| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0052/э |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 00019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч С.Б, Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1725004390040 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн унд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Баруун дэнжийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овгийн С-ийн Б
Монгол Улсын иргэн, Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Баруун дэнжийн 10-21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Ц-ийн Б
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт М.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт Н.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Хундага ахынхаас гарч яваад Алтанхөхий дэлгүүрийн гудамжинд явж байттал хохирогч Ц, А, бас нэг хүн гуравуулаа байсан. Намайг нэг өндөр нь дуудаад чи архи уусан юм уу? гэхээр нь би Хундага ахынд уусан гэсэн. Гэтэл надаар архи авахуулсан. Би Ц-ыг чих рүү нь нэг удаа цохисон. Би хашаатай хавсраад цохичихсон юм. Би А-ыг нь цохиогүй. Ц эмчилгээний 300.000 төгрөг нэхэж байсан, сүүлдээ 150.000 төгрөг нэхсэн. Би ажил хийж төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч А-ыг зодож хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас ажил алдууллаа гээд 300.000 төгрөг нэхсэн ямар нэг нотлох баримтгүй гэв.
-Хохирогч М.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...найз А-ын хамт 2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 17 цагийн орчим ажлаасаа тараад 11 дүгээр хороололд 1 шил архи хувааж уучихаад таксигаар яваад гэрийнхээ ойрхон таксинаас буугаад явж байсан чинь цагаан өнгийн машинаас хэдэн залуучууд гарч ирээд бид хоёрыг зодчихоод явсан. Нэг бага шиг биетэй залуу намайг зүүн чих орчим цохисон. Тэгээд гудамжны өнцөг тойроод гараад ирсэн чинь А- цохиулаад уначихсан байхаар нь сэргээгээд эмнэлэг дуудаж очиж үзүүлсэн. Намайг С.Б нь цохиод чихнээс цус гаргачихаар нь би хэнгэрэг цоорчихлоо шүү дээ гэхэд С.Б нь ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 4-7 ху/
-Хохирогч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед найз Цын хамт ажлаасаа тараад замдаа 1 шил архи авч хувааж уучихаад гэр рүүгээ явж байсан чинь цагаан өнгийн машинаас хэдэн залуучууд гарч ирээд бид хоёрыг зодчихоод явсан. Би тэр үед ухаан алдсан байсан. Намайг Ц сэрээгээд бид 2 эмнэлэг дээр очсон. Миний зүүн нүд орчим цохигдож, хөмсөг язарч гэмтсэн, хөхөрч хавдсан. Намайг цохисон залууг өмнө нь танихгүй, тухайн үед хэн нь намайг цохисоныг санахгүй байгаа юм. Ц-ийн Б гэдэг нь надтай уулзаад би таныг цохисон гэж байна лээ гэсэн мэдүүлэг /хх 8-10 ху/
Гэрч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай ах хамт явсан хоёроо бодоход махлагдуу залууг нь барьчихсан баруун чих орчим нь гараараа нэг удаа цохиход нь би салгахад чихнээс нь цус гарчихсан байсан. Хашаатай хавсраад цохичихлоо гэж бодсон. Намхан ах, урт савхин куртиктэй ах хоёртой Ц.Б цаашаа юм яриад хашааны өнцөг тойрсон. Ц.Б араас ирээд би тэр намхан ахыг хоёр, гурав нүүр рүү нь цохичихлоо гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/
-Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...17 цагийн орчим манай нөхрийн дүү С.Б найз охинтойгоо ахыг хүмүүс зодсон гэнэ би очихоор явж байна гэж утсаар ярихыг сонсоод Алтанхөхий дэлгүүрийн тэнд очиход Ц.Б нэг танихгүй ахыг хашааны өнцөг дээр унагаачихсан цохиж байсан. Хаана нь цохисоныг хараагүй. Ц.Бийг болиоч гэж хэлчихээд хажуугаар нь гараад нөхөр дээрээ очиход манай нөхөр гар нь шалбарчихсан, нэг таргандуу хүнтэй барьцалдаад зогсож байсан. Тэр ахын баруун чих орчим нь цус гарчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн...М.Цын биед баруун гадна чихний суваг, шанаанд 1 тооны урагдсан шарх, баруун талын эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна. Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 29 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн: Н.А-ын биед зүүн хөмсөгний дунд шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчын муруйлт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үссчээ. Дээрх гэмтэлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь зүүн хөмсөгний дунд шарх, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтлүүд, хамрын ясны хугарал, таславчын муруйлт нь хуучин гэмтлүүд байна. Зүүн хөмсөгний дунд шарх, зүүн нүдний алимны доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 25 ху/
-Ц.Бийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-38 ху/
-С.Бийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41-43 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45, 52 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт М.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Намайг С.Б нь цохиод чихнээс цус гаргачихаар нь би хэнгэрэг цоорчихлоо шүү дээ гэхэд С.Б нь ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч С.Т-ын мэдүүлэг /хх19 ху/, С.Бийн мэдүүлэг /хх 16-17 ху/, хохирогчийн биед М.Цын биед баруун гадна чихний суваг, шанаанд 1 тооны урагдсан шарх, баруун талын эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл үүссэнийг тогтоосон 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас зэргээр
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт Н.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би тэр үед ухаан алдсан байсан. Намайг Ц сэрээгээд бид 2 эмнэлэг дээр очсон. Миний зүүн нүд орчим цохигдож, хөмсөг язарч гэмтсэн, хөхөрч хавдсан. Намайг цохисон залууг өмнө нь танихгүй, тухайн үед хэн нь намайг цохисоныг санахгүй байгаа юм. Ц-ийн Б гэдэг нь надтай уулзаад би таныг цохисон гэж байна лээ” гэсэн мэдүүлэг, гэрч С.Т-ын мэдүүлэг /хх19 ху/, С.Бийн мэдүүлэг /хх 16-17 ху/, хохирогчийн биед Н.А-ын биед зүүн хөмсөгний дунд шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчын муруйлт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 18 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б, Ц.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч М.Ц нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардал 150.000 төгрөг, хохирогч Н.А- эмчилгээний зардал 340.000 төгрөг нэхэмжилнэ гэж тус тус мэдүүлсэн байх боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ц.Б нарт тус бүр оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 1 /нэг/ сарын хугацаанд / 02 дугаар сарын 20-ны өдөр 225.000 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 225.000 төгрөг тус тус төлөх /хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ц.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хохирогч М.Ц, Н.А- нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ