| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426001890168 |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
2025 9 25 2025/ДШМ/55
Ц.Ц , Д.С нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Эрдэнэбат
Шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийням
Шүүгдэгч Ц.Ц
Шүүгдэгч Д.С
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийням, шүүгдэгч Д.С нарын гомдлоор Ц.Ц , Д.С нарт холбогдох эрүүгийн 2426001890168 тоот хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.17
Монгол Улсын иргэн, Ц.Ц
Монгол Улсын иргэн, Д.С
Ц.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нүнжиг худалдааны төв дотор байх үедээ Б.Г гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5540460240 тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г-той 88.... дугаарын утсаар холбогдон Өвөрхангай аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач сард 3 сая төгрөг хангалттай олно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Д.С нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дунын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.С-ийг гэрч шүүх хуралдааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц , Д.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-гаас 16,423,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Г-т олгохоор, шүүгдэгч Ц.Ц , Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Ю.Г-т хохиролд 3,576,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Д.С бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц , Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Гэм буруугийн тухайд анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б.Г ийн дансаар дамжуулан 20,000,000 төгрөг авсан үйл баримт тогтоогддог бөгөөд шүүгдэгч нь үүнтэй маргадаггүй. Харин уг 20,000,000 төгрөгийг авахдаа мөнгөний хэрэг гарсан тул амаар зээлийн гэрээ байгуулж авсан талаар шүүгдэгч болон гэрч нар мөрдөн шалгах ажиллагааны үед тогтвортой мэдүүлдэг.
Хохирогч, шүүгдэгч нарын тухайд урьдын харилцаатай хүмүүс бөгөөд өмнө нь биенээсээ харилцан мөнгө төгрөг зээлдэг байсан. Мөн шүүгдэгч Ц.Ц нь Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг алтны компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг байгуулахад хохирогч гэх Ю.Г нь зуучилж өгсөн бөгөөд мөн өөрөө техник хэрэгслийг нь хариуцан ажиллаж байсан.
Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар) 7 дахь хэсэгт “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж заасан бөгөөд энэ нь шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт юм.
Хохирогч Ю.Г нь мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Бид хоёр аман гэрээ хийсэн, Ц.Ц-аас мөнгөө өг гэж хэд хэдэн удаа нэхэж байсан, мөнгийг чинь өгнө гээд 2 жил болж байна. 2023 оны 10 дугаар сард 3,000,000 төгрөг авсан. Машины засварын мөнгө хэрэг болоод мөнгөө авъя гэхэд эндээс хэрэглэ гээд банкны картаа өгсөн. Картнаас нь 577,000 төгрөг уншуулсан.” гэж мэдүүлдэг. /хх-7-9, 13-15/, хохирогч Ю.Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ц.Ц гаас 3,577,000 төгрөг л буцааж авсан, өөр мөнгө аваагүй, мөн Б.Г, Ц.Ц нарын уул уурхайн хөрөнгө оруулалтын асуудалд би холбоо хамааралгүй гэж мэдүүлсэн.
Гэтэл шүүхээс нэмэлт ажиллагаа хийсний дагуу хохирогч Ю.Г ийн хаан банкны 55...тоот дансанд үзлэг хийхэд шүүгдэгч Ц.Ц нь Ц.М-гийн 54... тоот дансаар дамжуулан 3,700,000 төгрөгийг хохирогч Ю.Г ийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Үүний дараа шүүх хуралдаан болж энэ талаар хохирогч Ю.Г оос тодруулахад энэ мөнгийг би анзаараагүй байна, гэхдээ энэ мөнгө Гантөр, Ц.Ц нарын уул уурхайн хөрөнгө оруулалтын асуудалд холбоотой мөнгө байсан учраас би энэ мөнгийг Гантөр рүү шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд хохирогч Ю.Г ийн мэдүүлгүүд хоорондоо илт зөрөөтэй байна.
Гэтэл Ц.Ц нь дээрх 3,700,000 төгрөгийг түүнээс зээлсэн 20,000,000 төгрөгөөс хасагдаж байна гэж ойлгоод шилжүүлсэн. Дээрхээс дүгнэхэд талууд гэрээний биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, гомдлын шаардлага гаргаж байсан гэдэг нь тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.Ц гийн зүгээс 20,000,000 төгрөг авсаныхаа 3 хоногийн дараа Улаанбаатар хотод очиж хохирогч Ю.Г-той уулзаж зээлсэн мөнгөө өгөх гэхэд “одоохондоо чамд байж байг, буцаагаад уул уурхайн ажил эхлэхээр авна, одоо авахаар эхнэр мэдээд авчихна” гэж хэлээд мөнгөө авахаас татгалзсан байдаг.
Энэ нь гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Улаанбаатар хотод машинд Ц.Ц, Ю.Г нар нь машинтай ирсэн. Машинд тэр хоёр мөнгөний асуудлаар яриад байсан” гэх мэдүүлэг /1хх-195-196/, мөн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн “Тухайн өдөр машин дотор Ц.Ц , Ю.Г бид гурав байсан. Тэр хоёр мөнгөний тухай яриад байсан. Ц.Ц нь Ю.Г ийг мөнгөө ав гэж хэлсэн. Ю.Г нь чамд байж байг, надад байхаар эхнэр авчина, ажил эхлэхээр авна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Л.С, Л.И нарын “Манай ээж Ц.Ц нь Ю.Г оос 20,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Гурав хоногийн дараа буцааж өгье гэхэд Ю.Г нь уул ажилд хамтарч хөрөнгө оруулна, мөнгөө байлгаж бай, манай эхнэр авчихна гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг 1хх-150, 152/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байна гэж үзэж байгаа. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх зэргээр авдаг бөгөөд өөрийн болгосон эд хөрөнгийг буцааж төлөх, хариу төлбөр хийхгүйгээрээ зорилготой байдгаар иргэний эрх зүйгээс ялгагддаг.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Ю.Г-оос 20,000,000 төгрөг зээлсэн асуудал нь тухайн эд хөрөнгийг өгөхгүй байх зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогддоггүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна.
Хохирол төлбөрийн тухайд анхан шатны шүүх хохирол, хор уршгийг бүрэн гүйцэт тогтоогоогүй. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн төлбөрийг хохирлоос хасч тооцоогүй орхигдуулсан.
Шүүгдэгч Д.С-ийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.Ц д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч ямар нотлох баримтыг үндэслэж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн болох, ямар нотлох баримтыг үндэслэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг худал мэдүүлэг гэж үзсэн болохыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, дээрх мэдүүлгийн зөрүүг арилгаагүй болно. Учир нь гэрч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед Ц.Ц нь Ю.Г-т мөнгөө ав гэж хэлээгүй гэж огт мэдүүлээгүй байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Ц.Ц , Ю.Г нартай холбоотой хэрэгт гэрчээр оролцож үнэн зөв мэдээлэл өгсөн боловч шүүх хуралдааны явцад миний хэлсэн үгийг гуйвуулдж хэлээгүй болгож асуусан байхад нь хариулсан, хариулаагүй болгосон. Анхан шатны шүүхээр ял оногдуулж хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд хэргийн дахин хянан үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогч Ю.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийнямын гомдлыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Гэм буруугийн хувьд шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын талаар ямар нэг санал гомдол байхгүй. Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч надаас 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авахдаа өөрийгөө Өвөрхангай аймгийн Худалдааны зах дээр барьцаалдан зээлдүүлэх газар буюу ломбард ажиллуулдаг гэж итгүүлэн миний мөнгийг эргэлдүүлж өгнө чамд ашигтай гэж хэлж намайг итгүүлж байгаад мөнгийг шилжүүлж авсан нь үнэн. Ц.Ц г ломбард ажиллуулдаг нь үнэн эсэхийг шалгуулах, намайг зориуд хууран мэхэлсэн эсэхийг нь тогтоолгох гэж гомдол гаргасан. Би бусдад залилуулсан гэдэг нь анхан шатны шүүхээр тогтоогдсон байна. Шүүгдэгч нь мөнгийг нь буцааж өгнө гэж удаа дараа өгсөн боловч хохирогч өөрөө аваагүй надад зээлсэн мөнгө байсан. Ю.Г-ийн алтын уурхайд хөрөнгө оруулах гэж байсан мөнгө, би тэр мөнгийг нь Б.Г-д Ю.Г-ийн хөрөнгө оруулалтын мөнгө гэж шилжүүлсэн мэтээр худал ярьж байгаад харамсаж байна. Хохирлын хувьд надаас шилжүүлж авсан 20,000,000 төгрөгөөс 3,577,000 төгрөг авсан. Үлдэгдэл 16,423,000 төгрөгийг өгөөгүй гомдолтой байгаа. Гантөр гэх хүний алтны уурхайн үйл ажиллагаанд Ц.Ц нь хөрөнгө оруулна гэж гэрээ байгуулж Эрдэнэс таван толгойн уурхайд автозам барих ажил хийдэг гэж итгүүлж тэндээс орж ирэх мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байсан бүхэн нь дээрхийг нэгэн адил бүгд худлаа байсан бөгөөд Б.Г-д хөрөнгө оруулалт гэж миний дансаар шижлүүлсэн 3,700,000 төгрөгийг надаас залилж авсан. 20,000,000 төгрөгийн хохирлоос хасуулж тооцуулах гэж улайрч байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ 3,700,000 төгрөгөө Гантөрөөс нэхэмжилсэн нэхэмжлэлд нь багтсан байгаа гэдгийг өөрөө мэдэж байгаа. Б.Г-д хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллах гэрээ надаас 20,000,000 төгрөг залилж авсан үйлдлүүд нь хоорондоо хамааралгүй цаг хугацааны хувьд өөр цагт үйлдэгдсэн болно. Д.С эмэгтэй талаар ярих зүйл надад алга. Хэргийг иргэний хэрэг болгох гэсэн зорилгоор зориуд зохиол бий болгож бусдыг гэмт хэрэгт түлхсэн үйлдэл болж гэж үзэж байна. Тэдний ярьж байгаа шиг миний машинд мөнгөө ав гээд би авахгүй байж байя гэж ярьсан яриа болоогүй гэдгийг хэлье. Шүүгдэгч Ц.Ц нь үнэхээр ломбардын үйл ажиллагаа байнга эрхэлж байсан нь үнэн байсан бол надад ярих зүйл байхгүй. Харамсалтай нь энэ хүн миний итгэлийг эвдэж хууран мэхэлж миний мөнгийг авсанд гомдолтой байна гэжээ.
Шүүгдэгч Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Г бид хоёр нэг сургуулийн нэг төгсөлтийн хүмүүс. Бид 2021 онд ангийн группээр танилцаж төгссөнөөсөө хойш уулзалдаагүй байж байгаад уулзсан. Түүнээс хойш холбоотой байдаг байсан. Ю.Г нүүрсний уурхайн ажлыг хийх гэж байгаа тэгээд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, хөрөнгө оруулах хүн байна уу гэж асуусан. Тэгээд намайг мөнгө шилжүүлэхэд дансаараа авахгүй, эхнэр чамтай харддаг болохоор надтай хамт ажилладаг Гантөр гэсэн хүний дансаар авъя гэж хэлсэн. Гантөр нь надад Хаан банкны данс байхгүй, эхнэрийнхээ дансыг өгье гэж хэлээд мөнгийг авсан. Би Гантөр гэдэг хүнийг танихгүй. Ю.Г л надтай хамт ажил хийх хүн гэж танилцуулсан. Ю.Г бүтэн 2 жил болоход гомдол гаргаагүй. Би мөнгөө ав гээд удаа дараа хэлсэн. Би Д.С-тэй нэг машинд сууж байгаад хэлсэн. Тэгээд дараа нь хоёулаа Улаанбаатар их дэлгүүрийн тэнд явж байгаад чи мөнгөө авах уу гэхэд дансанд 40,000,000 төгрөг байсан. Эхнэр 20,000,000 төгрөгийг нь авсан байна. Эхнэр 20,000,000 төгрөгийг хүнд шилжүүлсэн байна гэж уурлаад байна гэсэн. Би чамаас мөнгийг авбал ямар ч мөнгөгүй болно. Би эхнэрээсээ салсан байгаа, тийм учраас мөнгө чамд байж байг гэж хэлсэн. Ю.Г-ийн эгч Тосмаа гэж хүн утасдаад эхнэрээсээ салсан учир наад 20,000,000 төгрөгийг нь битгий өгөөрэй, ажлыг нь эхлэхээр өгнө биз гэж хэлж байсан. Тэгээд өөрөө мөнгөө аваагүй. Би удаа дараа мөнгийг нь өгөх гэж байсан. Би Тосмаа гэж хүнийг танихгүй, нэг удаа л утсаар холбогдож байсан. Ю.Г надтай 2 жил гаран холбоотой байсан. Бид ажил төрөл, гэр орноо ярьдаг байсан, байнгын холбоотой байсан. Мөн надаас мөнгө зээлдэг байсан. Дансны хуулгыг шалгаад үзэхээр надаас 20,000,000 төгрөг зээлж байсан. Түүнийгээ буцааж өгч байсан. Тэгээд би энэ хүнээс 20,000,000 төгрөг авсан. Тэгэхэд надад 48,000,000 төгрөг дансанд байсан.
Би Ю.Г өөрийгөө ломбард ажиллуулдаг талаараа нэг удаа ч хэлж байгаагүй. Ямар үндэслэлээр намайг ингээд Ю.Г ийг залилсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. Ю.Г эхнэрээсээ салчихсан байсан. Тэгээд эхнэртээ намайг энэ хүүхэн залилсан гээд хэлсэн. Бид хоёрын гэр бүлийн маргааныг гэрчлэх хүмүүс байгаа. Манай хүүхдүүд манай нөхөр ч гэсэн гэрчилнэ. Ю.Г би эхнэрээсээ салсан, чи надад хотод байр аваад өг, би чамтай суумаар байна гэж хэлээд л явж байсан хүн шүү дээ. Тэр болгоныг манай гэр бүлийнхэн гэрчилнэ. Ю.Г гэдэг хүнтэй учирснаараа миний амьдрал орвонгоороо эргэсэн. Надад үнэхээр гай болсон хүн байгаа. Яагаад худлаа хэлээд хүнийг гүтгээд яваад байгааг ойлгохгүй байна. Ю.Г тэрнээс хойш надтай аймагт ирээд уулздаг байсан, байнгын холбоотой байсан, мөнгөө нэхдэггүй байсан. Сүүлд нь уурхайн ажил нь болохгүй боллоо 43,000,000 төгрөгөө авъя гэж хэлсэн. Чи тэр Гантөрөөс мөнгөө ав гэж хэлсэн. Гантөрийг цагдаад өг, би ч гэсэн мөнгөө гаргаж авмаар байна, би дунд нь хохирч үлдмээргүй байна гэж хэлсэн. Тэгээд уурхайд мөнгө хэрэг боллоо гээд би шилжүүлээгүй, дандаа тэр Ю.Г-ийн мөнгөнөөс л өгч байна гэж бодоод л уурхайн ажилдаа хэрэглэнэ гэсэн болохоор тэрнээс нь өгч байна гэж бодоод шилжүүлээд байсан. Сүүлд нь надад хамаагүй. Энэ Б.Г-д хамаатай гэж яриад байхаар нь би өөрийг нь Иргэний хэргийн шүүхэд өгсөн. Тэгээд намайг яллагдагч болгож залилсан болгоод байгаа. Би энэ гэр бүл салсны золиос нь болж байна. Бүгдийг нь шалгах ёстой гэж бодож байна. Ю.Г Цагдаагийн даргаар ажилладаг байсан болохоор хэрэг нь хурдан шуурхай шийдвэрлэгдэж байгаа юм уу. Өлзийжаргал байцаагч намайг өөрөө ирж байцаагаад байсан. Тэр Ю.Г той бас хамт ажиллаж байсан уу, холбоотой байсан уу, Ю.Г хэлсэн үү гэж хардаад байгаа. Би 40,000,000 төгрөгөө залилуулчхаад цагдаад гомдол гаргаад л явж байхад миний хэргийг шийдвэрлэж өгөхгүй бүтэн жил болж байна. Би Ю.Г т ломбард ажиллуулдаг гэсэн бол бичсэн мессеж юм уу, чат зэрэг нотлох баримт байхгүй. Хэн хэндээ итгэж мөнгө төгрөгөө өгч авч байсан. Өлзийжаргал байцаагч Д.С-ийг харанхуй шөнө сургууль дээр нь ажлын бус цагаар мэдүүлэг авч ялтан болгосон.
Д.С Ю.Г бид хоёрын яриаг сонссоныхоо төлөө ялтан болоод сууж байна. Ю.Г-ийн эхнэр нь надад наадах чинь хүн биш шүү, чи хэзээ нэгэн цагт мэднэ дээ гэж хэлж байсан. Энэ хүн үнэхээр миний амьдралд гай болсон. Ю.Г яахаараа ийм эрх мэдэлтэй байдаг юм бэ. Бидний дансыг цагдаа нь олоод авдаг юм байна. Харин Ю.Г-ийн дансыг болохоор авдаггүй, дансаа шалгуулдаггүй юм байна. Асуухаар хувь хүний нууц л гэж байна. Би Ю.Г гэдэг хүнтэй холбогдсоноороо гэр бүлдээ ч асуудалтай болж байна. Шүүх цагдаагаар ч явж байна. Сүүлдээ ялтан болж байна. Би бүтэн 2, 3 жил дарамтад явж байна. Би эхнэрийнх нь дарамтад өчнөөн явсан. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ю.Г Өвөрхангай аймгийн Засаг дарга байсан И.Д хоёр намайг Өмнөговь аймгаас Дундговь аймагт Ю.Г аваачиж өгөөд Ю.Г намайг замаас тосож хоёулаа хот орсон. Тэгээд хот ороод маргааш нь уулзахад би мөнгөгүй болох гээд байна гэсэн. Би гэр бүлийн асуудалтай хүнтэй учирсан. Би энэ хүний гэр бүлийн золиос болоод байна. Би удаа дараа мөнгийг нь өгөх гэж асуусан. Би Ю.Г-оос өөрөө мөнгө авах хүн байгаа. Би Б.Г гэж хүнийг танихгүй. Тэр Б.Г гэж хүний дансаар авсан болохоос биш тэр хүн энд хамааралгүй. Би иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан болохоор Ю.Г намайг зөрүүлээд залилсан гээд байгаа. Ю.Г өөрөө надад Гантөрийг цагдаад өг гэж хэлж байсан. Тэгэхэд Гантөр намайг блоклосон. Би хаана амьдардаг талаар ч мэдэхгүй. Сүүлд нь гэрээн дээрээс харахад хаягийг нь олж цагдаад гомдол гаргасан. Үнэхээр би Ю.Г ийг залилсан бол 3-н жилийн хугацаанд яагаад цагдаад өгөөгүй юм бэ. Би хүн залилах гэмт хэрэг үйлдээгүй гэв.
Шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн үед энэ хэрэг үүсэхээс өмнө шүүгдэгч, хохирогч нар Төв аймагт алтны уурхайд хамтарч ажиллахаар тохиролцсон байдаг. Хохирогчийн зүгээс тухайн уурхайн ажил эрхлэхтэй холбоотой төлбөрийн зардлууд татварын данснаас гарсан байдаг. Үүнтэй холбоотой уул уурхайн ажилтнуудад тусгай зөвшөөрлийн асуудал бий болсон учраас гэрээ цуцлагдах асуудал үүссэн. Мөнгө шилжүүлж авсан Б.Г болон Ю.Г гэдэг 2 хүнийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Хэрэгт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж байгаа. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхэд ирсний дараа анхан шатны шүүх хурал болсон. Үүнтэй холбоотой шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг өгөх шаардлага үүссэн. Одоо иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тов нь зарлагдаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байгаа.
Тухайн үед Улаанбаатар хотод мөнгийг нь өгье гэдэг байдлаар уулзсан гэдэг тайлбар байгаа. Тухайн үед очиход Саруултөгс гэдэг хүн байсан гэдэг асуудал яригдсан учраас гэрч оролцуулах хүсэлт өгсөн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг авсан. Тэгэхээр бичлэг дээр ойлгомжгүй зүйлүүд байдаг. Шууд орж ирээд мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авах ач холбогдол, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх талаар тайлбарлаж байгаа үйл баримт байдаггүй. Бичлэгт сүүлд нь дуусгахын явцад мэдүүлэг аваад гарын үсэг зуруулчихаад дахиад мэдүүлгээ засаад гарын үсэг зуруулж байгаа гэдгийг шүүгдэгч Д.С харахгүйгээр зурсан. Гэрч Д.С-өөс авсан мэдүүлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрвээ гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байна гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж мэдүүлгийн зөрүүг арилгахаар болсон. Гэтэл мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийхгүйгээр яллагдагчаар татсан байгаа. Шүүгдэгч Саруултөгсийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг хоёрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нь үндэслэж яллагдагчаар татаж шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх энэ 2 мэдүүлгийн аль мэдүүлэг нь худал мэдүүлэг өгсөн талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн.
Иймд Өвөрхангай аймаг дах сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/160 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би цагдаагийн байгууллагад болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбар, мэдүүлгээ өгсөн. Би үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Өлзийжаргал гэдэг байцаагч надаас мэдүүлэг авсан. Намайг 4-н цагдаа ирээд л аваад явсан. Би байцаагч Өлзийжаргалын өрөөнд нь мэдүүлэг өгсөн. Надаас асуусан, би хариулсан. Тэгэхэд намайг анхан шатны шүүх хуралдаанд эхний өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэсэн. Надад бичлэг гэж харуулж байх шиг байсан. Би үнэхээр их гомдолтой байна. Би зүгээр байж байгаад ялтан болчихоод байгаадаа гомдолтой байна. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын зүгээс хэргийн өөр, өөр үйл баримтын талаар хольж яриад байгаа нөхцөл байдал байна. Ю.Г 20,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Монгол Улсын Дээд шүүхийн 51 дугаартай тогтоолд гэрээний эрсдэлтэй холбоотой нөхцөл байдал байдаг учраас иргэний маргаан гэж үзнэ гэж тайлбарладаг. Шүүгдэгч Ц.Ц нь ломбард ажиллуулдаг байсан эсэх, мөнгө эргэлдүүлж өгнө гэсэн эсэх гэдэг асуудал яригдаад байна. 20,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй, эсвэл талыг нь өгөхгүй гэдэг агуулгаар илэрч байна уу гэдэг нь иргэний маргаан уу, гэмт хэрэг үү гэдгээр л ялгаж байгаа. Мөн техникийг ломбарданд тавьсан асуудал яригддаг. Энэ хэрэгт авагдсан баримтаас тухайн цаг хугацаанд буцаагаад өгнө гэсэн агуулга нь мөрдөн шалгах шат болон шүүх хуралдаанд үеэс эхэлдэг. Гэтэл хохирогч Ю.Г-оос мөнгөнүүдээ аваагүй гэдгээ хэлсэн. Мөнгөө авах гэж их гуйсан нилээд чирэгдэл учруулсан гэсэн асуудлууд байдаг. Одоо Гантөр гэдэг хүнтэй холбогдуулж байна. Гантөрийг уул уурхайд хөрөнгө оруулах боломжтой гэдгийг Ю.Г , Ц.Ц нь Б.Г-д танилцуулж байгаа юм. Танилцуулсны үндсэн дээр Эрдэнэс таван толгойн замын ажил эхлэлтэй холбоотой эхний ээлжид 700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах боломжтой гэдгийг гэрч Гантөр нь тодорхой мэдүүлсэн.
Мөн Ю.Г , Ц.Ц нар хоорондоо мөнгө шилжүүлэхдээ 20,000,000 төгрөгийг өөр хүний дансаар шилжүүлсэн. Тэр хүнээс гэрчийн мэдүүлэг авахад хүүхдэдээ байр авч өгөх гэж байгаа, чамд дансны хуулга хэрэгтэй биз дээ гээд чиний дансаар мөнгөө 20,000,000 төгрөг авч байгаа нөхцөл байдал тогтоогддог. Ю.Г т Ц.Ц нь мөнгөтэй юм байна гэдэг ойлголттой байсан. Ингээд хоорондоо хөрөнгө оруулахаар Б.Г, Ц.Ц нарын хооронд мөнгө шилжүүлсэн харилцаа үүссэн байна. Энэ харилцаанд Ю.Г-ийн оролцоо, үйлдэл байсан. Ц.Ц , Ю.Г нарын хооронд мөнгө эргэлдүүлэх зорилгоор авч шилжүүлж, буцаагаад мөнгөнүүдээ авсан байна. Харин үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байсан учраас Ю.Г цагдаагийн байгууллагад хандсан. Өнөөдрийн байдлаар хохирогч мөнгөө бүрэн хүлээж авсан гэдэг нотлох баримт, хэрэгт авагдсан баримтад байхгүй. Энэ нь иргэд хоорондын хэлцэл юм уу, залилах гэмт хэрэг юм уу гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаартай тогтоолд тодорхой заасан.
Шүүгдэгч Д.С-ийн тухайд бичиг үсэг, мэдлэг боловсролтой хүн байгаа. Гэрчид эрх үүргийг сануулж мэдүүлэг авахдаа өөрт нь эрх үүргийг бүрэн уншиж танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлаж гарын үсэг зуруулдаг. Хэрвээ үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, буруу зөрүү бичигдсэн, засвар оруулах боломжтойг тайлбарладаг. Өөрөө өмгөөлөгч авахгүй гэдгээ хэлсэн. Мэдүүлгээ уншиж танилцаж гарын үсгээ зурсан баримтыг нотлох баримтаар үнэлсэн. Мөн мэдүүлэг авахдаа дуу дүрсний бичлэгээр баталгаажуулсан байдаг. Шүүгдэгч Д.С нь сонсголын бэрхшээлтэй учраас тухайн үед сонсоогүй гэж тайлбарлаж байсан боловч анхан шатны шүүх хуралдаанд оролцож гэрчээр мэдүүлэг өгөх учир шалтгаан юу байсан юм. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө чих зүгээр болсон, тухайн үед ийм нөхцөл байдал болсон гэдгийг хэлсэн. Эдгээр нотлох баримтаар хэргийг үгүйсгэх, няцаах зүйл байхгүй. Ц.Ц гийн зүгээс 20,000,000 төгрөг авсныхаа гурав хоногийн дараа Улаанбаатар хотод очиж Ю.Г той уулзаад мөнгөө ав гэхэд одоохондоо чамд байж байг, уул уурхайн ажил эхлэхээр авна гэсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Шүүгдэгч Саруултөгсийн 2 удаагийн мэдүүлэг буюу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг байдаг. Хохирогч тухайн цаг хугацаанд мөнгө авсан, аваагүй гэдгээ мартаж санасан нөхцөл байдал нь гэмт хэргийг үгүйсгэх асуудал биш. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Иймд Өвөрхангай аймаг дах сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийням, шүүгдэгч Д.С нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ц.Ц гийн өмгөөлөгч М.Дамбийнямаас ... шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Ю.Г оос 20,000,000 төгрөг зээлсэн асуудал нь тухайн эд хөрөнгийг өгөхгүй байх зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдоогүй бөгөөд залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх,
Шүүгдэгч Д.Саруултөгсөөс ..миний бие Ц.Ц , Ю.Г нартай холбоотой хэрэгт гэрчээр оролцож үнэн зөв мэдээлэл өгсөн боловч шүүх хуралдааны явцад миний хэлсэн үгийг гуйвуулдж хэлээгүй болгож асуусан байхад нь хариулсан, хариулаагүй болгосон. Анхан шатны шүүхээр ял оногдуулж хэргийг буруу шийдвэрлэсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байж болох нөхцөл тогтоогдож байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй хэргийг шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Эрүүгийн 2426001890168 тоот хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүгдэгч Ц.Ц гийн гэмт хэргийн сэдэлт, зорилгод эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Э.Ө нь гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаан дээр гэрч Д.С-өөр гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байгаа боловч /1 дүгээр хавтаст хэргийн 193-194/ хяналтын камерын бичлэгт эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулж байгаа байдал тогтоогдохгүй, Д.С нь ...мэдүүлгийн өрөөнд надад ахиж хууль сануулаагүй, би ойлгоогүй, миний баруун талын чих огт юм сонсохгүй, зүүн тал 60 хувьтай сонсдог...гэх мэдүүлгийг өгсөн байхад анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн харилцан зөрүүтэй баримтуудын нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлийг заалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ц , Д.С нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: