| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2424000680069 |
| Дугаар | 2025/ДШМ/25 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/25
Б.С-т холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн,
Прокурор Н.Б /цахимаар/
Шүүгдэгч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.С-т холбогдох 2424000680069 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, халх, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын ......... баг, .... хэсгийн ..... тоотод байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ......... овогт Б-ын С, /РД:.............../,
Шүүгдэгч Б.С нь 2024 оны 02 дугаар сард Завхан аймгийн .......... сумын ........ багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Г-ын эзэмшлийн зөв талын гуян дээрээ “Сартай чандмань” тамгатай, сартай, буруу талын хойд хөл нь өсгий цагаан, хонгор зүсмийн байдас, зөв талын гуян дээрээ “Сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага, нийт 2 тооны буюу олон тооны адуу хулгайлж, улмаар хохирогч Г.Г-д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... овогт Б-ын С-ын 2024 оны 01 дүгээр сараас 02 дугаар сард Завхан аймгийн ........... сумын ........... багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Г-ын эзэмшлийн зөв талын гуян дээрээ “Сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даагыг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.С-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.С-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Завхан аймгийн ....... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
2. Прокурор М.А давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Шүүхээс шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой хохирлыг зааж өгөлгүй, “Бусдын малыг хулгайлсан” хэмээн зөвхөн үйлдлийг үндсэн бүрэлдэхүүнд хуульчилжээ. Ингэснээр мал хулгайлах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаар хуульчлан тодорхойлсон юм. Ийнхүү хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан нь уг гэмт хэргийн объекттой холбоотой бөгөөд Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.” хэмээн заасан нь үндэсний эрх ашгийг гэмт халдлагаас хамгаалах зорилготой. Энэ гэмт хэргийн объектив тал нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж үүссэнээр гэмт хэрэг төгсдөг. Харин субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-ын 2 тооны адууг авч үлдэн Г.Т-д үлдээсэн үйлдлийг бусдын малыг нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авсан буюу мал хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг хангасан гэж зөв дүгнэсэн хэдий ч шүүгдэгчийн хулгайлсан 2 тооны адууны 1 нь болох зөв талын гуя дээрээ “сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн дааганы тухайд мал хулгайлах гэмт хэргийн субьектив бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж буруу дүгнэсэн байна.
Учир нь, шүүгдэгч Б.С-ын тухайд хоёр тооны адууг нэг цаг хугацаанд, нэг газарт, нэг үйлдлээр буюу хамтад нь хулгайлсан байхад шүүхээс нэг байдсыг хулгайлсан, нэг даагыг хулгайлсан үйл баримт эргэлзээтэй дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Шүүхээс хонгор зүсмийн даагыг хулгайлсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн хэргийн субьектив бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгааг тайлбарлахдаа “...тухайн хэрэг үйлдэгдсэн гэх 2023-2024 онд шилжих өвөл зудтай, хэцүү өвөл болж адуу мал их турж эцэн онд орсон, олон тооны адуу мал үхсэн талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь мэдүүлж байгаа бөгөөд зөв талын гуя дээрээ "сартай чандмань" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага нь муудсан, тууврын ая даахгүй болсон нөхцөл байдал үүссэн байх боломжтой ...хэрэв шүүгдэгч үнэхээр ашиг олох зорилгоор шунахайн сэдлээр үйлдсэн бол адуун дундаас боломжит тамир тэнхээтэй адууг сонгон авч үлдэх боломж байсан ч дээрх зөв талын гуя дээрээ "сартай чандмань" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даагыг үлдээсэн нь "отрын ая даахааргүй байсан учир үлдээсэн" гэх шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэх нөхцөлийг бүрдүүлж байх бөгөөд...” гэсэн нь тамир тэнхээ муу, тууврын ая даахгүй даагыг шүүгдэгч хулгайлахгүй байсан гэж хийсвэрээр төсөөлж, таамаг байдлаар дүгнэсэн гэж үзэхээр байна.
Мөн насанд хүрээгүй гэрч Г.Т нь “....Б.С адуугаа аваад явахдаа зөв талын гуя дээрээ саран дэвсгэртэй чандмань цагаан үсэн тамгатай шүдлэн байдас, даага хоёрыг үлдээгээд явсан. Явахдаа “Ахын дүү энэ хоёрыг тэжээгээд онд оруулаад өгөөч. Ах нь зун ирж авна” гэж хэлээд явсан. .....шүдлэн байдсыг нь би тэжээгээд онд оруулсан.” гэж мэдүүлснээс дүгнэхэд шүүгдэгчийн хулгайлсан гэх байдас, даага хоёрын аль, аль нь тарга тэвээрэг, тамир тэнхээ муу байсан учир гэрч Г.Т-ээр тэжээлгэж онд оруулсны дараа буцааж авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хулгайлсан 2 тооны адуу нь хүний оролцоотойгоор асаргаа шаардах хэмжээний эцэж ядарсан адуунууд байсан нь анхан шатны шүүхийн “....адуун дундаас боломжит тамир тэнхээтэй адууг сонгон авч үлдэх боломж байсан..” гэсэн дүгнэлтийг үгүйсгэж байна.
Хоёр. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.С нь 2024 оны 01 дүгээр сараас 02 дугаар сард Завхан аймгийн ........ сумын ............ багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Г-ын эзэмшлийн зөв талын гуя дээрээ “сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даагыг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай 24 дүгээр тогтоолын агуулгаас өөрөөр хэрэглэсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай. Уг зарчмыг хэрэглэх үндэслэл нь гагцхүү хэрэгт цугларч, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст үгүйсгэн няцаах боломжгүй бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгохоос гадна тухайн үндэслэл бүхий эргэлзээ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхтэй шууд хамааралтай байх ёстой.
Ийнхүү тухайн хэрэгт хамааралтай бүх л нотлох баримтыг шалгаад үнэлсний дараа ч тухайн хэргийн нөхцөл байдлын талаар эргэлзээ байсаар байвал шүүх шүүгдэгчид хамгийн ашигтай байх хэргийн нөхцөл байдлын хувилбарт үндэслэж шийдвэрээ гаргана. Хэрэгт цугларсан хохирогч Г.Г, гэрч Р.Э, С.Б, насанд хүрээгүй гэрч Г.Т нарын мэдүүлэг, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь нотолгооны хувьд ач холбогдолтой, хоорондоо харилцан хамааралтай, илтэд зөрүүтэй зүйл тогтоогдоогүй байх ба хэргийн үйл баримт сэргээн дүрслэхэд хүрэлцээтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.С-ын 2024 оны 02 дугаар сард Завхан аймгийн .......... сумын ............. багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Г-ын эзэмшлийн зөв талын гуя дээрээ “Сартай чандмань” тамгатай, сартай, буруу талын хойд хөл нь өсгий цагаан, хонгор зүсмийн байдас, зөв талын гуя дээрээ “Сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага, нийт 2 тооны адууны буюу олон тооны адуу хулгайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж үзэхгүй.
Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Г-ын эзэмшлийн зөв талын гуя дээрээ “сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даагыг хулгайлсан гэх үйлдэл эргэлзээтэй байх тул гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн, шүүгдэгч талын тухайд гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтэйгээр хохирогч Г.Г-ын эзэмшлийн 2 тооны адууг гэрч Г.Т-д захиж үлдээснийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхээс дүгнэхэд, Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл эсэргүүцэл бичив гэжээ.
3. Дээд шатны прокурор Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Завхан аймгийн Тосонцэнгэл дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор М.А нь энэ хэрэгт 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 05 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэн. Дээд шатны прокурор Н.Б миний бие эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...Дээд шатны прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах байр суурьтайгаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудлыг нэмж тайлбарлая. Энэ хэргийн тухайд 2024 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд шүүгдэгч Б.С нь Г.Г-ын эзэмшлийн 2 тооны адууг нууц далд аргаар, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хулгайлан авч, Б.Т гэх хүнд маллуулж, онд оруулж өгөөч гэж өгсөн хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Шүүгдэгч Б.С нь 2 тооны адууг Б.Т-д өгснөө хүлээн зөвшөөрсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг байдаг. Гэрч Б.Т-ийн Б.С надад 2 тооны адуу үлдээсэн гэдгийг гэрчилсэн мэдүүлэг, хохирогч Г.Г-ын дээрх 2 тооны адууг Б.С-оос асуухад мэдэхгүй гэж хэлсэн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ 1 тооны адууг хулгайлсан үйлдлийг гэмт хэргийн субъектив шинжийг хангаж байна, нөгөө нэг тооны адууг хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийн субъектив шинжийг хангахгүй байна гэх хоёр өөр дүгнэлт хийж, 1 тооны адууг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Б.С нь нэг цаг хугацаанд, нэг үйлдлийн аргаар малыг хулгайлан, Б.Т-д маллуулахаар 2 тооны адууг хүлээлгэн өгснөөрөө хулгайн гэмт хэрэг төгссөн байхад шүүх дүгнэлт хийхдээ 2 адууны нэг нь 2-3 хоногийн дараа үхсэн байна. Тэнхэл муутай нэг тооны даагыг хулгайлсан үйлдлийг шунахайн сэдэлт гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэрэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, гэмт хэргийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх 1 тооны даагыг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ үүссэн гэж анхан шатны шүүх үзсэн. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай 24 дүгээр тогтоол байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ын дээрх хулгайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, дээрх тогтоолын агуулгаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зөрчил гаргасан. Шүүгдэгч Б.С нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр цагдан хоригдсон байдаг. Энэ хэргийг шийдвэрлэж шүүгдэгчид ял оногдуулахдаа цагдан хоригдсон хоногийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа, хэрхэн тооцсон...” талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгахаар заасан. Гэтэл шүүгч шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг хэрхэн тооцсон талаар шийтгэх тогтоолдоо тусгаж өгөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг зөрчсөн зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
4. Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч Б.С нь 2023-2024 онд 2 тооны адуу хулгайлсан гэх хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс 64 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсэн. 2023-2024 оны өвөл Завхан аймгийн ихэнх нутгаар зудтай байсан. Зуднаар шүүгдэгч Б.С нь өөрийнхөө адууг оторлож явсан. Шүүгдэгч Б.С нь Завхан аймгийн ... сумын харьяат хүн. Завхан аймгийн ......... сумд отор хийж явж байсан байдаг. Ингээд ....... сумд отор хийж байх хугацаанд тухайн орон нутгийн удирдлагаас малын бэлчээрийн даац хэтэрлээ гэх шалтгаанаар нутгаасаа хөөсөн учраас Завхан аймгийн ....... сумын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн отор хийсэн. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан малчид малаа очиж харахгүйгээр нэг нутгийн хүмүүсийн хувьд бие биедээ захисан. Хохирогч Г.Г-ын хувьд өөрийн 100 гаруй тооны адууг н.Э гэх хүнд хариулуулж байсан байдаг. н.Э нь тухайн үед унаа нь явахгүй боломжгүй байсан. 2024 оны өвөл отор буух үед нутгийн хүмүүс өөрсдийн адуунуудаа захисан, н.Э-ийн тухайд наагуураа байгаа адуунуудыг дөхүүлээд өгөөрэй гэж Б.С-т захидаг. Шүүгдэгч Б.С нь ойр хавьдаа байсан нутгийн хүмүүсийн 3 азарга адууг ....... сумаас тууж явах үед 2 тооны адуу тухайн үед туувар даахгүй нөхцөл байдал үүссэн. Туувар даахгүй болохоор нь Б.Т гэх хүүхдэд тэжээгээд онд оруулаад өгөөч гэж үлдээсэн байдаг. Энэ үйлдэлдээ маргадаггүй. Г.Г-ын 3 азарга адууг тууж ....... сумын төвд очиж тэжээсэн. Б.С-ын аав н.Б, хохирогч Г.Г нар хоорондоо найз нөхөд учраас ........... сумын төвд адууг нь тэжээж байхад авсан байдаг. Дараа нь шүүгдэгч Б.С-оос 2 тооны адуугаа сурсан. Б.С нь Б.Т-тэй энэ хугацаанд холбогдоход 2 тооны адууны нэг даага нь үхсэн. Нэг нь байгаа гэсэн. Адуу тэжээсэн зардал мөнгөний асуудал яригдсан. Тухайн үед Б.С нь их сургуульд сурч байх хугацаандаа чөлөө авч, хөдөө мал маллаж байсан. Г.Г ах тэжээлийнхээ мөнгийг өгөхгүй байх гээд 04 дүгээр сард адуугаа сураглахад нь мэдэхгүй, байхгүй гэж хэлсэн байдаг. Тухайн үед ашиглах гэсэн санаа сэдэл байхгүй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсэн. Гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байгаа боловч, тухайн үед тууврын ая даахгүй байсан 2 тооны адууг үлдээсэн. Тэжээгээд онд оруулсан нөхцөлд тухайн адууг ашиглах сэдэл нь үүсэж байна гэж дүгнэн 1 тооны адуу хулгайлсан гэж үзсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн. Туувар даахгүй байсан 2 адууг хулгайлахад ямар ашиг хонжоо байх юм. Адууг тэжээн онд оруулах гээд байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хариуцуулсан адууг тэжээж онд оруулах санаатай байгаа юм уу?, эсвэл түүнээс ашиг олох санаа зорилготой байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж хэргийг зүйлчилсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хүнийг яллахаасаа илүү гэм буруугийн байдлыг харгалзан, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна гэв.
5. Шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023-2024 оны өвөл цаг агаарын байдал хүндэрч, би адуу малаа оторлож хариулсан. Отрын хугацаанд ......... сумын удирдлагаас хөөх шийдвэр гаргасан. Тухайн үед Г.Г ахын адуу тарж бутарсан байдалтай байсан. Г.Г ахын 3 тооны азаргатай адуу манай отор хийж байгаа газар очсон. н.Э ах, чи Г.Г-ын 3 азарга адууг харж байгаад отор буух үедээ аваад ирээрэй гэж захисан. Тухайн үед Г.Г ах мөн над руу утсаар ярьж манай адуу наагуур чинь очсон байна. Отор буух үедээ манай адууг аваад ирээрэй гэж хэлсэн. Отор буух үед хул халзан азаргатай адуу олдохгүй байхаар нь уул хадаар явж байгаад олсон. Б.Т гэх айлын хажуугаар тууж гаргах үед хүрэн халзан сарваа, хонгор байдас 2 эцээд байхаар нь тэдний гадаа үлдээсэн. 2-3 хоногийн дараа Б.Т-тэй холбогдоход хүрэн халзан сарваа нь тэжээл идэхгүй байж байгаад үхчихлээ гэсэн. Хонгор халзан байдас нь байна. Хонгор халзан байдсыг нь яах юм бэ? гэхээр нь чи тэжээгээд онд оруулчих гэж хэлсэн. Г.Г ахын 20 гаруй адууг ..... сумын төвд тэжээж байсан. 20 гаруй тооны адууг тэжээж байсан тэжээл, өвсний мөнгийг өгөхгүй болохоор нь надад тэжээл өвснийхөө мөнгийг өгөхгүй байгаа юм чинь, хонгор халзан байдасны тэжээл, өвсний мөнгийг өгөхгүй байх гэж бодоод, тэр айлд адууг нь үлдээсэн гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.С-т холбогдох 2424000680069 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Б.С-ыг 2024 оны 2 дугаар сард Завхан аймгийн ..... сумын ......... багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Г-ын эзэмшлийн зөв талын гуян дээрээ “сартай чандмань” тамгатай сартай, буруу талын гуян дээрээ “сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага, нийт 2 тооны буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Г.Г-д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүх Б.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ:
Шүүгдэгч Б.С-ын дээрх 2 тооны адууны 1 нь болох зөв талын гуян дээрээ “сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн дааганы тухайд мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй байна. Тодруулбал, тухайн хэрэг үйлдэгдсэн гэх 2023-2024 онд шилжих өвөл зудтай, хэцүү өвөл болж адуу мал их турж эцэн онд орсон, олон тооны адуу мал үхсэн талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь мэдүүлж байгаа бөгөөд зөв талын гуян дээрээ “сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага тамир тэнхээ муудсан, тууврын ая даахгүй болсон нөхцөл байдал үүссэнээс Г.Т-д үлдээж, үүнээс хойш богино хугацааны дараа буюу 2-3 хоногийн дараа үхсэн байдаг. Хэрвээ шүүгдэгч үнэхээр ашиг олох зорилгоор шунахайн сэдлээр үйлдсэн бол адуун дундаас боломжит тамир тэнхээтэй адууг сонгон авч үлдэх боломж байсан ч аваагүй байгаа нь шүүгдэгч уг адууг хулгайлсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгээд байна гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Г.Г-ын зөв талын гуян дээрээ “сартай чандмань” тамгатай, зурвас халзан хонгор зүсмийн даагыг хулгайлсан үйлдлийг Б.С-т холбогдох хэргээс хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Г-ын эзэмшлийн зөв талын гуян дээрээ “сартай чандмань” тамгатай сартай, буруу талын гуян дээрээ “сартай чандмань” тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага, нийт 2 тооны адууг Г.Т-д “ахын дүү энэ хоёрыг тэжээгээд онд оруулаад өгөөч ах нь зун ирж авна гэж хэлээд үлдээгээд явсан” гэсэн нөхцөл байдал тогтоогдож байдаг.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С нь 2 тооны адууг Г.Т-д үлдээсэн үйлдэл нь бусдын малыг нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авсан буюу мал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинжийг хангасан гэж дүгнэсэн атлаа 1 тооны адууг нь хулгайлах санаа зорилготой байсан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь субьектийн хууль бус үйлдэлдээ хандсан санаа зорилгыг буруу тодорхойлж, хоорондоо уялдаа холбоогүй, зөрчил бүхий дүгнэлт хийжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Г-ын 2 тооны адууг нэг цаг хугацаанд, нэг санаа зорилготойгоор, нэг газраас авч өөрт захиран зарцуулах боломжийг бүрдүүлэн Б.Т-д үлдээснийг шүүх шүүгдэгчийн “хонгор зүсмийн даага нь отрын ая даахгүй байсан учир үлдээсэн” гэх мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Б.С нь уг даагыг хулгайлах санаа зорилго байгаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн зэрэгцээ шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Шүүхийн энэ дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөхөөр байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.А-ийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Б.АРИУНБАЯР