| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 2515001430122 |
| Дугаар | 2025/ДШМ/21 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/21
Б.Н*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Ш*******,
Шүүгдэгч Б.Н*******,
Хохирогч Н.О******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н******* нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.С******* даргалж хийсэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор П.Ш*******гийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Н*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С******* овогт Б*******ын Н*******, аймгийн М суманд 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, С аймгийн Ж сумын 1 дүгээр баг, Уын 2-207 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, С аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 31 настай, эрэгтэй, /РД:ОЖ/.
Шүүгдэгч Б.Н******* нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Х сум, багийн нутаг дэвсгэрт ажлын хамт олонтойгоо салхилж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Н.О*******г тогоотой хоол аягалж байхад нь тогоотой халуун хоол өшиглөж асгасан үйлдлийн улмаас хохирогч Н.О*******гийн нүүр, хүзүү, цээж гэдэс, гуя зэрэг хэсгүүд түлэгдэж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Б.Н*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр цагаатгах тогтоолоор:
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Н*******ыг цагаатгаж,
Хохирогч Н.О*******гийн нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,
Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг хөндөхгүй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор П.Ш******* шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгч Б.Н******* /ОЖ/ нь “2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Х сум, багийн нутаг дэвсгэрт ажлын хамт олонтойгоо салхилж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Н.О*******г тогоотой хоол аягалж байхад тогоотой халуун хоол өшиглөж асгасан үйлдлийн улмаас хохирогч Н.О*******гийн нүүр, хүзүү, цээж гэдэс, гуя зэрэг хэсгүүд түлэгдэж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, цагаатгах тогтоолоор “...шүүгдэгч Б. Н******* нь "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэх нотлох баримт хангалттай бус, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Н.О*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлан, хянан хэлэлцэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн ба тус эргэлзээг шүүх няцаан үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх" буюу гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлах нь зүйтэй гэж дүгнэн” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгчид ашигтайгаар буюу мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Н*******ыг цагаатгаж шийдвэрлэсэн.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж цагаатгаж шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:
1.Шүүх цагаатгах тогтоолдоо “шүүгдэгч Б.Н******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэх нотлох баримт хангалттай бус, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэж үзсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан. Энэ нь тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан байхыг шаардах ба шалгасны эцэст шүүгдэгч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн ойлголт.
Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд, шүүгдэгч Б.Н******* нь хохирогч Н.О*******г “газан плиткэн дээр шөлтэй хоол хийж, түүнийгээ хүмүүст аяглаж байхад” нь хоолыг өшиглөж асгасан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн, ямар нотлох баримтад үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх шүүхийн хууль зүйн үндэслэл тодорхой биш байна.
Тухайлбал, хохирогч Н.О******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хохирсон үйл баримтын талаар мэдүүлэхдээ “...Б.Н******* согтуу унтаж байгаад босож ирээд тогоотой хоолыг маань өшиглөөд халуун хоол цацагдаад миний нүүр, хүзүү, цээж гэдэс, гуя зэрэг хэсгүүд маань халуун хоолонд түлэгдсэн...” гэж тууштай мэдүүлдэг. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчээс тодруулж асуусан асуултад “Б.Н*******ыг санаатайгаар хийгээгүй, өөрөө өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гуйвж тогоотой хоолыг асгасан гэж бодож байна” гэж хариулсан мэдүүлэгт үндэслэн улсын яллагчийн шинжлэн судалсан яллах талын нотлох баримтыг үгүйсгэж байна гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна.
2.Хохирогч Н.О******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “хэдийд, хэрхэн, хэний хууль бус үйлдлээс шалтгаалан ямар байдлаар хохирсон” болохоо тодорхой мэдүүлж, түүний мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Н.Чын "...Би С аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар 2005 оноос хойш ажиллаж байгаа юм. Н.О******* манай сургуульд багшлаад 5 жил, Н******* багшлаад 2 жил болж байгаа юм... Тухайн үед манай сумын сургуулийн алба хаагчид Х сумын голын баруун талд байх үед хоолонд түлэгдсэн гэж сонссон. Би өөрийн нүдээр хараагүй. Түлэгдчихлээ гэж байхыг нь харахад хүзүү, нүүр нь улайчихсан харагдаж байсан юм... Н******* согтолттой байсан байх. О*******г хэр согтолттой байсныг мэдэхгүй. Урьд өдөр нь ГОК-ын хэдэн залуустай архи уугаад явсан юм билээ..." гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р тал/, гэрч Г.ын "...О******* багш хоол хийж өгөөд бусдад аягалж өгч байсан үед нь Н******* багш тогоотой хоолыг нь өшиглөж О******* багшийг түлсэн талаар би сонссон... О******* багшийг хэр зэрэг согтуу байсан эсэхийг мэдэхгүй юм....” гэх мэдүүлэг, гэрч Н.ын "... О******* багш Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн залуусын хоолыг нь хийж өгч байх үед манай сургуулийн багш Н******* тогоотой хоолыг нь өшиглөж асгасан юм шиг байна билээ..." гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Хэдийгээр, гэрч Н.Ч, Г.а, Н.а нар нь “шүүгдэгч Б.Н*******ыг тогоотой хоол өшиглөснийг нүдээр хараагүй гэж мэдүүлж байгаа боловч” тэдний мэдүүлгийн агуулга нь хохирогчийн мэдүүлгийг илт үгүйсгэсэн утга санаагүй, “Б.Н******* тогтоотой хоол өшиглөж Н.О******* түлэгдсэн болохыг сонссон” талаар тууштай мэдүүлсэн байхад, шүүх “халуун хоол өшиглөж” буй үйлдэлд болон нэр бүхий гэрч нарын мэдүүлгэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэснийг, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заана” гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй байна.
З.Шүүхээс Б.Н*******д холбогдох эрүүгийн хэрэгт “нотлох баримт хангалттай бус, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүх Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд “эргэлзээ гарвал” түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг баримтлан, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан.
Шүүх ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөр, өөр зохицуулалтыг нэгэн зэрэг баримталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, эргэлзээтэй гарсан, хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх ажиллагааг орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан: “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхыг шаарддаг боловч шүүх хэргийг цагаатгахдаа “хангалттай нотлох баримт цуглараагүй”, “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал...түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн хоёрдмол утга санаатай дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна.
4.Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.Н******* нь хохирогч Н.О*******г “газан плиткэн дээр шөлтэй хоол хийж, түүнийгээ хүмүүст аяглаж байхад” нь халуун хоол өшиглөж асгасан үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Н*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, тэрээр “шөлтэй халуун хоол”-ыг өшиглөж хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дүгээр сарын 30-ний өдрийн ******* дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Н******* шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгч шүүх хурал дээр Н.О******* багшаас "Энэ хүн халтирч унаад өшиглөж асгасан уу?, хойшоо савж унахдаа өшиглөж асгасан уу?, эсхүл албаар тан руу өшиглөж асгасан уу?" гэж асуусан. Н.О******* багш "хойшоо унахдаа тогоотой хоолыг өшиглөж асгасан" гэж хэлсэн. Тэрийг сая прокурор унтаж байгаад хоолоо идээрэй гэхэд нь босож ирээд өшиглөөд асгачихсан гэж тайлбарлаад байна. Би тэр үед согтчихсон, ямар ч юм санахгүй байсан. Маргааш нь хүмүүсийн ярианаас сонссон. Намайг согтуу унтаж байхад манай биологийн багш н.Мөнхцэцэг “хамгийн түрүүнд найздаа хоол аягалж өгнө, Б.Н*******ыг сэрээ” гээд намайг хүчээр сэрээж босгосон. Тэгээд тогоотой хоолны хажууд зогсож байхад Н.О******* багш наадах чинь тогоотой хоол руу уначих гээд байгаа юм биш үү, гуйваад байна гэж хэлсэн. Н.О******* багш шүүх хурал дээр “тогоотой хоол руу гуйваад унах гээд байсан, бариад аваарай гэхэд өөрөө хойшоо савж унахдаа өшиглөж асгасан” гэж хэлсэн гэв.
Хохирогч Н.О******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Н*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Прокуророос Б.Н*******ыг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Х сум, багийн нутаг дэвсгэрт ажлын хамт олонтойгоо салхилж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Н.О*******г хоол аягалж байхад нь тогоотой халуун хоол өшиглөж асгасан үйлдлийн улмаас хохирогч Н.О*******гийн нүүр, хүзүү, цээж гэдэс, гуя зэрэг хэсгүүд түлэгдэж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх Б.Н*******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Учир нь анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд, хэргийн үйл баримттай холбоотой яллах үндэслэл болгож буй дараах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтгүйгээр Б.Н******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэх нотлох баримт хангалттай бус, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Н.О*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлэг нь үнэн зөв эсэхэд эргэлзээтэй, өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэх үндэслэл болон гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
-хохирогч Н.О*******гийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Н*******ыг архи уугаад өөрийн үйлдлийг мэдэхгүй болдог хүн байх гэж бодож байна. Яг над руу чиглэж санаатайгаар намайг түлээгүй байх. Тухайн үед над руу алхахдаа гуйвж байсан. Б.Н******* урьд орой нь надад өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй болдог гэдгээ хэлж байсан. Иймд санаатайгаар хийгээгүй, ... өөрөө өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гуйвж унаад тогоотой хоолыг асгасан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг,
-гэрч Г.ын 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Н.О******* багш хоол хийж өгөөд бусдад аягалж байхад нь Н******* багш тогоотой хоолыг нь өшиглөж О******* багшийг түлсэн талаар сонссон. Би нүдээр хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/,
-гэрч Н.ын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...Н.О******* багш Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн залуусын хоолыг хийж өгч байх үед Н******* тогтоотой хоолыг нь өшиглөж асгасан юм шиг байна лээ. Намайг очиход О******* багш түлэгдчихлээ гээд гол руу үсэрч орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,
-яллагдагч Б.Н*******ын 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Н.О******* багшийг хоол хийж байхад нь би тогоотой халуун хоолыг өшиглөж биеийг нь түлсэн. Н.О******* багшийг түлж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85-р тал/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Дын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан БУЛ0725/163 дугаартай “...Н.О*******гийн биед баруун хацраас хүзүү, цээжний дээд хэсэг, 2 хөх, хэвлийд хүйснээс доош умдаг хүртэл, зүүн гуяны дунд 1/3-ны дотор гадаргууд арьсны түвшинд түлэгдлийн сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх сорви гэмтэл нь халууны үйлчлэлээр I-II зэргийн түлэгдлийг нэг удаагийн үйлдлээр өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр түлэх механизмаар үүснэ. Тогтоогдсон түлэгдлийн сорви гэмтлийг Lund-browder үнэлгээний аргаар үнэлэхэд биеийн гадна гадаргуун 22.25 хувийг хамарсан байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн цагаатгах тогтоолд тусгана гэснийг зөрчсөн бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
4.Анхан шатны шүүхээс Б.Н*******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
5.Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор П.Ш*******гийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийн “...анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй талаархи хэсгийг хүлээн авах нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Б.Н*******ын нэрийг Н.Б******* гэж буруу бичсэн, иргэний нэхэмжлэгч Б.Чулуунчимэгт нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй зэрэг алдааг гаргасан болохыг мөн хохирогч Н.О*******д Эрүүл мэндийн даатгалын сангаас 215,775 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн гэх ба уг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн болохыг цагаатгах тогтоолд тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурор П.Ш*******гийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ
Л. ХИШИГДЭЛГЭР