Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2020/00097

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 142/ШШ2020/00631 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36.395.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие Н.Оюун-Эрдэнийн хүсэлтийн дагуу түүнтэй 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 29.000.000 төгрөг зээлдүүлэх тухай гэрээг байгуулсан. Гэрээгээр тохиролцсон ёсоор уг мөнгийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийг буцаан төлөх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байхаар тохиролцсон. ******* нь өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг, 5 хороолол 2 дугаар байрны 10 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү- 2101005485 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээг байгуулан барьцаалсан. Түүнд зээлүүлж буй 29.000.000 төгрөгийг миний бие өөрийн Голомт банкы 4015100363 тоот данснаас Ч.Оюун-Эрдэнийн 4015005312 тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч Ч.Оюун-Эрдэнэ нь зээлж авсан мөнгөө төлж барагдуулалгүй өнөөдөр маргааш гэж явсаар өдийг хүрээд байна. Иймд Ч.Оюун-Эрдэнээс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 29.000.000 төгрөг, зээлийн гэрээний 3 сарын хүү 5.220.000 төгрөг, гэрээний 3-т заасан алданги 2.175.000 төгрөг нийт 36.395.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Иймд Ч.Оюун-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэг 36.395.000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг, 5 хороолол 2 дугаар байрны 10 тоот хаягт байрлах 000153826 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2101005485 дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйццэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* би н.Марзиймаа гэх эдгээр хүмүүст зохион байгуулалттай залилуулж хохирсон талаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэтэл ******* нь цагдаад гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгчихөөд удалгүй 12 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарагсан байна. Надад энэ мөнгийг авах хэрэгцээ шаардлага байгаагүй, нэхэмжлэгч надаас нэг ч удаа үндсэн зээл, зээлийн хүү болон алданги зэргээ нэхэж болон шаардаж байгаагүйгээс харагдана. Би энэ хүний утасны дугаарыг ч мэдэхгүй. Нэхэмжлэгч надтай зээлийн гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Одоо л шүүх дээр учир ч байна. Би *******тай ямар ч нөхцөл тохироогүй. Би *******, н.Марзиймаа нарт холбогдуулж, залилуулсан талаар Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол өгсөн учраас *******ын нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт тавьсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2019 оны 08 сарын 28-ний өдөр Марзиймаа нь /Марзиймаагийн хүү миний дунд охин нар нь сургуулийн нэг ангид сурдаг ба эцэг эхийн зөвлөл гэдэг утгаар танил/ надад ШШГА хураагдсан одоо хямд үнээр зарагдах гэж байгаа 3 өрөө байр байна. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн сайн таних учир тэр байрыг надад санал болгоод байна. Би түүнийг аваад зах зээлийн ханшнаас жоохон доогуур маш хурдан зарах тийм ажил байна. Бүх юм бэлэн эхний ээлжинд урьдчилгаа хэрэгтэй байна гээд ярьсан. Үдээс хойш дахин дахин залгаад уулзъя нөгөө 4-26 байр дуудлага худалдаанд орох гээд байна гэсээр намайг гэрээс ирж аваад үл хөдлөхийн дэргэд зогсож байсан танихгүй 2 эмэгтэйтэй цуг Ачит төвийн Байгал нотариат дээр ороход ийм гэрээг батлахгүй гэсэн. Тэгээд нотариат хайж явж байгаад Голомт банкны нотариат дээр очсон. Тухайн үед авах мөнгөн дүн болон зээлийн эргэн төлөх хугацаа зэргийг *******, Марзиймаа 2 хоорондоо ярьж тохиролцсон байсан. Ингээд өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг,5-р хороолол 2 байрны 10 тоот хаягт байршилтай №000153826 гэрчилгээний дугаартай Ү-2101005485 улсын бүртгэлийн дугаартай 36 м,кв бүхий талбайтай, 2 өрөө орон сууцаа барьцаалж 29.000.000 / хорин есөн сая / төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээн дээр Сайнжаргал нь намайг "40150100363 тоот данснаас 4015005312 дансанд 29.000.000 хорин есөн сая шилжүүлсэн гэж гараар биччих гээд байхаар нь би бичсэн юм. Уг зээлийн гэрээг би тухайн үед нь Марзиймаад өөрт нь өгсөн. Гэрээ байгуулах үед би Сайнжаргалд за та 2 сайн тохиролцоорой гэж хэлэхэд тэгнээ гээд салсан. Ингээд тэр өдрөө 29.000.000 төгрөгийг Марзиймаад өгнө гээд салцгаасан. Гэтэл маргааш нь Сайнжаргал утасдаад ерөөсөө чиний дансанд хийлээ гэхээр нь би та хоёр өгч аваагүй юм уу гэтэл чи аваад өгчих гэсэн. Би хөл хүнд хожуу хордлого ихтэй байсан ч Голомт банк ороод данснаасаа 29.000.000 төгрөг авч Марзиймаад өгсөн. Гэтэл одоо ******* нь үндсэн нэхэмжлэл дээрээ бодит байдлыг илтэд гуйвуулан *******нийн хүсэлтийн дагуу түүнтэй гэрээ байгуулсан гэж худлаа зүйл бичсэн байна. Би эдгээр хүмүүст зохион байгуулалттай залилуулж хохирсон талаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэтэл ******* цагдаад дуудагдаж мэдүүлэг өгчихөөд удалгүй 12 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Надад мөнгийг авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг нь нэхэмжлэгч надаас нэг ч удаа үндсэн зээл, зээлийн хүү болон алданги зэргээ нэхэж болон шаардаж байгаагүйгээс харагдана. Нэхэмжлэгч надтай зээлийн гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Иймд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Н.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлд н.Марзиймаатай тохиролцож ШШГ газарт хураагдсан орон сууцыг худалдан авч худалдах гэж байгаа талаар дурдсан байна. Тэдний хооронд ямар яриа хэлцэл болсон талаар миний бие огт мэдэхгүй юм. Учир нь н.Оюун-Эрдэнэ нь уг зээлийг авахдаа н.Марзиймаатай тохиролцож ашиг олох гэж байгаа талаар огт надад хэлээгүй. Миний бие н.Марзиймаатай зээлийн гэрээний эргэн төлөх хугацаа, болон зээлийн хэмжээний талаар тохирсон зүйл байхгүй. Харин зээлийн гэрээний зээлийн хэмжээ, эргэн төлөх хугацааны талаар *******тэй тохиролцож гэрээндээ тусгасан. ******* гэдэг хүн ямар зорилгоор ийм худал зүйлийг нэхэмжлэлдээ бичээд байгааг ойлгохгүй байна. Зээл авахдаа сайхан аашлаад би байраа барьцаанд тавьж байгаа хүн юу гэж мөнгийг чинь төлөхгүй байхав дээ гэрээний нэмэлт нөхцөл дээр хүртэл баталгаа бичиж өгнө гэж хэлж гуйж байсан ба барьцааны гэрээний нэмэлт нөхцөл дээр өөрийн гараар Оюун-Эрдэнэ би зээлээ төлж барагдуулж чадахгүй бол зах зээлийн ханшаар байраа зарж Сайнжаргалыг хохиролгүй болгоно 60 хоног гэж бичиж өгсөн. Түүнийг гуйгаад салахгүй байсан болохоор л түүнд итгээд зээл өгсөн. Ийнхүү бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байтал хэргийг удаашруулах зорилгоор сөрөг нэхэмжлэл гаргаж хугацаа авч хохирсон намайг хохироосоор байгаад гомдолтой байгаа ба сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 142/ШШ2020/00631 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******эс зээлийн гэрээний үүрэгт 36 395 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.8.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Оюун-Эрдэнийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 36 395 000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-12 байрны 10 тоотод байршилтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005485 дугаартай 36,16 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймгийн ШШГА-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 339.925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нар давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 28-гы өдөр нэхэмжлэгч *******тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан хэдий ч хариуцагчид энэхүү зээлийн гэрээг байгуулж, мөнгө зээлэх шаардлага, хүсэл зорилго байгаагүй, харин гэрч н.Марзиймаа нь нэхэмжлэгч *******аас мөнгө зээлж авах хсүэлтэй байсан бөгөөд энэ тухай нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 16-нд хариуцагч Н.Оюун-Эрдэнийн бусдад залилуулсан гэх гомдлын дагуу үүсгэсэн хэрэг бүртгэлийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хариуцагч нь тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ манай хүүхдийн ангийн хүүдийн ээж болох н.Марзиймаа нь надад ШШГА-нд хураагдсан одоо хямд үнээр зарагдах гэж байгаа 3 өрөө байх байна. Би ШШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийг сайн таних учир тэр байрыг надад санал болгоод байна. Эхний ээлжинд урьдчилгаа хэрэгтэй байна гэсэн. Тэгээд н.Марзиймаа болон танихгүй 2 эмэгтэйтэй цуг нотариат дээр очиж гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа, эргэн төлөлт, мөнгөн дүн зэргийг н.Марзиймаа, ******* нар хоорондоо тохиролцсон байсан. Мөнгийг аваад н.Марзиймаад өгсөн. ******* надаас нэг ч удаа мөнгө нэхэж байгаагүй. Надтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Миний бие 2019 оны 12 дугаар сарын 13-нд Цагдаагийн газарт энэ тухай гомдол гаргасан. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч *******, гэрч н.Хоролгарав, Т.Аманжул нарын Цагдаагийн газар өгсөн мэдүүлэг, хариуцагчийн гомдол, шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргээс тодорхой харагдана. Гэрээ байгуулах нь 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд тухайн гэрээг байгуулж, үр дагаварт хүрэхийг талууд хэн аль нь хүсэж байх ёстой. Гэтэл маргаан бүхий гэрээг хариуцагч хүсэж байгуулаагүй, харин залилуулж, хуурч мэхлэгдсэн байдаг. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.8.-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д тус тус заажээ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Оюун-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, эсхүл хариуцагч Н.Оюун-Эрдэнийн Цагдаагийн газарт бусдад залилуулсан гэх хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэж дуустал хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эс зээлийн гэрээний үүрэг 36.395.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 29 сая төгрөгийг 3 сарын 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ, барьцаанд Н.Оюун-Эрдэнийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-р хороолол 2 дугаар байрны 10 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан ба хариуцагч Н.Оюун-Эрдэнийн Голомт банк дахь харилцах данс руу 29 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Энэхүү зохицуулалтын дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талуудын тохирсон хүү, алдангийн хэмжээ хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж үндсэн зээл 29.000.000 төгрөг, 3 сарын хүү 5.220.000 төгрөг, алданги 2.175.000 төгрөг нийт 36.395.000 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлүүдэд нийцсэн байна.

Хариуцагч ******* нь дээрх 29 сая төгрөгийг Ч.Марзиймаа авах зорилгоор *******тай ярьж тохиролцон уг мөнгийг авсан гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 142/ШШ2020/00631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц:Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Н.Оюун-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 642.875 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ