Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2026/00058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ............ оршин суугч Я овогт Л Б нэхэмжлэлтэй, “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Завхан аймгийн Тэс суман 1965 онд төрсөн. Тус сумандаа сурч ажиллаж амьдарч байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1983 онд ХААН ТМС төгсөж ирээд Тэсийн Тэжээлийн аж ахуйд туслах тракторчнаар томилсон нь хөдөлмөрийн дэвтэрт бүртгэгдсэн боловч Тэжээлийн аж ахуйн даргын ажилд томилсон тушаал нь 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тракторчнаар томилсон гэж зөрүүтэй гарсан. Мөн 1984 онд цэргийн албанд яваад 1987 онд цэргээс халагдаж ирээд 9 сард Тэсийн Тэжээлийн аж ахуйн З-р цогцолборт тракторчнаар томилогдон ажиллаж байгаад 1991 онд Тэжээлийн аж ахуй татан буугдаж Тэс компани болсон. 1991 оны 12 сард чөлөөлөгдсөн боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна. Энэ тухай хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр аль алинд нь тэмдэглэл хийгдээгүй байна. 1991 онд нийгмийн даатгалын дэвтэрт шилжсэн. Иймд миний 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал 1 жил ажилласан, мөн 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд иргэний хэргийн шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б нь Завхан аймгийн Тэс сумын Тэсийн Тэжээлийн аж ахуйд 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал туслах тракторчнаар,

1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэсийн Тэжээлийн аж ахуйн З-р цогцолборт тракторчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Я овогт Л Б .......... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,

 

- Шарга ХАА-н ТМС-ээс Л Бт 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Шаргын ХАА-н ТМС төгсөж Завхан аймгийн ХАА-н удирдах газарт хуваарлагдав, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйд тракторч комбайнчаар ажиллуулав, 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цэргийн албанд тэнцсэн тул Тэжээлийн аж ахуйн тракторч комбайнчаас чөлөөлөв, 1987 оны 09 дүгээр сарын 15-ны  өдөр Тэсийн тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллуулав...” гэсэн ажилд орсон болон чөлөөлөгдсөнийг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,

 

- Завхан аймгийн Архивын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13/145 дугаартай “... 1989-1991 онд Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан Л.Бын цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1989 онд 4 сар 154.94 төгрөг, 6 сар 102,33 төгрөг, 7 сар 9,42 төгрөг, 8 сар 78,03 төгрөг, 10 сар 80,12 төгрөг, 11 сар 16,86 төгрөг, 1989 онд 1 сар 16,47 төгрөг,  2 сар 304.76 төгрөг, 5 сар 116,14 төгрөг, 8 сар 45,77 төгрөг, 9 сар 46,80 төгрөг, 10 сар 100 төгрөг, 11 сар 42,24 төгрөг, 1991 онд 3 сар, 495,19 төгрөг, 6 сар 268 төгрөг, 10 сар 354,11 төгрөг...” гэсэн лавлагаа болон цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд

- Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаартай “...Хөрөнгө зарах тухай гээд 6-р бригадын 3 хоногийн уралдааны жагсаалт Л.Б слесарь эрхийн бичиг 2891, байр 2, олгох шагнал 15...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай “...Туслах жолооч ажиллуулах тухай гээд 3-р цогцолборт 4-р мөрөнд Д.Баярсамбуугийн туслахаар Д.Быг 5 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилдуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаартай “...Цэргийн албанд явсан ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай гээд 3-р цогцолборын 5-р мөрөнд Лхагва Б ...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 153 дугаартай “...Ажилчин ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай гээд 25-р мөрөнд Л овогтой Быг 3-р цогцолборт тракторчноор 09 дүгээр сарын 15-ны өдрөөс томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 170 дугаартай “...Хөрөнгө зарах тухай гээд 170 дугаар тушаалын 1-р хавсралтын 2-р мөрөнд Б эрхийн бичиг 2687, 1-р байр давсан  16, давсан хувьд олгох хувь 050, олгох шагнал 8...” гэсэн тушаалын хуулбар,

 

- Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын  “...Л Б, 1965 оны 11 дүгээр сарын 22-нд төрсөн, цэрэгт ирэхээс өмнө Завхан аймгийн Тэсийн ТАА-д тракторчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

 

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Л Б, РД:............, эрэгтэй, ......... өдөр төрсөн, Тэс ТАА 8-р салаа тракторчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Л Б, ...Нийгмийн бүлэг: Ажилчин, Ажилладаг байгууллага: Тэсийн ТАА-н 3-р тасаг, Эрхэлдэг ажил: Тракторчин...” гэж тэмдэглэсэн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлтэй гэрлэлтийг бүртгэх анкет ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

- Б Д. нь 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн талаарх “........ регистрийн дугаартай Л Д., эрэгтэй, эцэг Л Б, Тэс ТАА-д тракторчин ажилтай...” гэсэн ХААТР-11 төрснийг бүртгэх анкетын хуулбар,

- Л.П нь 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн талаарх “............. регистрийн дугаартай Л П......, эмэгтэй, эцэг Л Б Тэс ТАА-д тракторчин ажилтай...” гэсэн ХААТР-11 төрснийг бүртгэх анкетын хуулбар,

- Гэрч Ш.Д..........: “...Л.Бтай хамт ажиллаж байсан учраас түүний ажиллаж байсан талаар болон өөрийг нь би сайн мэднэ. Намайг Завхан аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байхад Л.Б нь анх туслах ажилчнаар ажилд орж байсан. Тэр үед туслах ажилчин нь тракторын жолоочийн туслах мөн гагнуурын ажлыг хавсарч хийдэг байсан. Тэгээд 1984 онд цэрэгт явах болсон тул ажлаасаа чөлөөлөгдөж 1987 онд цэргийн алба хааж ирсэн. Тэгээд 1987 оны хэдэн сараас гэдгийг нь санахгүй байна дахин Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллах болсон. Тэгээд 1991 онд хувьчлал болоход Л.Б нь ажлаасаа гарч Улаанбаатар хот руу явж байсан.  Эхлээд бригад байж байгаад дараа нь 3 цогцолбор болгож хувааж байсан. Тэгэхэд 3-р цогцолборт нь Л.Б бид хоёр хамт ажиллаж байсан. Тухайн үед тэжээлийн аж ахуйн даргаар Д.Дүгэр гэдэг хүн ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Л.Н........... “...Л.Бтай хамт ажиллаж байсан учраас түүний ажиллаж байсан талаар мэднэ. Намайг анх Завхан аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйд тогоочоор ажиллахаар ирэхэд Л.Б нь Завхан аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар ажиллаж байсан. Тэр үед туслах ажилчин нь тракторын жолоочийн туслах мөн гагнуурын ажлыг хавсарч хийдэг байсан. Тэгээд 1987 онд цэргээс ирсэн гээд дахин Завхан аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйдаа тракторын жолоочоор ажиллаж байсан. Миний мэдэхийн 1991 он хүртэл ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Л.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Я овогт Л Быг 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд туслах тракторчнаар,

1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэсийн Тэжээлийн аж ахуйн З-р цогцолборт тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ