| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 2415001520282 |
| Дугаар | 2025/ДШМ/22 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/22
П.*******, Э.*******, “*******” ХХК-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Ш*******,
Яллагдагч П.*******,
Яллагдагчийн өмгөөлөгч Р.Ц*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н******* нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Су*******ийн даргалж хийсэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, дээд шатны прокурор М.Э*******ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч П.*******, Э.*******, “*******” ХХК-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Булган аймгийн Т сумын Ж 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Пүрэвсүрэнгийн *******, регистрийн дугаар:ЦГ.
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчин экологийн менежмент мэргэжилтэй, Эдийн засаг хөгжлийн яамны Үндэсний хөгжлийн хүрээлэнд судлаач ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт У хот, Ч дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган, 3-22 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт *******ын *******, регистрийн дугаар: ГЮ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаартай, Булган аймгийн Т сум, Ж 5-р багт байрлах хаягтай, Булган аймгийн Т сумын 2 дугаар баг “Н” гэх газарт тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй регистрийн дугаартай "*******" хязгаарлагдмал хариуцлагатай компани, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Яллагдагч П.******* нь Булган аймгийн, Т сум, Ж 5 дугаар багт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ “*******" ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж өөрийн хүү Э.*******ийг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т сумын 2 дугаар баг “Н” гэх газраас 5,38 м3 шинэс төрлийн модыг /улсын дугааргүй/ тээврийн хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгүүлж, байгаль экологид 5,521,971 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 16,565,913 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг,
Яллагдагч Э.******* нь яллагдагч П.*******ын өгсөн үүргийн дагуу бүлэглэж, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т сумын 2 дугаар баг “Н” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5,38м3 шинэс төрлийн модыг хууль бусаар /улсын дугааргүй/ тээврийн хэрэгсэл ашиглан бэлтгэж, байгаль экологид 5,521,971 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 16,565,913 төгрөгийн шууд бус хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг,
Булган аймгийн Т сумын Ж 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй, регистрийн дугаартай "*******" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т сумын 2 дугаар баг “Н” гэх газраас 5,38 м3 шинэс төрлийн модыг, яллагдагч Э.*******өөр /улсын дугааргүй/ тээврийн хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгүүлж, байгаль экологид 5,521,971 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 16,565,913 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Яллагдагч П.******* нь Булган аймгийн Т сум, Ж 5 дугаар багт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ “*******" ХХК-ын нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж өөрийн хүү Э.*******ийг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т сумын 2 дугаар баг “Н” гэх газраас 5,38 м3 шинэс төрлийн модыг /улсын дугааргүй/ тээврийн хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгүүлж, байгаль экологид 5,521,971 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 16,565,913 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1, 9.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт заасныг тус тус журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Яллагдагч Э.******* нь яллагдагч П.*******ын өгсөн үүргийн дагуу, бүлэглэж, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т сумын 2 дугаар баг “Н” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5,38 м3 шинэс төрлийн модыг хууль бусаар /улсын дугааргүй/ тээврийн хэрэгсэл ашиглан бэлтгэж, байгаль экологид 5,521,971 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 16,565,913 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Булган аймгийн Т сумын Ж 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй, регистрийн дугаартай "*******" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Т сумын 2 дугаар баг “Н” гэх газраас 5,38 м3 шинэс төрлийн модыг, яллагдагч Э.*******өөр /улсын дугааргүй/ тээврийн хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгүүлж, байгаль экологид 5,521,971 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 16,565,913 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн дугаартай яллагдагч М овогт Пүрэвсүрэнгийн *******, М овогт *******ын *******, “*******” ХХК-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч П.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж,
Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор М.Э******* шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Ш******* тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн ******* дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: 1.Яллагдагч П.*******, Э.*******, “Шинэ амжилт” ХХК нь 17 ширхэг шинэс төрлийн модыг хөрөөдөн тастсаныг хэргийн газрын үзлэгээр модны үндсэнд үзлэг хийн тогтоосон байна. Харин тайрч хөрөөдсөн модны их бие буюу их модон ишийг 23 хэсэг болгон тайрсан байсныг 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр битүүмжлэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр уг 23 ширхэг модонд үзлэг хийсэн байх тул хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл нь зөрүүтэй байх нь зүйтэй байна.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Д.*******, Э.******* нар нь 17 ширхэг шинэс төрлийн модыг үндсээр нь сугалж их биеийг 23 ширхэг болгон тайрч бэлтгэсэн нь тогтоогдож байна. Тодруулбал: 1 дүгээр хавтаст хэргийн 09-24 дүгээр талд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт авагдсан. Уг үзлэгээр холтостой шинэс төрлийн хар 17 ширхэг үндсэнд модны урт нарийн хэмжээг үзлэг хийхээр тогтсон. Үзлэгээр 25 см-аас 74.5 см урттай 30-45 см диаметртэй тастагдсан байсан талаар тэмдэглэлд тусгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан байна. Уг гэрэл зургийн тоог тэмдэглэлд тусгаагүй байх боловч “Модны үндэс” тус бүрээр гэрэл зургийг хэвлэн үзлэгт хавсаргасан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр их бие буюу их модон ишийг 23 ширхэг болгон тайрч бэлтгэсэн шинэс модыг битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 39-48 дугаар тал/-д авагдсан байх бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийн уг моднууд нь 3.17 см-аас 7 метр 30 см урттай, 22-52 см өргөн талтай байсан талаар тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн нь /1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/-д авагдсан байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх бичгийн нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэлээр модны тоо эрс зөрүүтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Уг 17 модыг тайрч бэлтгэсэн 23 хэсгийг нэг бүрчлэн МNS 2379:2010 дугаартай стандартын арга ашиглан бодож метр кубийн хэмжээг тогтоон улмаар дүгнэлтийн хүснэгт 2-т тусган тайрч бэлтгэсэн 23 хэсэг нь нийт 5,38 метр куб болсон ба үүн дээр нэг шоо, метр модны экологи эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлэн хэрэглээний бөөрөнхий мод, гуалинг 1.8-д үржүүлэн шууд хохирлын хэмжээг 5,521,971 төгрөг гэж тогтоон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын төлбөрийг 3 дахин үржүүлж 16,565,913 төгрөг гэж тооцсон байхад дангаараа гаргасан шинжээчийн дүгнэлт, бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээч нарын дүгнэлт харилцан адилгүй зөрүүтэй гаргасан байгаа нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаяр нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тооцсон эсэх талаар дурдсанаас биш аль нэг шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хийх эрхгүй албан тушаалтан юм.
Учир нь мөрдөгч Ү. нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус шинжээч томилсон тухай шийдвэрийг яллагдагч П.*******, Э.*******, “Шинэ Амжилт” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нарт 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг: гэж ойлгоно хэмээн заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна” гэж заасан ба П.*******ыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, Э.*******ийг 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 45 минутад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулан мөн өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн шийдвэрийг танилцуулсан байна.
4.Мөрдөгч Ү. нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Э.*******өөс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дугаар тал, мөрдөгч О.Анхтөмөр нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр П.*******аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 147- 149 дүгээр талд авагдсан байна.
Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг танилцуулсан байх ба гэрч Э.*******, П.******* нар нь мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй талаар мэдүүлсэн байхад Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээр нь хангалгүйгээр мэдүүлэг авах ажиллагааг явуулж хууль ноцтой зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
5. Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын гарын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01/634 дугаартай “Шинэ амжилт ХХК-ийн Булган аймаг, Т сум, Харгал баг 6 нэгж талбарын дугаартай 40.0524 га үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшдэг талбайтай давхцаж байна” гэсэн албан бичиг мөн хавсралтаар кадастрын зураг 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан ба өмгөөлөгч Р.Ц*******ын “..холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулж өгнө үү....” гэсэн хүсэлт үндэслэлтэй эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй атлаа хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.
Яллагдагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль төрийн бодлого бүгд хоорондоо харилцан уялдаатай, ямар нэгэн салаа утгагүй ойлгогдохуйц байх ёстой гэдэг байдлаар ойлгож, өнөөдрийг хүртэл хуулийг хэрэгжүүлэн ажиллаж амьдарч байна. Энэ хүрээнд Газрын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, тариалангийн талбайд зориулалтын дагуу ашиглах зорилгоор зориулалтын бусаар ургасан зарим модыг талбайгаас чөлөөлсөн үйл ажиллагаа хийсэн. Түүнээс биш ойгоос, ойн сангаас мод бэлтгэх үйл ажиллагаа огт хийгээгүй. Гэтэл намайг яагаад ойгоос мод бэлтгэсэн, ойд хохирол учруулсан, ой экологийн хохирол учруулсны төлбөр төлүүлэхээр яллаж байгааг ойлгохгүй байна.
Би "*******" ХХК-ийн нэрийн өмнөөс тушаал шийдвэр, төлөвлөгөө гаргах үйл ажиллагаа хийгээгүй. Жирийн тариаланчийн хувьд тариалангийн талбайд байгаа зориулалтын бус таримлыг тариалангийн талбайгаас чөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Компани гэдэг утгаар нь авч үзээд байгааг ойлгохгүй байна.
Шинжээч нар үнэлгээ хийхдээ эрүүл ойд ургасан модны үнэлгээгээр дүгнэлт гаргаад байгааг зөвшөөрөхгүй. Шинжээч томилох тогтоолоо танилцуулаагүй, дүгнэлт гарсан хойно нь гарын үсэг зурах ёстой гэдэг байдлаар хандсан. Дүгнэлттэй танилцах явцдаа надад оролцогчийн 5 эрх байдаг гэдгийг олж мэдсэн. Хэрвээ би оролцогчийнхоо эрхийг эдэлсэн бол шинжээчид бодит дүгнэлт гаргах боломж байсан гэж үзэж байна.
Гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж байсан. Манай хүү яг ямар мэдүүлэг өгснийг би сайн мэдэхгүй байна. Хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулж тийм нөхцөл байдалд хүргэсэн байж магадгүй гэж бодож байна.
Гэрчүүд гээд байгаа Т сумын эрчим хүчний байцаагч, тоолуурын заалт бичдэг хүний мэдүүлгийг нотолгоо болсон. Ойн Сангийн дарга н.Сүхбат гэдэг хүнийг тариалангийн талбайд ургасан мод тариалангийн үйл ажиллагаанд саад болохгүй гэдэг мэдүүлэг нь бас нотлох баримт болчихсон байдаг. Гэтэл тэр хүн үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй. Мандах гэдэг хүнээс мэдүүлэг авахдаа биднээс зөвшөөрөл аваагүй. Тариалангийн тухай хуулиар тариалангийн талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа тариаланч аймгаас ойн зөвшөөрөл авна гэх заалт байхгүй. Үүнийг үндэслэж дүгнэлт гаргаад байгааг би ойлгохгүй байна” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Р.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Мөн түүнчлэн хуулийг ноцтой зөрчөөгүй. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байна. Тийм учраас энэ шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай.
23, 17 ширхэг мод гэж яригдаад байдаг. Тэгвэл яг хэдэн мод бэлтгэсэн гэдэг нь үндсээрээ тодорхойлогдоно. Салаалж ургасан учраас дундуур нь хөрөөдөхөөр 23 болж байна гээд 23 модны байгаль экологийн үнэлгээ гаргаад байгааг боломжтой гэж үзэх үү. Шүүхээс үүнийг нэг мөр шийдвэрлэ гэсэн нь зөв. Прокурор 17 мод байсан гэхдээ салаалаад ургачихсан байхад дундуур нь хөрөөдөөд 23 болгосон гэж байна. 23 модны экологи, эдийн засгийн үнэлгээг гаргаад байгаа нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулах нөхцөл байдал үүсэж байна. Гэрч гэдэг байдлаар асуугаад сэжигтэн, яллагдагчийн эрхийг нь хязгаарласан. Өөрөөр хэлбэл шинжээч томилох тогтоолтой танилцах, шинжээчид асуулт тавих тэр эрхээр хязгаарласан. Хэрвээ тухайн хүнийг яллагдагч, сэжигтнээр татах үндэслэл бүхий баримт байгаа гэж үзвэл хэзээ ч гэрчээр асууж болохгүй гэдэг дүрэм, журам гарчихсан байна. Энэ хүмүүсийг яллагдагчаар татах гээд байгаа ашиг сонирхол байгаа атал гэрч гээд мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулахгүй гэдэг байдлаар эрхийг нь хязгаарлачихсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг гаргачихаад сүүлд нь яллагдагчаар татсан. Энэ нь өөрөө яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал мөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Тариалангийн талбайг олгосныхоо дараа ойн сан бүхий газар гэдэг дээр хууль эрх зүйн хувьд давхцуулчихсан ойлголт байгаад байна. Булган аймгийн Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн дүгнэлт дээр ч гэсэн тийм байдаг. "*******" ХХК болон яллагдагч П.*******, Э.******* нарт ямар субьектив санаа байсан гэдгийг огт тогтоогоогүй. Объектив талаас нь хараад ойн сан бүхий газар гээд гарчихсан байна. Гэмт хэргийн хувьд субьектив шинжийг заавал тогтоох ёстой. Гэтэл энэ хүний зорилго нь талбайд ургасан моднууд маш гүн гүнзгий, том үндэстэй, хөрсөн дэх шимийг үндсээрээ авдаг, нас бие гүйцсэн шинэс моднууд газрын хөрсний болон бордооны шим тэжээлийг хэрхэн өөртөө татаж авах вэ?, Энэ нь өөрөө ургацын гарцад хэрхэн нөлөөлөх талаар тогтоож өгнө үү гэсэн. Үүн дээр асуулт тавьсан боловч шинжээч хариулах боломжгүй гэдэг хариултыг өгсөн байдаг. Тэгэхээр үүн дээр Хөдөө аж ахуйн газраас тусгай мэргэжлийн мэргэжилтэнг шинжээчийн багт оруулж, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багт тусгай мэдлэг бүхий хүнийг оролцуулан дүгнэлт гаргаж өгөөч гэж хүссэн. Үүнийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Прокурорын 55 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагчаар Пүрэвсүрэнгийн *******, *******ын ******* гэх 2 хүнийг яллагдагчаар татсан. Тэгсэн мөртлөө дахиад "*******" ХХК буюу хуулийн этгээдийг татчихсан. "*******" ХХК-ийг хуулийн этгээдээр татаж байгаа бол П.*******, Э.******* нарыг татах ёстой байсан уу?. Мөн түүнчлэн хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа тохиолдолд хуулийн этгээдээс энэ талбайг чөлөөлнө, хэн ямар машин техникүүдээр чөлөөлөх вэ, үүнд ямар зардал гарах вэ гэдэг эрх зүйн баримт бичиг буюу акт гаргах ёстой байсан. Энд ямар ч баримт бичиг бүхий акт гараагүй. Зүгээр П.******* гэдэг хүн хүүдээ хэлээд энэ газрыг чөлөөлчихсөн. Давхацчихсан ийм эргэлзээ бүхий нөхцөл байдалд яаж шийдвэрлэх ёстой вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэх ёстой. Тийм учраас анхан шатны шүүх хэргийг дахин мөрдөхөөр прокурорт буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон байна” гэв.
1.Давж заалдах шатны шүүх яллагдагч П.*******, Э.*******, “*******” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Яллагдагчийн өмгөөлөгч Р.Ц*******аас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулж, шүүхээс яллагдагч нар нь “... Н гэх газраас 17 ширхэг мод бэлтгэсэн эсхүл 23 ширхэг мод бэлтгэсэн болох нь тодорхойгүй байх тул хичнээн тооны мод үндсээр нь сугалж гаргасан болохыг тогтоолгох ажиллагааг хийх шаардлагатай бөгөөд дахин шинжээч томилуулах, модны тоог 17 ширхэг эсхүл 23 ширхэг гэж бичиж экологи, эдийн засгийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилсон нь ойлгомжгүй бөгөөд мөрдөгч, прокурор хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг яллагдагч нарт танилцуулалгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасны дараа танилцуулсан нь оролцогчийн эрхийг зөрчиж хязгаарласан. Яллагдагч Э.*******өөс гэрчийн мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хангалгүйгээр мэдүүлэг авах ажиллагааг явуулж хууль ноцтой зөрчсөн тул өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан төрийн байгууллагуудаас холбогдох лавлагааг гаргуулах, хэргийн бодит байдлыг нэг мөр тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр П.*******, Э.*******, “*******” ХХК-д холбогдох хэргийг прокурорт буцаасан”-ыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор М.Э******* эсэргүүцэл бичсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэнэ гэжээ.
Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.
5.Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь дараах байдлаар няцаагдаж байна. Үүнд:
-Хэрэгт цугларсан нотлох баримтаар модны 17 ширхэг үндсэнд үзлэг хийсэн байх бөгөөд тайрч хөрөөдөн 23 хэсэг болгосон нь тогтоогдож байх тул хичнээн модыг үндсээр нь сугалж гаргасан болохыг дахин тогтоолгох үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал: 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “Булган аймгийн Т сумын Харгал 2 дугаар баг “Н” гэх газарт иргэн П.******* нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба “*******” ХХК-ийн захирал П.*******ын эзэмшлийн талбайн голд байрлах шинэс төрлийн 17 ширхэг модыг үндсээр нь татаж унагаан, зарим модыг талбайн захад чирч гаргасан байдалтай. Үндсээр нь татаж гаргасан моднуудын үндэсний гүнийг тус бүр хэмжиж” тусгасан байна /1 дүгээр хх-ийн 9-24 дэх тал/. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “Н гэх газарт тариан талбайд унгасан 17 ширхэг модны үндсийг ойн зах хүртэл хэмжээг” хэмжилт хийсэн байна /1 дүгээр хх-ийн 25-32 дахь тал/. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэлд “Булган аймгийн Т сумын Цагдаагийн хэсгийн кабон байрны хашаан дотор хураасан холтостой шинэс төрлийн 23 ширхэг хар модыг урт, нарийн, өргөн талыг хэмжиж тэмдэглэсэн байна /1 дүгээр хх-ийн 39-44 дэх тал/.
-Мөрдөгчөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Э.*******, П.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба гэрчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгааны баримтад гарын үсэг зуруулжээ.
Хууль сануулахдаа гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг дурдсан байна. Гэрч Э.*******, П.******* нар нь “эрх ,үүрэгтэйгээ танилцлаа, асууж, тодруулах зүйл байхгүй, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй гээд” мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож /1 дүгээр хх-ийн 124-127, 145-149 дэх тал/ байх тул шүүгчийн захирамжид дурдсан Монгол Улсын Үнсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээр нь хангалгүйгээр мэдүүлэг авах ажиллагааг явуулсан гэх үндэслэл тогтоодохгүй байна.
-Мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 06 дугаар сарын 14-ний өдөр, 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус шинжээч томилсон байх ба энэ талаар болон шинжээчийн дүгнэлтийг яллагдагч Э.*******, П.******* нарт 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан байна.
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр П.*******, Э.******* нарт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарч, тогтоолыг яллагдагч П.*******ад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, яллагдагч Э.*******өд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус танилцуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна гэсэн байх тул мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 06 дугаар сарын 14-ний өдөр, 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус шинжээч томилсон тогтоолыг гэрч Э.*******, П.******* нарт танилцуулах үүргийг хуулиар хүлээгээгүй бөгөөд оролцогчийн эрхийг зөрчиж хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.
6.Хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэх, холбогдох газраас лавлагаа гаргуулах тухай яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүх яагаад хүсэлтийг хүлээн авч хангах болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан.
7.Иймд дээрх үндэслэлүүдээр дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн ******* дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/294 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч П.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ