ хэлээд хохирол төлж барагдуулсан байгаа гэсэн мэдүүлэг /хх 14-17/, гэрч С.Г-ийн Гадуур хүмүүс ярихдаа Гийг саяхан 03 сард Улаанбаатар хотод очиж автомат тоглоомын газарт тоглоод 7 сая орчим төгрөг алдсан гэсэн яриа байна лээ гэсэн мэдүүлэг /хх 22 ху/ баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирол төлсөн банкны баримт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэргийн улмаас хохирогчид 7.242.970 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирлыг нөхөн төлсөн тухай баримт хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч М.Г-т ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч бусдын итгэмжилэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ