Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 150/ШШ2026/00052

 

           

  2026              02            02                                               150/ШШ2026/00052

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *аймаг * сум *-р баг * * хаягт байрлах, “*” ТӨХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймаг * сумын*-р баг * тоот хаягт оршин суух  *т холбогдох,

Сэлэнгэ аймаг Сайхан сум 1-р баг Хөтөл баруун сэртэнгийн хөндий 1 тоот  хаягт байрлах эзэмших эрхтэй газар болон тус газарт байрлах 252 м2 талбайтай 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбямба /цахим/, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*" ТӨХК-ийн эзэмшлийн гэрчилгээний *, нэгж талбарын * дугаартай, улсын бүртгэлийн *дугаартай эзэмших эрхтэй газар түүнд байрлах 252м² талбайтай 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/77 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, нийтийн бие тамирыг хөхүүлэн дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж * нь фитнесийн төв байгуулах хүсэлтэй байгаа тул байраар дэмжиж өгнө үү гэсэн байна. Иргэн *аас Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг, Хөтөл Баруун сэртэнгийн хөндий 1 тоотод байрлах эзэмших эрхтэй газар болон тус газарт байрлах 252м² талбайтай 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч * шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Он сартай холбогдуулан хэлэхэд өмнө 2019 онд уг хүсэлтийг гаргаж байсан. Уг албан бичиг нь олдохгүй гэх шалтгаанаар дахин 2020 онд сумын Засаг даргаас албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичиг очихоос өмнө сумын Засаг даргын өрөөнд Хөтөл салбарын дарга бид 3 хамт 2019 онд гэрээ байгуулсан. Тухайн объектын гэрээ гэрчилгээ байхгүй тул гэрчилгээжүүлсний дараа гэрээг 2020 оны сүүлд өгч байсан.

Гэрээ хийгдсэний дагуу Сайхан суманд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болгохын тулд фитнес нээхээр болсон. Би тэр объектыг 30-40 сая төгрөгөөр засаж сайжруулсан. 2020 онд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор үйл ажиллагаа явуулахаа больсон. Нэг үгээр бол гаргасан зардлаа ч нөхөж чадаагүй. Тухайн барилгыг сантехник, цахилгааны монтаж, гадна цэвэр бохир усны шугам зэргийг бүгдийг нь би янзлуулсан. Энэ объектыг засаж сайжруулахад хийсэн мөнгөний тодорхой хувийг олговол суллаж өгөхөд татгалзах зүйлгүй. Тухайн объектын гэрчилгээ өмнө огт байхгүй байсан. Газрын гэрчилгээтэй болсноор тухайн объектыг чөлөөлүүлэх талаар  хандаж байсан... ” гэв.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ҮНДЭСЛЭХ нь:

           

          “*” ТӨХК нь хариуцагч *т холбогдуулан Сэлэнгэ аймаг Сайхан сум 1-р баг Хөтөл баруун сэртэнгийн хөндий 1 тоот  хаягт байрлах эзэмших эрхтэй газар болон тус газарт байрлах 252 м2 талбайтай 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч * нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/77 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, нийтийн бие тамирыг хөхүүлэн дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж * нь фитнесийн төв байгуулах хүсэлтэй байгаа тул байраар дэмжиж өгнө үү гэсэн байна. Энэ хүсэлтийн дагуу манайх 2020 онд албан ёсоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын албан бичгийн дагуу хариуцагчид манай зүгээс хоорондоо ярилцаад үнэгүй, түр хугацаагаар ашиглуулахаар болж ашиглуулсан. Хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хоорондоо гэрээ хийсэн талаар тайлбарлаж байна. Уг гэрээ нь манай байгууллагад байхгүй. Хэрэв энэ гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа бол уг гэрээний 6 дугаар зүйлд засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг түрээслэгч тал хариуцна гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй... гэж,

Хариуцагч * нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болсон үндэслэлээ: ... 2020 онд сумын Засаг даргаас албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичиг очихоос өмнө сумын Засаг даргын өрөөнд Хөтөл салбарын дарга бид 3 хамт 2019 онд гэрээ байгуулсан. Тухайн объектын гэрээ гэрчилгээ байхгүй тул гэрчилгээжүүлсний дараа гэрээг 2020 оны сүүлд өгч байсан. Би тэр объектыг 30-40 сая төгрөгөөр засаж сайжруулсан. 2020 онд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор үйл ажиллагаа явуулахаа больсон. Хэрэв гэрээг цуцлаад өөрийн гаргасан зардал болох ажлын хөлс 15 сая төгрөг, засвар үйлчилгээний зардалд 40-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Миний зүгээс эдгээр зардлын тодорхой хувь болох 10 сая төгрөгийг шийдвэрлэхэд суллахад татгалзаад байх зүйл байхгүй... гэсэн тайлбарыг гаргаж тус тус мэтгэлцэж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

1.Хариуцагч * нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга *д “фитнессийн төв  байгуулан ажиллах” хүсэлтийг гаргасан ба Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга *гийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/77 тоот албан бичгээр “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөхүүлэн дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд байраар дэмжин өгч хамтран ажиллана уу...” гэх хүсэлтийг * салбарын эрхлэгч * уламжилсан байна. /хх-ийн 06-р хуудас/

 

2.Энэ хүсэлтийг дагуу * ТӨХХК-ийн  эзэмшлийн Сайхан сумын Хөтөл 1-р багийн Баруун сэртэнгийн хөндий 1 тоот хаягт байрлах 221 мкв үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оноос хойш үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн бөгөөд, хариуцагч * өөрийн зардлаар тус байрыг засаж, сайжруулан FITNESS заалаар 2020 оноос эхлэн ашигласан болох нь талуудын тайлбар, уг үл хөдлөх хөрөнгөнд засвар хийхээс өмнөх болон хийсний дараах гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 31-40-р хуудас/

 

3.* төрийн өмчит компани нь хариуцагч *т хандан 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/304 тоот албан бичгээр “манай байгууллага уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хэрэгцээнд ашиглах шаардлагатай болсон тул төрийн өмчийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны дотор чөлөөлөх арга хэмжээ авах” талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх-ийн 10-р хуудас/

 

4. Хариуцагч * маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөөгүй тул нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасан үндэслэлээр 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд газар болон үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

 

Хууль зүйн дүгнэлт:

 

1.Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, зөвхөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглуулсан учир хариуцагч тал газар болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигчид чөлөөлж өгөх үүрэгтэй гэж, хариуцагч тал 2020 оноос эхлэн Ковид 19 цар тахал гарч хөл хорио тогтоосон учир тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулахад 30-40 сая төгрөгийг зарцуулсан тул нэхэмжлэгч талыг 10 сая төгрөг өгөх юм бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

 

2.Хариуцагч * шүүх хуралдааны шатанд “төрийн байгууллага учир ямар нэгэн байдлаар хөрөнгөө ашиглуулж байгаа талаар гэрээ байхгүй бол болохгүй гээд тухайн үеийн тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга Мөнхжаргалтай гэрээ байгуулж байсан. Бидний дунд гэрээ байгаа” гэсэн учир шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

3.Хариуцагч * нь шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Түрээслэх обьектийн ажил эхлүүлэх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал хэрхэн болж байгаа талаар үндэслэлээ тайлбарлаагүй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ... гэж хуульчилсан.

 

5.Шүүх хариуцагч *аас гаргаж өгсөн нотлох баримтыг /гэрээг/ нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэх боломжгүй. Тодруулбал гэрээг ТЭДСан * нарын хооронд байгуулсан байх бөгөөд талууд 2020 оноос уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж эхэлсэн гэх боловч гэрээг 2019 оны 08 сард байгуулсан, түрээслэгч байгууллагыг төлөөлж ямар хүн гэрээ байгуулсан нь тодорхойгүй, гарын үсгийн тайлал байхгүй, Иргэний хуульд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй... гэх үндэслэлүүдээр уг нотлох баримтыг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн тул нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна.

 

6.Үүнээс өөр талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй бөгөөд хэргийн үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаагүй /хөлс төлөх нөхцөлийг тохиролцоогүй/, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ мөн байгуулагдаагүй гэж дүгнэв. Учир нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-т зааснаар Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ”... гэж заасан байх ба эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ нь бусад гэрээнээс ялгаатай нь тус гэрээг хугацаатай байгуулдгаараа ялгаатай байна.

 

7.Харин талуудын хооронд уг үл хөдлөх эд хөрөнгийг хэдий хугацаанд ашиглуулах нь тодорхойгүй, энэ талаар тохиролцоогүй байна.

 

8.Иймд талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, зөвхөн үнэ төлбөргүйгээр байрыг ашиглуулсан гэж дүгнэлээ.

 

9.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй... гэж хуульчилсан.

 

10.Нэхэмжлэгч байгууллага буюу Тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу одоогийн нэршлээр * нь маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болох нь Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000322710 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.  /хх-ийн 07 хуудас/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага өөрийн эзэмшлийн газрыг ашиглах болсон тул хариуцагч *ыг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөхийг шаардсан шаардах эрхийн үндэслэл хуульд нийцэж байна гэж дүгнэв.

 

11.Хариуцагч *ын “2020 оноос засвар үйлчилгээ хийсэн байраа Ковид 19 гарсны улмаас ашиглаж чадаагүй тул 10 сая төгрөг өгвөл байрыг суллаж өгөхөд бэлэн” гэж тайлбарлаж холбогдох нотлох баримт болох гэрэл зургийн үзүүлэлт гаргаж өгсөн боловч үүнтэй холбоотой санхүүгийн баримт байхгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй юм. Хариуцагч өөрийн эрх ашиг сонирхол хөндөгдөн зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгаа болно.

 

12.Иймд *  ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй *т холбогдох Сэлэнгэ аймаг Сайхан сум 1-р баг Хөтөл баруун сэртэнгийн хөндий 1 тоот  хаягт байрлах эзэмших эрхтэй газар болон тус газарт байрлах 252 м2 талбайтай 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *ыг уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийн чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

13.Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ чөлөөлүүлэхээр шаардсан үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг 252 мкв гэсэн байх боловч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр 221 мкв гэсэн байх тул энэ байдлаар шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэсэн болно.

 

14.Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч *аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл 1 дүгээр баг, Баруун Сэртэнгийн хөндийн 1 тоот хаягт байрлах эзэмших эрхтэй газар болон тус газарт байрлах 221 м2 талбайтай 1 давхар үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг  хариуцагч *т даалгасугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч *аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН