Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2026/00059

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...............тоотод оршин суугч Б..... овогт Н Сийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус сумын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж ирсэн. Тухайн үед орсон гарсан тушаал байсан боловч ажлаас гарсан тушаал нь архивын баримтаас олдохгүй байгаа. Иймд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү....” гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн асрагчаар ажиллаж байсныг тогтоолгох мөн тус шүүх хуралдаан болох өдөр Завхан аймагт тэмцээнд оролцох учир шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.С нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Н.С нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь:

- Б овогт Н Сийн ....... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,

- Завхан аймгийн Тосонцэнгэл хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1987 оны 02 дугаар сарын 15-ны 08 дугаартай “...Ажилчин ажилд авах тухай гээд Дотрын тасгийн сувилагч асрагч Д. эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа тул ажилд орохоор өргөдлөө ирүүлсэн Н.Сийг 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн асрагчаар түр ажилдуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

Завхан аймгийн Тосонцэнгэл хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1992 оны 12 дугаар сарын 01-ний 72 дугаартай “...Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай гээд мэс заслын тасгийн асрагч Н С Их-Уул сум ...шилжих болсон тул Сийг 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлж сумын хөдөлмөрийн захын мэдэлд шилжүүлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,

- Н Сд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тосонцэнгэл Нэгдсэн эмнэлэгт дотрын тасагт асрагчаар авч ажиллуулав, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэгдсэн эмнэлгийн асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв...” гэсэн ажилд орсон болон чөлөөлснийг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ж.С, РД:......, эмэгтэй, 1969 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, нэгдсэн эмнэлэгт угаалгын газар угаагч ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

- Гэрч Р.Н. “...Намайг тухайн үед нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгийн сувилагчаар ажиллаж байхад Н.С нь 1987 оны хэдэн сард гэдгийг нь санахгүй байна асрагчаар ажилд орж байсан. Би Н.Стэй хамт ажиллаж байсан учраас тус эмнэлэгт асрагчаар 1987 оноос 1992 оныг дуустал ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Асрагч нь цэвэрлэгээ хийдэг мөн ус авдаг сувилагчдаа тусалдаг ажлыг хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Б.Н. “...Би Н.Стэй хамт ажиллаж байсан мөн цалинг нь бодож өгдөг байсан учраас сайн танина. Намайг Тосонцэнгэл хотын нэгдсэн эмнэлэгт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхад Н.С нь 1987 онд асрагчаар анх ажилд орж байсан. Тэрнээс хойш тасралтгүй асрагчаар ажиллаж байгаад ажлаасаа гарч байсан. Гэхдээ би хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Асрагч нь цэвэрлэгээ хийдэг туслах бүх ажлыг хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Н.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б. овогт Н.Сийг 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ