Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 000181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч О.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У-т холбогдох эрүүгийн 1825001210166  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж  баг, Баян-Өндөр хотхоны  тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар хорих ял шийтгүүлж,1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, С овгийн О-ийн У.

 

Шүүгдэгч О.У нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 13-5 тоот гэртээ О.У-г зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.У нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

-Хохирогч О.У-гийн ...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний бие төрсөн дүү У-тай гэртээ 2 шил архи хувааж уусан юм. Орой болоод унтах гэсэн чинь өөдөөс янз бүрийн үг хэлж, гарч явна гээд уурлаад байсан юм. Би түүнийг одоо амар унтъя гэсэн чинь миний үгэнд орохгүй хараал хэлж гэрээс гарч архи ууна, чи юу юм бэ? гээд уурлаад байсан. Тэр намайг орон дээр хэвтэж байхад дайраад байхаар нь урдаас нь хөлөөрөө тийрчихсэн юм. Тэгсэн надад уурлаж гэрт байсан жижиг хутгыг барьж дайрсан. Зууралдаад салсан чинь миний эрүүний доор нөгөө хутгаараа зүссэн байсан. Мөн миний зүүн мөр рүү өшиглөсөн. Тэр хэсэгт нь бага зэрэг хөхөрсөн байсан. Тэгээд хоёулаа эмнэлгийн хүлээн авах дээр очиж боолт хийлгэсэн. Би шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлэг /хх 05-07 ху/,

 

-Гэрч Д.Номинчимэгийн: Манай том хүү Уртнасан нь төрсөн дүү Утайгаа хамт гадуур хүнсний зах орчимд явж архи уусан, Дэнж багт байх Баян-Өндөр хотхоны 13-5 тоот гэртээ хоёулаа очиж маргалдаж байгаад дүү У нь ах У-г зодож хоолой руу нь хутгаар хатгаж, биеийг нь зүсэж, нүүрийг нь энд тэндгүй зүсэж зодож цохисон байна гэсэн мэдүүлэг /хх 12 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн...О.У-гийн биед доод эрүүн дор баруун талд 1 тооны зүсэгдэж хатгагдсан шарх, баруун хацарт 2 тооны шалбархай, хүзүү, цээж бүсэлхийд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Зүсэгдсэн шарх, шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 3 удаагийн зүсэх, зүсэгдэх бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүсэгдэж хатгагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 14 ху/,

 

-О.Уыг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20,21 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч О.Уын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч О.У нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 13-5 тоот гэртээ О.У-г зодож биед нь зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... зууралдаад салсан чинь миний эрүүний доор нөгөө хутгаараа зүссэн байсан. Мөн миний зүүн мөр рүү өшиглөсөн. Тэр хэсэгт нь бага зэрэг хөхөрсөн байсан. Тэгээд хоёулаа эмнэлгийн хүлээн авах дээр очиж боолт хийлгэсэн гэсэн мэдүүлэг, гэрч Д.Номинчимэгийн  дүү У нь ах У-г зодож хоолой руу нь хутгаар хатгаж, биеийг нь зүсэж, нүүрийг нь энд тэндгүй зүсэж зодож цохисон байна гэсэн мэдүүлэг /хх 12 ху/, хохирогчийн биед доод эрүүн дор баруун талд 1 тооны зүсэгдэж хатгагдсан шарх, баруун хацарт 2 тооны шалбархай, хүзүү, цээж бүсэлхийд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт  үүссэнийг тогтоосон 171 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч О.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч О.Уртнасан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 45 ху/

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ