| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2019/01841/И |
| Дугаар | 210/МА2020/00375 |
| Огноо | 2020-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2020/00375
| 2020 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2020/00375 |
Ж.Г -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02502 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч М.В.К - ББСБ ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Хариуцагчийн төлөөлөгч М.У
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Даваахүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн Ж.Г -шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын эрэгт байрлах газарт тансаг зэрэглэлийн европ стандартын барилгын төслийг эхлүүлж, барилгаа дуусгахын тулд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэгдсэн, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн орон сууц болон Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83/7 дугаар байр 05 тоот орон сууцыг М.В.К - ББСБ ХХК-д барьцаалан 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 160 000 000 төгрөгийг хүү 32 973 333 төгрөг буюу нийт 192 973 333 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож бизнесийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан.
Улмаар иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас хамаарч тансаг зэрэглэлийн том м.кв талбай бүхий хувийн орон сууцнуудын борлуулалт буурч зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсч зээлээс 6 186 670 төгрөг төлсөн. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар талууд харилцан тохиролцон бизнесийн зээлийн гэрээний үлдэгдлийг 234 167 000 төгрөг байхаар тохиролцож хүүг зогсоосон. Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг нэхэмжлэгч Ж.Г -барьцаанаас чөлөөлөн буцаан шилжүүлж, Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг 234 167 000 төгрөгийг төлөх хүртэл хариуцагчийн өмчлөлд байх, эзэмшил нь нэхэмжлэгчийн мэдэлд байхаар тохиролцож гараар бичиг, баримт үйлдэж уг баримтыг хариуцагч өөртөө хадгалсан байдаг. Нэхэмжлэгч талаас эдийн засгийн боломжтой болмогцоо 100 хувийн гүйцэтгэлтэй супер засвар хийсэн маргаан бүхий 23/1 тоот орон сууцыг хариуцагчид зах зээлийн ханшаар зөрүүг нь өгөөд худалдаж авах, яг ижил м.кв бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй байрны зөрүүг нь өгөөд авах, эсвэл хамтран өмчлөгч болж орон сууцыг борлуулах санал гаргасан боловч хариуцагч хариу өгөхгүй байсаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байрыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн бичиг ирүүлсэн байна.
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу нотариат орж гэрээний зүйл болох 234 167 000 төгрөгийг бүрэн төлсөн гэж худал мэдүүлж дүр үзүүлсэн, халхавчилсан хэлцэл болох үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хариуцагч М.В.К - ББСБ ХХК-ийн захирал М.У гийн эгч М.Өлзийчимэгтэй байгуулсан. М.Өлзийчимэг нь ямар ч итгэмжлэл, төлөөлөх эрхгүйгээр гарын үсэг зурж М.В.К - ББСБ ХХК-д шилжүүлсэн байна. Энэхүү хууль зөрчиж хариуцагч өөрт өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заасан.
Иймд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хөрөнгөний өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс орон сууцыг буцаан гаргуулж, нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.В.К - ББСБ ХХК-ийн төлөөлөгч М.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ж.Ганчимэгтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаанд орж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцыг худалдаж авсан. Талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа өөр ямар нэгэн нууц гэрээ хэлцэл хийж, түүнийгээ халхавчлах зорилгоор орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байхгүй бөгөөд хэрвээ тийм бол нэхэмжлэгч үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт ямар нэгэн баримт огт авагдаагүй байна.
Уг гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан хүн нь төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхгүй бөгөөд манай компанийг төлөөлж тухайн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй этгээд мөн. Түүнчлэн уг гарын үсгийг зурсан нь манай компанийн эрхийг зөрчсөн үйлдэл биш учраас компанийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй, цаашид ч гаргахгүй болно. Хэрвээ төлөөлөх эрхгүй этгээд байсан тохиолдолд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх зааснаар уг хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох үндэслэлгүй байна.
Иймд гэрээний 3-т үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 234 167 000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгасан гэж, 7-д төлбөр тооцоо дууссан гэж нэмэлт нөхцөл тусгасан нь төлбөр тооцоо дуусгавар болсныг нотолж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.В.К - ББСБ ХХК-нд холбогдох, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, 23/1 тоот хаягт байрлах, 290.74 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 000373265 тоот гэрчилгээ, Ү-2204066507 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1 329 000+ 70 200/ нийт 1 399 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо: Талууд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг байгуулж үндсэн зээл 160 000 000 төгрөг, зээлийн хүүг 32 973 333 төгрөг нийт 192 973 333 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан байдаг. Ж.Г -нь зээлийн гэрээний үүрэгт 6 186 670 төгрөг төлсөн бөгөөд улмаар талууд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар бизнесийн зээлийн гэрээний үлдэгдлийг 234 167 000 төгрөг байхаар тохиролцож хүүг зогсоож, Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлөн нэхэмжлэгч Ж.Ганчимэгт буцаан шилжүүлж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцыг 234 167 000 төгрөгийг төлөх хүртэл хариуцагчийн өмчлөлд байх ба эзэмшил нь нэхэмжлэгчийн мэдэлд байхаар тохиролцож гараар бичиг, баримт үйлдэж уг баримтыг хариуцагч өөртөө хадгалсан байдаг. Тухайн өдрөө гэрээний зүйл болох 234 167 000 төгрөгийг төлж дуусгасан хэмээн худал мэдүүлж дүр үзүүлсэн, халхавчилсан хэлцэл болох Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хариуцагч М.В.К - ББСБ ХХК-ийн захирал М.У гийн эгч М.Өлзийчимэг гэх ямар ч итгэмжлэл, төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулж М.В.К - ББСБ ХХК-д шилжүүлсэн.
Хариуцагч М.В.К - ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.У нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тушаал гаргаж М.Өлзийчимэгийг гүйцэтгэх захирлаар томилж байгаа нь хүчингүй юм.
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хуурамчаар байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Ж.Г -нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн бизнесийн зээлийн гэрээний дауу төлбөрийг бүрэн төлж чадаагүй. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл заасны дагуу энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэрээ байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч М.В.К - ББСБ" ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгч, нэхэмжлэгч Ж.Г -нь зээлийн гэрээний дагуу төлөх байсан 234 167 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэг харилцан үүсч байна.
Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Ж.Г -нь хариуцагч М.В.К - ББСБ" ХХК-д холбогдуулан, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгон, орон сууцны өмчлөх эрхийг Ж.Ганчимэгт шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар худалдагч Ж.Г -нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэгдсэн, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн орон сууцыг худалдан авагч М.В.К - ББСБ" ХХК-ийн өмчлөлд мөн өдрөө шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000473426 дугаартай гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-19,20, 91,92/
Дээрх үйл баримтад зохигчид маргаагүй, харин уг гэрээг байгуулсан хүсэл зориг тодруулбал, талууд зээлийн гэрээний хүүг зогсоох зорилгоор хувийн сууцыг худалдах-худалдан авахаар дүр үзүүлэн хэлцэл хийсэн эсэх, мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргажээ.
Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацаанд хамаарах талаар шүүх зөв дүгнэжээ. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ж.Ганчимэг, Э.Алтантуяа нар М.В.К - ББСБ" ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, зээлдүүлэгчээс 160 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө Ж.Ганчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэлтэй, 290.74 м.кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205029313 дугаарт бүртгэлтэй, 68.12 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай подваль зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-77-82/
Дээрх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 сарын дараа Ж.Ганчимэг, М.В.К - ББСБ ХХК нар барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэлтэй, 290.74 м.кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг. /хх-19/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Хуулийн энэхүү зохицуулалтаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагчид тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхээс гадна эзэмшил шилждэг. Зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу дутуу баригдсан хувийн сууцны өмчлөх эрх М.В.К - ББСБ ХХК-ийн нэр дээр шилжиж бүртгэгдсэн боловч уг хөрөнгийн эзэмшил нь шилжээгүй, өмнөх өмчлөгч Ж.Г -хувийн сууцыг барьж дуусган амьдарч байгаа үйл баримт талуудын тайлбараар нотлогдож байна. Мөн худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг ямар хэлбэрээр төлсөн нь тодорхойгүй, гэрээнд төлбөрийг гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгасан гэх агуулгыг тусгажээ.
Хариуцагч М.В.К - ББСБ ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тэрээр нэхэмжлэгч Ж.Ганчимэгт зээл олгож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийхийг хуулиар зөвшөөрөөгүй, энэ нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчвөл түүний гүйцэтгэвэл зохих үүрэгт үүрэг гүйцэтгүүлэгч үл хөлдөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн авах боломжгүй байдагтай холбоотой юм. Үүнээс дүгнэвэл талууд дутуу баригдсан хувийн сууцыг худалдах-худалдан авах зорилгоор бус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан гэж үзэхээр байна. Иймээс худалдах-худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу хувийн сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч Монгол венчур капитал ББСБ ХХК-д шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
Харин үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэх боломжгүй байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн тэгээдийн зөвшөөрлөөс шалтгаалдаг ба гэрээний нэг тал болох М.В.К - ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч М.У г төлөөлж М.Өлзийчимэг гарын үсэг зурсанд хариуцагч тал маргаагүй. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй байна.
Талууд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар тусдаа нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02502 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэлтэй, 290.74 м.кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцыг нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч М.В.К - ББСБ ХХК-д даалгасугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 399 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.В.К - ББСБ ХХК-аас 1 399 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ганчимэгт буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 399 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ч.ЦЭНД