Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

                                                                                         Б.А-д холбогдох эрүүгийн

                                                                                                   хэргийн талаар

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн,

          Прокурор                                                                     Б.Ч

          Шүүгдэгч                                                                      Б.А

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Л.Б /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-ын давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох 2524000070025 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн .......... сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, Завхан аймгийн .......... сум дахь ......-ийн ............. ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .......... сумын ....... багийн ....... ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...... овогт Б-ын А, /РД:............./,  

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн ........ сумын .......... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй караоке, бааранд ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч П.Ш-ийн толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ........ овогт Б-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

2. Шүүгдэгч Б.А-ны өмгөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч ......... овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүссэн. Монгол Улсын эрүүгийн ялын бодлогын хувьд гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн бүрт ял шийтгэл оноох бус үйлдсэн гэмт хэргийн ялын хэмжээнээс нь хамааруулан эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх, цаашилбал ялын хэмжээ бага гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бодлоготой билээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тодорхой заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд төрд алба хааж яваа, гэр бүлийн хувьд хүүхдүүдийн халамжит аав, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Цаашилбал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” болохоор нарийвчлан заасан. Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч гараараа бичгийн баримт үйлдэж үлдээсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэхдээ “хохирогч гэм хорын хохирол нэхэмжлэхээс татгалзсан явдал нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хохирогч хохирол нэхэмжлэх нь тухайн хүний эрхийн асуудал бөгөөд мөнгөөр илэрхийлэгдэх хохирол учраагүй ч байж болно. Мөнгөөр илэрхийлэгдэх хохирол учраагүй нь гэм буруугаа хүлээсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байх үндэслэл болох ёсгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.А-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: ... Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлж оролцсон. Анхан шатны шүүхийг хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь өрөөсгөл болсон. Өрөөсгөл дүгнэлтийн агуулга нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх Б.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан, хохирлыг төлсөн гэж үзэхгүй гэж тайлбарласан.

Эрүүгийн хуульд хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Гэмт хэргийн гэм хорын байдал, аюулын шинж байдалтай холбоотойгоор, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж болно гэж заасан. Хохирогч хохирлоо нэхэмжлээгүй нь хохиролгүй гэсэн үг биш. Хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй талаар тодруулга хийхэд амь хохирогч шүүгдэгчийн хөлийг хугалж хүнд хохирол учруулсан. Шүүгдэгч, хохирогч нар бие биедээ хохирол төлөх асуудал яригддаг. Шүүгдэгч талаас хохирогчоос хохирол нэхэмжлэхгүй талаар хэлсэн байдаг. Хохирогч тал шүүгдэгчид илүү хохирол төлөхөөр байгаа тул хохирогч хохирол нэхэмжлээгүй байх. Хэргийн бодит нөхцөл байдлыг дурдаж хэлэх гэсэн юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй нь хохирол төлсөн гэж үзэхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөөч. Миний үйлчлүүлэгч нь төрийн албанд ажилладаг. 1 жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байгаа. Насаараа төрийн албанд ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө ажиллаж ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, энэ хэрэгт холбогдсон. Төрийн албанд насаараа ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар төрийн албанаас халагдах нь харамсалтай нөхцөл байдал үүсэхээр байна. Төрийн тусгай албан хаагчийн хувьд тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Шүүгдэгчийн амьдрал ахуйн хувьд гэрт амьдардаг. Тэтгэмжээ аваад модон байшин барих боломж алдагдаж болзошгүй байна. Хүлээлгэж байгаа хариуцлага нь 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хариуцлага оногдуулсан байдаг. Шүүгдэгчийн сарын цалин 3,000,000 /гурван сая/ төгрөгийн цалин авдаг. Долоо хоногийн цалингийн хэмжээтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулсан. Эрүүгийн ял нь цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй бол заавал ял оногдуулах шаардлага байхгүй. Өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг нь хүмүүжиж байгаагийн илрэл. Хуульд энэ талаар зохицуулсан байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөөч... гэв.

4. Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

5. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн гэмт хэргийн тухайд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь шүүгдэгч Б.А-ны гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьсан асуудлаар буюу шүүгдэгч Б.А-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохгүй талаар шүүгч дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.А-ны тухайд олон нийтийн газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3-4 хүнийг цохиж, агсам согтуу тавьж, ариун цэврийн өрөөнд нэг эмэгтэй хүнийг цохиж унагаасан байхад тухайн үйлчилгээний газрын эзэн болиулахад түүнийг алгадаж хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үйл явдал эцэслэн зогсоогдохгүй болохоор нь үйлчилгээний газрын эзэн шүүгдэгчийг хавирч унагаахад хөлөө эвгүй дарж унасан байдаг. Харилцан бие, биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан. Тухайн гэмт хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө үйлчилгээний газрын эзэн өвчний улмаас нас барсан. Хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн эхнэрийг томилсон. Амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн хувьд эмчилгээ, сувилгаатай холбоотой хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Энэ хүний хохирлыг төлж барагдуулж байвал нэхэмжлээд байх зүйл байхгүй гэж тайлбарлаж байсан. Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэгт тохирсон байх ёстой. Шүүгдэгч Б.А-ны тухайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьсны улмаас өөртөө хүндэвтэр гэмтэл учруулах боломжийг бий болгосон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөс дээш хэмжээний торгох ял оногдуулахаар хуульчилсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан 800,000  /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял нь шүүгдэгч Б.А-ны үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдалд тохирч байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.А-ныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх дүгнэлт хийх боломжтой гэж үзэж байна гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Б.А нь 2024 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын ............ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............” нэртэй караоке, бааранд ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч П.Ш-ийн толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:   

3.1. Хохирогч П.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 02 цагийн үед байхаа манай “............” баар караокед гаднаас үл таних согтуу хүн орж ирээд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдах гээд заалны ширээнд сууж байгаа хүмүүсийн ширээ хэсээд яваад байхаар нь түүнд танд манайх үйлчлэхгүй гэж хэлээд 2 удаа гаргасан боловч орж ирээд тек нь дээр үйлчлүүлж байсан танихгүй хүнтэй маргалдаад үйлчлүүлж байсан хүмүүсийг өдөөд яваад байсан. Би тухайн үед караокены өрөө рүү ороод үйлчлүүлж байсан хүмүүст цай хийж өгчхөөд буцаад гарах гэж явж байхад ариун цэврийн өрөөнд нөгөө үл таних согтуу хүн манайд үйлчлүүлж байсан нэг эмэгтэйг алгадаад унагаасан. Тэгэхээр нь би очоод чи яагаад хүн цохиж байгаа юм бэ? гээд цамцных нь хойд талаас барьж аваад хойш нь татсан. Тэгтэл эргэж хараад миний толгойн баруун чамархай хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Намайг цохиод авахаар нь би түүнийг тэврээд бармен М-тай хамт караокеноосоо гаргасан. Түүнийг гаргаад та ингээд явчих гэхэд явахгүй намайг цувдайгаа унжуулсан тарган пизда гээд янз бүрээр хараагаад доромжлоод байхаар нь баруун хөлөөрөө түүний зүүн хөл рүү нь хавсраад газарт унахаар нь түүний цээж толгой руу нь нэг нэг удаа цохисон. Тэгтэл үл таних согтуу залуу намайг доромжлоод орилоод үлдсэн. Би ч тэгээд караоке руугаа орсон. 2024 оны 12 дугаар сарны 07-08-нд шилжих шөнө 02 цагийн үед манай “...........” баарны ариун цэврийн өрөөнд хохирогч гэх үл таних залуу миний баруун талын чамархай хэсэг рүү нэг удаа цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний биед учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

3.2. Гэрч М.М-ын: “...2024 оны 12 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө хохирогч гэх үл таних залуу гаднаас ганцаараа согтуу орж ирсэн. Манайд орж ирээд текэн дээр зогсоод архи нэхээд байхаар нь манайх согтолт ихтэй хүнд үйлчлэхгүй гэхэд яахаараа үйлчилдэггүй юм бэ? гээд намайг заамдаж аваад зууралдаад байхаар нь надтай хамт байсан бармен Г.А салгасан.

Үл таних хүн зааланд суугаад үйлчлүүлж байгаа хүмүүсийн ширээн дээр очоод ганц татчихъя гээд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаад барьцалдаж аваад байхаар нь манай байгууллагын ажилчид 2-3 удаа та гэртээ харьж амар гэж гаргасан боловч буцаж ирээд байсан. Тэгтэл үл таних залуу ариун цэврийн өрөөнд ... Д гэдэг ... охиныг унатал нь алгадсан...Ш ах салгах гээд дундуур нь ороход үл таних залуу Ш ахын нүүрэн тус газар руу нь гараараа нэг удаа цохиод, бүдүүн пизда, гэдэснийхээ цувдааг багасгаж чадахгүй байж надтай юм ярьдаг хэн бэ? гээд хэл амаар доромжлоод байхаар нь Ш ах үл таних согтуу залууг чирээд гаргасан. Ш ах түүнийг баарнаас гаргаад хавсарч унагаагаад нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд тэр хоёр салсан...” гэсэн мэдүүлэг,

3.3. Гэрч Г.А-ийн: “...2024 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө манай “........” баар караокед шөнийн 00 цаг өнгөрч байхад байх гэж бодож байна гаднаас хохирогч гэх үл таних залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манайд согтуу орж ирсэн. Гаднаас орж ирээд надаас архи байна уу? ямар архи байна гэхээр нь би ийм ийм архинууд байна гэж хэлсэн...Тэгтэл ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн ариун цэврийн өрөөгөө цэвэрлээч бохир байна гэхээр нь ариун цэврийн өрөө рүү ороод цэвэрлэх гэж байхад хохирогч гэх үл таних хүн ариун цэврийн өрөө рүү орж ирээд чи чинь ямар сонин юм бэ? юм авъя гээд байгаа юм биш үү гэхээр нь та ямар сонин хүн бэ? та согтуу байна би танд үйлчлэхгүй байж болно шүү дээ гэхэд миний зүүн талын хацар руу гараараа 2 удаа алгадсан. ...Тэгтэл маргааш нь П.Ш ах би өчигдөр нэг хүнд гар хүрсэн гэхээр нь ямар хүн бэ? гэхэд намайг алгадаад архи нэхээд байсан хүнийг хэлэхээр нь наад хүн чинь надаас архи нэхээд ариун цэврийн өрөөнд алгадсан хүн байна гэж хэлсэн. Ш ах надад хэлэхдээ ах нь гаргаж ирээд хавсарсан гэж л хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй...” гэсэн мэдүүлэг,

3.4. Гэрч М.Д-ын: “... Би бааранд орж үйлчлүүлж байхдаа ариун цэврийн өрөө ороод бие засчхаад гарах гээд явж байхад үл таних Б.А ах миний дух руу нэг удаа цохисон. Би тухайн үед ухаан алдсан. Үл таних Б.А ах намайг ямар ч шалтгаангүйгээр шууд цохиод авсан... үл таних ах бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаагүй... яагаад цохисныг бол би мэдэхгүй байна. Би тэр хүнийг өмнө нэг ч удаа харж байгаагүй. Тухайн үед миний толгой бага зэрэг өвдөж байгаад зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх 57-58/,

3.5. Гэрч Б.Д-ийн: “...2024 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед гэртээ хүүхэдтэйгээ хамт байхад манай найз Б.А гаднаас лаазтай пивонууд бариад манайд орж ирсэн. Тэгээд авч явсан пивоноосоо надад өгсөн. Тэгээд манайд хэсэг байж байгаад намайг “.........” баар руу хүргээд өг гэхээр нь би өөрийн суудлын авто машинаараа түүнийг “.........” баарны гадаа хүргэж өгсөн. Тухайн үед би хүүхдээ гэртээ ганцааранг нь унтуулсан болохоор түүнийг буулгаад шууд гэр рүүгээ явсан. Намайг харж байхад А баар руу алхаад орж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 60-61/,

3.6. Хохирогч П.Ш-ийн: “...Талийгаач нөхрийн маань холбогдсон хэргийн хувьд гэвэл 2024 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө манай баарны үүдэнд үл таних хүн согтуу хэвтэж байхаар нь бармен М, А нараас энэ юу хүн хэвтэж ба юм бэ? яасан юу болсон бэ? гэхэд тэр хоёр энэ согтуу хүн баар руу согтуу орж ирээд үйлчлүүлж байгаа хүмүүстэй маргалдах гээд ариун цэврийн өрөөнд байсан эмэгтэй хүнийг алгадаж унагаагаад байхаар нь Ш ах yr хүнийг гаргах гэхэд түүнийг бас цохиж аваад байсан. Ш ах уг хүнтэй маргалдаад түүнийг гаргасан. Тэгтэл уг хүн газарт уначхаад баашлаад байгаа гэсэн. Би баар руу орж хэсэг камер харахад уг хүн босохгүй байхаар нь баарны ажилчдад наад хүнээ босгоод явуул гэхэд хүн босохгүй байна, цагдаа дуудаад өгөөч гээд байна гэхээр нь тэгвэл цагдааг нь дуудаад өг гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд уг хүнийг 2 талаас нь өргөж босгоод эмнэлэг рүү аваад явсан би араас нь машинтайгаа эмнэлэг дээр очсон. Тэгтэл 103-ын эмч ирж үзээд гайгүй юм биш үү, юу ч гэсэн рентген зураг авна гэхээр нь гайгүй юм байна гэж бодоод би эмнэлгээс явсан. Би баарны гадаа хэвтэж байсан хүнтэй ойртож очиж уулзаж биеийн нь асуугаагүй. Тэгтэл сүүлд нь уг хүний хөл нь хугарсан байна гэдгийг нь сонссон. Би сүүлд нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд манай талийгаач нөхөр уг хүнийг хавсрахад уг хүн унахдаа хөлөө эвгүй дараад унаад хөлөө хугалчихсан. Уг хүн бааранд талийгаачийн толгой руу нь цохисон гэсэн...” гэсэн мэдүүлэг ,

3.7. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ........ сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С-ын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000038 дугаартай: “...П.Ш-ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирлууд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хохирлууд байна. Тус хохирлууд нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. П.Ш-ийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирлууд байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. П.Ш-ийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 111-112/, Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйл баримтыг бүхэлдээ нотолсон шинжтэй байна.

5.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Б.А-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулжээ.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж  заасан шударга ёсны зарчимтай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

7. Шүүгдэгч Б.А-ны өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тодорхой заасан.  Миний үйлчлүүлэгчийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд төрд алба хааж яваа, гэр бүлийн хувьд хүүхдүүдийнхээ халамжит аав, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Цаашилбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д …гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол …эрүүгийн хариуцлагаас чөлөөлж” болохоор нарийвчлан заасан байна.

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч гараараа бичгийн баримт үйлдэж үлдээсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэхдээ “хохирогч гэм хорын хохирол нэхэмжлэхээс татгалзсан явдал нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй “гэж дүгнэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан …шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.А-ныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсчээ.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэсэн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ  бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

9. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

10. Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй хэдий ч, тэрээр согтуугаар олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж, хэрүүл маргаан үүсгэн, бусдыг шалтгаангүйгээр цохиж зодсон зэрэг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн  шалтгаан нөхцөл, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.А согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

11. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршиг, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн ял оногдуулах ба ял нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх,  дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, ажил, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.А-ны өмгөөлөгч Л.Б-ын шүүгдэгч Б.А-ныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах  үндэслэлгүй байна.

12. Анхан шатны шүүх шүүгдэгчийн ялаас чөлөөлүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа “хохирогч гэм хорын төлбөр нэхэмжлэхээс татгалзсан явдал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй” гэж дүгнэжээ.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлээгүй байхад  шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийх зохимжгүй учир  давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаарх өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх, шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ны өмгөөлөгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАМХАЙДОРЖ

                                                                      ШҮҮГЧИД                                                   З.НАНДИНЦЭЦЭГ

                                                                                                                                          Б.АРИУНБАЯР