| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00334/И |
| Дугаар | 150/шш2026/00039 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 150/шш2026/00039
| 2026 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 150/ШШ2026/00039 | Сэлэнгэ аймаг |
*
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * тоотод хаягт байрлах, * ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг * тоотод оршин суух * овогт *ын */РД:*/,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг * тоотод оршин суух, * овогт *ийн * /РД:*/-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 68,773,846.41 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * /цахим/, *, нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч *, * нар нь 2024 оны 12-р сарын 23-ний өдөр *ны Хөтөл тооцооны төвөөс М№860034140401859562 тоот зээлийн гэрээ байгуулж, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-1310000307 тоот дугаартай, * мкв 3 өрөө орон сууцыг барьцаалж 73,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2%, жилийн 24% хүүтэй зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2, 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 26 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар аль аль нь зээл төлөхөөс зайлсхийж байгаа. Иймд зээлийн гэрээний 6.2.1, барьцааны гэрээний 6 дугаар заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *, * нараас үндсэн зээлийн төлбөр болох 66,325,991.98 төгрөг, зээлийн хүү 1,312,051.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,900.81 төгрөг, хуримтлагдсан хүү 1,133,901.89 төгрөг нийт 68,773,846.41 /Жаран найман сая долоон зуун далан гурван мянга найман зуун дөчин зургаа зууны дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулж *ийг хохиролгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү.
Зээл төлөлт 4 сараас эхлэн хугацаа хэтэрч, зээлийн талаар хариуцагч нартай удаа дараа холбогдож мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Банкны зүгээс зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ангилал шилжиж, чанаргүй ангилалд орох, дахин зээл авах боломжгүй гэдэг талаар хэлж сануулсан. Хариуцагч *гийн зүгээс зээлийн барьцаанд барьцаалсан орон сууцыг зарж борлуулан зээл төлөх талаар хэлж, байр нь зарагдаад зээл төлөгдчих байх гэсэн хүлээлттэй байсан боловч хариуцагч нарын зүгээс шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх тухай хариу тайлбарыг гаргасан байсан.
Хариуцагч нарын зүгээс зээлийн хугацаа 92 хэтэрсэн төлбөр болох 9,426,000 төгрөгийг төлж, цаашид хугацаандаа эргэн төлөлтөө хийгээд явахад банкны зүгээс татгалзах зүйл байхгүй байсан. Хариуцагч нар зээлээ төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * нь шүүх хуралдаанд: “...Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Би *тэй ханилаад 16 жил болсон. Би амьдралын төлөө зөндөө их хичээсэн. *д хэрэгтэй шаардлагатай байгаа мөнгийг *наас зээл авч дэмжиж тусалж, бараа авна гэж худлаа хэлж өдийг хүрсэн. Өнөөдөр энэ хүнийг ингэж хэлнэ гэж бодсонгүй. Бид хоёр банк бусаар RX-450 гэдэг тээврийн хэрэгсэл аваад хүү нь өндөр байгаа тул *наас зээл аваад ядаж хүүг нь бууруулж төлье гэж санаачилсан нь үнэн. Гэтэл * говьд ажиллах хэцүү байна. Энэ зээлээр авсан мөнгөөр том тэрэг авъя, шинэ чиргүүл авъя, урагшаа явъя гэж урагшаа Хятад руу явж чиргүүл авсан. Өөртөө ганц гутал авах гэсэн * уурлаад авч өгөөгүй. Тухайн авсан зээлээс 50 сая төгрөгийг над руу шилжүүлээд удаагүй 7 сая төгрөг шилжүүлчих Буд гэх найзтайгаа чиргүүл авах гэсэн юм гэж хэлэхэд би шилжүүлсэн. Удаагүй 38,650,000 төгрөг шилжүүлж авсан. Үлдэгдэл 4 гаран сая төгрөгийг амьдрал ахуйдаа хэрэглээд дууссан.
*наас дахин зээлийн хүсэлт гарган 15 сая төгрөгийг авч, барьцаанд тавигдсан байрыг цагаан сар болох гэж байсан тул засвар хийлгэж, тавилга авсан. Энэ байранд 73 сая төгрөгөөс гадна 15 сая төгрөг зарцуулсан. Тухайн зээлийг сар болгон хугацаанд нь төлсөн. * өнгөрсөн 7 сард гэрээсээ явж, хоёр хүүхдээ ор тас мартсан. 9 сарын 1 боллоо, хүйтэн боллоо, хоол унд хэцүү байна гэж хэлэхэд тоохгүй байсан. *наас зээлийн хугацаа хэтэрсэн, ангилал буурна гэж хэлэхээр ээжээрээ 5 сая төгрөгийн тэтгэврийн зээл авхуулаад зээл төлсөн. *г гэртээ ирэх болов уу гэж хүлээсэн боловч ирээгүй.
Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлтэй танилцаж хариу тайлбар өгөх гэж ирэхэд нь уулзаад байраа зараад үлдэгдэл мөнгөөр нь хашаа байшин гэрч аваад ч болтугай амьдаръя гэхэд тийм юм байхгүй гэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд хурааж цуглуулсан бүх хөрөнгөө * өөрөө аваад явсан. Одоо надад хоёр хүүхэд, барьцаанд байгаа орон сууц л байна. Банк хурааж авлаа гэхэд хоёр хүүхдээ хөтлөөд гудамд гарахаар байна. * Прадо 150 загварын жийп машин авсан, 350 сая төгрөгөөр ачааны машин авсан. Хятадаас 40-50 сая төгрөгөөр шинэ чиргүүл авсан. 7 саяар чиргүүл авсан. Өчнөөн юм авсан байж хүний шунал ямар дэндий юм бэ? Энэ бүгдийгээ аваад яв л даа үр хүүхдүүд намайг байртай минь үлдээгээч гэж гуйж байна...., Хоорондоо ярилцаж тохироод тухайн зээлийг төлөхөөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хариуцагчийн *гийн өмгөөлөгч *: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч *гийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-д зааснаар хувийн өмч нь иргэний болон дундын хэлбэртэй байхаар хуульчилсан. Хэдий *гийн нэр дээр бүртгэлтэй боловч 10-15 насны хоёр хүүхдийн дундын өмч гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нартай холбоотойгоор гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах нэхэмжлэл шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явж байна. Хариуцагч нар өөрсдийн таарамжгүй харилцаанаас хэдий хоёр талд байгаа ч гэсэн хоёр хүүхдийн ирээдүй яригдаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байна. Өмгөөлөгчийн хувьд өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр болох 9,426,857 төгрөгийг хэрхэн яаж төлөх талаар ярилцах боломжгүй юм уу гэсэн байр суурьтай байна...” гэв.
Хариуцагч *: “...*наас авсан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг төлж барагдуулахаар хоорондоо харилцсан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,773,846.41 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч “*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд хуралдаанд: “...Хариуцагч *, * нар нь 2024 оны 12-р сарын 23-ний өдөр *ны Хөтөл тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулж, Ү-1310000307 тоот дугаартай, * аймаг * сумын 2-р баг * тоот дахь 37.78 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалж 73,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2%, жилийн 24% хүүтэй зээл авсан. Хариуцагч нарын зүгээс зээлийн хугацаа 92 хэтэрсэн төлбөр болох 9,426,000 төгрөгийг төлж, цаашид хугацаандаа эргэн төлөлтөө хийгээд явахад банкны зүгээс татгалзах зүйл байхгүй байсан. Хариуцагч нар зээлээ төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэж,
Хариуцагч *: “...*наас авсан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг төлж барагдуулахаар хоорондоо харилцсан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэж,
Хариуцагч *: “...Хоорондоо ярилцаж тохироод тухайн зээлийг төлөхөөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,773,846.41 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, * нараас улсын тэмдэгтийн хураамжид 250,909.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,773,846.41 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, * нараас улсын тэмдэгтийн хураамжид 250,909.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч *, * нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН