| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0159/э |
| Дугаар | 000167 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 000167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 1825002490169 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Архангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булаг баг, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ын Э.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн тоотод Б.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би дүүгээ зодож гэмтээсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би дүү Э-ийг 10 хоног хувийн эмнэлэгт 350.000 төгрөгөөр хэвтүүлсэн. Мөн эм тариандаа хэрэглээрэй гээд 150.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
-Хохирогч Б.Э-ийн ...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирээд ээж М-гийн хамт цай уугаад сууж байх үед манай төрсөн ах Э нь 20 цагийн үед гаднаас согтуу орж ирээд үгийн зөрөөгүй намайг хараад пизда минь ална чамайг гээд хараагаад эхэлсэн. Ээж М- ах руу чи яагаад байгаа юм бэ? гэхэд ална шүү пизда нараа гэсэн. Тэгэхээр нь би миний төрсөн ах учраас гомдоод та яагаад намайг ингээд байдаг юм бэ? гэхэд янхан минь би чамайг ална гээд хараасан. Ээж миний хүү яагаад байгаа юм бэ? гэхэд шууд над руу модон сандал аваад шидсэн. Тэгэхээр нь би баруун талын гараараа хаасан. Гэтэл шидсэн сандал нь газар унасан. Тэр үед миний баруун гар ясандаа гэмтэл авч байгаа нь мэдэгдсэн, бас цохисон сандалны хөл хугарсан. Намайг газар унасан байхад ах хүрч ирээд миний дээрээс дэвсэж эхэлсэн. Нүүр нүдгүй дэвсээд өшиглөсөн. Тэр үед ээж хажуу талаас боль гэж хэлээд салгаж дийлэхгүй, гэрт байсан манай 2 хүү болон ахын хүүхэд орилоод байсан. Намайг зодоод байхаар нь ахаа миний гар хугарчихлаа гэж хэлсэн. Тэгтэл хохь чинь чамайг ална гээд байсан. Тэр үед ээж ахыг чирсээр байгаад гэрээс гаргасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлэг /хх 5-7 ху/,
Гэрч Г.М-гийн: 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охины гэрт орсон, гэтэл охин ажлаа тараад гаднаас орж ирсэн. Охинтойгоо юм яриад сууж байхад хүү Э гаднаас нилээн согтуу орж ирсэн. Ярилцаад сууж байхад хүү Э, дүү Э- руугаа муу сайн пизда нар үгэнд орохгүй юу гээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь юу болж байна, миний хүү яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл гэнэт дүүгээ цохиод унагаасан. Гараараа цохисон юм уу? сандлаар цохисон юм уу манай охин газар унасан байсан. Цагаан сарын үеэр хийлгэсэн нилээд хүнд модон сандал байсан, тэр модон сандлаар дээрээс нь цохисон. Тэр үед охин гараа бариад эвхэрээд шалан дээр хэвтсэн. Охин дүүгээ үсдээд, дахин дээрээс нь дэвсээд өшиглөөд байсан. Би зууралдаж байгаад арай хийж салгаад гэрээс чирээд гаргасан. Би эргэж гэрт ороод охиноо газраас босгоход ээж миний гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд баруун гар нь 2 хугарсан байсан. Гараа гипсдүүлсэн, бас толгой өвдөөд байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 12 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 312 дугаартай шинжээчийн...Б.Э-ийн биед баруун гарын богтос ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн шууд чиглэлд, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдан гэсэн дүгнэлт /хх-ийн 09 ху/,
-Б.Эийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27, 30-31 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Эийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 23-1 тоотод Б.Э-ийг зодож эрүүл мэндэд баруун гарын богтос ясны цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э-ийн ах над руу модон сандал аваад шидсэн. Тэгэхээр нь би баруун талын гараараа хаасан. Гэтэл шидсэн сандал нь газар унасан. Тэр үед миний баруун гар ясандаа гэмтэл авч байгаа нь мэдэгдсэн, бас цохисон сандалны хөл хугарсан гэсэн мэдүүлэг, гэрч Г.М-гийн хүү Э, дүү Э- руугаа муу сайн пизда нар үгэнд орохгүй юу гээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь юу болж байна, миний хүү яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл гэнэт дүүгээ цохиод унагаасан. Цагаан сарын үеэр хийлгэсэн нилээд хүнд модон сандал байсан, тэр модон сандлаар дээрээс нь цохисон. Охин дүүгээ үсдээд, дахин дээрээс нь дэвсээд өшиглөөд байсан. Би зууралдаж байгаад арай хийж салгаад охиноо газраас босгоход ээж миний гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд баруун гар нь 2 хугарсан байсан. Гараа гипсдүүлсэн гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед баруун гарын богтос ясны цууралт үүссэнийг тогтоосон 312 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Э- гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 6-7 ху/
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ