| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2324000500058 |
| Дугаар | 2025/ДШМ/26 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/26
Б.Б, Г.И, Т.Н нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн,
Прокурор Н.Б /цахимаар/
Яллагдагч Б.Б
Г.И /цахимаар/
Т.Н /цахимаар/
Яллагдагч нарын өмгөөлөгч М.Г,
Н.Г /цахимаар/
Б.О /цахимаар/
Д.Д /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/89 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагч Г.И, түүний өмгөөлөгч Д.Д-ийн давж заалдах гомдлоор Б.Б, Г.И, Т.Н нарт холбогдох 2324000500058 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн ......... сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........., ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .......... сумын ........ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ......... овогт ........-ийн Б, /РД:................/,
2. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр .......... аймгийн ........... сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ........ аймгийн ........ сумын ........ багт оршин суух хаягтай, урьд ...... аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ....... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/66 дугаартай магадлалаар дээрх ялыг 3 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөлт оруулж ял шийтгүүлж байсан, .......... овогт Г-ын И, /РД:............../,
3. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн ............ сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ............., тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлд зааснаар 3 жил, 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, .......... овогт Т-ийн Н, /РД:................../,
Яллагдагч Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Завхан аймгийн ........ сумын нутаг "........." гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ж.Б-ын өмчлөлийн үхэр сүргээс 3 тооны үхрийг өөрийн эзэмшлийн мотоцикль буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Ж.Б-д 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Б.Б, Г.И нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Завхан аймгийн .......... сумын ......... багийн нутаг дэвсгэр "......" гэх газарт бэлчээрт байсан хохирогч Д.Т-ын өмчлөлийн үхэр сүргээс 5 тооны үхрийг Г.И-ийн эзэмшлийн ..... улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл, Б.Б-ын эзэмшлийн мотоцикль зэрэг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Д.Т-д 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Б.Б, Т.Н, Г.И нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын .......... багийн нутаг дэвсгэр ".........." гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ч.Б-ийн өмчлөлийн үхэр сүргээс 10 тооны үхрийг Г.И-ийн эзэмшлийн ........... улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл, Б.Б-ын эзэмшлийн мотоцикль зэргийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Ч.Б-д 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Б, Т.Н, Г.И нарт холбогдох 2324000500058 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч Б.Б-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Г.И-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
2. Яллагдагч Г.И болон түүний өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Г.И-ийн өмгөөлөгч миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/89 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Г.И нарын хэрэг дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг анх яллагдагч Т.Н-ын өмгөөлөгч С.Б гаргасан бөгөөд миний бие мөн хүсэлт гаргасан. Өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж энэ хэлэлцүүлэг 2025 оны 05 сарын 12-нд болсон. Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй. Өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсанаас өөр үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Буцаасан 3 үндэслэлтэй маргах зүйл байхгүй. Харин шүүхийн зүгээс шийдвэртээ өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн талаар огт дурдаагүй бөгөөд прокурорт хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтойг тэмдэглэж байна гэж дурдсан. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүх шийдвэртээ өмгөөлөгч нар ямар хүсэлт гаргасан түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэлээ тайлбарласан байх ёстой. Гэтэл шүүх өөрийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй байж өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд тэндээ хүсэлт гаргасан талын биш, өөрийн хүсэл зоригийг удирдлага болгон хэргийг буцааж байгаа нь хууль бус болсон гэж үзэж байна. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
3. Яллагдагч Г.И-ийн өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нь хараат бус хөндлөнгийн байр сууринаас оролцож хэргийн бодит үнэнийг тогтоох ёстой. Шүүх хуралдаанд талууд цагаатгах, яллах талын нотлох баримтын үндсэн дээр мэтгэлцэх ёстой. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ зүй ёсны бөгөөд хараат бус байж чадаагүй, прокурорт давуу байдал олгосон гэж үзэж байна. Хавтаст хэрэгтэй танилцах явцад мөрдөгч хэргийн хугацаа сунгуулах тухай санал гаргаж ирүүлсэн байхад прокурор хэргийн хугацаа сунгасан эсэх талаарх тогтоолоо хэрэгт хавсаргаагүй 4 удаагийн үйлдэл байна. Прокурорын хэргийн хугацаа сунгасан тогтоол хэрэгт авагдаагүй байхад хэрэгт хийсэн мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсных байж чадах юм уу?. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж хуульчилж өгсөн. Мөрдөгч хэргийн хугацаа сунгуулах талаарх саналаа ирүүлсэн байхад прокурор хэргийн хугацаа сунгасан эсэх талаарх тогтоолоо хэрэгт хавсаргах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасны дагуу хугацаа сунгах прокурорын тогтоол байхгүй байхад хийсэн ажиллагаатай холбоотой нотлох баримтыг нотлох баримтаас хасдаггүй юм аа гэхэд прокурорын үйлдлийг зөвтгөх талаар шийдвэр гаргах ёсгүй. Д.Д өмгөөлөгч шүүх хуралдаан дээр ямар ямар санал гаргасан. Шүүх хэрхэн шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлах ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх прокурорын шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Прокуророос шилжүүлсэн хэрэг алдаатай, зөрчилтэй ирсэн талаар өмгөөлөгч санал гаргаж байхад шүүх түүнийг хүлээн аваагүй, аваагүй шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй. Хоёрдугаарт, хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн эхний хэсэгт “...яллагдагч Т.Н-ын өмгөөлөгч С.Б-ын хүсэлтээр хянан хэлэлцэв. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн хүсэлтээр энэхүү урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн гэсэн боловч шүүх өөрийн санаа зорилгыг захирамждаа дурдсан байдаг. Шүүгч захирамждаа өөрийн эрх хэмжээг хуульд зааснаар дурдаад өмгөөлөгчийн хүсэлтийг яагаад хүлээн аваагүй талаараа тодорхой дурдах ёстой байсан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт маяти маркийн машинд шинжилгээ хийсэн 07 тоот шинжээчийн дүгнэлт хууль бус байна. Үүнийг нотлох баримтаас хасаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Маяти маркийн машин Завхан аймагт байхад шинжээч ганц хараагүй байж шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь прокурорт давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлээгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна гэв.
4. Яллагдагч Г.И давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
5. Яллагдагч Б.Б-ын өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Б-ыг өмгөөлж оролцож байна. Яллагдагч Б.Б, Г.И, Т.Н нарын холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Б.Б-ын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. ...Миний үйлчлүүлэгч Б.Б-ын зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цагдан хоригдож байгаад гарснаас хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Б.Б-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн оролцсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорын шатанд гаргаж байсан боловч бусад оролцогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул энэ хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон. Б.Б нь Завхан аймгийн уугуул хүн. Одоо Завхан аймгийн ...... сумын .......... багт эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршгийн тухайд 3 хохирогчийн хохирлыг барагдуулсан. Яллагдагч Б.Б-ын хувийн байдлыг харгалзан үзээд түүнд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгөөч гэх хүсэлтийг гаргаж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар энэхүү хүсэлтийг шийдвэрлэж өгөөч гэв.
6. Яллагдагч Б.Б-ын өмгөөлөгч М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б нь тухайн холбогдсон хэргийнхээ гэм буруу дээр маргахгүй байгаа. ...Хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх саналтай байна. Мөрдөн байцаалтад хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх, оролцогчдоос гаргасан хүсэлтийг аль ч үе шатанд гаргах, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Яллагдагч Б.Б нь 4 сар цагдан хоригдсон. Яллагдагч Б.Б-ын хувьд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар гаргасан өмгөөлөгч Б.О-ийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна гэв.
7. Яллагдагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
8. Яллагдагч Т.Н-ын өмгөөлөгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байдаг. Илтгэгч шүүгчийн танилцуулсан 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шилжүүлсэн. Яллагдагч Т.Н-ын өмгөөлөгч С.Б-оос хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Хүсэлтээс дурдвал, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ хэт нэг талыг баримталсан. Хэрэгт цуглуулсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Оролцогчийн хуульд заасан эрх, үүргийг зөрчин хязгаарласан. Дээрх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэтгэлцэн оролцсон байдаг. Энэ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд авагдсан байдаг. Тухайн үед өвөлжөөндөө Т.Н-ыг морьтой, мотоциклтой байсан гэдэг. Энэ нь нөхцөл байдлыг тогтоолгох шаардлагатай талаар санал гаргасан байдаг. Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын саналд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Гурван үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй...”, мөн хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “..шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шийдвэр гаргана...” гэж тус тус хуульчилсны дагуу хүсэлт гаргасан өмгөөлөгчдийн хүсэлтэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийх байсан. Анхан шатны шүүх нь өмгөөлөгчдийн хүсэлтэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, ач холбогдол өгөөгүй нь харагдаж байна. Гэрч, яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, тухайн мотоцикл Т.Н-д байдаг эсэхийг тогтоох, яллагдагч нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналыг гаргаж байна.
9. Яллагдагч Т.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Н.Г-ийн гаргасан саналыг дэмжиж байна гэв.
10. Прокурор Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах зохицуулалт байгаа. Хэргийг прокурорт буцаахдаа урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар эсвэл оролцогч нарын хүсэлтээр хэргийг прокурорт буцааж болно гэж заасан. Шүүх 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай маргах зүйл байхгүй байна. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргахдаа өмгөөлөгч нарын хүсэлтийг огт шийдвэрлээгүй биш, өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг прокурорт дахин гарган шийдвэрлүүлж болно гэж хүсэлт гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтийг аль ч үе шатанд гаргах боломжтой. Өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хангаагүй нь прокурорт дахин хүсэлт гаргах эрхийг хаагаагүй. Өмгөөлөгчид хүсэлтээ прокурорт дахин гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр дахин буцаах ойлголт байхгүй. Шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг явуулах боломжгүй байх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжгүй, хэргийг прокурорт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Прокурор нэмэлт ажиллагаа хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа тохиолдолд прокурор дээрх зөрчлийг арилгахгүйгээр дахин яллах дүгнэлт үйлдэх боломжгүй. Өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зөрчлийг хэрхэн арилгах тал дээр мөрдөгчид даалгавар өгөх боломжтой. 4 удаа хэргийн хугацаа сунгах талаар мөрдөгчөөс санал ирүүлсэн байхад хэрэгт хугацаа сунгасан прокурорын тогтоол байхгүй байна гэж өмгөөлөгч Д.Д хэлж байна. Хэргийн материалтай танилцахад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хоорондох хэргийн хугацаа сунгасан прокурорын тогтоол хэрэгт байхгүй байсан. Энэ тогтоол нь дээд шатны буюу аймгийн прокуророос гардаг шийдвэр байсан бөгөөд аймгийн прокурорын газраас авч хавтаст хэрэгт хавсаргаагүй асуудал байсан. Хугацаа сунгасан прокурорын тогтоолыг хавтаст хэрэгт хавсаргах ажиллагаа хийгдэнэ. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ хүсэлтийг прокурорын шатанд дахин гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Яллагдагч Т.Н-ын тухайд мөрдөн шалгах ажиллагаанд дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй. Хэргийн материалтай танилцдаггүй байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр яллагдагч Т.Н нь намайг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахгүйгээр, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн асуудал яригдсан. Мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа ирэхгүй байсан тул даалгавраар ажиллагааг хийдэг байсан. Одоо нүүрэлдэн мэдүүлэг өгье гэх хүсэлтээ гаргаж байна гэж ойлгож байна. Өмнө нь энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй. Хүсэлтээ гаргах юм бол прокурор хүсэлтийг ханган, бусад яллагдагч нартай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг хийх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх нь багтаж байгаа. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулахгүйгээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурор хүлээн зөвшөөрөн, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Яллагдагч Б.Б, Г.И, Т.Н нарт холбогдох 232400500058 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ яллагдагч Г.И болон түүний өмгөөлөгч Д.Д-ийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас яллагдагч Б.Б, Г.И, Т.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд шилжүүлжээ.
3. Шүүх яллагдагч Б.Б, Г.И, Т.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ:
Яллагдагч Б.Б-ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Завхан аймгийн .......... сумын нутаг “........” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ж.Б-ын өмчлөлийн үхэр сүргээс 3 тооны үхрийг өөрийн эзэмшлийн мотоцикль буюу машин механизм ашиглан хулгайлсан гэх үйлдэлд Н.Б-ийн үйлдэл оролцоо бий эсэхийг дахин нягталж шалгах шаардлагатай байна. Яллагдагч Г.И нь П.Х гэх айлд хэдэн удаагийн үйлдлээр нийт хичнээн тооны үхэр, хэзээ аваачиж өгсөн талаарх гэрч П.Х, Н.О нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг дахин тодруулж яллагдагч Г.И-ийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, нөхцөл байдлыг бүрэн тогтоох шаардлагатай байна. Прокурор “...Хохирогч Ч.Б-ийн өмчлөлийн үхэр сүргээс 10 тооны үхрийг Г.И-ийн эзэмшлийн ......... улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл, Б.Б-ын эзэмшлийн мотоцикль зэрэг машин механизм ашиглан хулгайлсан гэж” яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу хохирогч Ч.Б-ийн үхэр байсан ......... гэх газраас ....... өвөлжөө хүртэл ойролцоогоор 10 орчим километр газарт тухайн үхрүүдийг ямар машин механизм, уналга ашиглаж аваачсан байдлыг тогтоогоогүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна гэсэн 3 үндэслэл зааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг бүрчлэн тодорхой заасан байна.
5. Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чухал ач холбогдолтой юм.
6. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг заавал нотолбол зохих талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан бөгөөд эдгээр заалт нь “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасантай салшгүй холбоотой байна.
7. Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд яллагдагч Б.Б-ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Завхан аймгийн .......... сумын нутаг “..........” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ж.Б-ын өмчлөлийн үхэр сүргээс 3 тооны үхрийг хулгайлахад Н.Б-ийн оролцоо хэрхэн байсныг тогтоох, яллагдагч Б.Б, Г.И, Т.Н нарын хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа, нөхцөл байдлыг бүрэн тогтоож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг олж тогтоох нь хэргийн бодит байдлыг зөв тогтоох, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөхөөр байх тул анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
8. Яллагдагчийн өмгөөлөгч Д.Д “өмгөөлөгчийн санаачлагаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан атлаа шүүх өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн талаар … прокурорт хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтойг тэмдэглэж байна гэж дурдсан нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. … Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд оролцогчийн энэ эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.
10. Түүнчлэн шүүх талуудын гаргасан хүсэлт, гомдлоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах боловч хүсэлт, гомдлоор хязгаалахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлд заасан асуудлыг хэлэлцэж шүүх өөрийн санаачлагаар хэргийг прокурорт буцаах эрхтэй тул энэ талаар бичсэн өмгөөлөгч Д.Д-ийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
11. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/89 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Г.И болон түүний өмгөөлөгч Д.Д-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/89 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Г.И болон түүний өмгөөлөгч Д.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Б.НАМХАЙДОРЖ