| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0164/э |
| Дугаар | 000171 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 000171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч П.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Од холбогдох эрүүгийн 1825002250163 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-2, охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Зүүн дэнжийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн П-ын О.
Шүүгдэгч П.О нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн тоотод Х.О-тай хэрэлдэж маргалдан улмаар Х.О-г галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч П.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би хохирогч Х.О-г 2-3 удаа бол цохиогүй. Нэг удаа л галын дэгээ төмрөөр зүүн гарынх нь тохой руу цохисон. Хохирогч өөрөө согтуу байсан, би бага зэрэг согтуу байсан. 2018 оны 03 дугаар сарын 18-ны орой гэртээ Ц-тай амарч байхад гаднаас Х.О орж ирээд Цт хандан чи манай Эрдэнэ багт байдаг байшингийн цонхыг хагалсан уу? гэж асуухаар нь Ц хагалаагүй, би танай байшинд очиж юм хийж өгч байснаас дахин танай хашаа байшинд очоогүй гэж хэлж байсан. Би түүнийг одоо яв, чи маргааш ирж уулз гэсэн чинь надтай маргалдаад намайг хулгайч гэх мэтээр доромжилоод байсан. Хохирогч Х.О урьд нь манай нөхөр Ц-тай хамт амьдарч байсан юм. Би түүнийг нөхөр Ц-тай харддаг, нөхрөө өмөөрч уурласан нь үнэн. Би өөрийнхөө бурууг ойлгож байна гэв.
-Хохирогч Х.О-гийн ...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Зүүн дэнжийн 5-25 тоотод Ц гэх айлд очсон юм. Ц П.О гэх эмэгтэйтэй хамтран амьдардаг. Би Ц-ыг 10 гаруй жилийн өмнөөс таньдаг болсон. Ц-аар 2017 оны зун Эрдэнэ багт байдаг байшиндаа шаврын ажил хийлгэсэн юм. Саяхан манай Эрдэнэ багт байдаг байшингийн цонх нь хагарсан байсан. Би сүүлийн 7-8 жил Л- гэх хүнтэй уулзаж, учирч явж байгаа юм. Тухайн үед Л- над руу залгаж таарсан. Тэгэхээр нь би түүнд чи яагаад байшингийн цонх хагалсан юм бэ? гэсэн чинь өөдөөс би хагалаа юу гээд янз бүрээр хэлж доромжилсон. Л- намайг чи өөрөө 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ц-ынд очиж архи ууж түүний нүүрийг маажсан юм биш үү, тэрэндээ уурлаад Ц, О 2 танай байшингийн цонхыг хагалсан юм биш үү гэж байсан. Тэгэхээр нь би Ц-тай уулзах гэж очсон. Ц эхнэр О-тайгаа орондоо орчихсон унтаж байсан. Би гэрт нь ороод Цт хандаж та 2 Л-тай уулзсан юм уу? намайг чиний нүүрийг маажсан гэж яриад байна. Ямар учиртай юм бэ? гэж асуусан. Ц би Л-тай уулзсан нь үнэн, гэхдээ танай байшин руу очоогүй, цонхыг чинь хагалаагүй чи Л-тайгаа ярь гэсэн. Энэ үед эхнэр О нь намайг янз бүрээр доромжилж, янхан гэх мэтээр хэлж байсан. Тэгээд гэрээс гарах гэж байхад түлээний хайрцаган дотор байсан галын дэгээ төмрөөр миний зүүн гарын тохой руу 2-3 удаа цохисон. Надад П.О гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 09-10 ху/,
-Гэрч Л.Цын: Тухайн үед манай эхнэр П.О шөнө болсон байна чи яв, маргааш ирж уулз гэсэн чинь Х.О нь явахгүй маргалдаад зогсоод байсан. Тэгээд би орон дээр буруу хараад хэвтээд өгсөн. Түүнийг манай эхнэр гэрээсээ гаргах гээд маргалдаад байсан, тэгээд чирээд гаргах шиг болсон. Сүүлд нь сонсоход түлээний хайрцаг дотор байсан төмрөөр манай эхнэр Х.О-гийн гар руу цохисон гэсэн. Би хараагүй гэсэн мэдүүлэг /хх 17 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаартай шинжээчийн...Х.Огийн биед зүүн гарын тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 12 ху/,
-П.Ог яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,28 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч П.О-гийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.О нь Х.Ог галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн О нь намайг янз бүрээр доромжилж, янхан гэх мэтээр хэлж байсан. Тэгээд гэрээс гарах гэж байхад түлээний хайрцаган дотор байсан галын дэгээ төмрөөр миний зүүн гарын тохой руу 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн гарын тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 272 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Х.О нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч П.Од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ог 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.