Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 306

 

З.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, З.Т-д холбогдох 1935000110053 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, боловсролгүй, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт З-ийн Т нь

65-55 *** улсын дугаартай “Зил-130” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 11 дүгээр сард Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрнээс 47 ширхэг модыг нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч буюу Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газарт 208.455 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Т-г цагаатгаж шийдвэрлэсэн” байна.

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Т гаргасан гомдолдоо “Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай магадлалыг эс зөвшөөрч эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж надад холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь буруу гэж үзэж байна. Миний бие 2018 оны 11 дүгээр сарын эхээр Тэс сумын 8 дугаар багт байрлах актлагдсан Нарийны голын модон гүүрнээс 47 ширхэг мод авсан ба модонд үнэлгээ хийлгэхэд 208.455 төгрөг болсон юм. Анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай цагаатгах тогтоол нь хуулийн дагуу гарсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч З.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалд нийцэж, үндэслэл бүхий гарсан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийг ямар үндэслэлээр цагаатгасан, түүний холбогдсон хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжид хамаарах эсвэл хамаарахгүй талаар салаа утгатай, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч З.Т-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос З.Тг 65-55 *** улсын дугаартай “Зил-130” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 11 дүгээр сард Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрнээс 47 ширхэг модыг нууцаар, хууль бусаар хулгайлж Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газарт 208.455 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болжээ.

Учир нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэрээс гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн  шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заажээ. Уг зохицуулалтыг хэрэглэхэд тодорхой шалгуурыг хангасан байх учиртай бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хохирол, хор уршиг учруулсан байх явдал юм.

Шүүгдэгч З.Т-гийн Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрний сууринаас /гүүрнээс үлдсэн дам нурууны модноос/ 47 ширхэг модыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байх бөгөөд хэргийн нөхцөл байдал, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийн хувийн байдал /З.Т нь урьд өмнө гэмт хэрэг зөрчил үйлдэж байгаагүй/, тухайн үйлдлийн нийгмийн хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт ялимгүй хохирол, учруулсан байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.

Тодруулбал, Нарийны голын модон гүүр нь байгалийн хүчин зүйл болон хүний оролцоотойгоор устаж, зөвхөн гүүрний суурь буюу дам нуруу үлдсэн, тухайн гүүрний модноос иргэд авч ашигладаг, Тэс сумын Засаг даргын Тамгын газраас бусад байдлаар ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ аваагүйн улмаас тус сумын иргэдийн зүгээс гүүрний модыг авч болно гэсэн ойлголтыг бий болгосон нь дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхэд хүргэжээ.

Харин давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч З.Тгийн үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан тул гэмт хэргийн шинжгүй буюу гэмт хэрэгт тооцохгүй гэх, мөн З.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх хоёр өөр агуулгатай дүгнэлт хийсэн байх боловч хяналтын шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасан шаардлагыг хангаж, тухайлбал, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 хэсэгт зааснаар “28.1.2. ... бүтцийн үндсэн нэгж болох зүйл, 28.1.3. зүйлийн доторх хэсэг, 28.1.4. хэсгийн доторх заалт ...” гэсний дагуу “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4” гэж бичиж байх нь зохистой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “... хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээлэл” гэсэн заалтад тухай хэрэгт холбогдсон хүн нь урьд ял шийтгэлтэй эсэх зэргийг бичих байсныг орхигдуулсан болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч З.Т-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН