Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2026/00060

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ............ багт оршин суугч Б овогт Ц Бы нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд зоотехникчээр 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Жаргалын зам ХК болоход нь 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл чанар шалгагч, түүхийн эдийн эрхлэгч, орлогч дарга зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан. Эдгээр цаг хугацаанд ажиллаж байсан үеийн тушаалууд байхгүй байгаа тул намайг 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс Завхан аймгийн Баянтэс сумын Жаргалын зам нэгдэлд үржлийн зоотехникчээр 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Жаргалын зам ХК-д түүхий эдийн эрхлэгч, орлогч дарга, чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд зоотехникч, түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам Хувьцаат компаний орлогч дарга, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байснаар тогтоож өгнө үү. Мөн  шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд зоотехникч, түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам Хувьцаат компанид орлогч дарга, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

- Б овогт Ц Б ......... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,

- Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 191 дугаартай “...Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын Жаргалын зам ХК нь 1992-1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно...” гэсэн лавлагаа

- Завхан аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газар, хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 07/05 дугаартай “...Ажилд томилох ба чөлөөлөх тухай гээд Аймгийн ХААХҮУГ, нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 67/05 тоот тушаалын 1-р хавсралтад Их дээд сургуулийг шинээр төгч ирсэн ХАА-н мэргэжилтэн нарыг ажилд томилсон жагсаалт 7-р мөрөнд Ц Б, Тэлмэн Үржлийн мал зүйчээр томилон ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 01-ний 44 дугаартай “...Ажилд авах тухай гээд МАА-н үржлийн ажлыг хариуцсан зоотехникчээр Ц.Быг 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай “...Ажилд авах тухай гээд зоотехникч Төмөрбаатарт зоотехникчийн ажлыг хүлээлгэж өгөхийг зоотехникч Бд үүрэг болгосугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай “...мал бэлтгэлийн комисс байгуулах тухай гээд гишүүдэд ...Ц.Б үржлийн зоотехникч ... нарыг томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай “...Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай гээд үржлийн зоотехникч Ц.Быг 06 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлж мал эмнэлгийн үржлийн албанд шилжүүлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,

- Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай “...Ажилд авах тухай гээд нэгдлийн зоотехникчээр Ц.Быг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1994 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай “...Ажлаас чөлөөлөх тухай гээд тус компанийн гишүүдийн тоо цөөрч дараах ажилчдын орон тоог цомхотгосон тул Жаргалын зам ХК-ын орлогч дарга, түүхий эдий эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Быг 1994 оны 06 дугаар  сарын 01-нээс ажлаас нь чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,

 

- ХААДС-ийн ректороос 1989 оны 06 дугаар сарын 31-ний Ц Бд хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникчийн ангид оюутнаар элсүүлэв, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникч мэргэжлээр төгсөв, 1989 оны 07 дугаар сард ХААД сургуулийг төгсөж ирсэн тул Тэлмэн суманд үржлийн мал зүйчээр томилон ажиллуулав, 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд үржлийн зоотехникчээр авч ажиллуулав, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн үржлийн зоотехникчийн ажлаас чөлөөлөв, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Тэлмэн Жаргалын зам нэгдлийн зоо техникчээр авч ажиллуулав, 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тэлмэн Жаргалын зам нэгдлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллан Жаргалын зам хувьцаат компани болгон нэрийг өөрчилж ажиллуулав...” гэсэн ажилд орсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,

 

- Тэлмэн сумын Жаргалын зам хувьцаат компаниас 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ц Бд хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1991 он Жаргалын зам хувьцаат компанид түүхий эдийн эрхлэгчээр 1-12 сар, 1992 он Жаргалын зам хувьцаат компани түүхий эдийн эрхлэгчээр 1-12 сар, 1993 он Жаргалын зам хувьцаат компани түүхий эдийн эрхлэгч, орлогч захирлаар 1-12 сар, 1994 он Жаргалын зам хувьцаат компани түүхий эдийн эрхлэгч, захирлаар 1-6 сар...” гэсэн ажилд орсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,

 

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ц Б ... Ажилладаг байгууллага: Жаргалын зам нэгдэл, Эрхэлдэг ажил: Зоотехникч...” гэж тэмдэглэсэн 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэсэн гэсэн гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

- Б П. нь 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн талаарх “.........регистрийн дугаартай Бы П., эмэгтэй, эцэг Ц Б, Жаргалын зам нэгдэлд зоотехникч ажилтай...” гэсэн ХААТР-11 төрснийг бүртгэх анкетын хуулбар,

- Гэрч Г.Б.н “...Бид хоёр хамт ажиллаж байсан учраас би Ц.Бы талаар сайн мэднэ. Намайг 1991 онд Завхан аймгийн Жаргалын зам компанид жолооч, сахиулаар ажилд орж байхад Ц.Б нь түүхий эдийн эрхлэгч, орлогч дарга, чанар шалгагч үржүүлэгч гэх ажлуудыг хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэгээд 1994 онд өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан. Гэхдээ би хэдэн сард гэдгийг нь санахгүй байсан. Би тус компанид ажиллаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Д.Б.: “...Би Ц.Быг багаас нь мэднэ. Бид хоёр конкурс хамт орж Ц.Б нь Хөдөө аж ахуйн сургуулийг авч тус сургуулиа төгсөж ирээд 1985 онд төгсөж ирээд 1989 оноос Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд зоо техникчээр ажилд орж байсан. Тэгээд 1991 оны хэдэн сар гэдгийг нь санахгүй байна Жаргалын зам нэгдэл нь Жаргалын зам ХК болсон. Тэгээд Жаргалын зам компани орон тооны өөрчлөлт хийх үед Ц.Б нь түүхий эдийн эрхлэгч, орлогч дарга, чанар шалгагч үржүүлэгч гэх ажлуудыг хавсран гүйцэтгэж ажиллаж байсан. Тухайн үед бид хоёр хамт ажиллаж байсан учраас би Ц.Быг 1994 он хүртэл ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Тус Жаргалын зам нэгдлийн даргаар Алдархааны гаралтай Ившингийн Баасандорж ажиллаж байсан.  Жаргалын зам компани дарга нь Нөмрөгийн гаралтай Даригчийн Оросоо гэдэг хүн ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 25090002007337 “Тэлмэн сумын “Жаргалын зам” ХК нь 79375 регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж, 1994 он татан буугдсан” ...” гэсэн лавлагаа авагдсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Бы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Ц Быг 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд зоотехникч, түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам Хувьцаат компанид орлогч дарга, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ