| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0181/э |
| Дугаар | 000192 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 000192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хохирогч Т.О
Шүүгдэгч Х.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гд холбогдох эрүүгийн 1825002700190 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянталын 4-81 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөх нохойтон овгийн Х-ын Г /регистерийн дугаар РЭ88020218/.
Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 4-81 тоотод эхнэр Т.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би гэр орноо цэвэрлэх ажилтай байсан болохоор хүүхдээ харах завгүй байсан.Тэгээд эхнэрийг ажилд явсаны дараа би хүүхдээ Г эгчийн гэрт хүргэж өгөөд гэр орноо цэвэрлэж орой аав, ээжийг 19 цагийн үед Улаанбаатар хотын автобуснаас тосож аваад гэртээ харих замдаа Г эгчийн гэрээс хүүхдээ очиж аваад гэртээ харьсан. Хариад галаа түлээд эхнэр О-ыг зам дээрээс тосож авсан. Тэгээд бага хүү Э-г усанд оруулаад унтуулах уу гэхэд эхнэр О чи манай ах, дүү нарын гэрийг заваан гэж бодоод хүүхдээ усанд оруулах гээд байгаа юм уу гэхээр нь би чи юу гээд балайраад байгаа юм бэ, Э-г хөлөрчихсөн болохоор нь усанд оруулах уу гэж байхад гэсэн чинь О гал тогооны өрөөнд байх талхны хуванцар савны тагаар миний толгой хэсэг рүү цохисон. Тэр үед чи яаж байгаа юм бэ? гэж хэлээд ширээний хажуу талын сандал дээр суухад О хажуу талаас ирээд миний нуруу хэсэг рүү гараараа цохиод нүүрийг хумсаараа самардсан. Би босож ирээд О-ын хоолой хэсэг рүү түлхсэн чинь О манасард руу гардаг шатны хаалга хэсэг рүү толгойгоороо цохиод унасан гэх мэдүүлэг ,
-Хохирогч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт: Одоо болоод өнгөрсөн зүйл, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би Г-ас салмаар байна, салж өгөхгүй байна. Нэг гар хүрсэн хүн дахиж гар хүрдэг гээд байдаг. Надад гар хүрч үзлээ, аймаар байдаг юм байна. Г-ас салаад хоёр хүүхэдтэйгээ амьдарсан нь дээр гэв.
-Хохирогч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Гэрт ирсний дараа Г хүүхдээ усанд оруулмаар байна гэхээр нь би гал түлээд ус халаах гэтэл юм ч хийж чадахгүй юм гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би уурандаа Г-ын гар хэсэг рүү нь талхны хуванцар савны тагаар цохисон чинь урдаас босч ирээд миний хоолойг гараараа түлхээд багалзуурдаж байгаад түлхэх үед би хойшоогоо унаад мансардны өрөө рүү гардаг хаалганы модыг толгойгоороо цохиод унасан. Би босоод ирэхэд миний үснээс зулгаагаад урагш газарт унагаасан. Би толгой нуруу хэсгээрээ газар унасан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,
-Гэрч Б.Х-ын...О гал тогооны өрөөнөөс талхны хуванцар савны тагаар Г-ын толгой руу цохиод Г босч ирээд Оыг түлхээд газар унагаасан. О газар унахдаа толгойны ар дагзаар дээшээ гардаг шатны хаалга мөргөөд унасан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн...Т.Оын биед тархи доргилт, хүзүү, баруун шуу, тохой, баруун гуянд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, базах, базагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх-ийн 35 ху/,
-Х.Г-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41, 42-43 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Х.Г-ын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 4-81 тоотод эхнэр Т.Оыг зодож тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн босч ирээд миний хоолойг гараараа түлхээд багалзуурдаж байгаад түлхэх үед би хойшоогоо унаад мансартны өрөө рүү гардаг хаалганы модыг толгойгоороо цохиод унасан. Би босоод ирэхэд миний үснээс зулгаагаад урагш газарт унагаасан. Би толгой нуруу хэсгээрээ газар унасан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Х-ын Г босч ирээд Оыг түлхээд газар унагаасан. О газар унахдаа толгойны ар дагзаар дээшээ гардаг шатны хаалга мөргөөд унасан гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, хүзүү, баруун шуу, тохой, баруун гуянд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт үүссэнийг тогтоосон 322 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Т.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөх нохойтонхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хохирогч Т.О нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ